Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2017/ ШЦТ/628

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Г.Буяннэмэх, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч О.Саранцацрал,

улсын яллагч Л.Булганчимэг,

хохирогч Р.Г,

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг /№0324/,

нарийн бичгийн дарга Ц.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Л.Бт холбогдох эрүүгийн 1711000000163 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 49 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа такси үйлчилгээнд явдаг, ам бүл 2 эхийн хамт, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан мэдрэл бүрэн, Боржигон овогт Л.Б

 

Холбогдсон хэргийн талаар: ßллагдагч Л.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Л.Б нь 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-ны шилжих шөнө 03 цаг 25 минутын орчим өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Р.Гийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, бие махбодийн бөөр хэсэгт нь ахуйн хэрэглээний хар иштэй хутагаар нэг удаа хутгалж, биед хэвлийн зүүн ар хэсгээр нэвтэрч, зүүн бөөрний дээд хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн ар хана, давсагны цус хуралт, мэс заслын дараах байдал /2017.10.13/, зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт бүхий  эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Л.Бын мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байхад манай эхнэр Р.Гийн урд нөхрийнх нь хүүхэд болох Тэмүүжин нь урд өдөр нь манайд гэдэсний махтай бууз идээд тэр өдрөө гэртээ хонож амраад маргааш нь Р.Гийн хамтаар гэр рүүгээ Тасганы овоо руу явсан чинь гэртээ очоод гэдэс нь өвдөөд гээд буцаад ирсэн. Тэгээд би гэртээ гэдэсний буузаа халааж идэх гээд сууж байсан чинь Р.Г нь хүү Тэмүүжингийн өмдөнд бие зассаныг цэвэрлээд памперсийг нь өмсүүлээд тавьсан байсан чинь Тэмүүжин намайг хоолоо идэх гээд сууж байсан чинь миний урдуур Тэмүүжин нүцгэн гүйхээр нь чи наад хүүхдээ уячихгүй ухаан санаа нь ямар эрүүл саруул биш гээд хэлсэн чинь намайг янз бүрээр гичий нохой, янхан гэж хэлсэн тэгээд би тухайн үед Р.Гтэй муудалцаад ам мурийгаад мөр рүү нь цохих гээд гараараа цохисон чинь баруун шанаа орчимд нь цохисон. Тэгээд би өөрийн ээж Нямжавд хоол хийж өгөөд ажилдаа 7 буудал руу гарсан чинь Р.Г хүү Тэмүүжинг гэрт нь хүргэж өгнө дээрээс нь охин Амараа ахынхаа машиныг унаж байгаад хашаа шүргэсэн гэж байна тийшээ явна гээд надтай явж байгаад 7 буудал дээр миний машинаас буугаад автобусанд суугаад яваад өгсөн. Тэгээд би 21 цагийн үед найз Батсайханы нүүрсийг 32-н тойргоос нүүрсийг нь аваад гэрт хүргэж өгчөөд тэндээсээ гараад одоо гэртээ харьж амаръя гэж бодоод дэлгүүрээс 1 шил 0,5 литрийн савалгаатай Ерөөл нэртэй архийг аваад гэрийн гадаа архиа уучаад гэрлүүгээ орсон тэгээд намайг гэртээ ороход хамтран амьдрагч Р.Г ирсэн байсан. Тэгээд би тухайн үед архи уусан байсан болохоор нилээд согтсон байсан. Өдөр болсон маргаанаас болж дахиж маргасан тэгээд би тухайн үед айлгах зорилготой гэрийнхээ улаан өнгийн хуванцар иштэй ахуйн хэрэглээний хутгыг авсан байсан. Тэгээд тухайн үед ухаан санаа орж гараад байсан нэг ухаан ороход гэрийн гадаа Р.Гийг хөөгөөд гүйж байгаад^ улаан өнгийн иштэй хутгаараа нэг удаа хутгалсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 56-57х/,

шүүхийн хэлэлцүүлэгболон мөрдөн байцаалтад хохирогч Р.Гийн өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-ны шилжих шөнө манай хамтран амьдрагч Л.Бтай маргалдсан юм. Учир нь өөрийн хүү Тэмүүжинг өмөөрөн Л.Быг хэл үгээр доромжилж хэрэлдсэн. Тэгээд би хүүгийнхээ хувцсыг угаачихаад гэртээ сууж байтал Л.Б намайг хоолоо хий гэхээр нь чадахгүй гээд уурлаад сууж байсан. Гэтэл Б өөрөө хоол хийж өгсөн. ...хоолоо идээд маргалдаад би Бын баруун мөр орчим руу цохьтол намайг давраад байгаарай гээд баруун шанаа орчим руу нэг удаа цохисон. Тэгээд би хүү Тэмүүжинг дагуулаад гараад явсан, гэтэл Б араас машинтайгаа ирээд суу 7-н буудал оруулаад өгье гэсэн. Тэгээд би хүүгээ Тасганы овоонд байх гэртээ аавд нь үлдээгээд ирсэн. 21 цагийн үед уг хэрэг болсон гэртээ ирсэн. Гэтэл гэрт хадам ээж унтаж байсан. Б гаднаас нилээд согтуу орж ирсэн. Б орон дээр хэвтчихээд утсаар ярьж байсан ингэж ярьж байхдаа хүний анхны эхнэр л илүү юм байна гээд л яриад байсан. Тэгэхээр нь уурлаад Б луу чи муу архичин, би чиний ээжийг асарч халамжлаад байж байна гээд л хэл үгээр доромжилж муудалцсан. Тэгээд би гэрийнхээ ард байдаг хөрш айлындаа орж хэсэг сууж байгаад гэртээ орж иртэл Б гэрт байхгүй байсан. Тэгэхээр нь би хойд айлдаа ороод унтаж байтал Б ирээд намайг харьж унтая гээд гарсан. Тэгээд бид хоёр гэртээ ороод байж байтал Б миний нүүр орчим руу гараараа нилээн олон удаа цохисон. Тэгээд би миний нүүр гар цус болчихсон байсан болохоор гэрлээ асаагаад өг гэсэн чинь чи өөрөө асаа гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би айгаад гэрээс гараад зугтаасан. Гэтэл Б миний араас гарч ирээд миний зүүн ардаас хутгалсан. Тэгээд би хойд айл руугаа орсон. Тэгээд тэр айлын хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 18-20х/

гэрч Ц.Нямжавын мөрдөн байцаалтад өгсөн: "...Тэр өдөр бид гурав Гийн хүү Тэмүүжин нарын хамтаар байж байсан чинь Л.Б, Г нар хүү Тэмүүжингээс болж маргалдсан. Л.Б Р.Гийг чи хүүхдээ харсангүй гэж хэрүүл хийсэн. Яг нарийн сайн учрыг олоогүй." гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/,

гэрч М.Болдбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: "...Тэр өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-ны шилжих шөнө 01 цагийн үед өөрийн эхнэр Г.Азбилэгийн хамтаар унтах гээд орондоо хэвтээд зурагт үзээд хэвтэж байтал гаднаа манай урд айлын Р.Г гэх эгч орж ирээд манай нөхөр 7 буудал руу архи уух гээд явсан байна гэж хэлж байсан тэгээд манай эхнэр та тэгвэл нөгөө талын орон дээр унтаж амрахгүй юу гээд ор засаж өгөөд хэвтүүлсэн тэгээд удалгүй 03 цагийн үед нөхөр Б ах манай гэрийн хаалгыг цохиод Чимгээ эгч нь танайд байна уу гээд хэлэхээр нь байхгүй гээд манай эхнэр Г.Азбилэг хэлсэн чинь хаалга цохиод байгаа гээд байхаар нь би хаалгаа онгойлгоод оруулсан чинь ах нь эхнэрээ авъя гээд аваад гарах гэхэд Р.Г нь гарахгүй гээд хэлсэн чинь Л.Б нь гэртээ ор гээд орноос нь татаад үснээс нь зулгаагаад байсан тэгэхээр нь би босоод Л.Б ахад хэлээд та одоо согтуу байна та Р.Г эгчийг энд нь унтуулж амраагаад маргааш өглөө гэр рүүгээ орох байлгүй гэсэн чинь Л.Б ах юу гэж өөрөө гэртээ байж танайд хонуулах бэ? гээд Р.Г эгчийг бос гээд тэгээд Чимгээ эгч босоод хувцсаа өмсөөд гарах гэхээр нь манай эхнэр Азбилэг цагдаа дуудъя гэсэн чинь Чимгээ эгч яахын бэ дуудаад яахын бэ гэж хэлээд ингэж байгаад гайгүй болчдог юмаа гээд манай гэрээс гараад явсан. Тэгээд 30-40 орчим минутын дараа Чимгээ эгч орилоод манай хашаан хаалгыг цохиод байхаар нь гараад харсан чинь Чимгээ эгч зүүн талын хавирганыхаа доохон талд хутгалуулсан байдалтай цус гарсан байдалтай эгч нь хутгалуулчлаа гээд байхаар нь гэр рүүгээ дагуулж ороод цагдаа болон түргэн дуудсан. Тэгээд би цус гарсан газар дээр нь даавуу тавьж боогоод тусламж үзүүлсэн.." гэх мэдүүлэг /хх-ийн 30-31х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №12982 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Рэнбуу овогтой Гийн биед хэвлийн зүүн ар хэсгээр нэвтэрч, зүүн бөөрний дээд хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн ар хана, давсагны цус хуралт, мэс заслын дараах байдал /2017.10.13/, зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус хуралт, дух, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 44х/,

1 ширхэг хутга, цустай бинт 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцон хураан авсан тогтоол /хх-ийн 12-16х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянах шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Л.Б нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хохирогч Р.Гтэй “хүүхэдээ асарсангүй” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож толгойн нүүр хэсэгт гэмтэл учруулан, мөн ахуйн хэрэгцээнд хэргэлдэг 15см урт ажлын хэсэгтэй, 10см урт хар иштэй хутгаар хохирогчийн биеийн хэвлийн тус газар хутгалаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

     Хохирогч Р.Гээс хавтас хэрэгт нийт 747.590 төгрөгийн гэм хорын хохиролын баримт авагдсан байх ба шүүгдэгч Л.Б нь хохиролд өөрийн өмчлөлийн  57-89 УБМ улсын дугаартай “Мазда Демо” маркийн автотээврийн хэрэгслийг хохирогч Р.Гт хүлээлгэн өгсөн байх тул хэн альнийх нь хүсэл сонирхол нийцэж байна гэж шүүх үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмчлөлийн шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.  Харин цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч Л.Бт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугаа хүлээж буй байдал, хохиролоо сайн дураараа төлж барагдуулсан, хохирогч Р.Гийн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялаас догуур ял оногдуулж, нээлтэй хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар иштэй 1 нэг ширхэг хутга, цустай бинт 1 ширхэг зэрэг нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, энэ хэрэгт хамааралтай баримтууд байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад нь шилжүүлж устгуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6 , 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Л.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 4 /дөрөв/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Л.Бын цагдан хоригдсон нийт 66 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бын өмчлөлийн 57-89 УБМ улсын дугаартай “Мазда Демо” маркийн автотээврийн хэрэгслийг хохиролд тооцож, хохирогч Р.Гийн өмчлөлд шийлжүүлсүгэй.

 

6. Хохирогч Р.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар иштэй 1 нэг ширхэг хутга, цустай бинт 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн эд зүйл устгах комисст шилжүүлж устгасугай.

 

9. Шүүгдэгч Л.Бын  эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      С.БАТГЭРЭЛ