Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж, Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-д холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 11-р сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Л.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн  Сайншанд  сумын  4  дүгээр  багийн  нутагт  улсын  дугааргүй,  Sanya маркийн мотоцикль жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 3.5, 3.7, 12.3, 23.9 дэх заалтуудыг зөрчиж зорчигч Б.Сын биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  ЛБ-ийн шүүхийн  хэлэлцүүлэгт  өгсөн:  “..Согтууруулах  ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний биед хүнд гэмтэл учруулсан..” гэсэн мэдүүлэг.

Хохирогч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн найз Бийн хамтаар цэнхэр өнгийн Sanya маркийн мотоциклын ард суугаад зүс таних 2 хүнтэй таарч бид дөрөв Сайншанд сумын төв рүү орохгүй эзгүй талд 3 ширхэг 2.5 литрийн том пиво хувааж ууж дууссан Тэгээд өөрийн найз Бийн хамтаар манай гэр болох Алтанширээ сумын нутагт байрлах Шинэ-Ус гэх газар луу явсан. Тухайн үед Алтанширээ сум руу шинээр тавигдаж байгаа хайрган зам руу ороод би согтсон учраас найзынхаа хойноос тэврээд унтаад явж байсан. Тэгээд явж байсан чинь газар унах шиг болсон тэгээд сэрсэн чинь би дээш харсан байдалтай газар унасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/

Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...Сыг босоо явъя гэж хэлэхэд Л нь " Б, С хоёр Алтанширээгийн  уурхай явах замд мотоциклтой явж байгаад уначихсан байна гээд надруу яриад би очиж авчихаад ирлээ” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэн /хх-ийн 25 дугаар тал/

Гэрч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө 09 цаг өнгөрч байхад Нефтийн үйлдвэрийн зам руу ажиллахаар гарахад засвар хийгдэж  буй замын  хажууд  1 мотоциклтой  2  эрэгтэй  хүн  байсан  ба  би  машинтай очиж зогсоход нэг хүн нь хэвтчихсэн нөгөө хүн нь босч ирээд “Мотоциклоос уначихлаа утсаараа  нэг  яриулаач гэрлүүгээ  ярих  гэсэн  юм  аа”  гэж  хэлээд  миний утсаар ярьчихаад буцаагаад өгсөн... Тэр 2 хүн мотоциклоос уначихлаа гэж хэлсэн ба зам дээр онхолдсон гэх  газарт нь мөр үүссэн байсан ба замаас мотоциклоо чирч гаргасан мөр байсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/

Шинжээчийн ... дугаартай: “...Цагдаагийн ерөнхий газрын АСАП сангаас Л.Б  жолооч эсэхийг шалгаж үзэхэд А ангиллын ...дугаарын үнэмлэхтэй ба хүчингүй байна. Жолооч Л.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг 3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн  хөдөлгөөний  аюулгүй  байдлыг  хангаж  чадахааргүй  өвчтэй  буюу  ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзнэ...” гэсэн дүгнэлт/хх-ийн 30-31 дүгээр тал/ Шинжээчийн ... дугаартай: “...Б Сын биед тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа. тархины эдийн няцрал,  гавлын  ясны  баруун  зулай  ясны  хугарал,  толгойн  баруун  хэсгийн цусан хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гавлын ясны баруун зулай ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул  гэмтлийн  хүнд  зэрэгт  хамаарах  ба  цаашид  ерөнхий  хөдөлмөрийн  чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна....” гэсэн дүгнэлт /ххийн 35 дугаар хуудас/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 3-8 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 75  дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт  хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий  дээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж  харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч Л.Б нь согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутагт улсын дугааргүй, Sanya маркийн мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ тухайн ангилалын тэврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа …хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,  12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга  хэмжээ  авна” гэсэн  заалтуудыг  зөрчсөний  улмаас  зам  тээврийн  осол гаргаж хохирогч  Б.Сын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хохирогч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн найз Б-ийн хамтаар цэнхэр өнгийн Sanya маркийн мотоциклын ард суугаад зүс таних 2 хүнтэй таарч бид дөрөв Сайншанд сумын төв рүү орохгүй эзгүй талд 3 ширхэг 2.5 литрийн том пиво хувааж ууж дууссан.Тухайн үед Алтанширээ сум руу шинээр тавигдаж байгаа хайрган зам руу ороод би согтсон учраас найзынхаа хойноос тэврээд унтаад явж байсан. Тэгээд явж байсан чинь газар унах шиг болсон тэгээд сэрсэн чинь би дээш харсан байдалтай газар унасан байсан...” гэсэн мэдүүлэг, 

гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “... Л нь " Б, С хоёр Алтанширээгийн уурхай явах замд мотоциклтой явж байгаад уначихсан байна гээд надруу яриад би очиж авчихаад ирлээ” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, 

гэрч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө 09 цаг өнгөрч байхад Нефтийн үйлдвэрийн зам руу ажиллахаар гарахад засвар хийгдэж буй замын хажууд 1 мотоциклтой 2 эрэгтэй хүн байсан ба... Тэр 2 хүн мотоциклоос уначихлаа гэж хэлсэн, зам дээр онхолдсон гэх  газарт нь мөр үүссэн байсан ба замаас мотоциклоо чирч гаргасан мөр байсан..” гэсэн мэдүүлэг, 

Шинжээчийн ... дугаартай зам тээврийн ослын дүгнэлт,  2019  оны  09  дүгээр  сарын  23-ны өдрийн  Хүний  биед  хийсэн шүүх эмнэлэгийн 02/0447  дугаартай  дүгнэлт зэрэг  нотлох  баримт  болон  шүүхийн хэлэлцүүлэгт  хэлэлцэгдсэн  нотлох  баримтуудаар  тогтоогдож  байна.

Шүүгдэгч Л.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн  3.7.а, 12.3-т заасан журмыг биелүүлж чадаагүй байна.  Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосныг зөрчсөн, мөн аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах,зогсоох арга хэмжээ авч зам тээврийн ослоос сэргийлэх арга хэмжээ авч чадаагүй байна. 

Иймд шүүгдэгч Л.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн  2.1,2.2,2.3-т заасан  согтуурсан  үедээ,  тээврийн  хэрэгсэл  жолоодох эрхгүйгээр  Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,урьд нь гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байгаагүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгчийг тэнсэж хянан харгалзсантай холбогдуулан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан  мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Хохирогч Б.С нь гэмт хэргийн улмаас эрүүл мэнддээ учирсан хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдав.

Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.  Шүүгдэгч Л.Б нь эрүүгийн хариуцлага хүлээсэн  эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй  болох нь /хх-ийн 75-р тал/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Бнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д  заасантай нийцэж байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан согтуурсан үедээ,тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд   хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр  зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ЛБ-ийг  мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,хорих  ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186.1 дүгээр зүйлд зааснаар хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч Л.Бид тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн  хязгаарлалтыг зөрчсөн,санаатай гэмт хэрэг үйлдсэн бол бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Л.Б-ид мэдэгдсүгэй.

5.Хохирогч Б.С нь гэмт хэргийн улмаас  эрүүл мэнддээ учирсан хохирлын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримт бүрдүүлэн  нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

6.Хэрэгт  эд  мөрийн  баримтаар  хураагдсан  болон  битүүмжлэгдсэн  зүйлгүй, шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АДЪЯАСҮРЭН