| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2017/01048/И |
| Дугаар | 181/ШШ2017/01501 |
| Огноо | 2017-05-25 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2017/01501
| 2017 оны 05 сарын 25 өдөр | Дугаар 181/ШШ2017/01501 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Ц -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГА-д холбогдох
Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие өөрийн тоосгоны үйлдвэрийн үйл ажиллагаандаа МГ ББСБ ХХК-иас зээл авч ашигласан бөгөөд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор надаас 43,491,590 төгрөг гаргуулж, МГ ББСБ ХХК-д олгох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг*******ны 186 дугаар тойргийн Шийдвэр гүйцэтгэгч Ц.Б хэрэгжүүлж байгаа юм.
Шийдвэр гүйцэтгэгч Ц.Б нь зээлийн барьцаанд барьцаалсан ... тоот хаягт байршилтай 30.34 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг битүүмжлэн хураан авч, шинжээч томилж, үнэлгээний тайлан гаргуулахдаа төлбөр төлөгч иргэн надаас үнийн санал авалгүйгээр үнэлгээ тогтоосонд гомдолтой байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүргийн Ахлах гүйцэтгэгч Б.Н-н гарын үсэгтэй, 2017 оны 3 сарын 06-ны өдрийн огноотой албан бичгийг 2017 оны 3 сарын 08-ны өдөр шуудангаас хүлээн авсан. Уг мэдэгдэлд дээр дурдсан зээлийн барьцаа хөрөнгийн албадан дуудлага худалдааны анхны үнийг 53,700,000 төгрөгөөр тогтоосон болохыг улмаар 37,590,000 төгрөгөөр тооцон дуудлага худалдаанд оруулах гэж байгааг мэдлээ.
Иргэн миний эрх ашгийг зөрчиж, үнийн санал авалгүйгээр дур мэдэн үнэлгээ тогтоосныг зөвшөөрөхгүй, үүнд маш их гомдолтой байна. Мөн шинжээч томилсон гэсэн атлаа ямар шинжээч томилсон гэдгийг нууж, мэдэгдээгүй ба шинжээчид миний зүгээс бичгээр хүсэлт, тайлбар гаргах бололцоо олголгүйгээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай, зах зээлийн хамгийн сайн бүсийн нэг, дэд бүтцийн хамгийн шилдэг байрлалтай энэ орон сууцыг 53,700,000 төгрөгөөр үнэлсэн нь хэтэрхий өрөөсгөл, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь ямар нутаг дэвсгэрт байрлаж байгаа, зах зээлийн давуу болон сул шинжээс хамаарах болов уу гэж бодож байгаа.
Мөн үнэлгээ тогтоосон шинжээчийн тайлангаа танилцуулаагүй байгаа учраас энэхүү үнэлгээг зөвшөөрөх аргагүй тул шударга шүүхэд хандаж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд******* иргэн миний үнийн саналыг авалгүйгээр дур мэдэн дуудлага худалдааны анхны үнэлгээ тогтоосон, ... тоотод байршилтай 30.34 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны албадан дуудлага худалдааны анхны үнийг хууль зөрчиж, зах зээлийн бодит үнэ цэнийг тогтоолгүйгээр 53,700,000 төгрөгөөр үнэлсэн нь иргэн миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа тул энэхүү хууль бус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 11-ний өдрийн 08638 дугаар захирамжаар Д.Ц-с 43,491,590 төгрөгийг гаргуулж МГ ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.Ц-н үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Х.Т-н өмчлөлийн ... орон сууцыг битүүмжилж, хураан албадан дуудлага худалдаанд оруулахаар Иргэний хуулийн 177.1-д зааснаар үнийн санал авахад үүрэг гүйцэтгэгч Д.Ц, өмчлөгч Х.Тнар үнийн санал өгөхөөс татгалзсан.
Үүрэг гүйцэтгүүлэгч МГ ББСБ хөндлөнгийн шинжээч томилон зах зээлийн үнэлгээг тогтоолгож албадан дуудлага худалдаанд оруулж төлбөрийг барагдуулж өгөх тухай хүсэлтийг ирүүлсэн.
Иргэний хуулийн 177.1-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч болон өмчлөгч нар албадан дуудлага худалдааны үнийг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар******* хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох МТ ХХК-ийг томилон зах зээлийн үнийг тогтоолгосон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлах-аар заасан бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцахаар заасан.
Иймд******* үнэлгээтэй холбоотой асуудлыг хариуцахгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч*******нд холбогдуулан, ... орон сууцыг 53,700,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Ц нь******* өөрөөс нь үнийн санал аваагүй байж үнэлгээчин томилсон, үнэлгээчин зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж тайлбарладаг бол хариуцагч******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргадаг.
Шүүх дараах үндэслэлээр Д.Ц-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 сарын 11-ний өдрийн Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 101/ШЗ2015/08638 дугаар захирамжаар хариуцагч Д.Ц-с 42,220,902 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МГ ББСБ ХХК-д олгон шийдвэрлэсэн байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 06-ны өдрийн 101/ГХ2016/00189 дүгээр Шүүхийн гүйцэтгэх хуудаст Д.Ц-с гаргуулах үнийн дүнг 43,491,590 хэмээн Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид заасан дүнгээс зөрүүтэй бичсэн байна.
Дээрх техникийн алдаа нь үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзэв.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ... орон сууцыг 2016 оны 9 сарын 23-ны өдрийн 678/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 10 сарын 27-ны өдрийн 08638/02 тоот тогтоолоор хураажээ.
Дээр дурдсан орон сууцны өмчлөгчөөр Х.Т-г бүртгэн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнийн саналаа өгөх тухай мэдэгсэний дагуу төлбөр төлөгч Д.Ц, өмчлөгч Х.Т нар үнийн санал өгөөгүй, үнийн санал өгөхөөс татгалзсан болох нь Д.Ц-с*******нд хандаж бичгээр гаргасан хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 10 сарын 27-ны өдрийн тэмдэглэл, 12 сарын 05-ны өдрийн тэмдэглэл, 2017 оны 01 сарын 25-ны өдрийн тэмдэглэл,*******ны 2016 оны 12 сарын 02-ны өдрийн 3/37443 тоот албан бичиг, өмчлөгч Х.Т-с*******нд хандаж бичгээр гаргасан хүсэлт /2016.12.05/, үнийн санал өгөхгүй гэсэн татгалзал /2017.01.25/ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, үнийн санал аваагүй гэх нэхэмжлэгч Д.Ц-н тайлбар дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай няцаагдаж байна.
Улмаар, төлбөр авагч МГ ББСБ ХХК нь 2017 оны 01 сарын 30-ны өдөр шинжээч томилуулах тухай хүсэлтийг*******нд гаргасан байх тул төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талуудыг үнийн саналаа тохиролцоогүй гэж үзнэ.
Ийнхүү төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 01 сарын 30-ны өдрийн 45 тоот тогтоолоор МТ ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан... тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2-т төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол... эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасантай нийцжээ.
МТ ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох фото зургуудыг хавсаргажээ.
Хуульд заасны дагуу томилогдсон, тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан зах зээлийн бодит үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч Д.Ц-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үнэлгээний талаарх мэдэгдлийг 2017 оны 3 сарын 06-ны өдөр баталгаат шууданд хүргүүлсэн нь баримтаар нотлогдож байх ба нэхэмжлэгч Д.Ц нь дээрх мэдэгдлийг 2017 оны 3 сарын 08-ны өдөр хүлээн авсан гэж тайлбарлаж байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргажээ гэж үзсэн болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд,
Нэхэмжлэгч Д.Ц нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.Ц нь хуульд заасан эрх, үүрэгтэйгээ 2017 оны 3 сарын 24-ний өдөр танилцжээ.
Ийнхүү эрх, үүрэгтэйгээ танилцсан байтлаа шүүхэд хүрэлцэн ирж хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2, 37.3-т заасныг баримтлан*******нд холбогдох, ... орон сууцыг 53,700,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай, Д.Ц-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР