Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 146/ШЦТ/49

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж, 

Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн *******ын *******ид холбогдох эрүүгийн 2227000170037 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөн-Зүйл суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт т оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овгийн *******ын ******* /РД: *******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн орчим ******* гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугааргүй ногоон өнгийн Даюун загварын мотоциклыг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.1а, 3.4в, 3.7а заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч ******* нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

            Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

                     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Түүнээс хойш нилээн орой манай нөхөр халамцуу Өлзийт сумын төвд байх гэртээ ирж хоносон. Тэгээд маргааш өглөө нь нөхөр бид 2 ярилцаад хөдөө мал ахуй хэцүүдлээ цагдаагаас мотоциклоо авъя, гуйгаад үзье гээд бид 2 цагдаа дээр очоод мотоцикл өгөөч ээ хөдөө мал ахуй хэцүүдлээ гэхэд үгүй гээд өгөөгүй. Тэгээд манай нөхөр цагдаад хандаж би тэгвэл хүн дуудаад хөдөө явж мал ахуйгаа харчхаад ирье гэхэд цагдаа тэг тэг гэсэн. Ингээд би сумын төвд гэртээ үлдээд, манай нөхөр урагшаа колонкийн зүг рүү явсан. Хэсэг хугацааны дараа 10 цаг өнгөрч байхад залгаад юу болж байна, дуудсан унаа чинь ирсэн үү гэхэд нөхөр хариуд ирсэн би малаа харчхаад ярья гээд утсаа тасалсан. Түүнээс хойш утас нь холбогдохгүй байж байгаад 15 цаг өнгөрч байхад эмнэлгээс танай нөхөр мотоциклтой явж байгаад онхолдож нас барсан талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

          Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн “...Манай суманд өнгөрсөн 7 хоногийн 4 дэх өдрөөс шүлхий өвчин гараад Өлзийт сумын төвийн хойд болон урд талд 2 байнгын пост байгуулсан юм. Тухайн өдрийн 09 цагаас 15 цаг хүртэл миний бие сумын урд талын колонкийн дэнж дээр байх 2 дугаар постод үүрэг гүйцэтгэсэн. Намайг тухайн үед постод гарч байхад 14 цагийн үед 1 мотоцикл дээр сундалсан 2 хүн сумын төвийн урд хэсэгт байрлах мал эмнэлгийн орчмоос гараад зүүн тийш хэсэг явснаа жалганд мотоциклтойгоо 2 уулаа унасан. Унаснаас хойш хэсэг хугацаанд босож ирэхгүй болохоор нь би сумын цагдаад тухайн болсон явдлын талаар мэдэгдчихээд байж байтал тухайн 2 хүний нэг нь эхлээд босож ирээд мотоцикл дээрээ жолооны ард суугаад дараа нь нөгөө нэг хүн нь араар нь сундалдаад хөдлөөд миний гарч байгаа постын ойролцоо шороон зам руу нийлээд урагшаа даваад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө 2 хүн давааны цаана онхолдоод 1 нь нас барсан талаар мэдсэн. Хэн гэдгийг нь мэдэхгүй, ямартай ч жолоо барьж явсан хүн нь улаан ягаан шаргалдуу өнгийн дээлтэй, ард нь сундалдаж явсан хүн нь цэнхэр өнгийн дээлтэй байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-48 дугаар хуудас/,

            Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн өдөр 14 цаг 33 минут болж байхад манай сумын цагдаа Баянмөнх над руу залгаад “Агуйтын шуудууны орчимд 2 хүн мотоциклоос унасан байна, цустайгаа холилдсон юм шиг байна хоёулаа очиж үзье” гэхээр нь би эмнэлгийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан Энх-Оюун, Баянмөнх бид 3 очиход мотоциклоос 2 хүн уначихсан, 1 нь газарт доошоо хараад хэвтчихсэн, нөгөө нь газарт сууж байсан. Тэгээд очоод Далай гэж дууддаг залуу сууж байхаар нь зүгээр үү яаж байна гэж асуухад би зүгээрээ гэж хариулахаар нь орчиндоо харьцах харьцаатай байгаа юм чинь гээд, цаана газарт доошоо хараад хэвтэж байгаа хүн дээр очоод дээшээ харуулахад Бямбажав ах байсан ба баруун талын чихний сувгаас цус гарсан, нүүрний баруун хэсэг болон дух чамархайгаар шалбарсан, хамар амнаас их хэмжээний цус гарсан, амьсгал зүрхний үйл ажиллагаа зогссон байсан...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 51-53 дугаар хуудас/,

            Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 09 цагийн үед адуундаа явсан юм. Тэгээд 12 цагийн үед сумын төвийн урдхан талд *******, ******* нартаа таарсан. Би тухайн үед тэр хоёртой архи согтууруулах ундаа хэрэглээгүй. *******, ******* нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан... Тэр үед ******* мотоциклоо жолоодож явсан, ******* ард суугаад явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

            Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...*******ыг мотоциклтой явж байгаад онхолдон амь насаа алдсан талаар мэдсэн. 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед *******, ******* нар манай гэрт ирсэн юм. Тухайн үед ******* өөрийн ногоон мотоциклтой ард нь ******* суучихсан манай гэрт ирсэн. *******, ******* нар манайд ирэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан....мал руугаа явлаа, ******* намайг хүргэж өгнө гээд явсан. Тэр үед ******* тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Надад нэмж ярих зүйл байхгүй. Миний хэлсэн зүйл бүгд үнэн....” гэсэн мэдүүлэг /хх-64-65 дугаар хуудас/,

            Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай  нөхөр Батаа нь 2021 оны хавар ногоон өнгөтэй Даюун маркийн мотоциклыг *******ид 1,800,000 төгрөгөөр зарсан нь үнэн. Шинэ мотоцикл байсан. Манайх 2020 оны 12 дугаар сард Есөнзүйл сумын иргэн Л.Пүрэвдулам гэх хүнээс 2,150,000 төгрөгөөр худалдан авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/,

            Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 20-ны 22 цагийн үед *******ийн биеэс 1 ширхэг хуруу шилэнд цус авсан. Авсан хуруу шилтэй цусаа Өлзийт сумын 2 дугаар багт  байх Эрүүл мэндийн төвийн лабораторийн өрөөнд хөргөгчид хадгалж байсан. Авсан цусыг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хадгалсан юм. Манай эрүүл мэндийн төвийн цус цусан бүтээгдэхүүний устгах 611 тоот тушаалын дагуу авсан цусыг 72 цаг хадгалдаг юм. Тэр цусыг цагдаагийн байгууллага авах байх гэж бодоод 6 хоног хадгалаад 7 дахь хоног дээр нь устгал хийсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71 дүгээр хуудас/,

            Шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №10 дугаартай дүгнэлтэд: “...1. Талийгаач *******ын биед суурь ясны салсан хугарал, тархины эдийн няцрал, бүтцийн алдагдал, тархмал тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун зүүн чамархай хацарт цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь авто осол болох үед хатуу мохоо хүчний 1 удаагийн үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ талийгаачийн амь насанд хохирол учруулсан тул хүнд зэргийн гэмтэлд хамаарна. 5. Талийгаачийн цуснаас 3.8%-ийн этилийн спирт илэрсэн нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 7. Талийгаач нь авто ослын улмаас гавал тархины хүнд гэмтэл авч нас барсан байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 73-76 дугаар хуудас/,

            Мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн магадлагаа “...БНХАУ-д үйлдвэрлэсэн ногоон өнгийн Даюун загварын мотоциклын жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас уг осол болсон байх үндэслэлтэй байна. 3.1. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл байхгүй. 3.4.в/ мотоцикл мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох заалтуудыг зөрчсөн байна...” гэжээ /хх-ийн 79 дүгээр хуудас/,

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 9-16 дугаар хуудас/,

               Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-28 дугаар хуудас/,

              Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / хх 9-11 дүгээр хуудас/,

            Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 17-21 дүгээр хуудас/,

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 23-28 дугаар хуудас/,

            Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 29-31 дүгээр хуудас/,

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 91 дүгээр хуудас/,

               Есөнзүйл сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, мал тооллогын баримт /хх 93, 94-95 дугаар хуудас/,

               Хохирол төлсөн баримт /хх 116 дугаар хуудас/,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хэргийн материал танилцуулсан баримт /хх 100 дугаар хуудас/,

             шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн гэрч тай утсаар ярьсан 7 минут 38 секүнтийн бичлэг бүхий 1 ширхэг сиди,

            Шүүгдэгч *******ийн согтуурлыг шалгасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг болно.    

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.*******ийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.******* нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн орчим ******* гэх газар согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас талийгаач ******* нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мэдүүлэг /хх 35-36 дугаар хуудас/, гэрч *******, , , , ,  нарын мэдүүлэг /хх 46-48, 51-53, 61-62,64-65, 68, 71 шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №10 дугаар дүгнэлт /хх 73-76/, мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн магадлагаа, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 9-16 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-28 дугаар хуудас/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 29-31 дүгээр хуудас/, шүүгдэгч Ч.*******ийн согтуурлыг шалгасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч амь хохирсон үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч *******ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй боловч мэдэлгүй үйлдсэн тул гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн  4.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж тус тус ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш нь “...улсын яллагчаас шүүгдэгч *******ийг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар гэм буруутайд тооцуулахаар гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогүй, тухайлбал шүүгдэгчийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэдгийг шалгаагүй, хэрэгт авагдсан баримтаар нотлоогүй эргэлзээтэй.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

  Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “гэрч тай утсаар ярьсан 7 минут 38 секүнтийн 1 ширхэг сидиг” гаргаж өгсөн бөгөөд уг 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 1 ширхэг сидиг нотлох баримтаар шүүх үнэлээгүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд суухгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн бөгөөд шүүгдэгч нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 500,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т төлсөн болохыг дурдав.

Шүүгдэгч *******ийг бусдад төлөх, хохирол төлбөргүй байна гэж шүүх үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүх шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн  4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээр хасаж,  2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай....” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, бусдад төлөх хохирол төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, тодорхой оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, мөн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорихын ялын доод хэмжээг 2/1-ээр тооцож эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх саналтай байна...” гэсэн ялын санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял  шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

шүүгдэгч *******ид оногдуулсан 6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусад төлөх төлбөргүй,  хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, 

 шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ийг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ын *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 500,000 төгрөг төлсөн, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 , 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ЭНХ-АМГАЛАН