Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2017/02216

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2017/02177

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 50.462.151 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 101.597.594 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, хариуцагчийн төлөөлөгч З.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 04 дүгээр сард хуучин ашиглаж байсан модон гүүр нурж, баруун аймгуудын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатсантай холбогдуулан тухайн үеийн Зам Тээврийн Яамнаас ажлын хэсэг томилогдон газар дээр нь ажиллаж тухайн үед уг замын чиглэлд ажил гүйцэтгэж байсан манай компаниар шинээр баригдаж буй гүүрийн ажлыг яаралтай дуусгуулах үүрэг өгсөн. Үүний дагуу гүүрний ажлыг дуусгахад шаардлагатай үлдэгдэл төсвийг 314,079,799 төгрөгөөр тооцон гаргаж, үүнээс улсын төсвийн үлдэгдэл 205,462,151 төгрөгийг .....ХХК-тай туслан гүйцэтгэгч гэрээ байгуулж олгох, төсөвт тусгагдаагүй 108,617,648 төгрөгийг яамны онцгой ажлын зардлаас санхүүжүүлэх шийдвэр гарсны дагуу .......н Яамтай 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ....тоот гэрээ, ..... ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр .....тоот гэрээг тус тус байгуулагдсан.

Манай компани уг гэрээний үүргээ биелүүлж 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 06/08/2015 улсын комиссын актаар гүүрний ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн.

..... Яамтай байгуулсан гэрээний дагуу олгогдох 108,617,648 төгрөгийн санхүүжилт бүрэн хийгдсэн бөгөөд, харин Тосгол ХХК-тай байгуулсан гэрээний 205,462,151 төгрөгийн санхүүжилтийг Төрийн сангаас Зам Тээврийн Яамны дансанд орж ирмэгц ......зам ХХК-ийн дансанд шилжүүлэх ёстой байсан боловч уг ажил гэрээний дагуу явагдалгүй ....ХХК-ийн данс руу шилжилж байсан. Энэ үед ...... ХХК нь өөрийн дансанд орсон мөнгийг ....зам ХХК руу бүрэн гүйцэд шилжүүлэхгүй байснаас үүдэн уг гэрээний үлдэгдэл төлбөр 50,462,151 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй бараг 2 жил болсон байна.

Завхан аймгийн Их-Уул сумын Идэрийн голын төмөр бетон гүүрийн ажлыг дуусгасан ......зам ХХК-д 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ...... тоот гэрээний үлдэгдэл төлбөр болох 50,462,151 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Хариуцагч .....ХХК-ийн захирал З.Г..... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Манай компани Завхан аймгийн Их-Уул сумын Идэрийн голын 168.09 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэх тендерт оролцон ялж 2011 онд ЗТЯ-тай гэрээ байгуулан 2012 онд барилгын ажлыг эхлүүлэн 2015 оны 07 дугаар сард гэрээний дагуу хугацаандаа дуусгаж улсын комисс ажиллан гүүрийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн билээ.

2014 оны 10 дугаар сард тухайн гүүрийн ажил дээр зохих журмын дагуу гарган өгч баталгаажсан манай гүйцэтгэлийн санхүүжилт төсөвт мөнгөгүй гэсэн шалтгаанаар 2015 оны 06 дугаар 25-ны өдрийг хүртэл хойшлогдсон байна. Манай компанийн барьж буй гүүрийн хажууд байрлах хуучин модон гүүр 2015 оны 04 дүгээр сард нурж унаснаас болж шинэ гүүрийн ажлыг яаралтай дуусгах шаардлагатай байгааг ЗТЯ-аас манай компанид мэдэгдсэн болно.

Ингээд Хурдны зам ХХК-тай гэрээ хийх болтол манай компанийн дээр дурдсан 2014 онд гүйцэтгэсэн ажлын, тухайн үед олгогдоогүй байсан 275,52 сая төгрөгийн гүйцэтгэлээс 101,6 сая төгрөгийг зориудаар илүү гүйцэтгэлтэй гэж хассан. Хурдны зам ХХК-д олгохоор болж нийт 205.400.000 төгрөгөөр гэрээ байгуулах байсан боловч магадлашгүй ажлыг манай компани өмнөх жилүүдэд гүйцэтгэсэн тул энэ ажлын 36,700.000 төгрөгийг хасаж 169,200.000 төгрөгийн үнийн дүнгээр үлдэгдэл ажлаа гүйцэтгүүлэх туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан болно.

Хурдны зам ХХК нь ЗТЯ-аас онцгой ажлын зардал нэрээр дахин 108,600.000 төгрөгийг нэмж авахаар ажлын гүйцэтгэлийг гаргасан байдаг. Манай компанийн зүгээс өгөх боломжгүй гэсэн боловч мэргэжилтэн Минжбадам нь тэгвэл танай санхүүжилтийг гацаана гэрээг цуцална гэж дахин дарамталж манай компани гүйцэтгэлээсээ 115.000.000 төгрөгийг өгч ажлаа эхлүүлсэн болно.

Хурдны зам ХХК нь нэхэмжлэлдээ 50,400.000 төгрөг төлөгдөөгүй гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд манай 2 компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу манай компани 2 удаагийн шилжүүлгээр 115.000.000 болон 40.000.000 төгрөг нийт 155.000.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд гэрээний үлдэгдэл нь 14,282,339 төгрөг байх болно гэжээ.

 

Хариуцагч .... ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:Манай компани Завхан аймгийн Их-Уул сумын Идэрийн голын 168.09 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэх тендерт оролцон ялж 2011 онд ЗТЯ-тай гэрээ байгуулан 2012 онд барилгын ажлыг эхлүүлэн 2015 оны 07 дугаар сард гэрээний дагуу хугацаандаа дуусгаж улсын комисс ажиллан гүүрийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн билээ.

2014 оны 10 дугаар сард тухайн гүүрийн ажил дээр зохих журмын дагуу гарган өгч баталгаажсан манай гүйцэтгэлийн санхүүжилт төсөвт мөнгөгүй гэсэн шалтгаанаар 2015 оны 06 дугаар 25-ны өдрийг хүртэл хойшлогдсон байна. Манай компани хийсэн ажлын санхүүжилтээ хүлээж тухайн жил буюу 2015 оны 05 дугаар сар хүртэл талбайд ажил зогсонги байдалд орсон болно. Энэ хооронд манай компанийн барьж буй гүүрийн хажууд байрлах хуучин модон гүүр 2015 оны 04 дүгээр сард нурж унаснаас болж шинэ гүүрийн ажлыг яаралтай дуусгах шаардлагатай байгааг ЗТЯ-аас манай компанид мэдэгдсэн болно. Үүний хариуд манай компани санхүүжилтийг яаралтай шийдэж өгөхийг яаманд хүссэн билээ.

Энэ үед манай компани гүүрийн ажил нь 95%-ийн гүйцэтгэлтэй үлдэгдэл ажлын гэрээний үнийн дүн 67,100.000 төгрөг, магадлашгүй ажлын дүн 36,700.000 төгрөг нийт 103,800.000 төгрөг байсан болно.

Ингээд Хурдны зам ХХК-тай гэрээ хийх болтол манай компанийн дээр дурдсан 2014 онд гүйцэтгэсэн ажлын, тухайн үед олгогдоогүй байсан 275,52 сая төгрөгийн гүйцэтгэлээс 101,6 сая төгрөгийг зориудаар илүү гүйцэтгэлтэй гэсэн шалтгаанаар хууль бусаар хасаж / энэ гүйцэтгэл нь хуулийн дагуу ЗТЯ-ны харьяа авто замын хяналт шинжилгээний газраас томилогдсон хяналтын инженер болон ЗТЯ-ны холбогдох мэргэжилтэн, сангийн яамаар батлагдсан гүйцэтгэл байтал одоо болохоор илүү гүйцэтгэлтэй байна гэж байгаа нь Хурдны зам ХХК-д зориудаар илүү ахиу мөнгө олгох гэсэн ашиг сонирхлын үүдэлтэй хэрэг гэж бодож байна/ Хурдны зам ХХК-д олгохоор болж магадлашгүй ажлыг манай компани өмнөх жилүүдэд гүйцэтгэсэн тул энэ ажлын 36,700.000 төгрөгийг хасаж 169,200.000 төгрөгийн үнийн дүнгээр үлдэгдэл ажлаа гүйцэтгүүлэх туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан болно.

Энэхүү гэрээг манай компанийн зүгээс ахлах мэргэжилтэн .....хэрэв ....зам ХХК-тай гэрээ хийхгүй бол манай гэрээг цуцалж өмнөх оны гүйцэтгэлийн санхүүжилтийг гацааж олгохгүй гэсэн дарамт шахалтын улмаас мөн гүйцэтгэлийн мөнгөө олж авах аргагүй байдлын улмаас дарамтад орж үнэхээр онцгой байдлын улмаас гүүрийн ажлыг яаралтай дуусгах шаардлага байгаа байх гэсэн үүднээс хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

Хурдны зам ХХК нь ЗТЯ-аас онцгой ажлын зардал нэрээр дахин 108.600.000 төгрөгийг нэмж авсан байдаг. Гэтэл онцгой байдал гэж баахан сүржигнэж нэн даруй ажлаа эхлүүлнэ гэсэн Хурдны зам ХХК нь манай компанийн гүйцэтгэлийг орж иртэл ямар ч ажил хийгээгүй бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр манай гүйцэтгэлээс ахлах мэргэжилтэн .......р дахин дарамтлуулж ажил эхлүүлэх мөнгө байхгүй тул 150.000.000 төгрөг өгөхийг шаардсан болно.

Манай компанийн зүгээс өгөх боломжгүй гэсэн боловч мэргэжилтэн ......нь тэгвэл танай санхүүжилтыг гацаана гэрээг цуцална гэж дахин дарамталж манай компани гүйцэтгэлээсээ 115.000.000 төгрөгийг өгч ажлаа эхлүүлсэн болно. .....зам ХХК нь талбайд хэзээ ажлаа эхэлсэн болохыг Хяналтын инженер Д.......н тодорхойлолтоос харагдана.

Ажлын гүйцэтгэлээс суутгах акт гэдэгт манай компанийг 95%-ийн гүйцэтгэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байтлаа сүүлийн хэсэгт ямар ч баримт нотолгоогүйгээр илүү гүйцэтгэл 101.500.000 төгрөгийг суутгана гэж оруулсан нь энэхүү акт баримт нь ямар ч хууль эрх зүйн акт болж чадахгүй гэдгийг харуулж байна. Энэ нь зөвхөн Хурдны зам ХХК-тай хийсэн 314.000.000 төгрөгийн үнийн дүнд тааруулан манай компанийн санхүүжилтээс хууль бусаар намайг дарамтлан гарын үсэг зуруулж гаргасан баримт болно. Хэрэв илүү гүйцэтгэл гэж үзсэн бол ЗТЯ болон тухайн ажлын гүйцэтгэл чанарыг хянадаг ЗТЯ-ны харьяа Авто замын хяналт эрдэм шинжилгээний төвөөс томилогдсон Хяналтын инженер Д.Наранхүүг байлцуулан газар дээр нь ажлын комисс гарч илүү гүйцэтгэлийг баталгаажуулан хурлын протокол болон акт гарах ёстой билээ.

Иймд Ажлын №11 гүйцэтгэлээс суутгах акт гэсэн хүчин төгөлдөр бус баримтыг үндэслэн ЗТЯ-ны танил тал бүхий эрх тушаалтны шахалт дарамтаар манай компанийн гүйцэтгэлээс суутгаж авсан 101,597,594 төгрөгийг Хурдны зам ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

 

....зам ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э......сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартай: 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч ,,,,,,ХХК-аас танай шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 101.597.594 төгрөгийг манай компани хариуцах ямарч үндэслэлгүй юм. Учир нь:

1. Зам барилгын ажлыг гүйцэтгэгч ямар ч компанийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг захиалагч болох Зам, Тээврийн Хөгжлийн Яам болон Зам, Тээврийн Хөгжлийн Төв хянаж баталгаажуулж санхүүжилт олгох эсэхийг шийддэг эрх бүхий байгууллага юм.

2. Манай компани нь Тосгол ХХК-тай яг адилхан гүйцэтгэгч компани учраас нөгөө компанийн хийж гүйцэтгэсэн ажлыг хянах, хийсэн гүйцэтгэлийн үнийн дүнг хасах бууруулах зэрэг ямар ч боломж байхгүй юм.

3. .....ХХК-ийн шүүхэд бүрдүүлж өгсөн баримтад байгаа ( Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Идэрийн голын 169.08у/м төмөр бетон гүүрийн барилгын ажлын №....гүйцэтгэлээс суутгах ажлын акт)-нд дурдсанаар №11 гүйцэтгэл дээр илүү бичигдэж орсон сөрөг нэхэмжлэлээр шаардаж буй 101.597.594 төгрөгийг суутгах тухай шийдэж Зам, Тээврийн Хөгжлийн Яамны эрх бүхий албан тушаалтнууд болон ....ХХК-ийн захирал З......нар зөвшөөрөн гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан байна. Уг актыг үйлдэх ажилд манай компанийн оролцоо огт байхгүй бөгөөд оролцох эрх зүйн үндэс байхгүй болно.

4. Мөн сөрөг нэхэмжлэлд дурдсан 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ажлаа эхлүүлсэн тухайд .....ХХК-аас орж ирэх мөнгийг хүлээсэн биш, уг ажлыг гүйцэтгэхээр Зам, Тээврийн Хөгжлийн Яамтай байгуулсан онцгой ажлын гэрээ нь 2017 оны 05 дугаар сарын 27 өдөр батлагдаж хүчин төгөлдөр болсонтой холбоотой юм.

5. ......ХХК нь 2011 онд уг гүүрийн ажлаа эхлүүлсэн боловч дуусгаж чадалгүй ажил нь зогссон үед 2015 оны 04 дүгээр сард хуучин модон гүүр нурж унаснаас шалтгаалан Зам, Тээврийн Хөгжлийн Яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шийдвэрээр дуусаагүй ажлыг нь манай компани барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн.

 

Аль компани энэ ажлыг дуусгасан талаар 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №....тоот комиссын хурлын тэмдэглэл дээр тусгагдсан байгаа болно. Иймд сөрөг нэхэмжлэлд дурдсан шаардлагыг бүхэлд нь хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна.

Дашрамд дурдахад хариуцагч ......ХХК нь сөрөг нэхэмжлэлд дурдаад байгаа ажлын хэсгийн хурал, үлдэгдэл ажлын тоо хэмжээ болон манай компанитай тооцоо нийлсэн акт үйлдэх зэрэг бүх үйл ажиллагаанд оролцож гарын үсгээ зурж, тамга дарж байсан бөгөөд хэрэв өөрсдийг нь хууль бусаар дарамталсан бол энэ талаар зохих байгууллагад гомдол санал гаргах бүх эрх нь нээлттэй байсан байхад одоо 2 жилийн дараа ийнхүү хариуцагчаа андуурсан сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа асуудал нь гэрээний үүргээ биелүүлэхээс хойш сууж, цаг хожин хугацааг сунжруулах гэсэн санаатай үйлдэл гэж манай компанийн зүгээс үзэж байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ......зам ХХК нь хариуцагч ....ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 50,462,151 төгрөгийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...ХХК нь .....зам ХХК-д холбогдуулан 101.597.594 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг шүүхэд тус тус гаргажээ.

Талууд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

1.    50,462,151 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Завхан аймгийн Их уул сумын .....голын 169,09 м төмөр бетон гүүр барих үлдэгдэл ажилд Хурдны зам ХХК туслан гүйцэтгэгчээр ажиллахаар талууд харилцан тохиролцож Ажилд туслан гүйцэтгүүлэх тухай гэрээ тухай 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр №.....дугаартай гэрээг байгуулжээ. /хх-ийн 10-11 дүгээр тал/

Идэрийн голын төмөр бетон гүүрний үлдэгдэл ажлыг барих төсөв нийт 314,079,799 төгрөгөөр гүйцэтгэх тооцоо гарснаас ......ХХК-иас 205,462,151 төгрөгийг, Зам Тээврийн Яамнаас 108,617,648 төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төмөр бетон гүүрийн барилгын ажлыг дуусгах тухай хурлаар шийдвэрлэгдсэн байна. /хх-ийн 7-9 дүгээр/

 

Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, ажлын үр дүнд маргаагүй.

Талуудын хооронд байгуулсан Ажил туслан гүйцэтгүүлэх гэрээний 3 дугаар зүйлд гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт төсөвт өртөг 205,462,151 төгрөг /НӨАТ орсон/, Төрийн сангаас Зам тээврийн яамны дансанд орж ирсэн үед нь 173,975,282 төгрөгийг .......ХХК-ийн данс руу шилжүүлэх, Хурдны зам ХХК-ийн дансанд нэхэмжлэлийн дагуу 205,462,151 төгрөгийг шилжүүлнэ гэж тус тус тохиролцсон байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, энэ хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байна гэж тус тус заажээ.

Хурдны зам ХХК нь Завхан аймгийн Их уул сумын Идэрийн голын 169.08 у/м төмөрбетон гүүрний барилгын ажлыг 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өгсөн нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 06/08/2015 дугаартай акт, барилгын ажлыг ашиглалтад хүлээн авах комиссын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргээр нотлогдож байна. /хх-ийн 14-20 дугаар тал/

 

Хариуцагч ....ХХК нь гэрээгээр тохиролцсон 205,462,151 төгрөг төлөхөөс 2015 тоны 05 дугаар сарын 27-ны өдөр 115,000,000 төгрөгийг, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 40,000,000 төгрөгийг тус тус Хурдын зам ХХК-ийн Хаан банкны ....... данс руу шилжүүлсэн хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож, энэ талаар талууд маргаагүй болно. /хх-ийн 50 дугаар тал/

 

.......ХХК-иас 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хурдны зам ХХК-д Төлбөр тооцоо барагдуулах тухай албан тоот болон талуудын хооронд тооцоо нийлсэн акт талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараас хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Иймд ......ХХК-иас Ажилд туслан гүйцэтгүүлэх тухай гэрээ-ний үүргийн биелэлтэд 50,462,151 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хурдны зам ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч ....ХХК нь Ажилд туслан гүйцэтгүүлэх тухай гэрээ тухай 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр №...... дугаартай гэрээг 196,000,000 төгрөгөөр байгуулсан гэж маргаж байна. /хх-ийн 45-46 дугаар тал/

Тус гэрээний 3 дугаар зүйлд .....зам ХХК-ийн дансанд 169,282,339 төгрөгийг шилжүүлнэ гэж тохиролцсон, магадлашгүй ажлын актын 36,742,378 төгрөг хасаад 169,282,339 төгрөгт гэрээг байгуулсан гэж маргаж байгаа боловч энэ талаар баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

2.    101.597.594 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Зохигчдын хооронд байгуулсан Ажилд туслан гүйцэтгүүлэх тухай гэрээ тухай 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр №.....дугаартай гэрээг Зам тээврийн яам дарамталж манай компанийн ажлын гүйцэтгэлээс 101,597,594 төгрөгийг суутгасан гэж нэхэмжилжээ.

Хариуцагч талууд харилцан тохиролцон гэрээг баталсан, дарамт шахалт ирсэн гэж байгаа бол зохих газар нь тухайн үед гомдол гаргах эрх нь нээлттэй, манай компанийн санхүүжилтээс суутгах эрх байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Зам Тээврийн Яам, ........ХХК-ийн хооронд 2011 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хооронд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Идэрийн голын 169,08 у/т төмөр бетон гүүрний барилгын ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулагдаж хугацаанд нь хүлээлгэн өгөөгүйгээс Хурдны зам ХХК-иар гүйцэтгүүлэхээр тохиролцсон үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 7-9 дүгээр тал/

....ХХК-ийн 2014 онд бичиж баталгаажуулсан барилгын ажлын 275,572,876 төгрөгийн үнэ бүхий №.....-ээр гүйцэтгэлээс илүү болон дутуу хийгдсэн ажлын санхүүжилт болох 101,597,594 төгрөгийг суутгаж, 173,975,282 төгрөгийг .....ХХК-д шилжүүлэхээр тохирсон нь хавтас хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 44 дүгээр тал/

.......ХХК-иас суутгасан гэх 101,597,594 төгрөгийг .....зам ХХК суутгаагүй, Улсын төсөв, Замын сан, Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа авто зам гүүрний барилгын ажлын гүйцэтгэлийн дугаар №11-ийг .......ХХК-ийн захирал нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх, тухайн акттай холбоотой маргааныг гаргаагүй, энэ талаар баримтаар нотлоогүй болно. /хх-ийн 47-48 дугаар талууд/

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг Тосгол ХХК-иас нөхөн гаргуулж улсын орлогод оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д эх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ......ХХК-иас 50,462,151 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ..... зам ХХК-д олгож, .....зам ХХК-иас 101.597.594 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй богосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан .....зам ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 408,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .....ХХК-иас 408,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, ......ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 665,938 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 05494, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 08984 дугаартай захирамжуудыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.

 

4. Хариуцагч .....ХХК-иас шүүхийн шийдвэрээр гаргах мөнгөн дүнг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэхийг Шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ