Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/235

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0224

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б- Б-ын М-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818003730250 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1960 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Баяр” супермаркетид харуул ажилтай, ам бүл 2, ээж дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- Б-ын М-, /Регистрийн дугаар: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч Б.М- нь 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт ХХ-ХХ ДАР улсын дугаартай Тоёота-марк 2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас түүний тээврийн хэрэгслийн арын суудалд сууж явсан зорчигч Д.Э-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М- нь 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт ХХ-ХХ ДАР улсын дугаартай Тоёота-марк 2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг /Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм/-ийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсгийн: Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна. Мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3-ийн б хэсгийн: Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх/ заалтыг зөрчсөний улмаас осолдон тээврийн хэрэгслийн арын суудалд сууж явсан зорчигч Д.Э-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь:

Хохирогч Д.Э-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…бид нар Дархан хаалга өнгөрөөд Цагаан нуур дөхөж явахад хажуугаар хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлсэн, манай жолооч сандраад хажуу тийшээ дараад машин өнхөрсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

 

Гэрч Ө.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: ”…Бид нар Дархан-Уул аймгаас гараад Цагаан нуурын наахан талд явж байсан. Тэгэхэд хажуугаар хөх өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлсэн. Тэгтэл гэнэт миний сууж явсан тээврийн хэрэгсэл замын хажууруу ороод унасан. Машин нэгээс хоёр удаа өнхөрч миний хажууд сууж байсан Э- ах машины арын цонхоор шидэгдсэн байсан. Би машины арын суудал дээр сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

Гэрч Б.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ”… манай машин замын хажууруу унаж онхолдсон. Би жолоочийн хажуугийн суудал дээр хамгаалах бүс зүүсэн зорчиж явсан. Жолооч М- бас хамгаалах бүс зүүсэн байсан. Нэг мэдэхэд машин дотор би сууж байсан. Би хамгаалах бүсээ тайлаад машинаас гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

Дархан-Уул аймгийн Шинжилгээний албаны 2018 оны 5 дугаар сарын 08-ны 514 дугаартай “Д.Э-ы биед бүсэлхийн 1-4 дүгээр нугаламын хөндлөн сэртэнгийн битүү хугарал, бүсэлхийн нурууны зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо, ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна”  гэх дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5, 8-16-р хуудас/,

Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хх-ийн 17-р хуудас/

Тээврийн хэрэгслийн техникийн байдал шалгасан тухай шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-35, 36-37 дугаар хуудас/

Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Б.Нямцогтын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/ болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Б.М-ад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлд заасан журмаар шийвэрлүүлэхээр шилжүүлсэн байх ба мөн хуулийн 17.4-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Д.Э- нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч нь хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх санал гаргасан байх тул уг саналын хүрээнд торгох ял шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б- Б-ын М-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б.М-аас гаргуулах төлбөргүй болохыг дурдсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.М-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

5.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ГЭРЭЛТ-ОД