Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2015/0462

 

2015 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2015/1462

Улаанбаатар хот

 

М.Мийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.МГийн гаргасан давж заалдах гомдлын дагуу М.Мийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчтүүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Домбот хотхоны 2-р ээлжийн 48 айлын орон сууцны гадна, өргөх подъёмны ромер төмөр тасарч унаснаас тархиндаа хүнд гэмтэл авсан. Э ХХК-ийн үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх орон тооны бус комисс уг ослыг үйлдвэрлэлийн осолд тооцон, үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт гаргасан.

Осол гарах үед би Э ХХК-ийн цахилгаанчнаар ажиллаж байсан бөгөөд миний ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсан тул Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч хянаж үзээд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх акт тогтоосон юм. Уг актыг би болон ХХК хүлээн зөвшөөрч миний нийгмийн даатгалын шимтгэл /2014 оны 7,8,9 сар/-ийг нөхөн төлсөн юм.

Ховд аймгийн Нийгмийн даатгалыг хэлтэс ХХК-ийн 2013, 2014 оны санхүүгийн баримтад нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, тайлан тооцооны хуудсанд М.М надтай холбоотой баримт байхгүй байна гэх үндэслэлээр нийгмийн даатгалын үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалыг сангаас тэтгэвэр олгох боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Миний бие үйлдвэрлэлийн осолд орж хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдаж, тахир дутуу болсон тул тэтгэвэр авч чадахгүй хохирч байна. Нийгмийн даатгалын байгууллагаас надад тэтгэврийн хувийг хэрэг нээчихсэн явж байгаад сүүлд цуцалсанд гомдолтой байна. Иймд Ховд аймгийн нийгмийн даатгалын үйлдвэрийг осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас олгохыг Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр тэтгэмж, төлбөрийн тухай 5 дугаар зүйлийн 1-д Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар буюу байнга алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэжээ. Гэтэл нэхэмжлэгч М.М нь 2014 оны 10 дугаар сарын 14-ны өдөр тархиндаа гэмтэл авахаасаа өмнө нийгмийн даатгалын санд шимтгэл төлж барагдуулаагүй байна. Нэхэмжлэгч М.М нь урьдчилан нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй түүнчлэн түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг тодорхойлох боломжгүй, нотлох баримтгүй болно. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагчдаас нэхэмжлэгч М.Мид нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж олгох эрх үүсэхгүй талаар 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Улсын байцаагчийн дүгнэлт гаргасан байна.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актын дагуу Э ХХК-иас М.Мийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн гэх боловч нэхэмжлэгч нь уг компаниас цалин авч байгаагүй байна. Нөхөн тайлан гэдэг нь тухайн иргэн нь аж ахуй нэгж компаниас цалин хөлс авч байсан нь санхүүгийн баримтаар тогтоогдсон нөхцөлд л авдаг. ХХК-ийн санхүүгийн баримтыг шалгаж үзэхэд М.Мтой холбоотой ямар нэгэн баримт байдаггүй юм. Иймд М.Мид тэтгэвэр олгох үндэслэлгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2-ын 3,5 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.МГ, Х.М нарын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Э ХХК-ийн 2013-2014 оны санхүүгийн баримтанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтийг хүчингүй болгож, М.Мид Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалыг хэлтсийн хяналт шалгалтын байцаагч Н.МГ би Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т заасан эрхийнхээ дагуу Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргалаа.

Нийгмийн даатгалын сан нь нэгэнт урьдчилан хуримтлагдсан хөрөнгийг эрсдлийг хаах зорилгоор тэтгэвэр, тэтгэмж хэлбэрээр даатгуулагчид өгөх явдал байдаг.

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-т Даатгуулагч үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар буюу байнга алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэжээ.

Нэхэмжлэгч М.М нь 2014 оны 10 дугаар сарын 14-ны өдөр тархиндаа гэмтэл авч, эрсдэл орохоос өмнө нийгмийн даатгалын санд шимтгэл төлж байгаагүй байхад анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэлээ.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 1-т зааснаар тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид Хөдөлмөрийн хөлс гэх/-оос хөдөлмөрийн чадвараа 10 хүртэл хувиар алдсан бол 10 хувиар, 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтоодог.

Нэхэмжлэгч М.М нь урьдчилан нийгмийн даатгалын санд шимтгэл төлж байгаагүй, түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ тодорхойлох боломжгүй, нотлох баримтгүй, хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх боломж, нөхцөл байдал үүсч байгааг анхаарч үзсэнгүй. Анхан шатны шүүх маргаантай харилцааг зохицуулсан Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаана уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, мөн хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч нь анх Ховд аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас тэтгэвэр олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаан дээр нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлтийг шүүхийн шатанд мэдэж байгаа тул хүчингүй болгуулах санал гаргаж байна гэж мэдэгдсэн боловч уг дүгнэлтийг ямар үндэслэлээр хууль бус гэж үзсэн, түүний улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гаргаагүй болох нь тус шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. Гэтэл анхан шатны шүүх уг шаардлагыг нэхэмжлэгч өөрөө дэмжих эсэх, мөн дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлийн талаар тодруулж, түүнтэй холбоотой нотлох баримт цуглуулаагүй, мөн уг шаардлагад холбогдох захиргааны албан тушаалтан буюу дүгнэлтийг гаргасан улсын байцаагч нарыг хариуцагчаар татаж, нэхэмжлэлийн шаардлагыг гардуулалгүй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д нэхэмжлэгч нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх эрх эдлэхээр, 23 дугаар зүйлийн 23.1-д Нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагч байж болох ба тэдгээр нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д ... шүүгч нэхэмжлэлийг хариуцагчид гардуулна гэж тус тус заасныг зөрчжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс ... дүгнэлттэй танилцаагүй, гардаж аваагүй, хэвлэмэл хуудсан дээр гаргаагүй, дугааргүй баримт бичгийн стандартын шаардлага хангаагүй гэж маргажээ гэж дурдсан боловч шийдвэрийн тодорхойлох хэсэгт дүгнэлттэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулга тусгагдаагүй, бичгээр гаргасан нэхэмжлэл байхгүй, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байна.

Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс хэргийн оролцогч нар уг захиргааны актын талаар хэрхэн маргах нь тодорхойгүй, хяналт шалгалтыг зохих журмын дагуу явуулж дүгнэлт гаргасан эсэх талаар баримтгүй байх тул шүүхийн /өөрийн санаачилгаар/ ... нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм ...-ээр журамласан харилцааг зөрчсөн. ... хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн ... гэх зэргээр дүгнэж улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгосон хэсгийг үндэслэлтэй шийдвэрлэсэн эсэхэд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.

2. Нэхэмжлэгч М.Мийн бүрдүүлбэр хангаж ирүүлсэн нэхэмжлэлийг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүх хүлээн авсан боловч хэн гэдэг шүүгчид хуваарилсан нь тодорхойгүй /нэхэмжлэлийн арын дардсанд тэмдэглээгүй/, мөн өдөр Ерөнхий шүүгч Г.Сонинболор уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч О.Оюунгэрэл явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2, 78.5-д заасныг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг засаж, нэхэмжлэгчээс нэмэгдүүлсэн шаардлага, үндэслэлийг бичгээр авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эсэхээ шийдвэрлэж, холбогдох хариуцагчийг зохих журмын дагуу татаж, нэхэмжлэлийг гардуулан тайлбар авах, холбогдох баримтыг цуглуулах ажиллагааг хийж, маргааны үйл баримтад хамаарах хуулийг хэрэглэж, хэргийг шийдвэрлэн шүүхийн шийдвэрийн агуулгыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасантай нийцүүлэн боловсруулах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.2, 88.3.3, 88.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ