Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 154/2019/00004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                          

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

Улсын яллагч   Б.Оюунцэцэг 

Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Байгалмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч******* овогт*******гийн*******т  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1837000000066 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                        

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Алтай суманд 1985 оны 12 сарын 14-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Алтай сумын ******* багт  оршин суух,******* овогт*******гийн*******.  /РД:ПА85121414/

Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч М.Анхбаяр   нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1. а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна” мөн дүрмийн 3.5-б-д “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирнэ”,мөн дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу

үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, дүрмийн 12.2-д “ харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчиж Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт 2018 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө “Хурд” нэртэй мотоцикль согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж Г.Энхтайваны амь насыг нь хохироосон  гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

                 Шүүгдэгч  М.Анхбаярын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:  “2018 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Алтай сумын Засаг даргын тамгын газрын халаалтын зуухны тогооны холболт хийгээд 00 цагийн үед дуусгаж гэр гэр лүүгээ явахаар болоод амь хохирогчийн мотоцикпийг би унаад миний араар нь амь хохирогч, амь хохирогчийн ар талд галч Э.Батхуяг суугаад Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт байрлах тохиролцооны дэлгүүрийн ар талын замаар явж байхад Энхбатын дэлгүүрийн галлагааны өрөө онгорхой байхаар нь ороход хүмүүс хөзөр тоглож байхаар нь гараад явчихсан юм. Тэгээд тэндээс хөдлөөд Т.Ганцэцэгийн дэлгүүрээс худалдаа хийх гэхэд онгойхгүй болохоор буцаад төв зам руу орж Э.Батхуягийг төв 4 замын уулзвар дээр буулгаад амь хохирогч бид хоёр улаан худагтай гудамжаар уруудаж гэр лүүгээ явах гэж байгаад амь хохирогчийг гэрт нь хүргэж өгчихөөд алхаад харчихъя гэж бодоод амь хохирогчийн гэр лүү явж байтал урдаас нохой гарч ирэхээр цочоод нохой руу эргээд хараад урагшаа буцаж харах хооронд усны шуудуу руу мотоциклтойгоо хохирогч бид хоёр хоёулаа унасан. Шуудуу руу унахад би газар шүргэж унаад миний хамар хэсэгт шалбарсан, амь хохирогч намайг дарж унаад миний толгой мөргөсөн.Тухайн үед амь хохирогчийн хамарнаас цус гарч, нэг нүд улаагаад хөхөрсөн байсан.Тэгээд би амь хохирогчийн мотоциклийг түрж, амь хохирогч хөл муутай таягтай учраас дагаж алхаж гэртээ ирсэн юм. Амь хохирогч хашааныхаа гадаа ирээд тамхи татчихаад оръё гэж хэлээд газар суухаар нь би хамт тамхилсан. Тамхилж дуусаад амь хохирогчийн мотоциклийг түрж хашаанд нь оруулж өгөөд гэрт нь орж эхнэр Байгалийг дагуулж гарч ирэхэд амь хохирогч гэрийнхээ дээд хэсэгт машин зам дээр дээшээ хараад хэвтсэн байсан. Эхнэр Байгалийн хамт амь хохирогчийг сугдаж өргөөд гэрт нь оруулж эхнэрт нь “Мотоцикльтэй хамт ирж байгаад нохой гарч ирээд цочоод шуудуу руу хамт уначихлаа” гэж хэлчихээд гэр лүүгээ явсан” гэх мэдүүлэг,

                 Шүүгдэгч  М.Анхбаярын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Бид 2 мотоцикльтэй явж байгаад шуудуу руу онхолдож унасан. Босч ирээд би мотоцикль түрээд амь хохирогч таягаа тулаад алхаад чигээрээ яваад гудамжны булан эргээд 30 орчим метр яваад тамхи татъя гээд Г.Нямтайван 2 эм гаргаж уугаад суусан. Би мотоциклийг нь түрээд хашаанд нь оруулчихаад эхнэрийг нь дуудчихаад гараад ирэхэд Г.Нямтайван газар хэвтэж байсан. Тэгээд бид хоёр хоёр талаас нь сугадаад гэрт нь оруулсан. Өдөр Талийгаач, Э.Батхуяг бид гурав 0,5 литрийн 1 шил архи уусан. Гэхдээ би 2 удаа амсах төдий балгасан. Би эрүүл байсан” гэх мэдүүлэг,                                                                                       

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Байгалмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Шөнө 1 цаг өнгөрөөгөөд******* манайд ирсэн. Намайг гарахад талийгаач хэвтэж байсан.******* бид хоёр түүнийг сугадаад гэрт өргөж оруулаад хэвтүүлсэн. Талийгаач надтай юм яриагүй. Би тухайн үед эмнэлгийн тусламж авах шаардлагатай гэж бодоогүй тул эмнэлэгт хандаагүй. Намайг дуудаад татахад дуугарахгүй байсан. Өглөө 6 цагт намайг сэрэхэд хурхирч байгаа юм шиг сонин дуу гараад байхаар нь очоод харахад амнаас нь жаахан цусархаг зүйл гарсан байсан. Тэгээд би эмч дуудсан. Талийгаачийн нүд нь хөхөрсөн байсан. М.Анхбаярын хамар нь шалбарсан байсан. Одоо М.Анхбаяраас нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. Гомдол саналгүй” гэх мэдүүлэг,

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Байгалмаагийн  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад өгсөн: Би гэртээ хүүхдүүдтэйгээ амарч байхад шөнө 13 цаг өнгөрч байхад манай нөхөр Г.Нямтайвантай хамт ажилладаг М.Анхбаяр гэх залуу гэрт орж ирээд Г.Нямтайван ах унчихлаа гэж хэлээд яваад өгөхөөр би араас нь дагаж гарахад Г.Нямтайваны мотоциклийг хашаанд оруулж тавьсан. Г.Нямтайван өөрөө манай гэрийн дээд талын хашааны харалдаа замын хажуу талд дээшээ хараад хэвтэж байсан. Би очоод Г.Нямтайваны хувцаснаас нь татаад юу болсон талаар асуухад хариулахгүй байсан. Тэгээд М.Анхбаяр бид хоёр өргөөд гэрт авч ирж зассан ороо түшүүлж дээшээ харуулж хэвтүүлсэн.Тэгээд М.Анхбаяр гэр лүүгээ харилаа гээд яваад өгсөн. Өглөө 06 цагийн үед сэрэхэд хурхирсан дуу гараад байхаар нь ******* багийн эмч Алтантуяаг дуудаж үзүүлэхэд гэмтлээс болж харвалт өгсөн юм шиг байна гэж хэлээд анальгин, димдерол тариад эмчлэгч эмч Тунгалагийг дуудаж үзүүлсэн. Аймгаас эмч нар дуудсан Батбулган гэх эмч ирж эмчлээд аймаг авч явах гэсэн боловч боломжгүй гэсэн тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 16 цаг 55 минутанд нас барсан” гэх мэдүүлэг,

             Гэрч Э.Батхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2018 оны 11 дүгээр сарын 22-ний өглөө 08 цагт ажилдаа ирэхэд тамгын газрын дарга Д.Баатарсүрэн уурын зуухны холболтыг янзал гэж хэлэхээр нь амь хохирогч Г.Нямтайван, М.Анхбаяр бид гурав гагнуур хийж байхад амь хохирогч Г.Нямтайван нэг шил ерөөл нэртэй архи авч ирээд зуухны өрөөнд хамт хувааж уучаад ажпаа шөнийн 00 цагийн үед дуусгаад ажлаас гарч амь хохирогч Г.Нямтайван, М.Анхбаяр бид гурав амь хохирогчийн мотоцикльд давхарлаж суугаад явж байтал Энхбат гэх хүний дэлгүүрийн ар талын гал түлдэг өрөөнд хөзөр тоглосон 4-5 хүн сууж байхаар нь буцаж гараад дөрвөн замын уулзвар дээр очиж Т.Ганцэцэг гэх хүний дэлгүүрийн хаалга цохисон боловч онгойлгохгүй болохоор нь би гэр лүүгээ явсан. Амь хохирогч Г.Нямтайван, М.Анхбаяр хоёр амь хохирогчийн мотоцикльтой гэр лүүгээ харихаар явсан. Ажлын газраас гарсанаас хойш М.Анхбаяр мотоцикль барьж явсан. Т.Ганцэцэгийн дэлгүүрийн үүднээс хөдлөхөд амь хохирогч Г.Нямтайван мотоциклийн араар сууж М.Анхбаяр мотоцикль барьж гэр лүүгээ харихаар явсан. Тухайн үед би алхаад гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг,

           Гэрч  С.Алтантуяагийн  мөрдөн байцаалтын шатанд  өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө 06 цаг 10 минутанд амь хохирогчийн эхнэр Байгаль хаалга цохиж амь хохирогчийн биеийн сонин байна, чичрээд байна ороод үзээд өг гэж хэлсэн. Тэгээд би очиж үзэхэд амь хохирогч биеэрээ нумарсан таталттай байдалтай, ямар ч өөрийн гэсэн мэдрэмжгүй ухаан алдсан байдалтай байхаар нь гэрээс яаралтай тусламжийн цүнх авхуулэад анальгин димидрол аваад артерийн даралтын үзхэд баруун талд 160-110, зүүг тал 140-100, пульс оксиометрээр үзхэд нэг минутанд 102 удаа цохилж байсан. Баруун нүд нь хөх туяатай, зүүн нулний хажуу талд бага зэрэг шалбарсан байдалтай байсан. Тэгээд Залуухай гэх залууг Н.Тунгалаг эмчийг аваад ир гэж хэлээд явуулсан. Н.Тунгалаг эмч 06 цаг 30 минутанд ирсэн. Надад амь хохирогчийн эхнэр Б.Байгальмаа мотоциклээс унасан байсаныг М.Анхбаяр мотоциклийг авч ирсэн,  дараа нь М.Анхбаяр бид хоёр амь хохирогчийг авч ирсэн гэж хэлж байсан. Би тархиндаа гэмтэл авсан гэж үзээд аналгин димидрол хийсэн. Дараа нь их эмч Н.Тунгалагийг дуудсан. Ховд аймгаас 13-14 цагийн үед дуудлагаар ирсэн Батбулган эмч ар гэрт нь тухайн амь хохирогчийг Ховд аймаг руу тээвэрлэхэд гарах эрсдэл бүгдийг танилцуулан хэлж гэр бүлийн гишүүд зөвшөөрөх бол авч явна гэж хэлээд бас дээд шатны эмчтэй зөвлөлдөөд эмчилгээ хийж ажиглахаар болж ажиглаж байхад 16 цаг 30 минутын үед амь хохирогч огиод бөөлжөөд 16 цаг 50 минутанд нас барсан...” гэх мэдүүлэг,

            Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 сарын 07-ны өдрийн 67 тоот шинжээчийн:

           1. Г.Нямтайвангийн цогцосонд хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гэмтэл учирсан байна. Г.Нямтайвангийн цогцосонд хийсэн шинжилгээгээр гавлын баруун талын ухархайн хананы хугарал, цууралт, аалзан хальсан дээрхи цус харвалт, зулгаралт, цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.

         2. Г.Нямтайвангийн цогцосонд учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 тархи, түүний бүрхүүл хальсны гэмтэл үүнд: тархины хүнд зэргийн няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн тархмал гэмтэл түүнчлэн аалзан хальсны дээрх, доорхи цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт үүссэн гэх шалгуур нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна

         3. Г.Нямтайван нь гавал тархины гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ.

        4. Талийгаач нь нас бараад 24 цагаас дээш хугацаа өнгөрсөн байх боломжтой.       

        5. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ.

        6. Талийгаач нь 1 -р бүлгийн цустай байжээ ” гэх дүгнэлт,

  Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 сарын 05-ны өдрийн 139 тоот шинжээчийн:

           1. Г.Нямтайваны  цогцосноос авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ.                  

           2. Г.Нямтайваны  цогцосноос авсан гэх  шингэн цусанд этилийн спирт илрээгүй

гэх дүгнэлт,

         Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 сарын 05-ны өдрийн 80 тоот шинжээчийн:

  1. Г.Нямтайваны  цогцосноос авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ.  
  2. Г.Нямтайваны цогцосноос авсан гэх цус нь моноклон оношлуураар

0/I/ бүлгийн цустай байна” гэх дүгнэлт,  

          - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл

          -Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал

          -осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч

          -гэрэл зургийн үзүүлэлтүүд

          - тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл

          - хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл

          - гэрэл зургийн үзүүлэлтүүд

          - цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл

          - Эд зүйлийн үнэлгээ

            - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

            Шүүгдэгч М.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.Анхбаярын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн /жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний/ улмаас хүний амь нас хохирсон бол ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг” гэж зааж өгөөд “согтуурсан үедээ үйлдсэн” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хуульчилсан байна.

            Эрүүл мэнд, спортын сайд, хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны А/138, А/131 дугаар тушаалын хавсралтаар “жолооч согтууруулах ундаа...хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмыг баталсан байдаг.

            Уг журмын 1.6-д “гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч М.Анхбаярын согтолтын зэргийг тодорхойлсон ямар ч баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрх нөхцөл байдлын улмаас шүүгдэгч М.Анхбаяр нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн боловч уг гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн болох нь эргэлзээтэй байна.

            Иймд Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хэрэгт хамааралтай нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр заасан хуулийн зохицуулалтад нийцүүлэн шүүгдэгч М.Анхбаярыг авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч М.Анхбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.

Шүүгдэгч  М.Анхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг хасаж хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж 2018 оны 11 сарын 22-наас 23-нд шилжих шөнө “Хурд” нэртэй мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж Г.Нямтайваны амь насыг хохироосон  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Шамбийхан овогт*******гийн*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б.Байгалмаа нь нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч М.Анхбаярт ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн зэрэг хувийн байдлыг харгалзан үзээд хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэн, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, тэнсэгдсэн хугацаанд согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах  албадлагын арга хэмжээг тус тус авахаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч М.Анхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурьдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Шамбийхан овогт*******гийн*******т холбогдуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

            2. Шүүгдэгч Шамбийхан овогт*******гийн*******ыг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар Шамбийхан овогт*******гийн*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Анхбаярт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч М.Анхбаярт оршин суугаа газар болон эрхэлсэн ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх, тэнсэгдсэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

           6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 177 дугаар зүйл, 185 дугаар зүйл, 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын биелэлт болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавихыг Ховд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч М.Анхбаярт мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч М.Анхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурьдаж, түүний ПЙ85121414 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохыг шүүгчийн туслах Я.Ганчимэгт даалгасугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.  

         10. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч М.Анхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ТҮВШИНЖАРГАЛ