Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1546

 

 

 

 

 

 

 

                                                                                   

 

А.Уранцэцэг, Б.Болормаа, Б.Болоржин,

Б.Танхил, Б.Цэцэн нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/00881 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Уранцэцэг, Б.Болормаа, Б.Болоржин, Б.Танхил, Б.Цэцэн нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Наранчимэг, Ч.Отгонцэцэг нарт холбогдох

Орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, хохиролд 23 413 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: А.Уранцэцэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: З.Шүрэнчулуун

Хариуцагч: Д.Наранчимэг, Ч.Отгонцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Сувданцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч З.Шүрэнчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 4 охин, нөхрийн хамт 2009 онд орон сууцанд захиалга өгөн төлбөрийг бүрэн хийснээр 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ бидний нэр дээр гарснаар орон сууцандаа амьдрах болсон. Гэтэл 2015 оны 01 дүгээр сард нөхөр маань зуурдаар нас барсан. Энэ үед хариуцагч нар намайг гэмт хэрэгт гүтгэн байрнаас гаргасан. Миний гэр бүлийн дундын өмч болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма Гандигийн гудамж, Хурд рапид хорооллын 19 дүгээр байрны 11 тоот орон сууц болон тавилга, хэрэгслийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

Мөн хариуцагч нар манай орон сууцанд хууль бусаар амьдрах хугацаандаа орон сууц ашиглалтын зардлыг төлөөгүй бөгөөд үүнд 2 509 232 төгрөг гаргуулж, 2015 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэл хугацаанд Б.Энхбат, В.Одонтунгалаг, Х.Одонхүү нартай орон сууц хөлслөх гэрээ байгуулж, үүнд төлсөн төлбөр 23 413 000 төгрөгийн төлбөрийг гаргуулна.

Миний бие орон сууцаа хууль бусаар булаалгасан талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гарган, улмаар Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх гэмт хэргийг хариуцагч нар үйлдсэн болох нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг тогтоолд орон сууцыг надад буцаан олгохоор тусгасан боловч хариуцагч нар одоо хүртэл орон сууцыг чөлөөлж өгөөгүй. Иймд орон сууцыг албадан чөлөөлүүлж, учирсан хохирлыг арилгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Отгонцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний төрсөн ах Ч.Батболд нь 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн үүсгэн байгуулсан “Май каар” ХХК-ийн байранд эхнэр А.Уранцэцэгийн ах, дүү нартай хамт байх үедээ хоолойгоо 3 удаа хэрчүүлж, хэвлийдээ 2 удаа хутгалуулж, сэжигтэй байдлаар амь насаа алдсан. Ах Ч.Батболд нь амьд байхдаа маргаан бүхий байранд өөртөө хань болгохоор ээж Д.Наранчимэг болон намайг хүүхдүүдтэй хамт амьдруулах болсон. Бид А.Уранцэцэгийг байрнаас хөөж гаргаагүй. Ээж Д.Наранчимэг нь хууль ёсны өвлөгч тул өөрт ногдох өвийг авсны дараа ээжийн хамт байрнаас гарна гэжээ.

Хариуцагч Д.Наранчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: А.Уранцэцэг нь 2014 оны 11 дүгээр сард битгий яв гэсээр байхад өөрөө сална гээд маргаан бүхий байрнаас явсны дараа хүү маань намайг болон төрсөн дүү Ч.Отгонцэцэгийг гэртээ авч ирсэн. Энэхүү маргаан бүхий эд хөрөнгө нь Ч.Батболдын эцэг н.Чоймбол бид хоёроос өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Наранчимэг, Ч.Отгонцэцэг нарыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма Гандигийн гудамж,19 дүгээр байрны 11 тоот, 147.5 м.кв талбай бүхий таван өрөө орон сууцнаас албадан гаргаж, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэм хорын хохиролд Д.Наранчимэгээс 11 708 600 төгрөг, Ч.Отгонцэцэгээс 11 708 600 төгрөгийг тус тус гаргуулж А.Уранцэцэг, Б.Болормаа, Б.Болоржин, Б.Танхил, Б.Цэцэн нарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386 016 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Д.Наранчимэгээс 172 608 төгрөг, Ч.Отгонцэцэгээс 172 608 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Отгонцэцэг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Шүүх миний өмгөөлөгч н.Мандахыг Улсын Дээд шүүхэд хуралтай тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргахад хүлээж аваагүй тул гарч явсан болно. Иймд өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь мэтгэлцэх эрх зөрчигдсөн гэж үзэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Наранчимэг, түүний өмгөөлөгч Ч.Нямсүрэн нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, талуудын тэгш эрхийн зарчмыг зөрчсөн байна. Тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасныг зөрчиж даргалагч шүүгч томилсон захирамж байхгүй байхад хэргийг шийдвэрлэсэн ба шүүх хуралдаан дууссаны дараа хэргийн материалтай танилцахад захирамж байгаагүй тул энэ талаар шүүгчийн туслахад хэлж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулах гэсэн боловч татгалзсан болно. Мөн хариуцагч Ч.Отгонцэцэгийн өмгөөлөгч н.Мандахыг Улсын Дээд шүүхэд хуралтай тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргахад хүлээж аваагүй. Энэ талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлд гомдол гаргаж, энэ хэргийг шийдвэрлэсэн шүүгчид хариуцлага тооцсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч А.Уранцэцэг, Б.Болормаа, Б.Болоржин, Б.Танхил, Б.Цэцэн нар нь хариуцагч Д.Наранчимэг, Ч.Отгонцэцэг нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион Оргил, Махатма Гандигийн гудамж, 19 дүгээр байрны 11 тоот 147.5 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг Д.Наранчимэг, Ч.Отгонцэцэг нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, хохиролд 23 413 200 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион Оргил, Махатма Гандигийн гудамж, 19 дүгээр байрны 11 тоот 147.5 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр А.Уранцэцэг, Б.Болормаа, Б.Болоржин нар 2010 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна. /хх 128/

 

            Мөн маргаан бүхий дээрх орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Б.Танхил, Б.Цэцэн нарын нэр бүртгэлгүй боловч 2010 оны 11 дүгээр сарын 22-нд охин Б.Танхил, 2012 оны 03 дугаар сарын 08-нд охин Б.Цэцэн нар нь Ч.Батболд, А.Уранцэцэг нарын дундаас төрсөн болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээнүүдийн хуулбараар нотлогдсон байх ба шүүх бага насны Б.Танхил, Б.Цэцэн нарын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэж эх Уранцэцэгийг татан оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

            Иймд шүүх нэхэмжлэгч А.Уранцэцэг, Б.Болормаа, Б.Болоржин, Б.Танхил, Б.Цэцэн нарыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион Оргил, Махатма Гандигийн гудамж, 19 дүгээр байрны 11 тоот 147.5 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг хариуцагч Д.Наранчимэг, Ч.Отгонцэцэг нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Түүнчлэн шүүх нэхэмжлэгч нар нь 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн өөрийн орон сууцандаа орж амьдрах боломжгүйгээс Б.Энхбаттай 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл, В.Одонтунгалагтай 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл, Х.Отгонхүүтэй 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулж, орон сууц хөлсөлсний төлбөрт нийт 23 413 200 төгрөг төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон гэж дүгнэн, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Наранчимэг, Ч.Отгонцэцэг нараас нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрт төлсөн 23 413 200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм. /хх 67-79, 130-138/

           

            Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...өмгөөлөгч Н.Мандах Улсын Дээд шүүх дээр хурал давхцсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар тогтоосон эрхийг зөрчсөн..” гэжээ.

 

            Анхан шатны шүүх хэргийн 195, 196 дугаар талд авагдсан өмгөөлөгч Н.Мандахын шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, хүсэлтэд хавсаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, Б.Батнямын нэхэмжлэлтэй, “АГМ майнинг” ХХК-нд холбогдох хуралд оролцож байгаа талаараа баримтаар тогтоогдоогүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/00881 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Отгонцэцэг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 610 төгрөгийг, хариуцагч Д.Наранчимэгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 610 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                           М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН