Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2017/ШЦТ/215

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,                                          

Улсын яллагч Б.Соёлсайхан,

Шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Д.Намсрайжав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Бадамжунайн Пид холбогдох эрүүгийн 201725020800 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ......... П нь:

 

- 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, "Автоланд" ХХК-ний байранд хамт ажилладаг Д.Батбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний биед зүүн хацар ясны нумны далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Батбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1 цагийн орчимд машины арлын дугаарыг буруу хэлснээс болж маргасан юм. Б.П энэ машиныг бэлнээр зарлаа гээд нэг "Приус-20" маркийн машиныг хэлэхээр нь шалгаж үзэхэд нөгөө машин нь хүн сонгочихсон машин байхаар нь би хүн сонгосон машин байна гэтэл Б.П “ Одоо бэлэн мөнгөөр авъя гэж байхад зарахгүй. Чи хичнээн судалдаг юм “ гээд болохгүй байсан. Тэгэхээр нь би “ Энэ чинь болохгүй ш дээ “ гээд зарах машиныхаа жагсаалтыг хэвлээд Б.П дээр явж очоод “ Энэ жагсаалтаас хар “ гэсэн чинь “ Би үүнийг харж ажилладаггүй “гээд байсан. Тэгтэл нөгөө зарна гээд байсан нь миний зарагдах гэж байгаа гэж хэлснээс өөр машин байхаар нь “ Энэ жагсаалтаас харахгүй яаж ажил хийх гээд байгаа “ гэж хэрэлдээд байж байтал Б.П машин дотор сууж байснаа уурлаж гарч ирээд барьцалдаж аваад 2 удаа нүүр лүү гараараа цохиод авсан юм. Эхний цохилт нь гайгүй хөнгөн байсан дараагийн цохилт их хүчтэй болоод нүд тэсэрчих шиг л болсон. Тэр үед миний нүд бэмбийгээд хавдчихсан гэжээ. / хх 7-9 /

 

Гэрч Э.Ганхуяг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Б.П 5 давхарт оффист суудаг Д.Батбаяртай утсаар маргаад ам мурийгаад байх шиг байсан. Тэгтэл удалгүй Д.Батбаяр их ууртай ирж байгаа харагдсан. Тэгээд Б.П нь машинд суучихсан хэрэлдээд байж байснаа Б.П гарч ирээд Д.Батбаяртай барьцалдаад авсан. Тэгэхээр нь наанаас нь гүйгээд очтол Б.Пийг Д.Батбаяр нь боочихсон байсан. Б.П нь боолгочихсон гүрдийж байгаад гараараа цохиод авсан. Салгасан чинь Д.Батбаярын нүд маш хурдан таглараад хамраас нь цус гарсан байсан. Тэгээд дахиж ойртуулаагүй. Д.Батбаяр цохиулчихаад тоосго бас хүрз барьж гүйгээд бөөн юм болсон. Бид нар ойртуулаагүй гэжээ. / хх 11 /

 

Гэрч М.Түвшинбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Б.П машинд суучихсан Д.Батбаяр машиных нь гадна талд бичиг цаас барьчихсан маргалдаад зогсож байсан юм. Тэгээд би цааш граж доторх машин угааж байсан хүүхдүүд рүү шагайж харчихаад эргээд иртэл Д.Батбаяр, Б.П 2 машиныхаа гадна гараад ирсэн заамдалцаад авсан байсан. Тэгэхээр нь Э.Ганхуяг бид хоёр боль гээд яваад очтол зууралдсан чигээрээ машины цаад тал руу орох шиг болоод ганц нэг удаа цохилцоод авсан. Б.П 1-2 удаа л цохиод авах шиг болсон. Бид хоёр нэг их сүртэй зүйл болоогүй байх гэж бодсон чинь Д.Батбаярын хамарнаас цус гарчихсан нүд нь хавдсан байсан гэжээ. / хх 12 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4292 тоот дүгнэлтэнд:

1. Д.Батбаярын биед зүүн хацар ясны нумны далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн далд хугарал, зеөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 16 /

 

Шүүгдэгч Б.Пийг 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 23-25 /, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 25-26 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 29 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хамт ажилладаг Д.Батбаяртай зарах машинаасаа болоод маргалдсан. Миний зарах гэсэн машины арлын дугаар нь Д.Батбаярын лизингээр авах гээд бичүүлсэн хүний машины арлын дугаар биш байсан. Тэгээд маргалдаж байгаад Д.Батбаяр намайг боогоод авахаар нь би сандраад нүүр рүү нь 2 удаа цохьсон. Миний үйлдлээс болж хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан гэсэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Надад оногдуулж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би хохиролд 1.500.000 төгрөгийг төлсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би уураа бариагүйгээс болж хүний биед гэмтэл учруулсандаа харамсаж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч Б.П нь 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, "Автоланд" ХХК-ний байранд хамт ажилладаг Д.Батбаяртай зарах машинаасаа болж маргалдаж Д.Батбаяр нь түүнийг заамдан авснаас түүний нүүрэн тус газарт хоёр удаа цохиж, түүний биед зүүн хацар ясны нумны далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Машины арлын дугаарыг буруу хэлснээс болж маргаад Б.П машин дотор сууж байснаа уурлаж гарч ирээд барьцалдаж аваад 2 удаа нүүр рүү гараараа цохиод авсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Батбаярын мэдүүлэг / хх 7-9 /, … Б.П нь машинд суучихсан хэрэлдээд байж байснаа Б.П гарч ирээд Д.Батбаяртай барьцалдаад авсан. Б.П нь боолгочихсон гүрдийж байгаад гараараа Д.Батбаярыг цохиод автал Д.Батбаярын нүд таглараад хамраас нь цус гарсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Э.Ганхуягийн мэдүүлэг / хх 11 /, …Б.П машинд суучихсан Батбаяр машиных нь гадна талд бичиг цаас барьчихсан маргалдаж байснаа заамдалцаад авсан Б.П нэг хоёр цохиод гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч М.Түвшинбаярын мэдүүлэг / хх 12 /,  ... хохирогчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4292 тоот дүгнэлт / хх 16 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Пийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Хохирогч Д.Батбаяр нь мөрдөн байцаалтын явцад эмчилгээний зардалд 169.200 төгрөгийг нэхэмжилж баримтаа өгсөн / хх 39-40 / боловч шүүгдэгч Б.П нь 1.500.000 төгрөг / хх 37 / төлсөн байх тул түүнийг хохирлоо нөхөн төлсөн гэж үзсэн ба хохирогч Д.Батбаяр нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. ............  П- ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Пийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.П нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Б.Пид оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

5. Б.Пид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ