Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/501

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


             Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн, улсын яллагч Д.Нямсүрэн, шүүгдэгч Л.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,


           Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тайж овогт Лхагвагын Тарнид холбогдох эрүүгийн “1711005890172” дугаартай, 186/2017/05339/э индекстэй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аж ахуйн эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, Дархан-Уул аймаг, 6 дугаар хороо 10-61 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Л.Т,

Холбогдсон хэргийн талаар Л.Т нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи мобайл” компаний гадна талбайд О.Гантулгатай маргалдан зодож, улмаар түүний биед зүүн баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алимын салстад цус хуралт, зүүн хацар эрүүний зөөлөн эдийн няцрал, эрүүнд шарх, зүүн ухархайн дотор болон доод ханын хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Л.Т хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

2. Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. - Хохирогч О.Гантулга нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:...Би 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэцэг” төвийн ард талын таван давхар байрны 1 давхарт өөрийн ажиллуулдаг “Брэнд” нэртэй үсчний газраас гараад “Их” дэлгүүр орж ганц хоёр пиво уучихаад 21 цагийн үед ажил дээр ирсэн чинь надтай цуг үсчний газар ажиллуулдаг залуу болох Бат-Эрдэнэ ажил дээрээ байж байсан юу хийж байгаа юм бэ гэсэн чинь намайг зодох гээд хүмүүс ирж байгаа гэж байна гэхээр нь яагаад хэн зодох гэж ирж байгаа юм гэсэн чинь яагаав дээ та танина даа нэг сэтэрхий уруултай Даваа гэж манай найз байдаг шүү дээ тэрийг харин муудалцаж байхдаа сэтэрхий уруулт гээд хэлчихсэн чинь гомдоод өширхөөд байх шиг байна найзуудтайгаа ирж зодох юм гэнээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бат-Эрдэнэд хандан Даваа та хоёр найзууд байж юун сүртэй юман дээр зодож цохих дээрээ тулдаг юм бэ би хамт хань болоод байж байя гэж хэлээд цугтаа байж байтал манай үсчний газарт цуг ажилладаг миний төрсөн дүү Эрдэнэмөнх хүрээд ирсэн ба юу хийж байгаа юм найзуудтайгаа явж байгаад онгорхой байхаар нь ороод ирлээ гэж хэлсэн. Эрдэнэмөнх 2 найзтайгаа орж ирсэн. Ингээд бид тавыг байж байхад Бат-Эрдэнийн нэг найз нь хүрч ирээд дагуулаад гарсан ба манай үсчний хойд талын хашаанд ороод зууралдаад авсан ба би очиж салгаад цаашаа гар гээд хоёуланг нь түлхээд гаргасан юм. Тэгээд цуг ирсэн хүмүүст нь та нар манай үсчний арын хаалгаар орж ирчихээд битгий янз бүрийн хэл ам хийгээд бай өөрсдийг нь учрыг нь олуул гэж учрыг нь ч хэлсэн. Тэгээд Бат-Эрдэнэтэй цугтаа ирсэн 2 залуу нийтдээ гурвуулаа цугтаа яваад өгсөн. Тэгээд буцаад бид нар ажил руу ороод харьцгаая гэсэн чинь Бат-Эрдэнэ өө нөгөөдүүл чинь буцаад ирж байна гэнэ гэсэн тэгээд гарахын завдалгүй нөгөө 3 дээр 2 хүн нэмэгдээд ирчихсэн тавуулаа болчихсон байсан. Тэгэхээр нь би очоод манай үсчний газрын хашаанаас гарч учраа олцгоо тарцгаа гэсэн чинь одоо нэрийг нь мэдэх болсон Л.Т гэдэг залуу нь чи одоо юу вэ гараад ир энэ тэр гээд чанга чанга дуугараад байхаар нь хойшоо гараад үсчнийхээ гадна талын хашаанаас гаргаад “Жи мобайл” төвийн гадаа буланд очоод Бат-Эрдэнийг чи наад найзтайгаа өөрөө учраа ол бид нар хүний өмнөөс зодолдоно гэж юу байдаг юм бэ гээд БатЭрдэнэ, Даваа хоёрыг явуулсан. Тэгээд үлдсэн 4 найзад нь хандан та нар ингэж хэл ам хийж болохгүй яагаад орой үдэш арын хаалгаар байрны голоор орж ирж хэл ам хийгээд байгаа юм бэ, зүгээр аятайхан орж ирж болдоггүй юм уу гэсэн чинь Л.Т гэдэг залуу нь чи юу вэ, чи хэн юм чамд ямар хамаатай юм гээд өөдөөс хэрэлдсэн ба би Бат-Эрдэнийн найзууд болохоор нь жаахан хүүхдүүд байна гэж бодоод чи намайг чи гэж дууддаг хэн бэ гээд маргаан болоод би уурлаад Л.Т дээр очоод шилдэж аваад эрүү хэсэг рүү нэг удаа цохисон чинь зөрүүлээд намайг эрүү рүү цохиж аваад би доошоо тонгойсон чинь хажуу талаас миний баруун талын шанаа чих хэсэгрүү цохих шиг болсон, гэхдээ хэн цохисон гэдгийг нь мэдээгүй. Тэгээд жаахан зууралдаад салсны дараа миний хамар, эрүүнээс цус гоожоод тонгойчихсон байсан чинь Л.Т ирээд миний зүүн нүдрүү нэг удаа цохиж авсан. Тэгээд ерөнхийдөө миний нүд рүү цохисны дараа ухаан балартаад нэлээн өвдөөд би нүүрээ дарж суугаад цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх 27-28/ - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10729 тоот актын: 1. О.Гантулгын биед зүүн баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алимын салстад цус хуралт, зүүн хацар эрүүний зөөлөн эдийн няцрал, эрүүнд шарх, зүүн ухархайн дотор болон доод ханын хугарал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-51/, Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-70/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-63/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн мэдүүлэг /хх-58/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-64/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх71-72/ зэргийг шинжлэн судлалаа. Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов. Шүүгдэгч Л.Т нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи мобайл” компаний гадна талбайд О.Гантулгатай маргалдан зодож, улмаар түүний биед зүүн баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алимын салстад цус хуралт, зүүн хацар эрүүний зөөлөн эдийн няцрал, эрүүнд шарх, зүүн ухархайн дотор болон доод ханын хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Тйг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгч Л.Т, хохирогч О.Гантулга нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хоорондоо эвлэрэн тохиролцсон, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

    Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8,9 дэххэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тйг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тд оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч Л.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Тд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.БАТЖАРГА