| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 105/2019/0053/Э |
| Дугаар | 200 |
| Огноо | 2019-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 12.1.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 200
Н.Бэд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Мөнх-Амгалан,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 06 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Н.Бэд холбогдох эрүүгийн 1806057711860 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц овгийн Н.Б, 2002 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ ерөнхий боловсролын 127 дугаар сургуулийн 11-б ангид сурч байсан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......................./;
Н.Б нь 2018 оны 7 дугаар сарын 05-ны шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өврийн задгай хэсэгт иргэн Д.Мгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцаанд орохдоо хохирогчид хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газар: Н.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Бийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар Н.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Бийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Бийг хараа хяналтандаа байлгаж, хянан хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч, эх Б.Уранцэцэгт даалгаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Н.Бийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Бэд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Б тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Т.Мөнх-Амгалан бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Н.Бийг санаатай 2 гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар Н.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нөгөө талаар шүүгдэгч Н.Б нь 2002 онд төрсөн, 16 настай талаар биеийн байцаалтад авагдсан тул түүний хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлгийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байсан.
Мөн шийтгэх тогтоолын 4 дүгээр заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Бийг хараа хяналтандаа байлгаж, хянан хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч эх Б.У-т даалгахаар шийдвэрлэснээс харахад шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй атлаа 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хэрэглэсэн нь ойлгомжгүй байна.
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Н.Бэд зан үйлээ засах үүрэг хүлээлгэсэн боловч хугацааг тодорхой бичилгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэл тогтоогдож байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар эсэргүүцэл бичсэн ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Н.Бэд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Н.Бэд холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар Н.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, ... бол энэ зүйлийн нэг дэх хэсэг хамаарахгүй” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь зөвхөн нэг гэмт хэрэгт, эсхүл санаатай болон болгоомжгүй хоёр гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрэглэх зохицуулалт юм.
Н.Бийн хувьд “хүчиндэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэнсэх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасан.
Гэтэл шүүх Н.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эх Б.У-х нь хяналтад байлгахаар даалгасан нь хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглээгүй атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ мэтээр тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 06 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Бэд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Н.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН