Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

 Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Л.Отгончимэг,

 Шүүгдэгч Ц.Ц********,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц********ийн Ц********ад холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:

Шүүгдэгч Ц.Ц******** нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг "Тал булаг" гэх газарт хадам дүү болох Б.Б********г машинд ачсан байсан хонь ямааг зарж үрэгдүүлсэн гэх шалтгаанаар зодож биед нь зулайн духанд цус хуралт, дух, тохой, шуу нуруу, шилбэнд зулгаралт, уруулд шарх, бугалга тохой, сарвуу, шуу, ташаа өгзөг, гуя, шилбэнд цус хуралт, шуунд дарагдалын ором бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, түүнийг зугатаалгахгүй гэх шалтгаанаар гарыг нь хүлж хүлээтэй унтуулсны улмаас ус руу унаж, улмаар осгож нас барсан нь түүнийг болгоомжгүй алсан гэмт хэргүүдийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Ц******** нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг "Тал булаг" гэх газарт хадам дүү болох Б.Б********г машинд ачсан байсан хонь, ямааг зарж үрэгдүүлсэн гэх шалтгаанаар зодож биед нь зулайн духанд цус хуралт, дух, тохой, шуу нуруу, шилбэнд зулгаралт, уруулд шарх, бугалга тохой, сарвуу, шуу, ташаа өгзөг, гуя, шилбэнд цус хуралт, шуунд дарагдалын ором бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, Мөн түүнийг зугатаалгахгүй гэх шалтгаанаар гарыг нь хүлж хүлээтэй унтуулсны улмаас ус руу унаж, улмаар осгож нас барсан нь түүнийг болгоомжгүй алсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Ц.Ц********ын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд өгсөн: ... Энхбатынхаас гарахад харанхуй бүрэнхий болж байсан. Тэднийхээс 14-15 км орчим явган явсан. Ингэж явах хооронд гадаа харанхуй болчихсон. Тэгээд талийгаач Б******** ам цангаад байна явж чадахаа байчихлаа амаръя гээд байсан юм. Тэгээд бид хоёр голын эрэг дээр очсон. Ус уулгасан чинь амаръя гээд гуйгаад байсан юм. Тэгээд голын эрэг дээр хэвтсэн. Би ч гэсэн хэвтсэн юм. Тэгээд унтчихсан байсан. Нэг мэдэхэд пүл пал гээд ус халигаад дуугараад байхаар нь сэрээд харсан чинь харанхуй байхаар нь асаагуураар тусгаж харсан чинь талийгч гол дотор орчихсон тийчилж байхаар нь би очиж гаргасан. Эрэг дээр гаргаад дээш доош нь харуулаад хиймэл амьсгаа хийгээд хамар амыг нь барьж үзтэл нэг л гөлийчихсөн сонин байхаар нь би энэ ер нь болохоо байчихаж байгаа юм байна гээд бушуухан унаа машин олж ирэхээр гүйсэн юм. Хэр хугацаанд унтсанаа мэдэхгүй байна. Maшин уг нь их л явдаг юм байна лээ. Ганц ч машин зогсоогүй юм. Үүр цайтал бас нилээн удсан гэх мэдүүлэг

Хохирогч Х.Цэвэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр намайг Дорнод аймгийн Дашбалбар суманд хүүгийнхээ хүүхдийг хараад байж байхад миний нөхөр Нанзадбатаа над руу залгаад манай хүү Хөвсгөл аймагт нас барчихсан гэнээ чи яаралтай ир гэж байсан. Тэгэхээр нь би шууд Улаанбаатар хот руу замын унаагаар яваад нөхөр дээрээ очсон. Тэгээд нөхөр Нанзадбатаатайгаа хамт Мөрөн суманд ирсэн. Би хүүгээ яаж байгаад нас барсан талаар сайн мэдэхгүй байнаа.Би гомдолгүй байна. Надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Баянмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Гэрээс гарсны дараа талийгаач залуу боож үхнэ гээд зугатаасан. Тэр үед сүүлд гэрт орж ирсэн залуу араас нь хөөгөөд явсан. Тэр залуу хөөж явж байгаад бариад авсан. Талийгаачийг барьж авсны дараа цэнхэр бэлтгэлийн цамцтай залуу тэр хоёр дээр очсон. Тэгээд байж байхад нэг хэл муутай дархад залуу 1 шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи гаргаж ирсэн. Уг архийг гэрийн гадаа нөгөө залуучууд хувааж уусан. Архи ууж байгаад харахад талийгаач залууг голын зах дээр хүлчихсэн байсан. Архиа уугаад дууссаны дараа 4 эрэгтэй 1 эмэгтэй нь мотоциклоо унаад явцгаасан. Тэд нарыг явахад хэл муутай залуу талийгаач сүүлд ирсэн залуу гурав үлдсэн. Сүүлд ирсэн залуу нь талийгаачийг авч явахдаа гарыг нь өөртэйгөө хүлээд авч явах хэрэгтэй байна уяа байна уу гэж асууж орж ирсэн. Тэгэхэд гэрийн эзэн нь уяа олж өгнө гээд тэр залуутай хамт гарсан. Тэгээд хэсэг байхад гэрийн эзэн нь нөгөө хэдийгээ явуулчихлаа гэсээр орж ирсэн. Тэгээд би тухайн үед унтаж амарсан гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 Гэрч А.Янжмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Талийгаач залууг хүргэн ах нь гэх залуу өөрөө хүлсэн. Тэр ах хөлийг нь өмдний тэлээгээр харин гарыг нь болохоор эрчилсэн шаргал уяагаар хүлсэн байсан. Түүнийг хүлэхэд өөр ямар нэгэн хүн оролцоогүй. Талийгаачийг ахаас нь өөр зодсон хүн байхгүй. Тухайн үед хүргэн ах нь талийгаачийг хулгай хийсэн гээд л зодоод байсан гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Гэрч Д.Гарамжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Нас барсан гэх залуу нь өдөржингөө манай энэ хавиар яваад байсан. Тухайн өдрийн оройн 21 цагийн үед нэг буриад ах орж ирээд нөгөө талийгаач залууг сураад явсан. Тэгээд тэр буриад ах нас барсан. Залууг урд талд байдаг жорлонгийн тэндээс дагуулж ирээд машиныхаа цаад талд гараад модоор цохиод байсан. Тэгэхэд талийгаач залуу ахаа би ямааг чинь олоод өгнө гээд орилоод байсан. Тэгээд байж байхад тэр хоёр залуу алга болчихсон. Өөр мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Гэрч Г.Баасандоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тэгээд Энхбат ахын гэрийн гадаа байж байхад Б********гийн ах гэх нэг хөгшин ах замын машинд сууж ирснээ шууд Б********г зодоод унасан. Тухайн үед тэр ах Б********г яг ямар шалтгааны улмаас зодсоныг нь мэдэхгүй байна. Тэр ах Б********г голынхоо цаад талд гаргаад цохиж нүдээд байхаар нь би очоод тэр ахыг боль гээд түлхсэн. Тэгсэн чинь чамд ямар хамаатай юм бэ? би дүүгээ яахаа өөрөө мэдэж байна гэж байсан. Тэгэхээр нь би тэр ахын гартаа барьж байгаад Б********г цохиод байсан тороосыг булааж аваад цааш шидчихээд тэр ахыг болиулчихаад цаашаа очиж мотоциклоо аваад найз охинтойгоо яваад өгсөн. Намайг явж байхад Бааяа, Наажга хоёр араас мотоциклоо унаад ирсэн. Тэгээд би шууд гэр лүүгээ харьсан. Түүнээс хойш юу болсныг нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

Гэрч Т.Батнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тэр ах Энхбат ахын гэрт орж ирэнгүүтээ чи яагаад надаас зугтаагаад байгаа юм. Миний мал хаана байна гэж ярьж байсан. Тэгээд тэр ах бид нарын ууж байсан архинаас өөрөө аяганд хоёр гурван удаа хийж уучихаад талийгаачийг дагуулаад гарсан. Тэр ах талийгаач Энхбат гуайн голын урд талд гаргачихаад гар хөлийг хүлчихсэн бүдүүн тороосоор зодоод өшиглөөд байсан. Тэгээд бид нар бүгдээрээ явж очоод яагаад гар хөлийг хүлж байгаа юм бэ? гэсэн чинь энэ чинь амиа хорлох гээд байна гэж ярьж байсан. Тэгээд би хүлгийг нь тайлах гэсэн боловч хүлгийг нь тайлуулахгүй байсан. Тэгээд бид нар салгачихаад л яваад өгсөн. Түүнээс хойш юу болсныг нь сайн мэдэхгүй байна. /хх-ийн 33 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11-р хуудас/, Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн12-13 дугаар хуудас/, Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 14-р хуудас/, Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 39,44, -р хуудас/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-47, 53-60 дугаар хуудас/ Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 8 дугаар сарын 12-ны 61 тоот дүгнэлт /хх-ийн 48-50-р хуудас/, Шинжээчийг байцаасан тэмдэглэл /118-р хуудас/, Мал үнэлсэн тайлан /хх-ийн 124-р хуудас/, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 7 дугаар сарын 19-ний 54 тоот дүгнэлтэнд: Б********гийн цогцосноос авсан гэх цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрч байв. Цуснаас илэрсэн 1.6 промилли спиртийн агууламж нь согтолт дунд зэрэгт хамаарна. /хх-ийн 48- 50-р хуудас/, Дахин шинжилгээний хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 63-р хуудас/, Монгол Улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1166 тоот дүгнэлтэд: 1. Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн ?61 тоотдүгнэлт үндэслэлгүй байна. 2. Талийгаач нь нам хэмийн үйлчлэл осголтын улмаас нар баржээ. Энэ нь эд эсийн шинжилгээгээр батлагдаж байна. Б.Б********гийн биед зулайн хуйханд цус хуралт, дух, тохой, шуу, нуруу, шилбэнд зулгаралт, уруулд шарх, бугалга, тохой, сарвуу, шуу, ташаа, өгзөг, гуя, шилбэнд цус хуралт, шуунд дарагдлын ором бүхий гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зулайн хуйхны цус хуралт, уруулд шарх, бугалганы цус хуралт, шуунд дахь дарагдлын ором гэмтэл нь дан дангаараа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Дух, толгой, шуу, нуруу, шилбэнд зулгаралт, тохой, сарвуу, шуу, ташаа, өгзөг, гуя, шилбэнд үүссэн цус хуралт гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гэмтлүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй. /хх-ийн 64-66-р хуудас/, болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Ц********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан гэмт хэргүүдийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн ******** дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Хохирогч Х.Цэвэлмаа нь шүүгдэгч Ц.Ц********тай эвлэрсэн болох нь 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр батлагдаж байх ба шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 102 дугаар хуудас /-аар тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Ц******** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, хүндрүүлэх нөхцөл байдал тоогтоогдсонгүй.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хохирогч нь гомдол саналгүй гэснийг, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ц.Ц********ад цагдан хоригдсон 46 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн чулуу 1 ширхэг, асуугуур 1 ширхгийг устгах нь зүйтэй бөгөөд битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Хүгдүүд овогт Ц********ийн Ц********ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, бусдыг болгоомжгүй алсан гэмт хэргүүдийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Ц********ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ц********ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ц********ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялд багтааж биечлэн эдлэх ялыг 3 жилийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Ц********ад оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ц.Ц********ад оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, Ц.Ц********ын тэнсэж хянан харгалзах хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа Цагдаагийн газарт даалгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн чулуу 1 ширхэг, асуугуур 1 ширхгийг устгахыг шүүгчийн туслах Ч.Батсүхэд даалгасугай.

6. Эрүүгийн ******** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь 46 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц********ад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН