Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1583

 

 

 

 

 

 

 

 

 

“Тайж инвест” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01426 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Тайж инвест” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Сэр-Одод холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15 254 200 төгрөг гаргуулах, 9559 УБУ услын дугаартай автомашиныг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Отгонбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч “Тайж инвест” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эрдэнэсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Сэр-Од нь 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай байгууллагатай №ЖА-0021 тоот Зээлийн гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай 7 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Тэрээр зээл авснаас хойшхи хугацаанд 2016 оны 10 дугаар сарын зээлийн хүүгийн төлбөр 700 000 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, үндсэн зээл, зээлийн үлдэгдэл хүүг бүрэн төлөөгүй юм. Зээлийн төлбөрийг төлөх талаар тус байгууллагаас удаа дараа шаардсан боловч зээлийн төлбөрийг төлөхгүй байгаа тул Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хулээнэ"гэж заасныг үндэслэн шүүхэд хандаж байна.

Зээлдэгч Ж.Сэр-Од нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ЖА-0021 тоот Фидуцийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн 9559 УБУ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д “Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу гэрээний хугацаа дууссанаас 5 хоногийн дотор үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг графикийн дагуу төлөөгүй бол зээлдүүлэгч автомашиныг захиран зарцуулах эрхтэй” гэж заасан байдаг. 9559 УБУ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашин нь өнөөдрийн байдлаар зээлдэгч Ж.Сэр-Одын эзэмшил ашиглалтанд байгаа бөгөөд автомашиныг манай байгууллагад хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардахад тэрээр хүлээлгэн өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа болно. Талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээний 3.1.4-т “Барьцаалуулагч нь графикийн дагуу зээлийн төлбөрийг хийгээгүй тохиолдолд барьцаалагч автомашиныг хураан авч, зээлийн төлбөрийг бүрэн барагдуулсны дараа барьцаалуулагчийн өмчлөлд буцаан шилжүүлэх"-ээр тохиролцсон. Тиймээс фидуцийн гэрээнд заасан шаардах эрхийн дагуу автомашиныг зээлдэгч Ж.Сэр-Одын эзэмшлээс гаргуулан авах хүсэлтэй байна.

2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ЖА-0021 тоот Фидуцийн гэрээний 1.1.6-д “Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээл болон хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа дууссанаас хойш зээлийн үлдэгдэл дүнгээс 1 хоногийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх, өдрийн төлөлтийн графикийг зөрчиж 3-аас дээш өдөр хоцорсон тохиолдолд хоног тутамд 0.1 хувьтай алданги төлнө" гэж заасан ба зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, нэхэмжлэлд дурдсан хууль зүйн үндэслэлээр зээлдэгч Ж.Сэр-Одоос дараах зээлийн үндсэн төлбөр, хүү, алдангийг нэхэмжилж байна.

Зээлийн гэрээний үндсэн төлбөр 10 000 000 төгрөг, зээлийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хүү 700 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх зээлийн хүү 700 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 27-ны 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх зээлийн хүү 700 000 төгрөг, нийт 12 100 000 төгрөг, зээлийн график зөрчсөний алданги 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 700 000 төгрөг, үндсэн зээл, зээлийн хүүгийн 10 700 000 төгрөгийн алданги хоногийн 0.1 хувиар тооцож /хоногийн 10 700 төгрөг, 31 хоног/ 331 700 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл үндсэн зээл, зээлийн хүүгийн 11 400 000 төгрөгийн алданги хоногийн 0.1 хувиар тооцож /хоногийн 11 400 төгрөг, 30 хоног/ 342 000 төгрөг, зээлийн гэрээний үндсэн хугацаа зөрчсөний алданги 12 100 000 төгрөгийн алданги хоногийн 0.5 хувиар тооцож 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл /хоногийн 60 500 төгрөг, 41 хоног/ 2 480 500 төгрөг, зээлийн гэрээний бүгд төлбөр 15 254 200 /арван таван сая хоёр зуун тавин дөрвөн мянга хоёр зуун/ төгрөгийг хариуцагч Ж.Сэр-Одоос гаргуулж, 9559 УБУ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.3-д зааснаар Ж.Сэр-Одоос 12 355 900 төгрөгийг гаргуулж “Тайж инвест” ХХК-д олгож, хариуцагч Ж.Сэр-Одод 9559 УБУ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг “Тайж инвест” ХХК-д шилжүүлэн өгөхийг даалгаж, нэхэмжлэлээс 2 898 300 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Тайж инвест” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304 430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Сэр-Одоос 282 844 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Тайж инвест” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдолдоо: “...Шүүх талуудын хооронд байгуулагдсан Фидуцын гэрээг барьцаалан зээлдэх гэрээ гэж үзэн, энэхүү гэрээний үүргээ хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-д заасны дагуу худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэж дүгнэсэн байна. Гэтэл шийдвэрийн тогтоох хэсэгт "Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.3-д зааснаар Ж.Сэр-Одоос 12 355 900 төгрөгийг гаргуулж "Тайж инвест" ХХК-д олгож, хариуцагч Ж.Сэр-Одод 9559 УБУ улсын дугаартай Лексус-470 маркын автомашиныг "Тайж инвест" ХХК-д шилжүүлэн өгөхийг даалгаж..." шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэрээс Ж.Сэр-Од 12 355 900 төгрөгийн хамт Лексус-470 маркийн автомашинаа "Тайж инвест" ХХК-д өгөх үүрэг шүүхийн шийдвэрээр хүлээж байна. Энэ нь талуудын хооронд байгуулагдсан Фидуци /барьцаалан зээлдэх/ гэрээний үүргээс давсан буюу зээлдүүлэгчид гэрээнд зааснаас гадуур хөрөнгөжих боломжийг олгож, Ж.Сэр-Одод гэрээнд зааснаас хэтэрсэн үүрэг хүлээлгэж, түүний эрхэнд шууд халдсан шийдвэр болжээ.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын "...хариуцагч Ж.Сэр-Одод 9559 УБУ улсын дугаартай Лексус-470 маркын автомашиныг "Тайж инвест" ХХК-д шилжүүлэн өгөхийг даалгаж..." гэж шийдвэрлэснийг хасч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

       Нэхэмжлэгч “Тайж инвест” ХХК нь хариуцагч Ж.Сэр-Одод холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15 254 200 төгрөг гаргуулах, 9559 УБУ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхийг даалгахаар шаардсаныг хариуцагч Ж.Сэр-Од нь нэхэмжлэлийн хувийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаарх тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

 

Талууд 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр №ЖА-0021 тоот зээлийн гэрээ байгуулж, хариуцагч нь 10 000 000 төгрөгийнг 3 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэйгээр нэхэмжлэгчээс зээлж, мөн өдөр Фидуцийн гэрээ нэртэй гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн 9559 УБУ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг барьцаалсан болох нь дээрх гэрээнүүд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдсон, талуудын тохиролцоо Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна /хх 1-3, 5, 8-13, 14/

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэн хариуцагчаас гаргуулвал зохих мөнгөн төлбөрийн хэмжээг тодорхойлсон бөгөөд уг тогтоосон хэмжээний талаар хариуцагч тал маргаж, мэтгэлцээгүй байна.

 

Харин шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг оновчтой зөв хэрэглээгүй, барьцаалан зээлдүүлэх газрын журмыг зохицуулсан зохицуулалт болох Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасныг баримтласан нь үндэслэл муутай болжээ. Иймд давж заалдах шатны шүүхээс шийдвэрт хууль хэрэглээний хувьд зөвтгөн өөрчлөлт оруулав.

 

Хэрэгт “Фидуцийн гэрээ” нэртэй гэрээ авагдсан боловч агуулгын хувьд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээ байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүргийг бусдаас тэргүүн ээлжинд гэрээний зүйлийг худалдан борлуулсан үнээс гаргуулах агуулгатай барьцааны гэрээ гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Мөн дээр дурдсанаар зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01426 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Сэр-Одоос 12 355 900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Тайж инвест” ХХК-д олгож, 2 898 300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсэгт “2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Сэр-Од нь сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны хөрөнгө болох 9559 УБУ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай” гэсэн 2 дахь заалт нэмж өөрчлөн,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “3”, 3 дахь заалтыг “4” гэж дугаарлан, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй..

           

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшингийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.НАРАНЦЭЦЭГ

                                           ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН