Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч Баяжих овогт Батжаргалын Одонтуяа Шүүгдэгч Хотгор овогт Мөнгөөлэйн Аварзэд Артай овогт Бадарчийн Тайван Алаг-Адуу овогт Дамдинсүрэнгийн Бямбажав Д.Бямбажавын өмгөөлөгч Анжин овогт Онгоцын Должиндэмид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тайван, М.Аварзэд, Д.Бямбажав нарт холбогдох 1823001130052 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Яруу сумд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Яруу сумын Чандмань багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Артай овогт Бадарчийн Тайван /Регистрийн дугаар ИХ63121863/ Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1960 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Яруу сумд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн нутагт байх Төгс буян жавхлант хийдэд хурлын лам ажилтай, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг цэцэгт хонхорын 5-12 тоотод оршин суух хаягтай, урьд 2002 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Хотгор овогт Мөнгөөлэйн Аварзэд /Регистрийн дугаар: ИХ60101611/ Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1963 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Завханмандал сумд төрсөн, 56 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Яруу сумын Чандмань багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Алаг-Адуу овогт Дамдинсүрэнгийн Бямбажав /Регистрийн дугаар : ИХ63021810/ Шүүгдэгч Б.Тайван 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж худалдсан, шүүгдэгч М.Аварзэд 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нь зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг худалдан авсан, шүүгдэгч Д.Бямбажав нь зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Артай овогт Бадарчийн Тайван нь 2018 оны 08 дугаар сарын 11- ний өдөр Завхан аймгийн Яруу сумын Хэц-Улаан багийн нутаг Бумбат ар гэх газарт хууль бусаар буюу зохих зөвшөөрөлгүй 2.3 метр куб мод бэлтгэсэн хэргийн үйл баримт нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл Б.Тайванд мод бэлтгэх зөвшөөрөл өгөөгүй талаар мэдүүлсэн байгаль орчны улсын байцаагч С.Сүхбаатар, гэрч Д.Сүхбаатар нарын мэдүүлэг, Б.Тайванд мод бэлтгэх зөвшөөрөл олгоогүйг нотолсон 2018 оны 08 дугаар сарын 09-нөөс 15-ны өдрийг хүртэл 7 хоногийн хугацаанд олгосон мод бэлтгэх зөвшөөрлийн эрхийн бичгүүд, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Б.Тайвангийн ийнхүү зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг М.Аварзэд 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр худалдан авсан хэргийн үйл баримт нь Б.Тайваны “ ... Би 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мод бэлтгэж дуусаад Завхан аймгийн Яруу сумын төвд М.Аварзэдийн гэрт нь очиж М.Аварзэдэд “...нөгөө моднуудыг бэлдчихсэн, манайх нүүх гэж байгаа учраас модоо хурдан аваарай...” гэж хэлсэн. Гэтэл 2018 оны 08 дугаар сарын 20-ны орчимд М.Аварзэд ...модны хөлс болох 360,000 төгрөгийг манай гэрт бэлнээр нь авчирч өгөхдөө миний бэлтгэж өгсөн модны 1 портер мод нь аймгийн төв рүү орох замдаа өвшөөрөлгүй мод тээвэрлэсэн гээд байгаль орчны хүмүүст баригдсан тухай хэлсэн. Би тухайн үед Завхан аймгийн Яруу сумын Хэц-Улаан багийн нутаг Бумбатын ар нэртэй уулнаас ихэнхийг нь унанги, хожуул модыг түүж бэлтгэсэн. 10 ширхэг босоо мод тайрч унагасан. Миний тайрсан 10 ширхэг мод өмхөнд идэгдсэн, үзүүр нь хатаж хуурайшсан, хорхой идэж шинээр навч ургаагүй моднууд байсан..” гэсэн мэдүүлгээр, түүний мэдүүлгийг баталж, Б.Тайвангаас зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг худалдан авсан талаар мэдүүлсэн М.Аварзэдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Тайвангаас М.Аварзэдийн худалдан авсан модыг Д.Бямбажав 89-72 СБА улсын дугаартай автомашинаар гарал үүслийн гэрчилгээгүйгээр Завхан аймгийн Яруу сумаас Завхан аймгийн Улиастай сум хүртэл тээвэрлэсэн нь Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын албаны зөрчлийн материалд авагдсан баримт, Д.Бямбажав гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж явахад нь шалгаж саатуулсан талаар мэдүүлсэн гэрч Т.Батчулуун, Б.Саруул нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Б.Тайван нь ойд хууль бусаар зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдлийн улмаас ойн санд 185350 төгрөгийн хохирол учруулсан нь Завхан аймгийн Байгаль орчин аялал, жуулчлалын газрын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн модонд экологи эдийн засгийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар иргэн зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр ойд мод бэлтгэх эрхтэй бөгөөд Гарал үүслийн гэрчилгээ олгох хяналт тавих журмын 6 дугаар зүйлийн 6.16 дахь хэсэгт зааснаар иргэн гарал үүслийн гэрчилгээтэй модыг худалдан авах, 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт зааснаар модыг гарал үүслийн гэрчилгээ дагалдуулан тээвэрлэх үүрэгтэй боловч шүүгдэгч Б.Тайван, М.Аварзэд, Д.Бямбажав нар дээрх үүргээ биелүүлээгүй байна. Шүүгдэгч Б.Тайвангийн Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ойн санд халдаж, Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь хэсэг болон Ойд бэлтгэх журмыг зөрчин эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй мод бэлтгэж худалдсан, шүүгдэгч Р.Аварзэдийн зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авсан, шүүгдэгч Д.Бямбажавын гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн үйлдлүүд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй,байна. Иймд шүүгдэгч Б.Тайванг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэж худалдсан, М.Аварзэдийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод худалдан авсан, шүүгдэгч Д.Бямбажавыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч нар нь хохирлоо нөхөн төлсөн болох нь Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын тамгын газрын дансанд 185350 төгрөг шилжүүлсэн баримтаар тогтоогдсон байна. Шүүгдэгч Б.Тайван, М.Аварзэд Д.Бямбажав нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Б.Тайвангийн тээвэрлэсэн гэх модыг Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын тамгын газрын хашаанд буулгасан ба уг мод Завхан аймгийн Улиастай суманд зохион байгуулагдсан “Чингисийн үр сад” хэмээх арга хэмжээний үеэр устгагдсан болох нь хэрэгт авагдсан 2019 оны 04 дүгээр сарын 30-ны 192300084 дугаартай прокурорын тогтоолоор тогтоогджээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Яруу сумын Засаг даргын тамгын газрын хашаанд хадгалагдаж байгаа 1,94 м3 хэмжээтэй шинэс мод нь хууль бусаар бэлтгэсэн, худалдан авсан, тээвэрлэсэн мод гэх байдал тогтоогдохгүй байх тул уг модыг шүүгдэгч М.Аварзэдэд буцаан олгох нь зүйтэй байна. Харин мод бэлтгэхдээ ашигласан Б.Тайвангийн моторт хөрөөг улсын орлого болгож, модны тайрдсуудыг устгах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Артай овогт Бадарчийн Тайванг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэж худалдсан, шүүгдэгч Хотгор овогт Мөнгөөлэйн Аварзэдийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод худалдан авсан, шүүгдэгч Алаг-Адуу овогт Дамдинсүрэнгийн Бямбажавыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Б.Тайван, М.Аварзэд Д.Бямбажав нарыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Б.Тайван, М.Аварзэд Д.Бямбажав нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай. 4. Шүүгдэгч Б.Тайван, М.Аварзэд Д.Бямбажав нар нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 5.Шүүгдэгч Б.Тайван, М.Аварзэд Д.Бямбажав нарт өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1000000 төгрөгийг шүүгдэгч Д.Бямбажаваас гаргуулж улсын орлого болгосугай. 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шугам төмөр, иргүй, цагаан, шар өнгийн моторт хөрөөг улсын орлого болгож, 1.94 м3 хэмжээтэй шинэс модыг шүүгдэгч М.Аварзэдэд буцаан олгож, 2 ширхэг модны тайрдсыг устгасугай. 8. Шүүгдэгч Б.Тайваны хувьд ногдох эд хөрөнгөнөөс нас гүйцсэн хүрэн морийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 5/29 тоот тогтоолыг, Д.Бямбажавын нас гүйцсэн эр морь, хээр морийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 5/30 тоот тогтоолыг, М.Аварзэдийн хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон 2019 оны 04 сарын 17-ны өдрийн 5/01 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай. 9. Шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ