Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1545

 

 

 

 

 

 

                                                                                          

 

 

Б.Ариунболдын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/01318 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Ариунболдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Эрдэнэс Монгол” ХХК-д холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Мягмарсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Хатанбаатар

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Дашбалбар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Э.Түвшинбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ариунболд миний бие 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захиргаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, тус компанид тэргүүн дэд захирлын албан тушаалд хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. Бидний хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ хэдийгээр хугацаатай гэрээ байсан ч, гэрээний хүчин төгөлдөр хугацаанд ажилтанд ажиллуулагчаас гэрээг цуцлах дуусгавар болгох талаар мэдэгдээгүй бол 1 жилээр сунгагдсанд тооцохоор тохиролцсон юм. Хөлсөөр ажиллах гэрээний 2.1-д заасны дагуу энэхүү гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дууссан. Гэхдээ гэрээний 2.1-д заасны дагуу ажиллуулагч талаас тус хугацаанд /2016.11.02-ны хүртэлх хугацаанд/ гэрээг цуцлах талаар ямар нэгэн мэдэгдэл огт ирүүлээгүй байсан тул тус гэрээний хугацаа нь дахин нэг жилээр сунгагдсан гэж ойлгож байсан юм. Тодруулбал, хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан ч тухайн үед гэрээнд заасан журмын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээний хугацаа дуусаж, дахин нэг удаа сунгагдсан байсан. Иймд тус хөлсөөр ажиллах гэрээний хугацааг дууссан гэж үзэх хууль, эрх зүйн үндэслэлгүй юм.

Түүнчлэн хариуцагч нь ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үйлдсэн гэх боловч, ажилтанд тухайн үед энэ талаар мэдэгдээгүй бөгөөд нэг сарын хугацаа өнгөрсний дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Г.Ганзоригоор дамжуулан мэдэгдсэн байдаг. Гэтэл миний бие гэрээний 2.1-д заасан үндэслэлээр хөлсөөр ажиллах гэрээг дахин нэг жилээр сунгагдсан гэж үзэн урьдын адил гэрээ болон компанийн дүрэм, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлэн ажиллаж байсан болно. Мөн ажил олгогчийн зүгээс гэрээг дуусгавар болгон цуцлахдаа хөлсөөр ажиллах гэрээний 8.1-д зааснаар гүйцэтгэх захирлаас ТУЗ-д бичгээр ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй юм. Иймээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дүгээр тогтоол нь хөлсөөр ажиллах гэрээний 2.1-д заасан гэрээний хугацаа сунгагдах журам, мөн компанийн дүрмийн 3.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Иймд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дүгээр тогтоол нь Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хууль зөрчсөн болохыг тогтоож, Б.Ариунболд намайг урьд эрхэлж байсан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн тэргүүн дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Хатанбаатар, өмгөөлөгч С.Дашбалбар нар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ариунболд нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн тэргүүн дэд захирлын албан тушаалд хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байсан бөгөөд гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсон. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс түүний хөлсөөр ажиллах гэрээг сунгахгүй байхаар шийдвэрлэж гэрээг холбогдох хууль, тогтоомж, компанийн дүрэмд заасны дагуу дуусгавар болгосон тул нэхэмжлэгч Б.Ариунболдын нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийн 9.1-д компанийн гүйцэтгэх удирдлагын бүтцийг ТУЗ батлах бөгөөд гүйцэтгэх удирдлагын багийн гишүүнийг томилж, чөлөөлнө гэж заасны дагуу компанийн ТУЗ-өөс 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаар тогтоолоор тэргүүн дэд захирлын бүрэн эрхийг зогсоож, гэрээ цуцлах тухай шийдвэр гарган, түүний хөлсөөр ажиллах гэрээг цаашид сунгахгүй, дуусгавар болгох тухай мэдэгдлийг Б.Ариунболдод хүргүүлэхийг гүйцэтгэх захиралд даалгасан байдаг. Гэрээний хугацааг сунгахгүй болсон тухай шийдвэрийг тэргүүн дэд захирал асан Б.Ариунболдод хүлээлгэн өгөх үед өөрөө ажилдаа ирэхгүй байсан тул шийдвэрийг түүний ажлын цахим шуудангаар илгээж мэдэгдсэн бөгөөд ТУЗ-ийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор түүний хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгож тэргүүн дэд захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хөлсөөр ажиллах гэрээний 2.2 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогч талаас гэрээ цуцлах, дуусгавар болгох талаар ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй тул хөлсөөр ажиллах гэрээг дахин нэг жилээр сунгагдсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Мөн Иргэний хуулийн 32 дугаар бүлэгт хөлсөөр ажиллах гэрээний талаар нарийвчлан зохицуулсан ба уг хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт хөлсөөр ажиллах гэрээгээр тохиролцсон хугацаа дууссанаар дуусгавар болно гэж заасан. Б.Ариунболдтой байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ нь хугацаа заасан гэрээ бөгөөд Иргэний хуулийн дээрх зохицуулалтын дагуу гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дуусч гэрээ дуусгавар болсон байна.

Б.Ариунболд нь нэхэмжлэлдээ хөлсөөр ажиллах гэрээний 8.1 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэх захирлаас ТУЗ-д бичгээр гаргасан ямар нэгэн санал хүсэлт байгаагүй нь түүний хөлсөөр ажиллах гэрээг хууль бусаар дуусгавар болгох үндэслэл болсон гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, хөлсөөр ажиллах гэрээний 8.1-д тэргүүн дэд захирал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл гүйцэтгэх захирал гэрээ дуусгавар болгох талаар ТУЗ-д санал гаргаж болно гэж заасан. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын зүгээс тэргүүн дэд захирлын ажил үүрэгтэй холбоотой аливаа санал хүсэлтийг ТУЗ-д гаргаагүй ба ТУЗ нь Б.Ариунболдын хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусч байгаатай холбогдуулан гэрээг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. “Эрдэнэс Монгол” ХХК нь тэргүүн дэд захирал асан Б.Ариунболдтой байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг Иргэний хууль болон хөлсөөр ажиллах гэрээнд заасны дагуу дуусгавар болгосон тул Б.Ариунболдын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 364 дүгээр зүйлийн 364.1-т тус тус заасныг баримтлан Б.Ариунболдын нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрдэнэс Монгол” ХХК-д холбогдох урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт өгсөнгүй. Мөн шүүх хэргийн үйл баримтыг буруу үнэлж, талуудын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг буруу тогтоож шийдвэрлэсэн нь илт үндэслэл муутай болсон. Улсын Дээд шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг хэрхэн хэрэглэх талаарх зөвлөмж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд “Эрдэнэс Монгол” ХХК нь ажилтан Б.Ариунболдтой хөдөлмөрийн гэрээ байгуулах хуулиар тогтоосон үүрэгтэй бөгөөд уг үүргээ хэрэгжүүлээгүйд ажилтан буруугүй гэж үзэж байна. Ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтныг ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол тухайн ажилтны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил гэж үзнэ.

Дээрх зохицуулалтаас үзвэл талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн ба ажил олгогчийн санаачилгаар хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан бөгөөд ажил олгогчийн зүгээс байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй байдаг. Энэхүү ажлын байр нь байнгын гэдэг нь тогтоогдож байхад шүүх хууль бус дүгнэлт хийсэн. Иймд талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан хэдий ч хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн. Анхан шатны шүүх гэрээний харилцаанд бүрэн гүйцэт дүгнэлт хийгээгүй, ялгааг тодруулж дүгнээгүй. Дээрх маргааны хувьд хэдий бодит байдалд хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан боловч уг гэрээ нь хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөл, шинжийг бүрэн агуулсан зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд энэ нь хөдөлмөрийн гэрээтэй адилтган авч үзэж, Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэх боломжтой эрх зүйн харилцаа юм. Иймд шүүх маргааны эрх зүйн харилцааг зөв тогтоож чадаагүй, гэрээний ялгааг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн дүгнэлтийн зарим хэсэг илт ойлгомжгүй, хэргийн үйл баримтыг үгүйсгэсэн байна. Нэхэмжлэгч нь и-мэйлээр явуулсан гэх мэдэгдлийг хүлээн аваагүй буюу уншаагүй болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон. Мөн шүүхээс утасны мессежинд хийсэн үзлэгээр нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын удирдлагатай байнгын холбоотой байсан бөгөөд ажлаас чөлөөлсөн талаар мэдэгдээгүй, ажлаас чөлөөлсөн эсэхийг асууж байсан зэрэг үйл баримтууд тогтоогдсон байдаг. Хэрэгт авагдсан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлын 2013 оны тушаалыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь авч үзэж дүгнэлт хийгээгүй нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд уг тушаал нь тэргүүн дэд захирлын албан тушаалыг байнгын шинжтэй ажлын байр болохыг нотлох ач холбогдол бүхий баримт юм. Нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажил олгогчийн буюу хариуцагч байгууллагын заасан ажлын байранд тогтоогдсон горимын дагуу түүнээс тогтоосон хөдөлмөрийн багаж, хэрэгслээр, ажил олгогчийн удирдлага дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүргийг шударгаар гүйцэтгэж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч Б.Ариунболд нь хариуцагч “Эрдэнэс Монгол” ХХК-д холбогдуулан тус компанийн ТУЗ-ын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дүгээр тогтоол хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэр зохих бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Нэхэмжлэгч Б.Ариунболд хариуцагч “Эрдэнэс Монгол” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Тэргүүн дэд захирлын албан тушаалд томилогдон “Хөлсөөр ажиллах гэрээ”-г байгуулан ажиллаж байгаад тус байгууллагын ТУЗ-ын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 39 тоот тогтоолоор гэрээний хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан дээрх “Хөлсөөр ажиллах гэрээ”, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 4, 6-7, 8, 44, 93-97/

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч нь “Хөлсөөр ажиллах гэрээ”-г цуцлах талаар ямар нэгэн мэдэгдэл огт ирүүлээгүй, өвчтэй байсан гэж маргажээ.

            Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч байгууллагын ТУЗ-ын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээг сунгахгүй болсон талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчийн емэйл хаягаар илгээснийг хариуцагч шалгаагүй болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон, мөн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл эмнэлгийн чөлөөтэй байсан нь Улаанбаатар Сонгдо эмнэлгийн магадлагаагаар нотлогдсон байна.

            Харин нэхэмжлэгч Б.Ариунболд нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан ба хариуцагчаас явуулсан 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн емайл хаягаар явуулсан мэдэгдлийг шалгах боломжтой байсан гэх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

            Хариуцагч “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьд Тэргүүн дэд захирлын хөлсөөр ажиллах гэрээ байгуулахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтууд, компанийн дүрэм, Компанийн тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтаар талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан. Энэ тохиолдолд уг гэрээг цуцлахад хариуцагч “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ын ажлаас чөлөөлөх тухай шийдвэр үндэслэлтэй байна.  

            Шүүхийн шийдвэрийн удирдтгал хэсэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэнг “О.Мягмарцэрэн” гэж буруу бичсэнийг дурдах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/01318 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                           М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН