Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/317

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Заяа,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгч О.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оы Шт холбогдох эрүүгийн 1838000960240 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:

Шүүгдэгч О.Ш нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний орой 21 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын төвд иргэн Р.Дийн хашаан дотор хэцэн дээр тохсон байсан үзүүрсгэн дотортой дээлийг хууль бусаар авч 450.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Ш нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний орой 21 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын төвд иргэн Р.Дийн хашаан дотор хэцэн дээр тохсон байсан үзүүрсгэн дотортой дээлийг хууль бусаар авч 450.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч О.Шын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Дийнд очиж түлээ хөрөөдөж өгөөч гэж гуйсан юм. Дүү нь өнөөдөр чадахгүй маргааш болъё гэж хэлсэн. Тэгээд гэрээс нь гарахад гадаа хэцэн дээр үстэй дээл гоё харагдаад хулгайлж авах санаа төрсөн юм. Тэгээд гадаа харанхуй болчихсон байхад гараад Дийн хашааны ар талын шивээгээд нь авирч гараад хашаан дээр сууж байгаад үстэй дээлийг гараараа сунаж татаж авсан юм...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 6-8 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /ХХ-ийн 28 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /ХХ-ийн 29 дүгээр хуудас/,

Хохирогч Р.Дийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “.2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 16 цагийн үед ...Ш манайд ирсэн. Намайг түлээгээ хөрөөдөх гээд гэрээс гарахад араас гарч ирээд надаас түлээ хөрөөдөөд өгөөч гэж гуйсан юм. Би завгүй өнөөдөр манайх сар шинийн бууз хийх гэж байгаа гэж хэлсэн юм. Тэгээд Ш манай хашаанаас гараад явсан. Буузаа хийж байгаад андартай буузаа гаргаж тавьчихаад хэцэн дээрхи дээлээ оруулах гэсэн чинь миний үстэй дотортой дээл алга болчихсон байсан юм. Тэгээд хулгайд алдчихлаа гэж бодоод цагдаад дуудлага өгсөн...Алдсан дээлийг цагдаа олоод ээжид өгсөн байна. Одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч Б.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ш манайд орж ирсэн юм ...Тэгээд 21 цагийн үед хүү Д гадаа буузаа гаргаж тавиад орж ирэхдээ хэцэн дээр тависан үстэй дээлээ оруулах гэсэн чинь алга болчихсон байна гэсээр гэртээ орж ирсэн...Би хүүгийнхээ дээлийг хүлээж авахад татгалзах зүйлгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч О.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 29-ний орой би ажлынхаа байранд байж байхад хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр Шыг дагуулаад өрөөлүүгээ явж байгаа харагдсан. Би яасан талаар нь хэсгийн төлөөлөгчөөс асуухад Шыг айлын хашаанаас үстэй дотортой дээл хулгайлсан гээд хөх өнгийн үстэй дээл харуулсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-19 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлсэн тайлан /ХХ-ийн 30 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838000960240 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Хохирогч Р.Д нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч О.Ш нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 48 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Ш нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч О.Шын цагдан хоригдсон 39 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу 312 цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээнээс хасах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1838000960240 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц Оы Шыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оы Шыг 312 /гурван зуун арван хоёр/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 39 /гучин ес/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай буюу 312 /гурван зуун арван хоёр/ цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялаас хассугай.
  4.  Эрүүгийн 1838000960240 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Шт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ                           Т.ХҮРЭЛБААТАР