Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1544

 

 

 

 

 

 

 

 

 

 Г.Гансономын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00948 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Гансономын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Мөнхсоёмбод холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 104 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Г.Гансоном

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Энхчулуун

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Мөнхсайхан

Хариуцагчийн өмгөөлөгч: К.Жархынбек

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Гансоном шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Мөнхсоёмботой 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр уг гэрээний дүнг хэлэлцээд хүү хугацаандаа төлөгдөж байсан тул хугацааг мөн өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл сунгасан. Хариуцагч нь 2016 оны 05 дугаар сарыг дуустал хүү төлсөн бөгөөд 6 дугаар сард 1 000 000 төгрөг төлсөн. 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээг дахин 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл үндсэн гэрээний нөхцлөөр сунгасан бөгөөд үүнээс хойш гэрээг сунгаагүй. Энэ хугацаанаас хойш хариуцагч нь үндсэн зээл, хүүгээ төлөөгүй тул үндсэн зээл 60 000 000 төгрөг, хүү 9 800 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаа буюу 40 хоногийн алдангид 12 000 000 төгрөг, нийт 81 800 000 төгрөг нэхэмжилнэ.

Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нийт 120 хоногийн алданги 45 000 000 төгрөг болж байна. Үүнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэн өмнө алдангид нэхэмжилсэн 12 000 000 төгрөгийг хасаад алдангийг 22 900 000 төгрөг болгож нэмэгдүүллээ. Иймд хариуцагчаас нийт 104 700 000 төгрөгийг гаргуулна. Хариуцагч Ж.Мөнхсоёмбо нь осолд орсон шалтгаанаар гэрээний үүргийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Мөнхсоёмбо шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж.Мөнхсоёмбо нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2016 оны 10 дугаар сарын 16-ний өдөр осолд орсон бөгөөд түүнийг хөдөлмөрийн чадваргүй болсон үед нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Зээлийн төлөлтийг ямар графикаар төлөх талаар талууд тохиролцоогүй байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул 10, 11 сарын хүү 3 600 000 төгрөг, алданги 22 900 000 төгрөгийг төлөх боломжгүй. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлийн хүүг багасгаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Мөнхсоёмбоос зээлийн үүргийн гүйцэтгэлд 104 700 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Гансономд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 839 400 төгрөг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Мөнхсоёмбоос 616 450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Гансономд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Мөнхсоёмбо давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх зээлийн үндсэн төлбөрийн төлөлтийг үндэслэлгүйгээр хүүгийн төлбөр гэж үзлээ. 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд 14 удаагийн төлөлтөөр 24 400 000 төгрөгийг дансаар болон бэлнээр нэхэмжлэгчид олгосон ба үүнээс 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх 6 сарын хүүгийн төлбөрт 10 800 000 төгрөг төлсөн. Харин 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 8 удаагийн төлөлтөөр 13 600 000 төгрөг төлсөн бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн гэрээний хугацаа сунгасан талаар баримтаар нотлогдож байгаа.

Тодруулбал, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа сунгасан баримтад хүү хугацаанд төлөгдөж гэж дурдсан бол 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа сунгасан талаар баримтад хүүгийн төлбөр төлсөн талаар дурдаагүй юм. Хариуцагчаас уг төлбөрүүдийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хүүгийн төлбөр байсан гэж үндэслэлгүй, нотлох баримтгүй тайлбар гаргаж, түүнийг шүүх зөвтгөсөн нь буруу бөгөөд хариуцагч Ж.Мөнхсоёмбо нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс 2016 оны 05 дугаар сарыг дуустал хүү төлсөн гэж дүгнэсэн нь нотлох баримтгүй юм.

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Алдангийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу юм. Учир нь, зээлийн гэрээнд хариуцагч хүүгийн төлбөрийг сар бүрийн 08-ны өдөр төлөх үүрэггүй бөгөөд гэрээний 3-т “зээлдэгч зээлсэн мөнгөө зээлдэгчид гэрээнд заасан хугацаанаас өмнө бүхлээр төлж болно, гэхдээ ямар ч тохиолдолд мөнгийг тохиролцсон хугацаанд төлж дуусгасан байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хугацаа дуусах эцсийн өдөр зээлийг хүүгийн хамт бүрэн төлнө. Энэ нь шүүх намайг осолд орохоос өмнө үүргээ биелүүлээгүй гэж үзэж Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасныг хэрэглээгүй нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Мөн шүүхэд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хүүгийн хэмжээг багасгах хүсэлт гаргасныг хүлээж аваагүй нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч зээлийн гэрээнд сарын хүүг 3 хувиар тогтоосон нь зах зээлийн ханштай огт нийцэхгүй тул шүүх багасгах боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг 46 400 000 төгрөг болгон багасгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Г.Гансоном нь хариуцагч Ж.Мөнхсоёмбод холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 81 800 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндсэн зээл 60 000 000 төгрөг, зээлийн хүү 9 800 000 төгрөг, алданги 34 900 000 төгрөг, нийт 104 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хүү, алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

            Зохигчдын хооронд 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч нь 60 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор нэхэмжлэгчээс зээлж,  зээлийн гэрээг 2016 оны 05 дугаар сарын 08, 2016 оны 11 дүгээр сарын 08-ныг хүртэл 2 удаа сунгаж байсан болох нь дээрх зээлийн гэрээ, зээлийн гэрээний хавсралтууд, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна. /хх 4-6, 66-69/ 

            Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, зээлийн гэрээний зүйлийг 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр бэлнээр зээлдэгчид шилжүүлснээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний хугацаа сунгагдаж байсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

            Харин давж заалдах шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг хэрэглэх боломжтой гэж үзлээ.

            Хариуцагч Ж.Мөнхсоёмбо нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс 2015 оны 06 дугаар сараас 2016 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны зээлийн хүүг тогтмол төлж байсан байдлыг харгалзан алданги 34 800 000 төгрөгийг 50 хувиар тооцож багасган 17 400 000 төгрөг болгож, нийт үндсэн зээл 60 000 000 төгрөг, зээлийн хүү 9 800 000 төгрөг, нийт 87 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00948 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Мөнхсоёмбоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 87 200 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Гансономд олгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...616 450...” гэснийг “...593 950...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Ж.Мөнхсоёмбын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449 450 төгрөгийг буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

                                           ШҮҮГЧИД                                   М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН