Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2020/0468

 

2020 оны 07 сарын 08 өдөр           Дугаар 128/ШШ2020/0468           Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А” ХХК

Хариуцагч: БОАЖЯ, АМГТГКХ.

Нэхэмжлэлийн шаардлага: БОАЖЯны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай ******* дүгээр дүгнэлт, АМГТГКХийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгох

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, хариуцагч БОАЖЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч АМГТГКХийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус компани нь анх АМГТГКХийн даргад холбогдуулж 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. “А” ХХК нь А аймгийн Ц сумын О багт ашигт малтмалын ашиглалтын МV-*******- дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд тусгай зөвшөөрлийг эзэмших хугацаандаа Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйл, 39 дүгээр зүйл заасан болон бусад хууль эрх зүйн актаар тогтоосон эрх үүргийг бүрэн хэрэгжүүлж зөрчил дутагдалгүй ажиллаж ирсэн. Гэтэл АМГТГКХийн даргаас 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн. Энэ мэдэгдлээр тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэрийг анх олж мэдсэн. АМГТГКХээс манай компани тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28.1.1 дэх заалт мөн Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/9 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцлах тухай, цуцлуулах тухай дүгнэлт зэргийг үндэслэж Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан нь тогтоогдож байна гэх шийдвэр гаргасан байдаг. Маргаан бүхий ******* дугаар шийдвэр нь тусгай зөвшөөрлийг цуцлахдаа хуулиар тогтоосон шийдвэр гаргах журмыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан “...нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэсэн заалтыг баримталж шийдвэр гаргахаасаа өмнө мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4 дэх хэсгүүдэд заасан шийдвэр гаргах ажиллагааны өмнө заавал мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийнэ гэх заалтыг зөрчсөн. Кадастрын хэлтсээс ******* дугаартай шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг баримталж мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийж болно гэж үзсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 дэх хэсгүүдэд заасан “...захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын ашиг сонирхол хөндсөн шийдвэр гаргаж байгаа бол урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зэрэг зарчмуудыг зөрчсөн байна. Уг актыг гаргахдаа нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл шударгаар эзэмших, тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. БОАЖЯны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн *******  дүгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт гарсан талаар Ашигт малтмалын газраас мэдэгдэл хүлээж авснаар мэдсэн. Энэ захиргааны актыг гаргасан талаар манай компанид мэдээлээгүй. Байгаль орчин аялал, жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргахдаа хуулиар тогтоосон шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан “... зорилгодоо нийцсэн,бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр гаргах үндэслэлтэй байх, бусдын эрх ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргах бол тэдгээрт урьдчилан мэдэгдэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. Мөн “А” ХХК-ийн үйл ажиллагаа бодитоор байгаль орчинд хортой нөлөөлсөн эсэх, байгаль орчин түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл гаргасан нь баримтаар тогтоогдож байгаа эсэхийг шалгаж тогтоолгүй шийдвэр гаргасан нь Захиргаан ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, бусад эрх зүйн актыг ноцтой зөрчсөн, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлөө шударгаар эзэмших, тусгай зөвшөөрлийн талбайдаа хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулах эрх хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн. Мөн Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасан нутгийн захиргааны байгууллага гэдэгт “...тусгай зөвшөөрөл бүхий талбай эзэмших, байрших сум,  дүүрэг аймаг нийслэлийн Засаг дарга мөн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэгч байгаль орчны болон мэргэжлийн холбоо зэргийг хамааруулан үзнэ гэж заасан байдаг. Маргаан бүхий талбай нь А аймгийн Ц сумын нутагт байрладаг боловч харьяалах сумын Засаг дарга болон мэргэжлийн хяналтын газрын саналыг тус тус аваагүй нь шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Байгаль орчны яамны дүгнэлтэд Байгаль орчинд хортой нөлөөлж байгаа гэж үзсэн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь хэсэгт заасан байгаль орчинд хортой нөлөөлөл гэдэгт  “... байгаль орчин түүний баялгийг бохирдуулах, муутгах гэмтээх сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл эс үйлдэхүй хамаарна” гэж заасан байдаг. Гэвч БОАЖЯнаас ямар ч үндэслэлгүйгээр манай компанийг байгаль орчинд хортой нөлөө үзүүлсэн гэж үзсэн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “...байгаль орчныг хамгаалах түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт улсын байцаагч дараах эрхтэй байхыг заасан “... хууль тогтоомж стандарт зөрчих зөвшөөрөгдөх хэмжээг зөрчиж байгаль орчинд хортой нөлөө үзүүлсэн иргэн аж ахуйн нэгж байгууллагыг уг зөрчлийг арилгахыг шаардах, зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу үйл ажиллагааг нь түр зогсоох” гэж тус тус заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа эсэхийг мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын хяналт шалгалтаар судалгаа шинжилгээний үндсэн дээр тогтоох ёстой гэтэл ямар нэгэн баримтад үндэслэн шийдвэр гаргах боломжгүй юм. “А” ХХК нь 2016 онд хууль журамд заасны дагуу техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө зэргийг боловсруулж нөхөн сэргээлтийн ажлыг хууль журамд нийцүүлэн хийж байсан. Иймд маргаан бүхий захиргааны хоёр актыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Хоёр. хариуцагч БОАЖЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...БОАЖЯны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлт Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд бүрэн нийцсэн гэж үзэж байна. Маргаан бүхий газар А аймгийн Ц сумын нутагт байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд “ иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч байна, Байгалын баялаг төрийн нийтийн өмч гэж заасан. Захиргааны ерөнхий хуульд нийтийн эрх ашиг сонирхол хөндөгдөхөөр бол сонсгох ажиллагаа явуулахгүй байж болно гэж заасан байдаг. Энэ дагуу бид мэдэгдэх, сонсгох ажиллагаа явуулаагүй. Учир нь энэ байгалийн баялгийн асуудал нийтийн ашиг сонирхолтой салшгүй холбоотой. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсгийг үндэслэж шийдвэрээ гаргасан.  Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт “.. нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэж төрийн захиргааны байгууллага дүгнэлтээ гаргана” гэж заасан. БОАЖЯ ашигт малтмалын лицензийг цуцлах дүгнэлтийг гаргаж Ашигт малтмалын газар хүргүүлнэ гэж заасан.  А аймгийн Засаг дарга 8 дугаар сарын 20-ны өдөр дүгнэлтээ гаргаад байгаль орчинд хортой нөлөөлөл эрсдэл учруулж болохоор байна. Иймд “А” ХХК-ийн лицензийг цуцалж өгөөч гэх саналаа хүргүүлсэн. Энэ саналын дагуу бид дүгнэлтээ гаргасан. Аймгийн Засаг дарга гэдэг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар тодорхой эрх үүрэгтэй  үүнд “.. тухайн нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг биелүүлэх, байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа бол хяналт тавих, нөхөн сэргээх үйл ажиллагаанд хяналт тавих, учирсан хохирлыг арилгуулах” гэх эрх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу саналаа ирүүлсэн гэж ойлгож байгаа. А аймгийн О багийн нутаг дэвсгэр илүү хүнд болсон. О гол бохирдсон сүүлийн 20 жил байгаль орчны төлөв байдал алдагдсан. Мал, хүн амьдрахад хэцүү нөхцөл байдал бий болж, гол нь бороор урсдаг болсон. Энэ нь уул уурхайн компаниудын үйл ажиллагаатай холбоотойгоор хөрс газрын доройтол бий болсон. Нутгийн иргэд уул уурхайн үйл ажиллагаа явуулах хүсэлгүй байгаа үүнийгээ Засаг даргаараа дамжуулан ирүүлсэн гэж ойлгож байгаа. Дүгнэлт хуулийн хүрээнд юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Гурав. хариуцагч АМГТГКХийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа. А аймгийн Ц сумын А гэх нутагт нийт 141.44 га талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон. “А” ХХК-ийн талаар орон нутгаас 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 02975 дугаартай албан бичгийг БОАЖЯанд ирүүлсэн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь хэсгийг зөрчиж байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлж байна, иймд тусгай зөвшөөрлийг нь цуцалж өгнө үү гэх санал гаргасан. Уг саналын дагуу 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 20199 дугаартай дүгнэлтийг гаргасан. Дээрх цуцалсан дүгнэлтийг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсний дагуу, АМГТГКХээс 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай шийдвэр гарсан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт “...байгаль орчин нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллага харгалзаж байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага цуцална” гэж заасан байдаг. Иймд дээрх ******* дугаартай шийдвэр нь хуулийн үндэслэл бүхий гарсан шийдвэр гэж үзэж байгаа тул “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “АМГТГКХийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлж байгаад “БОАЖЯны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” ******* дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлжээ.

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэлээ.

1. “БОАЖЯны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” ******* дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд:

Анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын /хуучин нэрээр/ 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр NI8808А дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу “А” ХХК-д А аймгийн Ц сумын  А нэртэй 176 га уурхайн эдэлбэрийг ашиглах тусгай зөвшөөрлийг олгож, хавсралтад тэмдэглэл хийн, мэдэгдэл хүргүүлжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий байнгын ажлын хэсгийг байгуулж, дүгнэлтийг тухай бүр гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлэхийг ажлын хэсэгт даалгажээ.

Дээрх ажлын хэсгээс 2019 оны 8 дугаар саын 20-ны өдрийн ******* дугаартай  “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтээр А аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 тоот албан бичгийг үндэслэн “А” ХХК-ийн эзэмшдэг MV-*******- тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ  “байгаль орчинд хортой нөлөө учруулсан буй”  тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж дүгнэж,  уг дүгнэлтээ Уул уухай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж, хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг ажлын хэсгийн нарийн бичгийн даргад үүрэг болгожээ.

Маргаан бүхий 2019 оны *******  дугаартай дүгнэлтийн үндэслэл болгосон А аймгийн Засаг даргын орлогч Б.Бгийн БОАЖЯанд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлсэн албан бичгийг үзвэл “MV-*******- дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “А” ХХК-ийн явуулж буй үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь хэсэгт заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү” гэжээ.

 Шүүхээс БОАЖЯнаас маргаан бүхий дүгнэлт гаргахдаа үндэслэл болгосон А аймгийн Засаг даргын дээрх санал хүсэлтийг ямар судалгаа, нөхцөл байдлыг үндэслэн гаргасан талаарх нотлох баримтуудыг ирүүлэхийг шаардсан бөгөөд түүнээс А аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/53 дугаартай “Ц сумын О багт алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалт хийсэн тухай” танилцуулга, тус газраас 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 03/47 дугаартай “төлөвлөгөөт шалгалт хийсэн тухай”  танилцуулгыг ирүүлжээ.

Дээрх баримтуудаас үзвэл нэхэмжлэгч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулахдаа “байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй” ямар үйлдэл, үйл ажиллагаа хийсэн талаарх баримт нотолгоо гаргаагүй харин аймгийн Мэргэжлийн хяналтын 2018 оны 01/53 дугаар танилцуулгад “...2017 онд 8 га-д техникийн, 1.3 га-д биологийн нөхөн сэргээлт хийсэн, туслан гүйцэтгэгч аж ауйн нэгжүүд аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн” гээд дурдаж, 2019 оны 03/47 дугаар танилцуулгаар “А” ХХК-ийн хуулийн хэрэгжилтийг “Ашигт малтмалын тухай хууль 78 хувь, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 90 хувь, Байгаль орчныг хамгаалах багц хууль 78 хувь, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль 83.3 хувьтай, Хөдөлмөрийн тухай хууль 90 хувьтай” гэж дүгнэж, Хөдөлмөрийн харилцааг шалгах 4.6 кодтой хяналтын хуудсаар “25 хувь буюу бага эрсдэлтэй” гэж дүгнэж, 2019 оны 01/76 дугаартай танилцуулгад “...нөхөн сэргээлтийн ажлыг уулын ажилтай зэрэгцүүлэн гүйцэтгэж ажилласан.

Шалгуулагчийн ололттой, дэвшилттэй талд: “А” ХХК-ийг “...уурхайд байх бичиг баримтын бүрдлийг бүрэн хангаж, батлагдсан уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан хүчин чадлаар ашиглалтын үйл ажиллагаа явуулж, хөрс хуулалтын өмнө ашиглагдсан блокод нөхөн дүүргэлт хийх замаар нөхөн сэргээлтийн ажлыг уулын ажилтай зэрэгцүүлэн гүйцэтгэсэн. 2018 оныг хүртэл 12.2 га-д техникийн, 1.3 га-д биологийн, 2019 онд 18 га-д техникийн, 1 га-д биологийн нөхөн сэргээлт, мөн ХААИС-ийн Агро экологийн сургуультай гэрээ байгуулан тус сургуулийн эрдэмтэн багш нар нөхөн сэргээлтийн ангийн оюутнуудтай хамран 6 га талбайд 350 гаруй боролзгоны бут суулгасан, хог хаягдлыг ангилан ялгах, хогийн сав нэмж байршуулсан...” гэжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д “байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна” гэж зааснаас үзвэл дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлснийг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д зааснаар “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” бүрэн эрхийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “А” ХХК-ийг ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг бохирдуулах, муутгах, гэмтээх сүйтгэх, сөнөөх ямар үйлдэл, эс үйлдэхүй гаргасныг мэргэжлийн байгууллагын хувьд шалган тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй байжээ.

Өөрөөр хэлбэл БОАЖЯнаас дүгнэлт гаргахдаа “...байгаль орчинд хортой нөлөө үзүүлж болзошгүй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах” гэсэн дүгнэлт гарах бус харин нэхэмжлэгчийн  байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаарх үйлдэл, эс үйлдэхүйг тогтоох үүргээ биелүүлээгүй байна.

 Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл “Нөхцөл байдлыг тогтоох”, 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заажээ.

            Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл захиргааны байгууллага нь шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг өөрөө тогтоох үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” ******* дугаар дүгнэлтийг зөвхөн А аймгийн Засаг даргын орлогчийн  2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 02/975 тоот албан бичгийг үндэслэн, бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр гаргасан нь хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй байна.                 

2. АМГТГКХт холбогдуулан гаргасан “АМГТГКХийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” ******* дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 тоот албан бичгээр ирүүлсэн ******* дугаар дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч “А” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-*******- дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байхдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т заасан зөрчил гаргасан болох нь Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ******* дүгээр  дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж ашигт малтмалын ашиглалтын MV-*******-  дугаар тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

            Дээрх маргаан бүхий шийдвэр нь Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” ******* дүгээр дүгнэлтийг үндэслэжээ.

            Үндэслэл болсон Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” ******* дүгээр дүгнэлт нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, үндэслэлгүй болох нь хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг үндэслэн гаргасан АМГТГКХийн даргын шийдвэр нь мөн үндэслэлгүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

 Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар тусгажээ.

Дээрх хуулийн заалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар оногдуулсан үүргийг биелүүлээгүйгээс үүсэх хариуцлагын элементийг өөртөө агуулж байгаагаараа тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болох юм.

            Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-д “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй талаар хариуцагч “...БОАЖЯны 2019 оны 8 дугаар сарын 20-ны  өдрийн ******* дүгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг манай байгууллагад ирүүлсэн...” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Хэдийгээр Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасан боловч энэ нь хуульд заасан үүргээс захиргааны байгууллагыг чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 Өөрөөр хэлбэл нэгэнт олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зайлшгүй шаардлага гарвал /олон нийтийн эрх ашгийн үүднээс/  хүчингүй болгох эрх нь  /өмчлөгч/-д буюу захиргааны байгууллагад хадгалагдах хэдий ч шударгаар буюу  хуульд заасан журмын дагуу  бусад аливаа этгээдэд давуу байдал олгохгүй байхаар зохицуулагдах ёстой.

Гэтэл хариуцагч “...байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан...” гэж нэхэмжлэгчийг буруутгаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхэд халдахдаа Ашигт малтмалын тухай хуульд заасан “мэдэгдэх”, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн            гаргасан “тайлбар, нотлох баримттай” танилцах үүргээ биелүүлээгүй байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч “...Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, гарцаагүй байдлын улмаас... хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэлгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй гэж хуульчилсан” гэж  байгаа хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн “оролцогчийг сонсох”, 27 дугаар зүйлийн “сонсох ажиллагаа явуулах”  тохиолдолд “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх”, “гарцаагүй”, “хойшлуулшгүй” ямар нөхцөл байдал үүссэн  болон сонсох ажиллагаа хийгээгүй  шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй.

Жишээ нь “нийтийн ашиг сонирхол” гэдгийг “төрөөс хүлээн зөвшөөрөгдсөн, хуулиар хамгаалагдсан нийгмийн нэгдмэл ашиг сонирхол, энэхүү ашиг сонирхлыг хангах нь нийгэм өөрөө оршин тогтнох, цаашид хөгжих нөхцөл, баталгааг бий болгоно” хэмээн ойлгодог. Иймээс энэхүү ашиг сонирхолд сөргөөр нөлөөлнө гэж үзвэл сонсох ажиллагаа хийхгүй байж болох боловч энэ шалтгааныг захиргааны байгууллага өөрөө нотлох юм.

 Иймд БОАЖЯны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн цуцлуулах тухай” ******* дугаартай дүгнэлт хууль бус болохыг тогтоож, түүнийг үндэслэн гаргасан АМГТГКХийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” ******* дугаар шийдвэр нь  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БОАЖЯны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай ******* дүгээр дүгнэлтийг, АМГТГКХийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 42 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                               ШҮҮГЧ                         Д.ЧАНЦАЛНЯМ