Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/54

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Э.Билгүүн,  

шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч Н.Баяр,

хохирогч Б.Төмөрхуягийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б С.Ц холбогдох эрүүгийн 1834005190255 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Өвөрхангай аймгийн Бүрд суманд 1951 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 68 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б С.Ц

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч С.Ц нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаан худаг 5 дугаар багийн нутагт иргэн Б.Төмөрхуягийг “зээлсэн 200.000 төгрөгөө өгсөнгүй” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь “зүүн шуу ясанд хугарал, зүүн чихний дэлбээ, баруун хацар хүзүүнд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                                                

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ц:

...Би 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод айлын гэр барилцаж өгч байсан. 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 13-14 цагийн үед Төв аймгийн Эрдэнэсант суманд очсон... ...2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр... ...Би Төмөрхуяг, Золжаргал нарт жилийн өмнө зээлсэн 200.000 төгрөг нэхсэн. Харин Төмөрхуяг уурлаад өгч чадахгүй гэж хэлээд намайг хоолой боож багалзуурдсан... ...Би ухраад зайлсан... ...Гэтэл Төмөрхуяг замын боржурт тээгэлдээд унасан. Тухайн үед гэмтэхээр юм болоогүй. Би гар руу нь өшиглөсөн зүйл байхгүй... гэж,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Цэрэнгээ:

...2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Төв аймаг Эрдэнэсант суманд худагт би ажиллаж байсан. Манай нөхөр Ц ирээд бид 2 байж байтал Төмөрхуягийн эхнэр Золоо ирсэн. Төмөрхуягаас бид 2, 200000 төгрөг авах байсан юм. Тэгээд мөнгөө нэхээд байж  байтал Мөнхбаяр гэдэг хүн бас мотоцикльтой  ирсэн. Төмөрхуяг эхнэр Золоотойгоо янхан банзал гуйлагчин гээд хэрэлдээд байсан. Тэгээд Ц бид 2 Төмөрхуяг руу  дөхөөд очтол хөл нь гуйваад мотоциклио түшээд хажуу тийш ойчсон. Архи үнэртээд согтуу байсан. Би цагдаа дуудаад газар дээр нь асуудлыг шийдүүлнэ гэтэл Төмөрхуяг мотоциклийнхоо цаанаас босож  ирээд та нар өөрсдөө цагдаагаа дууд гээд яваад өгсөн. Зодсон зүйл байхгүй өөрөө мотоцикльноосоо хажуу тийш ойчсон... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1834005190255 дугаартай хэрэгт хохирогч Б.Төмөрхуяг /1 дүгээр хх-ийн 6-7, 9, 182-183 дугаар хуудас/, гэрч Х.Мөнхбаяр /1 дүгээр хх-ийн 10, 191 дүгээр хуудас/, гэрч Б.Золжаргал /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч Б.Цэрэнгаа /1 дүгээр хх-ийн 15-16, 194-195 дугаар хуудас/, гэрч Д.Номиндарь /1 дүгээр хх-ийн 184-185 дугаар хуудас/, гэрч Б.Саруулмөнх /1 дүгээр хх-ийн 186-187 дугаар хуудас/, гэрч Ц.Даваасүрэн /1 дүгээр хх-ийн 188-190 дүгээр хуудас/, гэрч Э.Атарцэцэг /1 дүгээр хх-ийн 192-193 дугаар хуудас/, гэрч Ө.Машбаяр /1 дүгээр хх-ийн 196-197 дугаар хуудас/, шинжээч И.Ганболор /1 дүгээр хх-ийн 198-199 дүгээр хуудас/, яллагдагч С.Ц /1 дүгээр хх-ийн 29-30, 200-201 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 422 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 18-19, 212-213 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 583 дугаартай дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар хуудас/, шүүгдэгч С.Цын улсын бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Төв аймгийн автотээврийн төв лавлагаа, хохирогчийн Эрдэнэсант сумын 1 дүгээр багийн засаг даргын гэр бүлийн тодорхойлолт, хохирогчийн Цагдаагийн ерөнхий газрын хайлтын системийн лавлагаа, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх тухай хохирогчийн хүсэлт, ял шалгах хуудас, гэмтэл согог судлалын үндэсний төвийн архивын баримт /хх-ийн 33-46 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч С.Ц нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаан худаг 5 дугаар багийн нутагт иргэн Б.Төмөрхуягийг “зээлсэн 200.000 төгрөгөө өгсөнгүй” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь “зүүн шуу ясанд хугарал, зүүн чихний дэлбээ, баруун хацар хүзүүнд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах хохирогч Б.Төмөрхуягийн ...Төв аймгийн Эрдэнэсант суманд 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр... ...би мотоциклтойгоо сумын төвийн зүүн захад байдаг худаг дээр яваад очиход... ...худаг дотроос зүс таних Чойнбол гэх хүн гарч ирээд надаас 200.000 төгрөг нэхсэн... ...Ц миний зүүн гарын шуун тус газар нэг удаа өшиглөсөн. Тэгтэл миний гарын шуу айхтар өвдсөн. Тэгээд  намайг заамдаад сэгсэрч гудчаад түлхэж газар унагасан би унахдаа цеминтэн  боржур дээр унасан. Тэгээд манай сумын Мөнхбаяр гэх залуу ирээд бид хоёрыг болиулсан. Тэгээд би мотоциклоо унаад эмнэлэгт очсон... /1 дүгээр хх-ийн 6-7, 9, 182-183 дугаар хуудас/,

гэрч Х.Мөнхбаярын ...Би... ...19 цагийн орчим ажлаасаа тараад сумын төвд байдаг улаан худаг дээр очоод ус авах гэтэл худгийн гадаа улаан өнгөтэй даюун маркийн мотоциклтой Төмөрхуяг нь зогсож байсан. Тэгтэл нэг өндөр бүдүүн биеэрхүү ах Төмөрхуягийг мотоциклоос нь татаж унагаад замын боршур мөргүүлсэн. Тэгээд бүдүүн ахыг болиулаад байж байтал Төмөрхуяг нь мотоциклоо унаад явсан... /1 дүгээр хх-ийн 10, 191 дүгээр хуудас/,

гэрч Б.Золжаргалын ...Тэр өдөр 18 цагийн орчимд би ганцаараа ус авах гээд Эрдэнэсант сумын төвийн хойд талын худаг дээр ус авах байж байтал Төмөрхуяг мотоциклтой над дээр иртэл Чойнбол ах худаг дотроос гарч ирээд Төмөрхуяг дээр очиж “чи мөнгөө өгөхгүй юм уу” гэхэд Төмөрхуяг өгнө гэж байсан. Тэгтэл Төмөрхуягт чи одоо мөнгө өг яасан удаан юм гэтэл Төмөрхуяг “Би аваагүй надад хамаагүй Золжаргалаас ав” гэж хэлээд тэр хоёр маргалдаад Төмөрхуягийн мотоциклийг түлхүүрийг нь Чойнбол ах аваад өгөхгүй байж байгаад Худгийн зүүн талд Чойнбол ах Төмөрхуягийг түлхэж унагаагаад газар унахад нь гар руу нэг удаа өшиглөсөн. Тэрний дараагаар Мөнхбаяр гэдэг залуу тэр хоёрыг салгасан... /1 дүгээр хх-ийн 11-12 дугаар хуудас/, 

гэрч Б.Цэрэнгаагийн ...Би 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үдээс хойш Төв аймгийн Эрдэнэсант сумын төв дээр байрлах гүний худаг дотроос ус түгээж байсан юм. Тухайн үед манай нөхөр Ц гадаа байж байсан. Тэгж байтал Золжаргал ирсэн. Удаагүй түүний нөхөр Төмөрхуяг, дараа нь нэг шар залуу мотоциклтой ирсэн. Манай хүн Төмөрхуягаас мөнгөө авна гээд очиж уулзсан. Тэгээд нэг харахад манай нөхрийг Төмөрхуяг заамдсан байсан... ...Хоёр биенийгээ цохихыг нь хараагүй, цохисон зүйл болоогүй. Худгийн цементен хашлага дээр хөл нь тээглэгдээд ойчсон юм. Тэгээд босож ирээд шууд яваад өгсөн... ...Ц хойшоо гэдэргээ зайлахад Төмөрхуяг биеэрээ эргээд нуруугаараа ойчсон юм... /1 дүгээр хх-ийн 15-16, 194-195 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 422 дугаартай ...Б.Төмөрхуягийн биед зүүн шуу ясанд хугарал, зүүн чихний дэлбээ, баруун хацар хүзүүнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаарх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 18-19 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 2-3 дугаар хуудас/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн архивын баримт /1 дүгээр хх-ийн 46 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх үйл баримтад хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгч С.Цын 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт иргэн Б.Төмөрхуягийг “зээлсэн 200.000 төгрөгөө өгсөнгүй” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь “зүүн шуу ясанд хугарал, зүүн чихний дэлбээ, баруун хацар хүзүүнд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг зодож цохих нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж зодсон, уг үйлдлээ өөрөө хүсч үйлдсэн, дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд шүүгдэгчийн хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хүндэвтэр хохиролтой шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч С.Цыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч Н.Баяр нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар ...2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд байгаагүй, Улаанбаатар хотод айлын гэр бараа барилцаж байсан, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 13-14 цагийн үед Төв аймгийн Эрдэнэсант суманд очсон... гэж маргадаг бөгөөд түүний энэ мэдүүлгийг нотлох мэдүүлгийн болон бусад бичгийн нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй, энэ талаарх баримтаа мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгөөгүй байх тул хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэн түүнийг яллах үндэслэл болж байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Цын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Төмөрхуягийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

 

Хохирогч Б.Төмөрхуяг нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 560.000 /таван зуун жаран мянга/ төгрөгийг шүүгдэгч С.Цоос нэхэмжилдэг ба 60.000 /жаран мянга/ төгрөгийн баримт хавтас хэргийн ....-....  дугаар хуудсанд авагдсан бөгөөд үлдсэн 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн баримт хавтас хэрэгт авагдаагүй байна.

 

шүүгдэгч С.Цоос хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 60.000 /жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Төмөрхуягт олгож, харин баримтгүй нэхэмжилсэн үлдэх 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч С.Цоос жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч С.Цд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлагыг буюу ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Гэвч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдал тогтоогдож байна.

Учир нь: Шүүгдэгч С.Ц нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэн Б.Төмөрхуягийг “зээлсэн 200.000 төгрөгөө өгсөнгүй” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь “зүүн шуу ясанд хугарал, зүүн чихний дэлбээ, баруун хацар хүзүүнд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэсэн үндэслэл тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 1834005190255 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.Ц нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

   хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн

      1.2., 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2., 36.1., 36.2., 36.9.,

                   36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1

  дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

                            болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б С.Цхүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б С.Ц холбогдох эрүүгийн 1834005190255 дугаартай хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн 1834005190255 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б СЦ нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б СЦоос 60.000 /жаран мянга/ төгрөг гаргуулан хохирогч ................. дугаарын регистртэй, ............ овгийн .............. Төмөрхуягт олгосугай.

 

5. Хохирогч ................. дугаарын регистртэй, ............ овгийн .............. Төмөрхуяг нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Б СЦоос жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б СЦд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б СЦд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ГАНДАНСҮРЭН