Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг,

 Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч З.М******** нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З********ийн М********т холбогдох Эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч З.М******** нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын төвд өөрийнхөө гэрт хадам ах Л.Э********ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч З.М******** нь 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын төвд өөрийнхөө гэрт хадам ах Л.Э********ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч З.М********ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Би хот явах гээд хувцсаа угаагаад байж байсан чинь Энхээ ах орж ирээд архи байна уу гэхээр нь би 0.5 шил архи өгсөн. Тэгээд би дотуур байранд хүүхдэдээ хоол аваачиж өгчихөөд ирсэн чинь манай гэрт шээж байсан. Тэгэхээр нь би давраад байгаа юм биш үү гээд түлхсэн өөр зүйл байхгүй гэв.

Хохирогч Л.Э********ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...М******** нь миний төрсөн дүү Нарантунгалагийн нөхөр юм. Өглөө миний архи сайн гараагүй байсан. ...нэг мэдсэн чинь М********ын гэрийн үүдэнд би цус нөжтэйгээ хутгалдсан байсан. ...хальт миний санаж байгаагаар М******** намайг үснээс чирж, гэрээсээ гаргаад тархи, толгой руу өшиглөж байсан санагдаад байгаа юм.Би бол үүнийг мэдэж байгаа. Тухайн үед намайг ахиад зодчих юм болов уу гэж айгаад юм хэлээгүй... гэх мэдүүлэг/ хх-ийн 17-26 дугаар хуудас/,

Хохирогч Л.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2004 онд нөхөр болох М********тай танилцаж улмаар хуримаа хийж гэрлэлтээ батлуулсан юм. Хамгийн сүүлд 2016 оны 04 дүгээр сарын 24-ний 17 цагийн үед гэртээ байхад нөхөр эрүүл гэртээ ирсэн юм. Тэгээд хот явж ажил хийнэ гэхээр нь чи тэгвэл явж тэр ажлаа хийж бай би үнээ мал тугалахаар араас чинь орно гэсэн чинь эхлээд чамайг ална дараа нь би өөрийгөө ална гээд дайрч толгой тархигүй зодож, боож ална гээд гэж хоолой боосон. Тэр үед манай найз хүүхэн Уртнасан, том охин Мөнхжин нар цуг байсан. Тэд болиоч гэхэд эр эмийн хоорондох асуудал чамд ямар хамаатай юм гээд түлхээд унагаасан. ...2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр М******** архи уугаад манай ах болох Э********ыг бас зодож толгойд нь гэмтэл учруулсан. ...намайг хашааны завсраар харж байхад гэрээс дээлний захаас нь чирч гаргаж ирээд нүүр рүү нь өшиглөж байгаа харагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

Гэрч Л.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай нөхөр ч хүний буяны ажилд яваад дөнгөж ирж байсан. Тэгэхээр нь "хүүе бушуулаарай Энхээ ахыг минь алж байна гэнэ түргэн явъя" гээд цагдаагийн машинд нөхөртэйгээ суугаад М********ын гэр рүү явсан юм. Тэдний наад талын хашааны нь үзүүрт би нөхөртэйгээ машинаас буугаад цагдаа машинтайгаа М********ын үүдэн дээр очсон юм. Би нөхөртэйгээ хашааны завсраар харж байсан. Тэгэхэд М******** ахыг минь байшингийнхаа үүдэн дээр гаргаад ирчихсэн манай ах газар хэвтчихсэн М******** өшиглөөд нүдээд байсан. Үүнийг цагдаа очоод салгаж авч байсан. Би ч тэгээд гүйгээд орсон. Тэгэхэд ах маань ухаангүй байдалтай байсан. Би чи яаж байгаа юм бэ арай ч дэндүү юм. Алчихсан юм биш үү гээд орилсон. Тэгээд эмч дуудаад эмч ирж үзээд юу ч гэсэн эвтэйхэн гэртээ аваач гэсэн. Тэгээд гэртээ аваачсан. Ах маань ямар ч ухаангүй байсан. Ах маань ухаан ороогүй маргааш нь болгосон гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 дугаар хуудас/,

Гэрч Л.Шаравдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Намайг хашааны завсраар харахад Э******** ах М********ын гэрийнх нь үүдэнд уруугаа харж хэвтсэн байдалтай харин М******** гэрийнхээ үүдэнд байсан. Э******** ахыг дээрээс нь өшиглөөд цохиод байсан. Үүнийг би өөрийн нүдээр харсан. Тэгээд М******** Э******** ах хоёрыг цагдаа Мягмарсүрэн салгасан. Тэгээд би Э********ыг хүн зодоод алчих шиг боллоо гээд гүйгээд очтол ухаангүй нүүр ам нь шороо болчихсон хэвтэж байсан. Тэр шөнөө Э******** ахыг манайхан бүгдээрээ л сахиж хоносон. Тэгээд биеийн байдал нь бүр муудаад байхаар нь 2016 оны 05 сарын 08-ны өдөр билүү 9-ний өдөр билүү аймгийн эмнэлэг рүү авч явсан. Тэгээд аймгийн КТГ-т толгойных нь зургийг нь авхуулсан чинь тархиндаа цус хуралттай гээд эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

Гэрч Р.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байсан санагдаж байна. Намайг цагдаагийн газрын байранд байж байтал оройн 20 цагийн орчимд манай сумын иргэн Эрдэнэцэцэг над руу залгаад утсаа авсан чинь М******** манай гэрт ирчихсэн хаалга үүд эвдчих гээд байна гэж мэдэгдсэн. Дуудлагын дагуу өөрийн сумын олон нийтийн цагдаа Х.Лхагванямын хамт Галт сумын төвд оршин суудаг Эрдэнэцэцэгийн гэрт нь очсон. М******** гэрийнхээ довжоон дээр зогсож байсан. Харин Э******** гэрийнх нь урд уруугаа харсан байдалтай хэвтэж байсан.Тэгээд М******** бид нарыг хараад Э********ыг өшиглөж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

Гэрч З.Мөнхбаяр, Л.Нарантуяа, Б.Энхцэцэг, Г.Туяа, Б.Батбаяр, Н.Түмэндэмбэрэл, Д.Батсүх, Х.Лхагнням нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33, 37, 39, 40, 52, 55, 58,60 дугаар хуудас/,

Шүүгдэгч З.М********ын мөрдөн байцаалтын болон сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 83-92 дугаар хуудас/, Нэгдсэн эмнэлэгийн Шүүх эмнэлэгийн комиссын 54 тоот дүгнэлтэнд: Р.Ням-Осорын үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй байна.

Л.Э******** 2016 оны 5 дугаар сарын 10-19-нд Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт хэвтэх үедээ онош: Тархины няцралт дунд зэрэг, хатуу бүрхүүлийн дээр цусан хураа жижиг байсан ба биеийн байдал дунд, ухаан саруул, орчны харилцаа ердийн толгой л их өвдөнө гэсэн зовиуртай. Амьсгал зүрх судас тогтвортой байсан байна.

Эдгээрээс үндэслэн гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Л.Э******** 2016.06.14-ны КТГ-ын зурагт тархины доргилт, тархины дотоод даралт ихсэлт гэж гарсан ба гэмтсэнээс хойш 34 хоногт хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа арилсан, тархины доргилт байгаа тул 4 долоо хоногоос үргэлжилсэн гэж үзэж хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт хамаарахгүй. Л.Э********ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 201-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 Иймд шүүгдэгч З.М********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс үзэв.

Шүүгдэгч З.М******** нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээсэн нь дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан талаарх шинжээч, эмчийн тусгай мэдлэгийн хүрээнд үндэслэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар батлагдсан гэж дүгнэв. Шүүгдэгч З.М********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Эрүүгийн 201622000317 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн КТГ[1]т авахуулсан толгойн зургийг хохирогч Л.Э********т буцаан олгохыг шүүгчийн туслах Ч.Батсүхэд даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт хураагдан ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.М******** нь 45 хоног цагдан хоригдсон болохыг дурдав.

 Хохирогч Л.Э******** нь шүүгдэгч З.М********тай эвлэрсэн болох нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр батлагдаж байх ба шүүгдэгч нь хохирогч Л.Э********т төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч З.М******** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95-р хуудас/,

Яллагчид холбогдох зарим үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол хэрэгт авагдсан байгааг дурдлаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Байчууд овогт З********ийн М********ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар З.М********ыг 350 /гурван зуун тавь/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг албадан ажил хийлгэх ялын найман цагтай тэнцүүлэн шүүгдэгч З.М********ын цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн КТГ-т авахуулсан толгойн зургийг хохирогч Л.Э********т буцаан олгохыг шүүгчийн туслах Ч.Батсүхэд даалгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.М********т урьд авсан батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН