Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2013 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2013/10

 

2013 оны 12 сарын 26 өдөр                    Дугаар 10                       Улаанбаатар хот

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Э.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 418 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/755 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 173 дугаар захирамжаар 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт танай байгууллагад 3.0 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн. Уг захирамж нь хууль бус байсан нь судалгааны явцад тогтоогдож Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/755 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Хан-Уул дүүргийн Засаг дарга нь тус газрыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн, уг газар нь хотын суурьшлын бүс, инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт газар эзэмшүүлсэн байна. Тус хууль бусаар эзэмшүүлсэн газар нь давуу эрхээр эзэмшүүлэх газарт орохгүй бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй. Иймд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/755 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан байна“ гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 418 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.5, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61.1-д заасныг баримтлан “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/755 дугаар захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т давж заалдах гомдолдоо: “Нийслэлийн Засаг дарга 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/755 дугаар захирамжаараа Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 173 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох заалтыг хууль тогтоомжид нийцээгүй, хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 заасныг үндэслэл болгож хүчингүй болгон шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 173 дугаар захирамж нь дараах үндэслэлүүдээр газрын тухай хууль тогтоомж зөрчсөн. Үүнд:

  1. Дүүргийн Засаг дарга хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөсөн газарт газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3 дахь заалтуудыг зөрчсөн.
  2. Дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд 33.1.2-т заасныг тус тус зөрчсөн болно.

Анхан шатны шүүх эдгээр үндэслэлүүдийг дараах байдлаар тайлбарлаж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж гомдол гаргаж байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 173 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3 дахь заалтуудыг зөрчсөн талаар: Улсын Дээд шүүхийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 2008 оны 15 дугаар тогтоолын 1.3-т “Инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар ..." гэдэгт аймаг, нийслэлийн төвийн нутаг дэвсгэрт барьж байгуулагдсан, түүнчлэн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий, хэсэгчилсэн төлөвлөгөөнд барьж байгуулагдахаар төлөвлөгдсөн, дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан эрчим хүч, холбоожуулалт, радио дохиоллын холболтын эх үүсвэрээс Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан “барилгын техникийн нөхцөл”-ийг авч болох газар хамаарна” гэж, мөн Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “барилгын техникийн нөхцөл” гэж барилга байгууламжийг дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан, холбоожуулалт, радио, дохиоллын эх үүсвэрт холбох тухай эрх бүхий хуулийн этгээдээс гаргах шийдвэрийг” ойлгоно гэж заажээ.

“Б” ХХК-д гаргасан хүсэлтийнх нь дагуу тухайн газрыг үйлдвэрийн барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд уг газартаа барилга барих хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийлгэж батлуулсан, шугам сүлжээний мэргэжлийн байгууллагуудаас урьдчилсан техникийн нөхцөл олгох боломжтой болох талаар гаргасан дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/490 дүгээр захирамжаар барилга барих зөвшөөрлийг олгосон зэрэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд тухайн газар нь Улсын Дээд шүүхийн 15 дугаар тогтоолд заасан “техникийн нөхцөл авч болох газар” гэдгийг нотолж байна.

Иймд “Б” ХХК-д эзэмшүүлсэн газар нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан”... Инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар ...” юм.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “тухайн газар нь одоо инженерийн шугам сүлжээнд холбогдсон эсэхийг нотолсон. нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд инженерийн шугам сүлжээ барьж байгуулахаар төлөвлөгдсөн талаар хариуцагчаас судлаагүй, холбогдох баримт ирүүлээгүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна” гэж дүгнэснээрээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан “хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон холбогдохоор төлөвлөгдсөн газар” буюу тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд газар эзэмшүүлсэн гэсэн маргаан бүхий актын үндэслэлийг шугам сүлжээн дээр буюу түүний хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсний улмаас хүчингүй болгосон мэтээр андуурч тайлбарлан, түүнийгээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

“Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2/913 дугаар албан бичигт нэхэмжлэгчийн хүссэн тодорхой шугамаас тодорхой техникийн нөхцөлийг олгох боломжгүй болохыг мэдэгдсэн байх бөгөөд энэ нь тухайн газарт өөр нөхцөлтэйгөөр техникийн нөхцөл олгох боломжгүй буюу техникийн нөхцөл огт олгох боломжгүй газар гэдгийг нотлохгүй буюу уг газар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 3-т заасан газарт хамаарах эсэхийг нотлоход ач холбогдолгүй юм.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь шугам сүлжээний холбогдолтой асуудлыг төлөвлөдөг баримт бичиг биш бөгөөд харин нэхэмжлэгчийн уг газарт боловсруулан батлуулсан үйлдвэрлэлийн цогцолбор барих хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь уг газар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд заасан техникийн нөхцөл авах боломжтой газар болохыг нотолж байна.

2. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 173 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд 33.1.2 дахь заалтыг зөрчсөн талаар:

Хан-Уул дүүргийн Засаг дарга уг газрыг “Б” ХХК-д дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн болох нь нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч тал энэ талаар маргаагүй. Харин тухайн газарт хөрсний нөхөн сэргээлт хийж тодорхой хэмжээний зардал гаргасан тул энэ зардлыг “дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтын төлбөр гэж үзэж болно” гэж маргасан.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд дуудлага худалдаа. төсөл шалгаруулалтгүйгээр эзэмшүүлэх газарт нэхэмжлэгчийн маргаж байгаачлан мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасанчлан Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан газар хамаарахгүй юм.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд 33.1.2-т газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр заасан нь тодорхой зориулалт, нөхцөл, болзлын дагуу шууд эзэмших, эсхүл аль нэг ашигтай чанарыг нь гаргаж шууд ашиглаж болохоор газарт хамаарахаар байх бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д зааснаар шууд ашиглаж, эзэмшиж болохооргүй, элэгдэл, эвдрэлд орж ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн этгээдэд нь шууд эзэмшүүлж болохоор байна” гэж дүгнэж, үүнийгээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосноороо хэт нэхэмжлэгчийн талыг баримтлан шийдвэр гаргалаа.

Анхан шатны шүүх маргаан бүхий актын үндэслэлийг буруу тайлбарлан шийдвэр гаргаснаас гадна маргаан бүхий актын үндэслэл болгоогүй хуулийн заалтыг уг актад хамааруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх шийдвэрийн үндэслэл болгосонд гомдол гаргаж байна.

  1. Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн талаар:

Хан-Уул дүүргийн Засаг дарга 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 173 дугаар захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн боловч түүнээс хойш 4 жилийн дараа нэхэмжлэгч 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нийслэлийн Засаг даргын А/490 дүгээр захирамжаар барилга барих зөвшөөрөл гаргуулан үйлдвэрийн барилгаа барьсан байх бөгөөд энэ байдал нь Гүүгл Эарф зураг болон бусад баримтуудаар нотлогддог.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан “нэхэмжлэгч газрыг зориулалтын дагуу ашиглах үйл ажиллагаа явуулсаар байсан” гэдэг үйл баримт буюу зураг төсөл боловсруулсан, батлуулсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулсан, нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар газар дээр хашаа барьсан зэрэг нь Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд тайлбарласнаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашигласан гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх, мэтгэлцэх явцад хариуцагчийн төлөөлөгч нарын зүгээс гаргасан зарим тайлбар болон нөхцөл байдлыг, тухайлбал, газрын зарим хэсэг нь ойн сан бүхий газарт хамаарч байгаа болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 5/39 дүгээр тогтоолоор тогтоосон үнэлгээний бүсчлэлийн тухай зэрэг асуудлыг маргаан бүхий актын үндэслэлийг нотлохоор гаргасан тайлбар мэтээр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаж үнэлснээрээ актын үндэслэлийг нотлоход ач холбогдолгүй дүгнэлт гарган хэргийг шийдвэрлэсэн болно.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “барилга барих захирамж хүчин төгөлдөр хэвээр байхад газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон нь ойлгомжгүй байна” гэж логикийн болон хууль зүйн хувьд алдаатай дүгнэлт гарган түүнийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонд гомдол гаргаж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж буй гомдлыг хангаж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 418 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/755 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 173 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасныг үндэслэн тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ТЭЦ-3-ын баруунд хойд талд олон жилийн хур хог, барилгын материалын үлдэгдлээр бохирдсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр цэвэрлэн тохижуулсан иргэн Л.М, “К” ХХК, “Б” ХХК-иудад 1,5-3,0 га газрыг үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн баазын зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 /Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно/-д заасны дагуу газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргахад мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т тодорхойлсон дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг хэрэглэхгүй өөрөөр хэлбэл тодорхой зориулалт, нөхцөл, болзлын дагуу бусдад шууд эзэмшүүлэх боломжтой газрыг хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газартай адил нөхцөлөөр олгох боломжгүй бөгөөд Газрын тухай хуульд эдгээр асуудлыг ялгамжтай байдлаар зохицуулжээ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

“Б” ХХК нь дүүргийн Засаг даргын шийдвэр гарснаар газрын албатай гэрээ байгуулж, гэрчилгээ авсан, улмаар газарт бетонон хашаа барьж, холбогдох эрх бүхий байгууллагуудаас баримт бичиг, зөвшөөрлийг авсны үндсэн дээр 864 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга буюу үл хөдлөх эд хөрөнгийг босгосон нь нотлох баримтуудаар тогтоогдсон. Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/490 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 /нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх... асуудлыг шийдвэрлэнэ.../, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2 /барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх... асуудлыг газрын тухай хууль тогтоомж, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэх/-д заасны дагуу дээрх компанид барилгын зориулалтаар 1,2 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Эндээс дүгнэхэд хариуцагч албан тушаалтан Хан-Уул дүүргийн Засаг даргыг 2008 оны 173 дугаар захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-г зөрчсөн гэж буруутгаагүй, харин тухайн зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дүүргийн Засаг даргын шийдвэрийг баталгаажуулж, нэхэмжлэгч компанид газар эзэмшүүлсэн атлаа дээрх шийдвэрийнх нь дагуу “Б” ХХК үйлдвэрлэлийн зориулалттай барилга барьсны дараа, түүнчлэн эрх олгосон дээрх шийдвэрээ хүчингүй болгоогүй атлаа дахин өөр захиргааны акт гаргаж дүүргийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

Тиймээс Нийслэлийн Засаг дарга нь шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу газар эзэмших эрхийг нэг ижил нөхцөлөөр, адил зориулалтаар олж авсан иргэн, аж ахуйн нэгжүүдээс “Б" ХХК-д холбогдох хэсгийг сонгон хүчингүй болгох нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг алдагдуулах эсэхийг тодруулаагүй нь буруу бөгөөд тухайн захиргааны актыг шүүхээс хүчингүй болгосон нь зөв байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 онь 10 дугаар сарын 09-ний өдрийн 418 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

 


Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.