Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2015/0081

 

Иргэн Б.Д-ийн  нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж  нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Б.Д-ийн  нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/450 дугаар захирамжийг хүчингүй болгож, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргаар томилохыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Д ийг 2013 онд аймгийн Засаг даргын А/62 дугаар захирамжаар Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргаар томилсон. Аймгийн Засаг дарга тухайн үед Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2-д заасан /3 ба түүнээс дээш төрийн албанд ажилласан байх гэсэн/ хуулийн шаардлагыг зөрчиж төрийн албанд 3 ба түүнээс дээш жил ажиллаагүй иргэн Б.Д ийг Говь-Угтаал сумын Засаг даргаар томилсон байсан. Иймд хууль зөрчсөн дээрх аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/62 дугаар захирамжийг аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/450 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Уг захирамжийн 3 дахь заалтаар сумын Засаг даргын Тамгын газар /Г.Э/-т Засаг даргын ажлыг хүлээлцүүлэх үүргийг даалгасан боловч Б.Д  нь ажлаа хүлээлгэж өгөлгүй аймгийн Засаг даргад өргөдөл гаргасныг 2014 оны 1/1042 дугаар албан бичгээр тодорхой хариуг хүргүүлсэн.

 

Аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/420 дугаар Ээлжийн амралт олгох тухай захирамжийн 2 дугаар хавсралтаар сумдын Засаг дарга нарын ээлжийн амралтын хуваарийг баталсны дараа Б.Д ийг Говь-Угтаал сумын Засаг даргаар томилсон аймгийн Засаг даргын 2013 оны Б/62 дугаар захирамж 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс хүчингүй болсон тул ээлжийн амралт эдлэх үндэслэлгүй гэж үзэж байна.

 

Иймээс Засаг дарга миний бие уг шийдвэрийг гаргахдаа хууль зөрчөөгүй бөгөөд иргэн Б.Д-ийн  захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 09 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-ийн  Дундговь аймгийн Засаг дарга С.О-ийн  2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/450 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргаар ажиллуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Д  давж заалдах гомдолдоо: Маргаан бүхий актын гол үндэслэл болсон Дундговь аймгийн Говь-Угтаал сумын засаг дарга Б.Д ийг Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2-т төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй гэж шүүхээс үзсэн нь үндэслэлгүй юм.

Б.Д  миний бие аймгийн намын хороонд улс төрийн ажилтнаар 2 жил ажилласныг төрийн албанд ажилласан хугацаанд оруулан энэхүү хуулийн шаардлагыг хангасан тухайгаа шүүхэд гаргасан тайлбартаа тодорхой тусгасан.

Гэвч Шийдвэрийн нэг дэх хэсгийн 3-т нэхэмжлэгч нотлох баримт гаргаж өгөөгүй тул дүгнэлт хийхгүй шаардлагагүй гэж үзсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэх үүргээ хэргийн оролцогчид нялзаасан, маргааны гол асуудлыг орхигдуулсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т заасны дагуу нотлох баримт гаргаж өгөх эрхтэй болохоос үүрэгтэй биш юм. Мөн А/145 дугаар захирамжийн үндэслэсэн хуулийн заалт нь төрийн албанд гэж тодорхой заасан байх ба миний бие 2010 оны 02 сараас 2013 оны 03 сар хүртэл тус сумын улсын бүртгэлийн газар болон, тамгын газар, сургууль, намын хороонд төрийн алба хаагчаар ажиллаж байсан тул хуулийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байгаа. Мөн С.О-ийн  2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/145 дугаар захирамжийн үндэслэсэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Х/89 дүгээр албан бичиг шүүхэд нотлох баримтаар авагдаагүй.

 

Энэхүү албан бичигт яг юуны тухай, ямар агуулгатай, Засаг дарга Б.Д  надад ямар байдлаар холбогдож байгааг тогтоох боломжгүй, төдийгүй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Х/89 дүгээр албан бичгийг үндэслэх боломжгүй байгааг шүүх анхааран үзээгүй.

Түүнчлэн С.О  нь 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/420 дугаар захирамжаар сумын Засаг дарга нарын ээлжийн амралтын хуваарийг баталсан. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т ... Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ гэсэн заалтын дагуу энэхүү миний бие А/420 дугаар захирамжийн дагуу ээлжийн амралтаа эдлэх бүрэн эрхтэй байна.

 

Гэтэл 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/420 дугаар захирамжийг хүчингүй болгосон акт гараагүй хэрнээ С.О  нь өмнөх захирамжаа үгүйсгэн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/450 дугаар захирамжийг гаргасан нь хууль бус юм. Иймд Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Дундговь аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/62 дугаар захирамжаар тус аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргаар томилогдсон тухайн үед Б.Д  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна, ... 26.5.2 төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

Тухайлбал, Б.Д  нь сумын Засаг даргаар томилогдохоосоо урьд тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2010 оны 03 дугаар сард, 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сумын Засаг даргын орлогч, сумын сургуулийн захирлаар нийт төрийн албанд 19 сар буюу 1 жил 7 сар ажиллажээ.

 

Нэхэмжлэгчээс аймгийн Монгол Ардын намын хороонд улс төрийн ажилтнаар 2 жил ажилласан хугацааг Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу төрийн албанд ажилласнаар тооцсон гэх боловч энэ нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна.

 

Монгол Улсын Их Хурлаас анх 1994 онд Төрийн албаны тухай хуулийг батлан гарсантай холбогдуулж шилжилтийн үеийн харилцааг зохицуулах зорилгоор 1995 онд Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлан гаргасан бөгөөд уг хуулийн үйлчлэл тухайн үедээ хэрэгжээд дуусчээ.

 

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 3 дугаар зүйлийн 3.1-д заасанчлан Төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх ... үйл ажиллагааг эрхэлж байгаагүй буюу аймгийн Монгол Ардын намын хороонд 2010-2011 онд улс төрийн ажилтнаар ажилласан хугацааг Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай /1995 оны/ хуулийн дагуу Б.Д-ийн  төрийн алба хаасан хугацаанд оруулж тооцох боломжгүй.

 

Энэ талаар анхан шатны шүүх дээрх захирамжуудын үндэслэлд болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч энэ талаар үндэслэл бүхий баримтыг гаргаж хариуцагчтай маргаагүй гэж дүгнэлт өгөөгүй нь буруу байна.

 

Дээрхээс үзэхэд хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 /Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, .:. хүчингүй болгохоор/-д заасны дагуу урьд гаргасан захирамжаа хүчингүй болгосон хариуцагчийн маргаан бүхий захиргааны акт хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

 

Хуулийн агуулгаас нь харвал аймгийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны дагуу хуульд нийцээгүй захирамжаа хүчингүй болгож байгаа тохиолдолд Засаг даргыг чөлөөлөх, огцруулах харилцааг зохицуулсан мөн хуулийн 32 дугаар зүйл буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар асуудлыг хэлэлцүүлэх, мөн ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн зохицуулалт хэрэглэгдэхээргүй байна.

 

Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалт Засаг даргын бус Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгааг зохицуулсан тул маргаан бүхий акт хуулийн энэхүү заалтыг зөрчсөн гэх боломжгүй.

 

Үүнээс гадна аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/420 дугаар захирамж нь сумдын Засаг дарга нарын 2014 оны ээлжийн амралтын хуваарийг баталсан, зохион байгуулалтын шинжтэй байх бөгөөд түүнд Б.Д  Говь-Угтаал сумын Засаг даргын хувьд хамрагдсан, тодруулбал, тухайн сумын Засаг дарга хэн байхаас үл шалтгаалж хуваарийн дагуу ээлжийн амралтаа эдлэхээр байна. Харин Б.Д-ийн  хувьд тухайн ажиллаж байсан хугацааны болон ээлжийн амралтын олговор зэрэг хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаар маргаантай бол түүнийгээ шүүхээр шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй бөгөөд ийнхүү маргаантай байгаа болон аймгийн Засаг даргын сумдын Засаг даргын ээлжийн амралтын хуваарийг баталсан захирамж хүчинтэй байгаа нь хариуцагчийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтыг зөрчсөн гэх, улмаар маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

Дундговь аймгийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/450 дугаар захирамжид үндэслэл болгосон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Х/89 дүгээр албан бичиг хавтаст хэргийн 52 дахь талд авагдсан байхад энэ талаар нэхэмжлэгч үндэслэлгүй гомдол гаргажээ.

 

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

 

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР