| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 188/2018/1001/Э |
| Дугаар | 178 |
| Огноо | 2019-02-28 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 178
Г.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мягмаржав, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Дэлгэрмаа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э, түүний өмгөөлөгч Л.Ц,
шүүгдэгч Г.Г.М, түүний өмгөөлөгч Н.Б,
нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулж,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1047 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г.Мийн өмгөөлөгч Н.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Г.Мд холбогдох эрүүгийн 1803006780370 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Г.М, 1992 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хэрлэн дрийлинг” ХХК-д туслах ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ....................../;
Г.Г.М нь 2018 оны 8 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хангай захын хажуу талын замд “Toyota prius 11” загварын, 63-29 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 2.3-т заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ...харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын ... гэрлүүд асахгүй болсон ...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Л-г мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газар: Г.Г.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Г.Мийгг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Мд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г.Мд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2.000.000 төгрөгийн хохирол төлсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг энэ тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Г.Мийн өмч болох 5.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Toyota prius 11” загварын, 63-29 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, түүний 1064791 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраар уламжлан зохих байгууллагад хүргүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Г.Мэс 11.267.438 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эд олгож, нэхэмжлэлийн зарим хэсэг болох 1.038.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэм хорын төлбөрөө иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Г.Г.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Г.Мийн өмгөөлөгч Н.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Г.Г.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт анх удаа, болгоомжгүй байдлаар холбогдсон, байнга оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдаг. Тухайн хэрэг гарахад Г.Г.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.3, 9.2 дахь заалтыг зөрчсөн хэмээн буруутгасан бол явган зорчигч нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасан “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно, явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэсэн заалтуудыг зөрчсөн” хэмээн Техникийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 599 дугаартай дүгнэлтээр дүгнэсэн байдаг.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр түүнд шүүхээс 3 жил 6 сарын хорих ял биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд Г.Г.Мийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж, нийгмээс тусгаарлахгүйгээр, жолоодох эрхийг хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж өгнө үү ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Г.Г.Мийн хувьд залуу хүн учраас болгоомжгүй байдлаар тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Урьд нь Г.Г.М хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй байсан учир гомдолтой гэсэн тайлбар давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн боловч одоо уг тайлбараа өөрчилж байна. Учир нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа хохирлоос 8.000.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсан тул Г.Г.Мд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эгийн өмгөөлөгч Л.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогчийн зүгээс давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа гомдолтой талаар бичсэн байгаа. Шүүгдэгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө 8.000.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Иймд хохирогчийн ар гэрийнхэн ярилцаж байгаад Г.Г.Мд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэж байна. Харин хохирогч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдэг асуудал ярьж байна. Шүүгдэгч талаас хэдийгээр гэм буруугийн асуудал дээр маргаагүй ч гэсэн шинжээчийн дүгнэлтэд явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь энэ гэмт хэрэг гарах шууд шалтгаан болоогүй, энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл бүрэн бус байснаас үүссэн гэсэн байдыг тайлбарлахыг хүсэж байна ...” гэв.
Шүүгдэгч Г.Г.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэлэх зүйл байхгүй ...” гэв.
Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгчийн талаас хохирогчийн буруутай үйлдлийн талаар шүүх дүгнэлт хийгээгүй гэж байна. Анхан шатны шүүхээс хохирогч өөрийгөө хянах чадваргүй байдал тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, хохирогчийн дүрэм зөрчсөн үйлдлийг энэ гэмт хэрэг үйлдэгдэх шууд шалтгаан болоогүй, шүүгдэгч стандартын шаардлага хангасан гэрэлтүүлэх хэрэгсэл бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд тохируулан, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцсон бол энэ гэмт хэрэг үйлдэгдэхгүй байх бүрэн боломжтой байсан гэсэн дүгнэлтийг шүүх хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Г.Г.Мд холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:
Г.Г.М нь 2018 оны 8 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хангай захын хажуу талын замд “Toyota prius 11” загварын, 63-29 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.3, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Лхагвасүрэнг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Г.М нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлдэг /хх-136/ ба түүний мэдүүлэг нь гэрч Б.Б /хх-83/, Б.З /хх-87/, М.Э /хх-93/, Э.Ундрах /хх-95/ нарын мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1809 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хх-111-116/,
Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 599 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх-129-130/, талийгаачийн өвчний түүх /хх-160-173/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-19/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-14/ зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.
Дээрх нотлох баримтуудад үндэслэн Г.Г.Мийгг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Тээврийн прокурорын газраас Г.Г.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах болон шүүхийн шатанд хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Г.Мийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь хууль зөрчөөгүй байх боловч түүний хувийн байдал болон зам тээврийн осол гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн буюу “гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарсан, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйсэн, өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явсан Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нөлөөлсөн, давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Г.Г.М хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэм хорын хохиролд 8.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, Г.Г.Мийн өмч болох 5.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Toyota prius 11” загварын, 63-29 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үлдэгдэл хохиролд тооцуулахаар тохиролцсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, ялыг хөнгөрүүлэх талаар хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Г.Г.Мд оногдуулсан хорих ялыг багасгаж тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэж заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Мд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Г.Мийн өмгөөлөгч Н.Б нь “... Г.Г.Мийгг нийгмээс тусгаарлахгүйгээр, жолоодох эрхийг хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Г.Г.Мийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон зэргийг харгалзан үзэхэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1047 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Г.Мийн өмгөөлөгч Н.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад шүүгдэгч Г.Г.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эд гэм хорын хохиролд 8.000.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1047 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Мд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Мд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г.Мд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г.Мд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Г.Г.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эд 8.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Шүүгдэгч Г.Г.Мийн өмгөөлөгч Н.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН