Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2020/0416

 

2020 оны 06 сарын 15 өдөр           Дугаар 128/ШШ2020/0416          Улаанбаатар хот

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Гомдол гаргагч: Г.С, Б.С,

Хариуцагч: ГУАБ Ц.Э,

Гомдлын шаардлага: “ГУАБ Ц.Эын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01******* дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нарыг оролцуулав. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. гомдол гаргагч Б.С, Г.С нарын итгэмжлэгдсэн Б.Т шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Гаалийн Улсын ахлах байцаагч нь зөрчилд холбогдогч нарыг биедээ авч явсан 8 310 000 воноо гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй буюу гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэхээс зайлсхийсэн хэмээн үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх заалтын дагуу валютыг хурааж, валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр торгосон. Гаалийн улсын ахлах байцаагчийн энэ шийдвэр нь хуульд нийцээгүй, зөрчилд холбогдогч нарын эрхийг ноцтой зөрчсөн хэмээн үзэж байна. Үүнд:

1.        Зөрчилд холбогдогч нар нь валютаа гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэхээс зайлсхийсэн зүйл байхгүй бөгөөд Б.С нь хүү Г.С-г авч яваа валютаа мэдүүлсэн байх хэмээн бодсон боловч хүү С /17 настай/ нь гаалиар нэвтрэх дүрэм журмыг сайн мэддэггүй, Монголд анх удаа нислэгээр ирж байгаагийн улмаас дээрх нөхцөл байдал үүссэн. Энэ нь мэдүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн, мөнгө угаах шинжтэй үйлдэл биш тул дээрх заалтаар шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй.

2.        Үйл баримтын хувьд үнэн зөв мэдүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн шинжгүй тул тухай валютын эх үүсвэрийг тодруулах, татварын асуудал зэрэг холбогдох бусад шаардлагыг гаалийн байгууллагаас тавих ёстой байсан. Харин зөрчлийн тухай хуульд хамааруулан валютыг хурааж, нэмээд торгож байгаа нь үндэслэлгүй бөгөөд иргэний эд хөрөнгө өмчлөх, орлого олох, захиран зарцуулах, хэлцэл, гүйлгээ хийх эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр болжээ.

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу ГУАБ Ц.Эын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

            Хоёр. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус гаалийн газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны, гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Ц.Э нь 2020 оны 01 сарын 03-ны өдөр хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа, гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн Монгол Улсын иргэн Г.С түүний хууль ёсны төлөөлөгч Б.Сэ нь гадаад валют болох Бүгд Найрамдах Солонгос Улсын мөнгөн тэмдэгт 8,310,000 воныг гаалийн байгууллагад мэдүүлээгүй, мэдүүлэхээс зайлсхийж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.29 дүгээр 22 дахь 22.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн ******* дугаартай хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

            Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Г.С хууль ёсны төлөөлөгч Б.Сэ нарыг оролцуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйл, хэсэгт заасан оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч гарын үсэг зуруулсан байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр Б овогтой Б, Г.Г нарыг оролцуулсан байна.

            Тус газрын гаалийн улсын ахлах байцаагч Ц.Э нь 2020 оны 01-р сарын 03-ны өдрийн 15 цаг 35 минутад Бусан-Улаанбаатар чиглэлийн ВХ411 аяллын дугаартай онгоцоор зорчиж ирсэн Монгол Улсын иргэн Г.С болон түүний хууль ёсны төлөөлөгч болох ээж Б.Сэ нарыг Чингис Хаан Олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүсийн зорчигчийн ирэх талын хэсгээр “ногоон гарц”-ыг сонгон гаалийн хилээр нэвтрэхэд нь биедээ зүүж явсан хөх өнгийн паск гэх цүнхийг өөрөөр нь нээлгэн биет үзлэг шалгалт хийхэд 3 дугтуйтай эд зүйл байсныг нягтлан шалгах зорилгоор шалгаж доторх валютыг гарган тоолж үзэхэд, 1 дэх цаасан дугтуйнд 50000 т-ын дэвсгэрт 74 ширхэг, 10000 т-ын дэвсгэрт 35 ширхэг буюу 4,050,000 /дөрвөн сая тавин мянган вон/ 2 дахь цаасан дугтуйнд 50000 т-ын дэвсгэрт 65 ширхэг, 10000 т-ын дэвсгэрт 1 ширхэг дэвсгэрт буюу 3.260,000 /гурван сая хоёр зуун жаран мянган вон/ 3 дахь цаасан дугтуйнд 50000 т-ын дэвсгэрт 20 ширхэг буюу /нэг сая вон/ нийт 8,310,000 воныг тухайн өдрийн валютын ханш 2,34 төгрөг, Монгол төгрөгт шилжүүлэхэд 9.445,400 төгрөг / арван есөн сая дөрвөн зуун дөчин таван мянга дөрвөн зуун төгрөг/-ыг тус тус гаалийн байгууллагад мэдүүлэхээс зайлсхийж нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргасан байна.

            Дээрх зорчигчид нь зорчигчийн барааны гаалийн мэдүүлгийг /деклараци/ бичсэн боловч бэлнээр авч яваа гадаад валют байхгүй гэж мэдүүлсэн байна. Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийж нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргасан нь болох нь Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг шалгалт хийсэн тухай тэмдэглэл, зөрчилд холбогдогч Г.С, Б.Сэ нарын гараар бичиж өгсөн тайлбар, зөрчилд холбогдогч Г.С, хууль ёсны төлөөлөгч Б.Сэ нарын зөрчлийн хэрэгт холбогдогчоор өгсөн мэдүүлэг, гаалийн улсын байцаагч Б.Бгийн зөрчлийн хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг, бичгээр гаргаж өгсөн тайлбар, гаалийн улсын байцаагч Д.Эийн зөрчлийн хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг, бичгээр гаргаж өгсөн тайлбар, Зөрчилд холбогдогч Г.С, хууль ёсны төлөөлөгч Б.Сэ нарын зөрчлийн хэрэгт холбогдогчоор 2 дахь удаагаа өгсөн мэдүүлэг, Гаалийн улсын байцаагч Г.Ганзоригийн зөрчлийн хэрэгт бичгээр гаргаж өгсөн тайлбар, Зөрчилд холбогдсон БНСУ-ын мөнгөн дэвсгэрт болох их хэмжээний вон, Зөрчилд холбогдогч Г.С, хууль ёсны төлөөлөгч Б.Сэ нарын гаалийн хилээр нэвтрэх үеийн хяналтын камерийн бичлэг, Зөрчилд холбогдогч Г.С, хууль ёсны төлөөлөгч Б.Сэ нараас асуултаар тайлбар авсан тухай тэмдэглэл зэрэг зөрчлийн хэрэгт авагдсан бусад баримтаар холбогдогч Г.С, Б.Сэ нар нь улсын хилээр нэвтрэхдээ:

            Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.5-т “Монгол улсын болон гадаадын иргэн харьяалалгүй хүн биедээ авч яваа валютыг гаалийн байгууллагад мэдүүлсэн тоо хэмжээгээр улсын хилээр оруулж болно гэснийг” 5.5, 5.5.2 заасныг тус тус зөрчсөн, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсгийн 22.1 дэхь хэсэгт заасан “Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн гэснийг, Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн валютыг гаалийн байгууллагад бичгээр мэдүүлсэн тоо, хэмжээгээр тус улсын хилээр оруулж болно” гэснийг, Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйл “Барааг гаалийн байгууллагад мэдүүлэх”-ийн 55.2.1 -д “бичгээр мэдүүлнэ гэснийг, Гаалийн тухай хуулийн 55.9-д заасан “ Улсын хилээр нэвтрэх зорчигч болон тээврийн хэрэгслийн багийн гишүүний хувийн хэрэглээний эд зүйл болон бусад барааг зорчигчийн гаалийн мэдүүлгээр мэдүүлнэ” гэснийг, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан “Зорчигч 15 саяас дээш төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл , цахим мөнгийг Монгол улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ” гэснийг тус тус зөрчсөн зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх тул Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан гаалийн улсын ахлах байцаагч ******* нь Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 1.7-д "гаалийн хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчилд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх” гэж зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсгийн 22.1 дэх хэсэгт заасан Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүн, хуулийн этгээдийг зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар зөрчилд холбогдсон валютыг хурааж, валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийн арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч гомдлыг шаардлагаа “ГУАБ Ц.Эын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01******* дугаартай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

Бусан-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор зорчин ирсэн Монгол Улсын иргэн Г.С өөрийн эх Б.Сэгийн хамт гаалийн хилээр нэвтрэхдээ  Бүгд Найрамдах Солонгос Улсын мөнгөн тэмдэгт болох 8.310,000 воныг гаалийн байгууллагад мэдүүлээгүйн улмаас зөрчлийн хэрэгт шалгагдаж, түүний 8.310,000 воныг хураан авч, улсын орлого болгон тухайн үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийн шийтгэл хүлээсэн үйл баримт болжээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, гомдлын шаардлагыг дараах байдлаар дүгнэж шийдвэрлэв.

Гомдол гаргагчаас Бүгд найрамдах Солонгос улсын мөнгөн тэмдэгт 8,310,000 воныг гаалийн байгууллагад мэдүүлээгүй, улсын хилээр нэвтрэхийг завдсан үйл баримттай маргаагүй.

Тухайн зөрчилд холбогдогч Г.С 17 настай, анх удаа ирж байгаа учраас гаалиар нэвтрэх дүрэм журмыг сайн мэдэхгүй, ээжийгээ мэдүүлсэн гэж бодсон учраас дээрх нөхцөл байдал үүссэн, харин мэдүүлэхээс санаатайгаар зайлсхийж, мөнгө угаах шинжтэй үйлдэл гаргаагүй гэж маргажээ.

Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй дээрх эс үйлдэхүйг илрүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулан 2020 оны 01 дүгээр  сарын 10-ны өдрийн 0******* дугаартай шийтгэх хуудсаар Г.С, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Сэ нарт Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1-т зааснаар 8,310,000 воныг хураан авч, тухайн валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний 2,910,810 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйл нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн этгээдэд оногдуулахтай холбоотой харилцааг зохицуулсан заалт байх бөгөөд мөн хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22-т Гаалийн байгууллагад мэдүүлэг гаргахтай холбоотой харилцааг зохицуулжээ.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зөрчил үйлдсэн арван дөрвөөс арван найман насны хүний хувийн байдал, зөрчлийн шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шийтгэлээс чөлөөлж болох эрхийг эрх бүхий албан тушаалтанд олгожээ.

Тухайн зөрчлийн шинж байдлаас үзвэл холбогдогч анх удаа улсын хилээр орж ирж байгаад зөрчилд холбогдсон, өмнө ямар нэгэн шийтгэл хүлээж байгаагүй, 18 насанд хүрээгүй тул үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгоогүй байх зэрэг хүний хувийн шинж байдал тогтоогдож байна.

Мөн холбогдогч биедээ авч явсан валютаа гурван хэсэг хувааж явсан байх бөгөөд эдгээр валютын 1,000,000 вон нь Т аймгийн Ө сумын ерөнхий боловсролын сургуулийн тохижилт үйлчилгээнд хандивласан 1 сая воны тусламжийн,  3,260,000 вон нь “Э” ТББ-ын хандивынх байсан болох нь тогтоогдож байна.

Улсын ахлах байцаагч Ц.Э нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-т заасны дагуу холбогдогч Г.Сын хууль ёсны төлөөлөгчөөр түүний эх Б.Сэг томилсон тогтоол гаргаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан атлаа 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр холбогдогчоос мэдүүлэг авахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.9 дүгээр зүйлийн 1-т арван найман насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авахдаа түүний хууль ёсны төлөөлөгч эсхүл өмгөөлөгч, шаардлагатай тохиолдолд сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтны аль нэгийг байлцуулахаар заасан насанд хүрээгүй этгээдээс мэдүүлэг авах тусгай журмыг зөрчжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан дээрх алдааг шүүхээс нөхөн гүйцэлдүүлэх боломжгүй шүүхийн боломжоос хэтэрсэн байх тул энэхүү ажиллагааг эрх бүхий байгууллага албан тушаалтнаар гүйцэтгүүлэхээр маргаан бүхий актыг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2, 106.3, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1, 3.2 дугаар зүйлийн 3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан ГУАБ Ц.Эын гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01******* дугаартай шийтгэлийн хуудсыг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон нэг сарын хугацаанд захиргааны байгууллага албан тушаалтнаас дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                           ШҮҮГЧ                            Д.ЧАНЦАЛНЯМ