| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2021/0057/Э/208/2021/0029 |
| Дугаар | 2021/ШЦТ/109 |
| Огноо | 2022-11-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Хохирогч Н.Аманболд/онлайнаар оролцов/
Шүүгдэгч Х.Хишигбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Х.Хишигбаатарт холбогдох эрүүгийн 2032001750021 тоот хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд 1996 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 28-15 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө дөрвөн удаа ял шийтгүүлж байсан.
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 03 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан
-Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэх тогоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан.
-Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 10000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 01 хоногийн хорих ял шийтгүүлсэн.
-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Хишигбаярын Хишигбаатар /рд:МВ96081812/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Хишигбаатар нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр баг, 179 дүгээр точикт оршин суух Н.Аман-болдын эзэмшлийн байшингаас буюу бусдын байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1958000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Х.Хишигбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. Тиймээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. ...гэх мэдүүлэг.
Хохирогч Н.Аман-Болд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би багаасаа өнчин өрөөсөн үлдсэн хүн юм. Би Хишигбаатарын ар гэрийнх нь талаар яаж амьдардаг талаар олж мэдлээ. Ээж нь хүнд өвчтэй өнөө маргаашгүй болсон. Хишигбаатар өөрөө бага насны хүүхэдтэй одоо ээжийгээ асарч байгаа юм байна. Хишигбаатарын зүгээс надад зам зардлын мөнгө болох 220000 төгрөгийг нөхөн төлсөн байгаа. Уг мөнгийг ээжийнх нь дүү гэх хүн надтай ярьж байгаад өгсөн. Би ээжтэй нь утсаар ярьж хөөрсөн байгаа. Би Хишигбаатарын ар гэр ахуй амьдрал ээжийнх нь биеийн байдлыг бодож үзээд өөрийн урьд өмнө өгч байсан мэдүүлгээсээ буцах бодолтой байна. Хишигбаатар залуу хүн цаашид засарч хүмүүжиж сайхан амьдрах байх гэж найдаж байна. Тиймээс надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.
Эрүүгийн 2032001750021 тоот хэргийг шинжлэн судалж танилцаад:
Хохирогч Н.Аман-Болд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шөнийн 00 цаг 30 минутад ажлаар Улаанбаатар хот руу явсан. Гэрт эхнэр Цэцэгсайхан үлдсэн бас манай туслах малчин Хишигбаатар үлдсэн. Тэр өдрийн өглөө 10 цагийн орчим эхнэр гэрээсээ гараад ажлынхаа хүнд туслах гээд гарч яваад 11 цаг 10 минутын орчим гэртээ буцаж ирэхэд Хишигбаатар өөрийн эд зүйлээ аваад явсан байсан гэсэн. Манай байшингийн унтлагын өрөөнд байдаг авдар дотроос эмэгтэй хүний 1 ширхэг монетон бөгж, 1 хос монетон ээмэг, 1 монетон гинж, мөн уг өрөөнд байсан шургуулаас миний монетон бөгж, дээд мансартад байсан мөнгөлсөн хазаар зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Энэ шалтгаанаар цагдаагийн байгууллагад хандсан. ...Миний монетон бөгж 7 грамм монет орсон. Уг бөгж 4 зүг рүү харсан очир дүрстэй, гогцоо нь хавтгай. Уг бөгжийг 2018 оны 09 дүгээр сард Мөнгөн завьяа дэлгүүрээс 1 сая төгрөгөөр худалдан авч байсан. Би энэ бөгжөө одоо 1250000 төгрөгөөр үнэлж байна. -Эмэгтэй хүний 3,6 орчим грамм жинтэй солонгос монетон гинж байсан. Уг гинж нь нарийнхан, клоунгүй байсан. Уг гинжийг 2020 оны 04 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан зах дээр байдаг үнэт эдлэлийн дэлгүүрээс 640000 төгрөгөөр худалдаж авч байсан. Уг монетон гинжийг одоо 640000 төгрөгөөр үнэлж байна. -Эмэгтэй хүний монетон ээмэг нь 3,8 орчим грамм жинтэй, цэцгэн цэцгэн хэлбэртэй дунд зэргийн унжилттай хос ээмэг байсан. Уг ээмгийг 2020 оны 04 дүгээр сард Дархан зах дээрээс дээрх гинжний хамт авч байсан Уг ээмгийг 680000 төгрөгөөр анх худалдан авч байсан. Уг хос ээмгээ 680000 төгрөгөөр үнэлж байна. -Эмэгтэй хүний монетон бөгж нь яг хэдэн грамм жинтэй байсан гэдгийг сайн мэдэхгүй байна гэхдээ ойролцоогоор 5-6 грамм монетын орцтой байсан байх. Уг бөгж нь навчин хэлбэртэй 3 ширхэг цагаан өнгийн шигтгээтэй байсан. Энэ бөгжийг 2018 онд нэг хос монетон ээмгийг нийлүүлж хайлуулж хийлгэсэн бөгж. Энэ бөгжөө 800000 төгрөгөөр одоо үнэлж байна. -Дараагийн эмэгтэй хүний монетон бөгж нь голдоо 1 ширхэг цагаан өнгийн шигтгээтэй монетон бөгж байсан. Уг бөгжинд хэдэн грамм монет орсон гэдгийг 1сайн мэдэхгүй ч ойролцоогоор 4 грамм орчим, монетын орцтой байсан Уг бөгжийг 2017 онд Улаанбаатар хотод байдаг мөнгөн завьяа дэлгүүрээс 500000 төгрөгөөр худалдан авч байсан. Уг бөгжөө одоо 600000 төгрөгөөр үнэлж байна. -Мөнгөлсөн хазаар байсан уг хазаар хэзээ алдагдсан гэдгийг мэдэхгүй гэрээс олдохгүй байна.Би энэ хазаарыг 300000 төгрөгөөр үнэлж байна. ...Дээрх эд зүйлсийг Хишигбаатар гэдэг залуу хулгайлсан байсан. Хишигбаатар өөрөө хазаараас бусад эд зүйлсийг аваад 910000 төгрөг болгож хүмүүст зарсан гэж байсан. Хишигбаатар нь манайд 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр туслах малчин ажилд авна гэсэн зарын дагуу Дарханаас ирсэн. ...Хишигбаатар надад Дарханд байдаг 2 ломбардад хувааж зарсан гэж байсан.Би тэр ломбардуудын нэрийг мэдэхгүй. ...гэх мэдүүлэг, ...Х.Хишигбаатар анх ирэхдээ тусдаа байхаар айж магадгүй танай гэрт та хоёртой цуг байж болох уу гэхээр нь би итгээд Х.Хишигбаатарыг өөрийнхөө гэрт том өрөөнийхөө гол хэсэгт ор засаж өгч байрлуулсан. ...Түлхүүр өөрт нь байгаагүй манайх гадаа хаалгаа цоожлоод үүдний амбаарын гутлын тавиурт түлхүүрээ хийчихдэг байсан. Х.Хишигбаатар тэнд түлхүүр байдгийг мэднэ. ...Манай унтлагын өрөө хаалга цоожтой эхнэр бид хоёр гарч орохдоо унтлагын өрөөнийхөө хаалгыг байнгын цоожилдог. Түлхүүрээ заримдаа авч явдаг зарим үедээ гэртээ зурагтын тавиур дээрээ байрлуулаад тавьчихдаг. ...Орох эрх байхгүй. Анх ирэхэд нь том өрөөнд байгаарай гэж хэлсэн. ...Тийм тусгаарлалтын зүйл хийгээгүй. ...Би 250000 төгрөгийг Х.Хишигбаатараас нэхэмжилж байгаа. Уг 250000 төгрөг миний бензиний мөнгө төгрөг. Өөр ямар нэгэн гомдол санал байхгүй. .../Хх-ийн17-18, 185-186 дугаар хуудас/
Гэрч Ж.Цэцэгсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би гэртээ байж байгаад 10 цаг дөхүүлээд ажлынхаа хүнд туслах зорилготой гэрийнхээ хаалгыг цоожлоод гэрийн гадаа түлхүүрийг гутлын тавиур доогуур байрлуулаад гарсан. Би Х.Хишигбаатар гэх хүнийг хальт зүс мэднэ уг хүн манайд мал маллах зорилготой зарын дагуу манай гэрт ирээд гурав хонож байхад гэрээс эд зүйл аваад гараад явсан байсан. ...Х.Хишигбаатар гадаа тугал туугаад бэлчээрт гаргах гээд явсан байсан. Би Х.Хишигбаатарыг тугал туугаад явуулах үед нь би Х.Хишигбаатарт “эгч нь ажлынхаа хүнд туслахаар явах байх чи тугал тууж ирээд бууц янзлаад байж байгаарай гэж хэлээд явсан. Ажил дээрээ очоод ажлынхаа хүнд тусалж өгчхөөд Х.Хишигбаатарын гар утас руу “юу хийж байна” гээд залгаад ярих гэтэл Х.Хишигбаатар огт утсаа аваагүй. Тэгэхээр нь би гэртээ иртэл гэрийн гадаа ирж хаалга үүд цоожтой байхаар нь онгойлгоод ортол хөнжил гудсаа аваад нөхөр Аманболд бид хоёр унтаж амардаг өрөөнд байх авдрын хаалгыг онгойлгосон толины доор байрлах шургуулга онгойлгосон байсан болохоор гэрээс эд зүйлс хулгайлаад явж гэж бодоод нөхөртэйгөө ярьсан. Тухайн үед нөхөр Аманболдтой утсаар ярихдаа” Чи бөгжөө зүүж явсан уу гэхэд зүүгээгүй гэхээр нь өөрийн эд зүйлсээ бүртгэж эхэлсэн. ...Анх зарын дагуу манай гэрт ирээд тусдаа байгаагүй нөхөр Аманболд бид хоёртой цуг байсан. Х.Хишигбаатар манай том өрөөний буйдангийн урд хивсэн дээр унтдаг байсан. ...Би гэрийнхээ хойд өрөөнд нөхрийн хамт унтлагын өрөөнд амардаг. Уг өрөөнд хаалга цоожтой. Би унтлагын өрөөнийхөө хаалгыг цоожлоод түлхүүрээ авч яваагүй том өрөөнийхөө зурагтын тавиур дээр үлдээгээд гарсан. ...Цуг гарч орохдоо тавиур дотор түлхүүрээ байрлуулж хийдэг байсан болохоор хаана түлхүүр байдаг гэдгийг Х.Хишигбаатар мэддэг байсан. ...Эрх байхгүй. Нөхөр Аманболд малчнаар ирсэн Х.Хишигбаатар бид гурав байхдаа манай унтлагын өрөөний хаалга онгорхой байдаг байсан. Би харин гарах болгондоо унтлагын өрөөний хаалгыг цоожилж гардаг. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 188-192 дугаар хуудас/
Гэрч Д.Бямбабаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Хүү маань 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээсээ хөдөөгүүр явж ажил хийнэ гээд явсан. Тэгээд хүү маань Сэлэнгэ аймгийн Баруунхараад туслах малчнаар нэг танихгүй айлд ирээд 4 хоног ажиллаж байгаад буцаад Дархан руу гэртээ ирсэн байсан. Тэгсэн чинь хүүгийн маань туслах малчнаар ажиллаж байсан айлаас алт, монетон эдлэл хулгайд алдсан гэж цагдаагийн байгууллагад хандсан байсан. Хүү маань надад тэр малчны гэрээс эрэгтэй хүний монетон бөгж, мөн эмэгтэй хүний монетон бөгж, гинж, ээмэг зэргийг гэрээс аваад Дарханд аваачиж зарсан гэж надад хэлсэн. Би Хишигбаатарын дээрх монетон эдлэлүүдийг яг хаана хэн гэдэг хүнд зарсан гэдгийг мэдэхгүй ямар ч байсан бүгдийн нь 850000 төгрөгт 2 газар хувааж зарсан гэж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. ...Хүү маань эхнэр Уранчимэгийн Батмягмар, 1 ой гарантаа охин Эгшиглэн нарын төмөр замын 34 дүгээр байрны 2 дугаар орцны 1 дүгээр давхарт байдаг айлын хажуу хөлсөлж суудаг эхнэр нь 80877407 гэсэн утасны дугаартай Батмягмар нь ажил хийдэггүй. Хишигбаатар 85659968 гэсэн дугаарын гар утас эзэмшдэг. ...Энэ талаар би мэдэхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 28-29 дүгээр хуудас/
Гэрч Н.Өсөхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Хишигбаатар гэдэг хүн өөрийнхөө иргэний үнэмлэхийг үзүүлж байгаад 2020 оны 10 дугаар сарын дунд үеэр манай ломбардад эхнэрийг сууж байхад эмэгтэй хүний монетон гинж нэг ширхэг, хос монетон ээмэг, хоёр ширхэг монетон бөгж зэргийг нийт 650000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 35-37 дугаар хуудас/
Гэрч Р.Даваа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...Яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. 10 сарын дундуур 1 залуу орж ирээд 5 орчим граммтай Нацагдорж загвартай эрэгтэй хүний, монгол загварын монетон бөгж барьцаанд тавих гэж орж ирсэн. тэр залуу эхлээд барьцаанд тавина гэж байснаа сүүлд нь би энэ бөгжийг зарах санаатай байна. гэж надад хэлсэн. Би тэр залуугаас энэ бөгж хулгайн бөгж биш биз асуусан чинь тэр залуу надад миний өөрийн бөгж , хулгайн бөгж биш гэхээр нь би тэр бөгжийг 240000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд 20 орчим хоногийн дараа Дашнямын Бямбабаяр гэдэг нэртэй мв76041808 гэсэн утасны дугаартай 99224165 гэсэн утасны дугаартай эмэгтэй манай ломбард дээр ирээд манай хүү хүний бөгжийг аваад 240000 төгрөгөөр зарсан байна гэж хэлэхээр нь би тэр эмэгтэйд нөгөө бөгжийг өгөхдөө 250000 төгрөгөөр буцааж өгсөн. Тэр эмэгтэй надад 250000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Х.Хишигбаатар яллагдагчаар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй ээ. ...Аманболд ахын эхнэр ажилдаа явахдаа надад гэрийнхээ түлхүүрийг үлдээгээд явсан. ...Уг унтлагын өрөөний хаалганы гадна талаас сандлаар түшүүлж дарж хаасан байсан Тэгээд би уг түшүүлсэн байсан сандлыг холдуулж унтлагын өрөөнд нэвтэрч орсон. ...Аманболдын гэрийн унтлагын өрөөнд байсан авдар нь ямар нэгэн цоожгүй хаалга нь онгорхой байсан. Тэгэхээр нь очоод хартал дотор талд нь ил саарал өнгийн эмэгтэй хүний ээмэг бөгж хийх зориулалттай дөрвөлжин сав байсныг онгойлгож нэг ширхэг хос монетон ээмэг, нэг ширхэг гинж, хоёр ширхэг монетон бөгж байсныг авсан. Тэгээд уг унтлагын өрөөний баруун талын ханад тулгаж байрлуулсан тольтой шүүгээ дээр байсан нэг ширхэг монетон бөгжийг авсан. ...гэх мэдүүлэг /Хх-ийн 197 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/Хх-ийн 8 дугаар хуудас/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 10-11, 22-26 дугаар хуудас/
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл/хх-ийн 12 дугаар хуудас/
Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №ТХҮ-921/75 дугаартай үнэлгээний тайлан/Хх-ийн 43-46 дугаар хуудас/
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл/Хх-ийн 177-183 дугаар хуудас/
Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Хишигбаатараас гаргаж ирүүлсэн хохирол нөхөн төлсөн тухай хохирогч Н.Аманболдын гаргасан тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг оролцогчдын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчоос мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгч Х.Хишигбаатарыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Х.Хишигбаатар нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 179 дүгээр точикт оршин суух хохирогч Н.Аманболдын байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 1958000 төгрөгийг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...хохирогч Н.Аманболдын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 16-18, 184-187 дугаар хуудас/, гэрч Ж.Цэцэгсайханы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 187-192 дугаар хуудас/, гэрч Д.Бямбабаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 28-29 дүгээр хуудас/,Н.Өсөхбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 35-37 дугаар хуудас/гэрч Р.Даваагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 39-40 дүгээр хуудас/,Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 10-11, 22-26 дугаар хуудас/,Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл/хх-ийн 12 дугаар хуудас/,Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №ТХҮ-921/75 дугаартай үнэлгээний тайлан/Хх-ийн 43-46 дугаар хуудас/,Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл/Хх-ийн 177-183 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас нотлох чадвараа алдсан болон нотлох баримтыг үгүйсгэсэн баримтгүй, шүүгдэгч Х.Хишигбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн зүйчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Шүүгдэгч Х.Хишигбаатар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэж 1958000 төгрөгийн хохирол, хор уршиг учруулж байгаа үйлдэл нь өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор амар хялбар аргаар ашиг, орлого олох зорилготой шууд санаатай шунахайн сэдэлтээр үйлдсэн гэмт үйлдэл болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Х.Хишигбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Тиймээс шүүгдэгч Х.Хишигбаатарыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, уршиг, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч Х.Хишигбаатарын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан бодит хохирол буюу 1958000 төгрөгийн эд зүйлийг хохирогчид буцаан өгсөн, хохирогчийн зүгээс нотлох баримтаар зам зардалд 220000 төгрөгийн хохирлыг нэхэмжилснийг шүүгдэгч Х.Хишигбаатар хохирогч Н.Аманболдод нөхөн төлсөн болох нь шүүхийн шатанд гаргаж ирүүлсэн хохирогчийн хохирол төлбөрийг хүрэн хүлээн авсан гомдол саналгүй гэх баримтаар тогтоогдож байна.Тиймээс шүүгдэгч Х.Хишигбаатар нь цаашид энэ тогтоолоор нөхөн төлөх төлбөргүй болно.
Гурав.Шүүгдэгч Х.Хишигбаатарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Х.Хишигбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.Хишигбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Гэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, нийгмийн хор аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялын хоёрын нэгээс багагүй хугацаагаар хорих ялыг оногдуулах зүйлтэй байна гэж үзлээ.
Энэ гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Хишигбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Аманболд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Хишигбаярын Хишигбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.Хишигбаатарыг 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Хишигбаатарт оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хишигбаатарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэлтэс 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьсугай.
5.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Хишигбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогчид 220000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, энэ тогтоолоор шүүгдэгч Х.Хишигбаатар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй гэснийг, шүүгдэгч нь нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Хишигбаатарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨН