Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 096

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш,

шүүгдэгч А.Насанбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Найман овогт Алтанбаганы Насанбаярт холбогдох эрүүгийн 2016 2501 2140  дугаар хэргийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Найман овогт Алтанбаганы Насанбаяр, Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Пластик центр” ХХК-д үйлдвэрийн дамжлагын ажилтан ажилтай, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 5 дугаар хэсэг гудамжны 79-2284 тоотод оршин суух, регистрийн УЛ95062912 дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

А.Насанбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хуаран” хотхоны гадна зогсоолд байсан иргэн Г.Мөнхбаатарын эзэмшлийн 38-54 УНЧ улсын дугаартай Тоёота Филдер маркийн автомашины хойд салхины шилийг хагалж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Насанбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 05 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 03 цагт найз Тэгшбүрэнтэй уулзаад бухимдалтай байсан. Тэгээд найз Түвшинжаргалтай хамт буцаад явж байхдаа газраас чулуу аваад шидэхэд шил хагарах чимээ гарсан. Тухайн үед юуны шил хагарсан гэдгийг мэдээгүй. Мөн машины шил хагарсан хэсгийн үзэгдэх орчин харанхуй газар байсан. Тэгээд шил хагарах чимээнээр Түвшинжаргал бид хоёр зугтаагаад явсан. Хохирлын 250.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч дэслэгч Ж.Уранбаярт хүлээлгэн өгсөн ” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Г.Мөнхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 5 дугаар сарын 28-ны өглөө 10 цагийн орчим ажилдаа явах гээд гараад иртэл миний автомашины цонх хагарсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж цагдаа нар хэргийн байдалтай танилцаад миний автомашин байсан газрын хяналтын камерыг шүүж үзээд явсан. Тухайн үед би миний цонхыг хэн хагалсан талаар мэдээгүй. 5 дугаар сарын 27-ны орой би автомашинаа байрныхаа гадна талын зогсоол дээр бүрэн бүтэн орхиод орсон юм. Миний автомашин ТОҮОТА FIELDER маркийн автомашин. Хулгайд алдагдсан эд зүйлс байхгүй. Би камерын бичлэгийг үзэхэд 2  залуу газраас чулуу авч шидэж хагалчихаад яваад өгч байгаа бичлэг харагдсан. Миний автомашины арын хаалганы цонх хагарч надад 250.000 төгрөгний хохирол учирсан. Уг шилийг дангаар нь солих боломжгүй, би хойд хаалгатай нь сольсон. Автомашиныхаа хагалуулсан шилний мөнгө болох 250.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15 дугаар тал/

 

Гэрч Л.Түвшинжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “Би энэ шөнө  найз Насанбаярын хамт Насанбаярын сайн болсон охин гэх Бүрнээтэй гэрийнх нь гадаа очиж уулзсан, ингээд энэ 2 хэсэг хугацаанд юм ярьж байгаад  буцаад Насанбаяр ирээд бид 2 явсан, гэтэл Насанбаяр намайг зүгээр байхад  уурлаад байсан. Тэгэхээр нь би Насанбаярт “яасан бэ?” гэтэл Насанбаяр надад “уур хүрээд байна” гээд ямар нэгэн юм хэлээгүй Ингээд хамт явж байгаад газраас чулуу аваад шидэх шиг л болсон. Тэгсэн цаана нэг автомашины цонх хагарах чимээ гарахаар нь бид 2 зугатаад явсан. ХэсхХэсэг явж байгаад би Насанбаярт хандаж “яаж байгаа юм бэ?” гэтэл ямар нэгэн юм хэлээгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 19 дүгээр тал/

А.Насанбаярын мөрдөн байцаалтад сэжигтэнээр өгсөн: ”Би энэ өдөр найз Түвшинжаргалтайгаа Бүрнээгийнд очиж уулзчихаад эргээд гарсан. Бүрнээд би өөрөө сайн учир тэр орой уулзаж байх санал тавьсан. Гэтэл Бүрнээ дургүйцсэн байдлаар хандсан тул уурлаж бухимдсандаа эргэж Бүрнээгийнхээс явж байгаад эхлээд зогсоол дээр байсан Приус автомашины урд салхины шилийг гараараа цохичоод чулуу аваад шидтэл нэг машины салхины шилийг оноод хагалчихсан юм. Түүнээс би бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээе гэсэн санал сэдэл надад байгаагүй. Ингээд цааш явж байгаад найз Түвшинжаргалын ажил хийгээд байрлаж байсан байранд очиж хоносон. Өглөө босоод ажил дээрээ очоод ажлаа хийж байхад цагдаагийн газраас залгаж намайг дуудсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 25 дугаар тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 33 дугаар тал/

 

Гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 7 дугаар тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 34 дүгээр тал/

 

Эд зүйлийн үнэлгээ,

/хх-ийн 28 дугаар тал/

 

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч А.Насанбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хуаран” хотхоны гадна зогсоолд байсан иргэн Г.Мөнхбаатарын эзэмшлийн 38-54 УНЧ улсын  дугаартай TOYOTA FIELDER маркийн автомашины хойд салхины шилийг хагалж, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Насанбаярын өгсөн03 цагт найз Тэгшбүрэнтэй уулзаад бухимдалтай байсан. Тэгээд найз Түвшинжаргалтай хамт буцаад явж байхдаа газраас чулуу аваад шидэхэд шил хагарах чимээ гарсан. Тухайн үед юуны шил хагарсан гэдгийг мэдээгүй. Мөн машины шил хагарсан хэсгийн үзэгдэх орчин харанхуй газар байсан. Тэгээд шил хагарах чимээнээр Түвшинжаргал бид хоёр зугтаагаад явсан.” гэх,

хохирогч Г.Мөнхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 5 дугаар сарын 28-ны өглөө 10 цагийн орчим ажилдаа явах гээд гараад иртэл миний автомашины цонх хагарсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж цагдаа нар хэргийн байдалтай танилцаад миний автомашин байсан газрын хяналтын камерыг шүүж үзээд явсан. …Би камерын бичлэгийг үзэхэд 2  залуу газраас чулуу авч шидэж хагалчихаад яваад өгч байгаа бичлэг харагдсан. Миний автомашины арын хаалганы цонх хагарч надад 250.000 төгрөгний хохирол учирсан.” гэх,

гэрч Л.Түвшинжаргалын мөрдөн байцаалтад өгсөн “…Тэгэхээр нь би Насанбаярт “яасан бэ?” гэтэл Насанбаяр надад “уур хүрээд байна” гээд ямар нэгэн юм хэлээгүй Ингээд хамт явж байгаад газраас чулуу аваад шидэх шиг л болсон. Тэгсэн цаана нэг автомашины цонх хагарах чимээ гарахаар нь бид 2 зугатаад явсан.” гэх мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт цугларсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-7/, эд зүйлийн үнэлгээ /хх-28/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь А.Насанбаярыг яллах үндэслэл болж байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Найман овогт Алтанбаганын Насанбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч А.Насанбаярыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Шүүгдэгч А.Насанбаярт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүх шүүгдэгч А.Насанбаярын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,  хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Хохирогч Г.Мөнхбаатар мөрдөн байцаалтад гэм хорын хохиролд 250.000 нэхэмжилж, уг 250.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн  авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичмэл баримтаар /хх-29-30/ тогтоогдсон, мөн хохирогч Г.Мөнхбаатар тус шүүхэд 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр гаргасан өргөдөлдөө “А.Насанбаяраас хохирлоо барагдуулж авсан тул одоо ямар нэг хохирол, гомдол санал байхгүй” гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Найман овогт Алтанбаганы Насанбаярыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар А.Насанбаярт  1 жил 6 сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар А.Насанбаярт  оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.Насанбаяр урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан А.Насанбаярт оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн  хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Насанбаярт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ОДОНТУУЛ