Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Халх боржигин овогт Доржийн Ням даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуу овогт Жаргалын Баасанжав Улсын яллагч Баяжих овогт Батжаргалын Одонтуяа Шүүгдэгч Хүрээ овогт *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******ад холбогдох 1823001200055 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1969 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 15-р хороо Хасбаатарын гудамж 3-р хороолол 32-24 тоотод оршин суух хаягтай Хүрээ овогт *******ын *******.РД/*******/ Шүүгдэгч М.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хохирогч Г.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.******* нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймгийн Яруу сумын нутаг Баруун даваа гэх газар иргэн Г.*******гийн нүүрэн тус газарт гараараа цохиж хамраас нь цус гоожуулсан үйл баримт болжээ. Хэргийн дээрх үйл баримтын талаар хохирогч Г.******* мөрдөн шалгах ажиллагааны үед “...2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн үед би худалдаж авсан малаа туугаад Яруу сумын баруун урд байдаг даваан дээр гараад иртэл Ланд-200 маркийн цагаан машин зогсож байсан. Хажууд нь 3 залуу сууж харагдсан. Би өнгөрөөд явах гэтэл нөгөө хүмүүс намайг дуудахаар нь би машинтайгаа яваад очтол бүгд мэнд ус мэдэлцээд нэг залуу нь мал авч байгаа юм уу гэхээр нь тийм гэтэл ямар мал хэдэн төгрөгөөр авч байгаа юм гэхээр нь эм хонь 64000-65000 төгрөгөөр авч байна гэсэн чинь нэг залуу чи миний дошин дээр явж байж яасан том яриатай нөхөр вэ гээд миний машины жолооч талаар ирснээ намайг үсдэж аваад зүүн талын нүд, хамар руу хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгсэн нэг залуу нь хүрч ирээд боль гээд салгасан. Тэгээд би машинаа асаагаад холдоод явсан. Тэд нар тэндээсээ шууд Эрдэнэхайрхан сумын чиг рүү явсан. Миний нүд өвдөөд байхаар нь Яруу сумын төв орж эмнэлэгт үзүүлж, Завхан аймгийн төд орж ирж цагдаад мэдэгдсэн.” гэж мэдүүлсэн байна. Мөн тухайн үед шүүгдэгчтэй хамт байсан гэрч О.Цогтбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчийн хохирогчийг цохисон үйлдлийн талаар мэдүүлэхдээ “...Тэр ирсэн залуу машинаасаа ч буугаагүй машин дотроо сууж байсан. Тэгээд ******* тэр хүнээс малаа хааш нь тууж байгааг асуусан чинь тэр залуу чамд ямар хамаатай юм бэ гэсэн. Тэгээд ******* машин руу нь явж очсон, тэр хоёр хэрэлдэж маргалдаад байж байсан чинь *******ыг тэр залуу эхлээд нүүр рүү нь цохиод авсан. Тэгсэн ******* машиных нь цонхоор үсдэж байгаад хоёр цохиод авахаар нь би наанаас нь очиж салгаад бид нар малынхаа айл руу явсан.” гэж мэдүүлжээ. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.*******, гэрч О.Цогтбаяр нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар мэдүүлэг авсан бөгөөд тэдний хэн аль нь М.******* Г.*******гийн нүүр рүү гараараа цохисон гэдгийг нотолж байна. Шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас Г.*******гийн эрүүл мэндэд гэмтэл учирсан бөгөөд уг гэмтэл хөнгөн зэргийн гэмтэл болох нь хохирогчийн өвчний 18419 дугаартай түүхийн бичилт, мэс засал хийсэн тэмдэглэл зэрэг эмнэлгийн бичиг баримт болон шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 201820194 дугаартай дүгнэлтэд “...Иргэн Г.*******гийн биед: Тархи доргилт, зүүн нүдэнд цус хуралт, хацрын зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын мурийлт, таславч хянга ясны хугарал гэмтэл учирсан байна.. ...Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэснээр тогтоогдож байна. Хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийн эх сурвалж тодорхой, М.*******ын үйлдэл болон хэргийн нөхцөл байдлыг шууд нотолж байгаагаас гадна бусад нотлох баримтуудын хамт энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Түүнчлэн шүүгдэгч М.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд М.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Хохирогч Г.******* хохиролд 4.0 сая төгрөг авсан, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн бөгөөд “Надад ямар нэгэн санал, гомдол байхгүй. Би шүүх хуралд оролцох боломжгүй учир М.*******ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт гаргажээ. Шүүгдэгч М.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул улсын яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5-1.9, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хүрээ овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000/дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3.Шүүгдэгч М.******* 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж/15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 4. Шүүгдэгч М.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 5. Шүүгдэгч М.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Д.НЯМ