Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
Хэргийн индекс | 181/2017/1329/и |
Дугаар | 1582 |
Огноо | 2017-07-17 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 1582
З.Дарьсүрэнгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/01329 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч З.Дарьсүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 039 392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч З.Дарьсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын даргын тушаалаар Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж ирсэн.
Мөн ажиллах хугацаандаа ямар нэг сахилгын шийтгэл хүлээж байгаагүй ба миний гавьяа зүтгэлийг үнэлж төрийн дээд одон "Алтан гадас" одонгоор шагнагдсан. Гэвч “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 6/382 тоот тушаалаар намайг ямар ч үндэслэлгүйгээр дээрх ажил, албан тушаалаас чөлөөлсөн. Тушаалд дурдсанаар тус байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчил гаргаагүй бөгөөд харин миний Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх үүргээ биелүүлж ажиллах, ингэхдээ өөрийн үзэл бодол, шашин шүтлэг, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ боловсрол мэдлэгээр ялгаварлан гадуурхахгүй байх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо. Иймд Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулах шаардлага гаргаж байна. Миний бие уг албан тушаалд нэг сарын 1 100 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан ба ажлаас халагдсан өдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 3 cap 22 хоног /1.100.000x30.5 хоног=36.066 төгрөг, 36 0667x112хоног=4,039.392 төгрөг/ нийт 4 039 392 төгрөгийг ажилгүй байсан үеийн цалин олговорт гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “З.Дарьсүрэнг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. З.Дарьсүрэн нь захирлын албан тушаалын ажлаа хүлээж авахад нь үүссэн нэг хүндрэл бол байгууллагын барилгын дулаан, төвийн шугам сүлжээний ажил байгаа. Энэ байдлыг тус төвийнхөн мэдэж байгаа. Халуун дулаангүй, цэвэр бохир усгүй ийм байранд хүмүүс ажиллах нөхцөл байхгүй. Үүнийг автотээврийн үндэсний төв хурлаараа хэлэлцээд улсын төсөвт тусгуулах асуудал яригдаж байсан. Улсын төсөвт тусгуулахад төсөв хүндрэлтэй байгаа учир хөрөнгө орон нутагтаа шийдвэрлэж болохгүй юм уу гэсэн хариу өгсөн байгаа. Ингээд сонгон шалгаруулалт хийгдээд “Энжи энержи” ХХК шалгарсан боловч ажил гүйцэтгэхээс татгалзсан байгаа. Энэ тухай баримтуудыг хариуцагч тал ерөөсөө нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Ингээд дахин шалгаруулалт явуулаад “Бунбах” ХХК-иар уг барилгын засварын ажлыг хийхээр болсон байдаг. “Бунбах” ХХК-ийн захиарал нь З.Дарьсүрэнгийн хүүхэд хэдий ч ямар ч ашиг сонирхлын зөрчил байгаагүй. Уг сонгон шалгаруулалт хийхэд н.Мянганбаяр гэдэг хүн өөрөө оролцсон байдаг. н.Мянганбаяр гэдэг хүн сонгон шалгаруулалтад оролцсон нь уг ажлыг хийлгэхэд ашиг сонирхлын зөрчил байхгүй гэдэг нь харагдаж байгаа. Энэ ажил тасалсантай холбоотой нотлох баримтыг бүгдийг нь өгсөн. Захиргааны зөрчил бол тогтоогдсон байх ёстой байтал ерөөсөө тогтоосон зүйл байхгүй. Хөдөлмөрийн хуулийн 41 дүгээр зүйл 41.4 дэх заалт бол байгууллагад хохирол учруулсан, байгууллагын нэр хүндийг унагаасан тохиолдолд үйлчилнэ. Байгууллагынхаа төлөө хийсэн ажлыг нь хувийн ашиг сонирхол гэж үзэж үндэслэлгүй ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийг зөрчсөн үйлдэл юм. П.Дэлгэрнаран гэдэг хүн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр томилолтоор очсон байдаг. Ингэж очихдоо П.Хүдэрбаатар гэдэг хүнийг ажилд томилно гэж З.Дарьсүрэнг шахсан, ингээд н.Ганзориг гэдэг хүнийг халж байж тэр П.Хүдэрбаатар гэдэг хүнийг оронд нь томилсон байдаг. н.Ганзориг нь Хөвсгөл аймгийн сум дундын шүүхээр эрхээ хамгаалуулаад буцаад ажилд томилогдох зайлшгүй шаардлагатай болсон. Энэ тухай З.Дарьсүрэнгийн тушаал дээр байдаг. н.Пунцаг гэдэг хүн захирлын зөвлөлөөр хэлэлцэлгүйгээр З.Дарьсүрэнг ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна, З.Дарьсүрэнг Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулах шаардлага гаргаж байна." гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус үйлдвэрийн газрын Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн дарга Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй", мөн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Албан тушаалтан дараах тохиолдолд иргэн, аж ахуйн байгууллагын өмнө нийтийн албыг төлөөлж болохгүй, 14.3.2-т өөрөө болон өөртэй нь хамаарал бүхий этгээд нь ашиг хүртдэг аж ахуйн нэгж, байгууллагын өмнө;" гэсэн заалтыг зөрчин өөрийн хүүхдийн гаргасан нэхэмжлэлийн дагуу үйлдвэрийн газрын захирлын итгэмжлэлгүйгээр шүүхэд хариуцагчийг төлөөлж байгуулагад хохирол учруулсан. Мөн "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын захирлын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/115 дугаар тушаалаар батлагдсан "Аймгийн Автотээврийн төв"-ийн нийтлэг дүрмийг баталсан. Захирлын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн "Аймгийн Автотээврийн төв"-ийн нийтлэг дүрмийн зарим заалтад өөрчлөлт оруулах тухай А/129 дүгээр тушаалаар аймгийн автотээврийн төвийн дүрмийн 4.2-т "Төвийн дарга, менежер, техникийн хяналтын инженер, ахлах нягтлан бодогчийг үйлдвэрийн газрын захирал томилж чөлөөлнө" гэснийг "төвийн ажилтнуудыг үйлдвэрийн газрын захирал томилж чөлөөлнө" гэж өөрчилсөн”. Энэхүү өөрчлөлтөөр төвийн дарга нь хүнтэй холбоотой тушаал гаргах эрх хэмжээгүй болсон боловч Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн дарга З.Дарьсүрэн нь эрх хэмжээгүй байхдаа П.Хүдэрбаатарыг чөлөөлж Д.Ганзүрхийг харуулын ажилд томилсон. З.Дарьсүрэн нь 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нэхэмлэлийг шүүхэд гаргасан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсаныг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч дахин гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн буюу мэдэх буюу мэдэх боломжтой байсан өдөр болох 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 43 хоногийн дараа гардан авч дахин гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/382 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг, Хөвсгөл аймгийн авто тээврийн газар маань өөрөө Авто тээврийн үндэсний төвийн харъяа салбар юм. Салбар нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байдаг. Дарьсүрэнг нэгдүгээрт байгууллагаа үндэслэлгүй төлөөлсөн гэдэг асуудал яригддаг. Тэр Бунбах гэдэг компани нь Дарьсүрэнгийн хүүгийн компани байсан. Шүүхэд Хөвсгөл аймгийн авто тээврийн төвийг хариуцагчаар татсан байж болно. Санхүүгийн эрх мэдэлгүй хүн, автотээврийн үндэсний төвийг төлөөлөх эрхгүй юм. Дотоод дүрмэндээ ч энэ тухай заасан байдаг. “Бунбах” ХХК-д 15 000 000 төгрөгийг шүүхийн шийдвэр гарсан учраас төлсөн. Үүнээс гадна ажил тасалсан байдаг, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2-т урьдчилан мэдэгдээгүй зохих зөвшөөрөлгүйгээр гурав хүртэлх хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсныг ноцтой зөрчилд тооцохоор хоёр тал харилцан тохиролцсон. Ажил тасалчихаад өвчтэй байсан гэдэг, өвчтэй байсан юм бол актаа өг гэхээр өгдөггүй байсан. Ийм учир сахилгын шийтгэл ногдуулсан. Бид бол хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасны дагуу сахилгын шийтгэл хүлээлгэж ажлаас халсан байгаа" гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч З.Дарьсүрэнгийн "Хөвсгөл аймгийн авто тээврийн төв" ТӨҮГ-ын даргын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан үеийн олговорт 4 039 392 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч З.Дарьсүрэн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79 590 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч З.Дарьсүрэнд олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр давж заалдах гомдолдоо: “...Шүүх ажил олгогч ажилтныг ажлаас халах ноцтой зөрчил нь тогтоогдсон байх үндэслэлийг анхаараагүй. Өөрөөр хэлбэл 2 өөр баримтыг анх тайлбар гаргах нотлох баримтыг гаргаж өгөхдөө цахим бүртгэлийг нэг өөрөөр, шүүх хуралдаанд ажилласан цагийн бүртгэлийг нэг өөрөөр гаргаж өгсөн бөгөөд эдгээр нь нотлогдон тогтоогдсон байхыг анхаараагүй. Цахим бүртгэлд гарын хурууны хээгээр бүртгэх бүртгэл нь хөдөө орон нутагт нэг мөр хэрэгжээгүй, цахилгаан тасалдах, хурууны хээ уншихгүйгээр зогсох, бүртгэгдээгүй байх зэрэг алдаа гардаг бөгөөд ажил олгогч энэхүү мэдээллийг бүрэн гүйцэд цуглуулж, өвчтэй, чөлөөтэй байсан зэргийг харгалзан ажлаас халах шийдвэр гаргах үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч З.Дарьсүрэн нь хариуцагч “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдуулан ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул хөдөлмөрийн гэрээг цуцласан нь үндэслэлтэй гэж маргажээ.
Нэхэмжлэгч З.Дарьсүрэн нь 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ХГ/1589 дугаартай хөдөлмөрийн гэрээгээр “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Хөвсгөл аймгийн автотээврийн төвийн даргын албан тушаалд ажиллаж байсан болох нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна. /хх 55-58/
Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах үндэслэл буюу гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8.5-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 хоног ажил тасалсан” зөрчил гаргасан болох нь Хөвсгөл аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 1235 архивын лавлагаа, 2016 оны ажлын цагийн бүртгэлээр тогтоогдож байх тул хариуцагч байгууллагын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/382 тоот ажлаас халсан тушаал хуулийн үндэслэлтэй байна. /хх 16, 107-112,
Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “...Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 40.1.4-т “...Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан тул ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас халсан тушаалыг хууль зөрчсөн гэж үзэхгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Харин шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулав.
Дэээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2017/01329 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т холбогдох “Хөвсгөл аймгийн автотээврийн төв” ТӨҮГ-ын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4 039 392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч З.Дарьсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ЦОГТСАЙХАН