| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2017/0268/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/213 |
| Огноо | 2017-06-08 |
| Зүйл хэсэг | 091.2.7, |
| Улсын яллагч | Б.Мөнх-Од, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2017/ШЦТ/213
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Н.Хоньчин,
Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,
Улсын яллагч Б.Мөнх-Од,
Хохирогч Х.Од,
Шүүгдэгч Г.Б,
Орчуулагч Х.Буянаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.12, 91.2.15, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хошууд овогт Ганбатын Бд холбогдох эрүүгийн 201525021488 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: ........ Б нь:
Шунахай зорилгоор 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 77 дугаар байрны 08 тоотод бриллиантан шигтгээтэй бөгж, бөгж, таблет, нокиа маркийн гар утас зэрэг нийт 2.750.200 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийг авах зорилгоор 70 настай эмэгтэй Г.Заяагийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ уг гэмт хэргээ нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор түүнийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж цээжний цус хуралт, зүүн 1,2, баруун 1-5 дугаар хавирганы шууд бус хугарал, эрүү, хүзүүн дэх зулгаралт цус хуралт, хүзүүний булчин дахь цус хуралт, 2 нүдний зовхи, зовхины дотор салст, алимны салст, дээд, доод уруулын дотор салст дахь тархмал цус харвалт зэрэг гэмтэл учруулж хоолойг нь боож, хүзүүг нь зүсэж онц харгис хэрцгий аргаар санаатайгаар алсан, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Г.Бгийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 77-1 дугаар байрны 74 тоотод оршин суух гэрт үзлэг хийх үед "делта-9 тетрагидроканнабинол" гэсэн сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалсан хүний амь бие, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Х.Од мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Талийгаачид миний өгсөн шар өнгийн монетон бриллиантан шигтгээтэй, шигтгээ нь 0.5 кратын бөгж, нөгөөдөх нь 0.15 кратын брилантан шигтгээтэй монетон бөгж алга болсон байна. Хоёулаа эмэгтэй хүний бөгж юм. Мөн бид нарын өгсөн хар өнгийн арьсан гэртээ E-dos гэсэн Герман брэндийн 2014 онд 120 еврогоор авч байсан таблет, гал тогооны хоол хийдэг уртавтар хутга 1 ширхэг, ванны өрөөнд жорлонгийн урд шалан дээр тавьдаг дэвсгэр алга болсон байсан. Би Монголд ирэхээрээ ээжийн барьдаг байсан хойд тал никль төмрөн саарал өнгийн, нүүр хэсэг нь хар өнгийн товчтой Нокиа маркийн гар утсыг … гэсэн дугаартай нь авч ажлаа хөөцөлдөөд буцахдаа талийгаачид өгдөг байсан гэжээ. / 1 дүгээр хавтас 223, 3 дугаар хавтас 219/
Гэрч Х.Өүлэндарь мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Батаа манай эмээг сайн танина. Учир нь Батаа надтай уулзчихаад орой нь намайг байнга эмээгийн гэрт хүргэж өгдөг байсан. Эмээгийн гэрт 2 удаа эмээг байхад надтай цуг орж ирж байсан гэжээ. /1 дүгээр хавтас 237-238/
Гэрч Д.Даваасүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 19 цагийн үед байх Г.Б намайг Их дэлгүүрийн баруун талын Алтай центрт уулзъя гараад ир гэхээр нь би гэрээсээ гарсан. Алтай центрт очиход Г.Б ирчихсэн гадаа сандал дээр суучихсан хүлээж байсан. Г.Б тэгэхэд бараан өнгийн хос костьюм пиджактай, цэнхэр өнгийн срочикон цамцтай, бараан өнгийн цэнхэр цагаан хөндлөн ташуу зангиатай байсан. Гадуураа хар өнгийн гэртээ таблеттай байсан гэжээ. /1 дүгээр хавтас 242/
Гэрч М.Одмаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …2015 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн орчим Улсын их дэлгүүрийн 1 давхарт уулзсан. Уулзахдаа хар бараан өнгийн костюм хослолтой срочикон цамцтай байсан. Би түүнд цагаан өнгийн хайрцагтай “ Булгари” ус бэлэглэсэн. 23 цаг өнгөрч бид хоёр салсан гэжээ. /1 дүгээр хавтас 243 /
Гэрч Ю.Гантулга мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Улаанбаатар их дэлгүүрийн хажуугийн пункеруудээр хог түүгээд явж байгаад Түшиг их дэлгүүрийн ард талын байрны цагаан өнгийн төмрөн пункер ухаад сууж байтал 16 цагийн орчим санагдаж байна нэг залуу ирээд ахаа гэхээр нь би эргээд хартал “ Ах аа. Та энэ цамц авах уу “ гэхээр нь би “ За. Тэгье, тэгье. Миний хүү авъя “ гэтэл тэр залуу цагаан өнгийн цув шиг юманд боосон бололтой хар өнгийн цамц гаргаж ирээд надад өгчихөөд буцаад явчихсан. Надад өгсөн цамц нь малгайтай хар өнгийн, битүү энгэртэй, углаж өмсдөг цамц өгсөн гэжээ. / 1 дүгээр хавтас 245 /
Гэрч Ж.Төгс-Эрдэнэ мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Намайг гэртээ ганцаараа байж байхад 18 цагийн үед Жаагий, Реклам болон өөр нэг харааны нүдний шилтэй залуу гурав согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй манайд орж ирсэн. Гэтэл Жаагий төмөр никл нүүртэй товчлууртай Нокиа маркийн гар утас гаргаж ирээд цэнэглэгч байна уу, энэ утсыг цэнэглэж хүний дугаар харах гэсэн юм гэхээр нь би байхгүй гэж хэлсэн. Тэгээд бид нар том өрөөнд орж ойр зуурын зүйл ярьцгаасан. Би тухайн үед компьютер тоглоом тоглож байсан юм. Тэр гурав том өрөөний буйдан дээр сууцгааж байсан. Манайд Жаагий 30 орчим минут болоод гэр рүүгээ явлаа гээд эхлээд гараад явсан. Нөгөө хоёр Жаагийг гарсны дараа 1 цаг орчим болоод манайхаас гэртээ харина гээд гараад явсан. Тэгээд энэ гуравтай уулзаагүй бөгөөд маргааш нь Реклам 13 цагийн үед өөрийнхөө 88601080 гэсэн дугаараас надруу залгаж, танайд утсаа орхичихсон байна гэхээр нь ямар утас гэтэл цэнэглэгч хайж ирсэн гар утсаа гэж хэлсэн. Би ажил дээр байсан учир би ажил дээрээ байна утсыг чинь мэдэхгүй байна. Гэртээ очиж байгаад болъё гэж хэлсэн. Би тэгээд ажил дээрээ хоноод өчигдөр гэртээ ирээд утсыг нь хайхад том өрөөний буйдан дээр байж байсан. Тэгтэл Реклам15 цагийн үед манайд ганцаараа ирээд усанд ороод гарч ирэхээр нь нөгөө утас чинь байна шүү гэхэд харин тийм байна, би харсан гэж хэлсэн. Тэгээд утсаа авалгүй 20-21 цагийн үед нэг хүүхэнтэй уулзана гээд гараад явсан. Би тэр утсыг ерөөсөө оролдож үзээгүй. Тэгээд би унтсан чинь өнөө өглөө Реклам залгаад нөгөө Нокиа утсыг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр аваад ир гэж хэлсэн гэжээ. /1 дүгээр хавтас 246 /
Гэрч Б.Оюунцэцэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг өнгөрч байхад Урт цагаан дээр байх манай лангуун дээр намайг байж байхад 2 залуу хүрч ирсэн. Өндөр нь 20 орчим насны 175-180 см орчим өндөр нуруутай, шаравтар царайтай, монхордуу. Намхан нь саравчтай малгайтай 160-165 см орчим өндөр нуруутай, барзгар царайтай махлагдуу залуучууд байсан. Би хувцсыг нь сайн ажиглаагүй. Өндөр нь хаанаас гаргаж ирснийг нь мэдэхгүй 14 кратын монетон, бриллантан шигтгээтэй, уг шигтгээг цагаан алтан шүдээр тогтоосон бөгж гаргаж ирээд авах уу гэхээр нь би уг бөгжийг үзэхэд 4.7 грамм болж байсан.Өндөр залуу нь 500.000 төгрөгөөр болох уу гэхээр нь би 400.000 төгрөг гэхэд жижиг нь өг өг гэхэд өндөр нь надад 400.000 төгрөгөөр зарсан.Би авахаасаа өмнө энэ эмэгтэй хүний бөгж байна хулгай зэлгийний бөгж биш биз гэхэд би найз охиндоо авсан байж байгаад мөнгөний хэрэг гараад зарж байна гэж өндөр нь хэлсэн гэжээ. /1 дүгээр хавтас 249/
Гэрч Б.Цэдэндамбаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр буюу бүтэн сайн өдөр надруу 23 цаг өнгөрч байхад 8809-тэй дугаараас залгаад би найз охинтойгоо хамт байна. Чи Чингисийн талбайн урд талын “Лакс” баарны хажуу талын Голден лоунжид хүрээд ир хамт ууж идье, чиний уран бүтээлийн тал дээр ярилцах юм байна гэж хэлэхээр нь би очсон юм. Намайг очиход Жаагийтай хамт найз охин нь гэх нэрийг нь мэдэхгүй эмэгтэй хамт байсан ба ширээн дээр талыг нь уучихсан 0.33 литрийн Голд Чингис архи байсан юм. Намайг очиход Жаагий болон хамт байсан эмэгтэй нь их согтуу байсан ба тал шил архиа хувааж уучихаад 0.33 литрийн архи аваад хувааж уусан юм. Архиа ууж байхдаа Жаагий чиний уран бүтээлд санаа өгөх бичлэгүүд надад байгаа чамд үзүүлмээр байна. Би удахгүй их хэмжээний мөнгөтэй болно тэгэхээр чиний уран бүтээлийг дэмжиж чамайг ивээн тэтгэе гэж хэлсэн ба хоёулаа өнөөдөр манай гэрт очиж хоноё, би чамд өөрийнхөө гэрийг үзүүлье гэж хэлсэн юм. Тэгээд уг лоунжаас гараад их дэлгүүрийн баруун хойд талын буланд хамт явсан эмэгтэйг нь буулгаад Жаагийгийн гэр рүү явсан юм. Ингээд Жаагийгийн гэр буюу Гандангийн дэнжид байрлах 9 давхар байр руу очиж гэрт нь орсон чинь намайг өөрийнхөө өрөөнд дагуулж ороод надад ярьж байсан бичлэгүүдээ үзүүлээд ийм байвал яаж байна гэж хэлээд надад шинэ уран бүтээлийн санаа хэлж байснаа гэнэт чи хүнд битгий хэлээрэй, би хүн алчихсан гэж хэлэхээр нь би чи битгий худлаа яриад бай гэж хэлсэн чинь нээрээ чи итгэхгүй байвал үүнийг хар гэж хэлээд өөрийнхөө өрөөний ширээний шургуулганаас 25-30 орчим см урттай хар өнгийн бариултай хутга болон цус болчихсон алчуур гаргаж ирээд надад үзүүлсэн юм.
Тэгснээ энэ хутгыг хугалчихая гэж хэлээд гэрийнхээ шалан дээр хутганы үзүүрээр дарж байгаад хутгыг хугалсан. Үүний дараа Германаар биччихсэн бичигтэй бөгжний хайрцаг гаргаж ирээд дотроос нь дээрээ бриллиантан шигтгээтэй алтан шар өнгөтэй эмэгтэй бөгж гаргаж ирж надад үзүүлсэн ба бас нэг таблет байна гэж хэлээд надад үзүүлэхээр нь би бөгж, таблет хоёрыг хэнийх юм бэ гэж асуусан чинь минийх гэж хэлэхээр нь би чи хулгайлчихсан юм уу гэж асуусан чинь үгүй ээ минийх гэж хэлсэн.Тэгсэнээ хоёулаа бөгж, таблет хоёрыг маргааш зараад архи ууя гэж хэлэхээр нь би гайхаад зогсож байтал чамд гар утас хэрэгтэй юу гэж хэлээд Нокиа 6300 маркийн саарал өнгийн корпустай хуучин гар утас гаргаж ирээд надад өгөхөөр нь би хүнд авъя гэж хэлээд авсан юм.
Гэхдээ би гар утсыг нь ширээн дээр нь тавьчихаад одоо би ахынхаа гэр рүү явлаа, энд хонохгүйээ гэж хэлээд Жаагийгийн гэрээс 03 цаг өнгөрч байхад гараад явсан юм. Тэгээд би хуурай ах Эрхэмбаярын гэр болох Саппорогийн буудлын арын байранд очсон юм. Намайг Эрхэмбаяр ахын гэрт байж байтал Жаагий утсаар залгаад чи хаана байгаа юм бэ гэж асуухаар нь би ахынхаа гэрт ирчихсэн байна гэж хэлсэн чинь чи миний бөгжийг харсан уу гэж асуухаар нь би ширээн дээр чинь байсан шдээ би мэдэхгүй байна гэж хэлсэн чинь, чи миний бөгжийг хулгайлчихсан юм биш үү хэрвээ тийм бол авч ирээд өгчих гэж хэлэхээр нь би тийм юм хийх хүн бишээ, чиний бөгжийг аваагүй гэж хэлээд утсаа тасалсан. Тэгтэл надруу чи авчихсан юм биш үү гэсэн мессеж ирэхээр нь би аваагүй ээ, хэрвээ намайг авсан гэж бодоод байвал хоёулаа нүүрэлдэе би өглөө яваад очъё гэсэн мэссэж бичээд орхисон. Тэгээд 2015 оны 08 дугаар сарын 17-ны өглөө 11 цагийн орчим би Жаагийгийн гэрт нь очиж уулзахад миний бөгж үнэхээр олдохгүй байна гэж хэлэхээр нь би хамт бөгжийг нь хайлцаж байгаад олдохгүй байхаар нь би гараад бэлэн гоймон аваад ирье, хоёулаа шараа тайлая гэж хэлээд дэлгүүр рүү гарч бэлэн гоймон аваад буцаж гэрт нь орж ирээд гоймонгоо чанаж идээд сууж байтал Жаагий гэнэт ухас хийгээд бөгжөө хайж байгаад би бөгж олчихлоо гэж хэлээд надад бөгжөө харуулаад би чамайг л миний бөгжийг авчихлаа гэж бодсон, намайг уучлаарай гэж хэлэхээр нь худлаа байлгүйдээ гэж хэлсэн. Ингээд дахиж надад бичлэгүүд үзүүлсэн ба надад Герман улсын Хатар гэдэг нэртэй репперийн талаар яриад клипнүүдийг нь үзүүлж дуусгаад надад би энэ хутга алчуур хоёрыг хаях хэрэгтэй байна гэж хэлэхээр нь бид хоёр гэрээс нь 12 цаг өнгөрч байхад гараад явсан юм. Гэрээс нь гараад Гандангийн зүүн талын хаалгаар дотогш орж жорлон руу чиглэж явж байснаа замд таарсан траншейны нүхний завсараар нэг юм хаясан. Би яг юу хаясаныг мэдэхгүй байна. Тэгээд уг хашаанаас ертөнцийн зүгээр урд талын хаалгаар гарч урагшаа явж байгаад нэг гудамж руу орсон юм. Уг гудамжаар явж байгаад нэг хашааны завсараар юм хаяад байх шиг байсан. Яг юу хаясанг нь мэдэхгүй байна. Тэгээд цаашаа бөмбөгөр худалдааны төвийн уулзвараар зам хөндлөн гарч Урт цагаан руу чиглэж явж байхдаа одоо энэ бөгжөө зараад мөнгөтэй болж архи ууя гэж хэлэхээр нь би наадах чинь юун бөгж юм бэ гэж асуусан чинь энэ миний бөгж байгаа юм аа хөгшөөн санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгээд Урт цагаан дээр ирээд алт, үнэт эдлэл авдаг дэлгүүр рүү орж хэдэн төгрөг болох талаар асуухад бөгжийг үзсэн дэлгүүрийн эзэн болон ээж, охин 2 бөгжийг үзчихээд 400.000 төгрөг болох юм байна гэж хэлсэн чинь Жаагий наадах чинь 900 евро орчим болох ёстой гэж хэлээд за за тэгвэл 400.000 төгрөгт өгье гэж хэлээд уг бөгжийг зарсан юм. Мөнгөө авчихаад Урт цагааны зүүн талын уулзвараас такси бариад 13 дугаар хороолол руу явсан ба Шинэ Монгол сургуулийн хажууханд очоод намайг машинд байж бай, би найзтайгаа уулзчихаад ирье гэж хэлээд Жаагий машинаас буугаад явсан юм. Энэ үед би машинд унтаад үлдсэн ба хэсэг хугацааны дараа миний утас дуугарахаар нь аваад ярьтал Жаагий хаана зогсож байгаа юм бэ гэж асуухаар нь түрүүн зогссон газраа зогсож байна гэж хэлсэн чинь Жаагий машин руу хүрээд ирсэн юм. Тэгээд бид хоёр парк руу явж машин унаж, уралдаж тоглохоор явсан ба паркийн гадаа машинаас буугаад уралддаг машин руу явж байх замдаа би Жаагийд хандаж Тамираатай хамт гурвуулаа уралдая гэж хэлсэн чинь Жаагий тэгье гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Тамирааг парк дээр хүрээд ир гэж хэлсэн чинь за гэж хэлээд утсаа тасалсан. Ингээд Жаагий бид хоёр машин дээр очтол машинууд ажиллахгүй нэг машин нь ажиллаж байхаар нь Жаагий бид хоёр ээлжилж унаж байгаад Тамираагийн утас руу дахиж залгаж яриад энд машинууд нь ажиллахгүй байна. Төгсөө ахынд очиж Х-ВОХ тоглоё, Тэнгис кино театрын урд талын зогсоол дээр уулзъя гэж хэлээд Жаагий бид хоёр явсан юм. Тэгээд Жаагий бид хоёр Тэнгис кино театрын урд талын автомашины зогсоол дээр хүлээж байгаад Тэнгис кино театр руу ороод тоглоомон буугаар бай онож буудаж тоглож байгаад буцаж гадаа гарч ирсэн. Ингээд зогсож байтал Тамираа ирсэн ба бид 3 хамт Төгсөө ахын гэр рүү очиход 18 цаг өнгөрч байсан ба Төгсөө ахаас Х-ВОХ чинь байгаа юу тоглох гэсэн юм гэж хэлсэн чинь ажил дээр байгаа гэж хэлэхээр нь бид нар хоорондоо юм ярьж хэсэг суусан юм. Тухайн үед миний нойр хүрээд байхаар нь би унтлаа, орой 20 цагаас уулзалттай гэж хэлээд Төгсөө ахын гэрийн том өрөөнд нь ороод унтсан. Жаагий баяртай гэж хэлээд гараад явсан юм. Ингээд би Төгсөө ахын гэрт унтаж байгаад 20 цагийн үед Тамираатай гарч явсан ба Хан-Уул дүүрэгт “ Greem cretiw” гэдэг нэртэй студид очиж хүмүүстэй уулзчихаад орой 22 цаг болж байхад төв рүү Тамираатай хамт явсан ба хүүхдийн 100-д байдаг NB JAZZ пабад суугаад пиво ууж байтал Жаагий Тамираагийн утасруу залгаад утсаар яриад байсан ба орой 00 цаг өнгөрч байхад Жаагий ирсэн юм. Жаагий гаднаас ирээд бид гурав юм ярьж сууж байхад Жаагий нөгөө таблетийг 13 дугаар хороололд өдөр би машинаас буухдаа хогийн саванд хаячихсан гэж хэлж байсан. Ингээд бид гурав пиво ууж сууж байгаад 01 цагийн орчим уг газраас гарсан. Бг Жаагий гэж дууддаг юм. 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өглөө Жаагийнгийн гэрт дахин очиход надад Нокиа6300 маркийн гар утсыг чи ав гэж дахин өгсөн.Тэгэхээр нь би өмднийхөө халаасанд хийчихсэн юм. Жаагий гар утасны цэнэглэгч Төгс-Эрдэнээс асууж байсан. Тэгээд тэр утсыг Төгс-Эрдэнэ ахынд үлдээсэн байсныг Төгс-Эрдэнэ ах өнөөдөр цагдаад авчирч өгсөн байх гэжээ. /2 дугаар хавтас 1-5/
Гэрч П.Энхбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Хаан банкны зүүн хойд талд байдаг 77 дугаар байранд хаалганы цоож эвдүүлж янзлуулах дуудлагыг эмэгтэй хүн өгсөн ба уг дуудлаганд нэг цаг орчмын дараа 23 цаг 40 минутын үед ирсэн. Дуудлага өгсөн гэх 2 эмэгтэй, 2 эрэгтэй хүн бас цагдаагийн алаг машинтай 2 цагдаагийн хамтаар хүлээж байсан. Тэгээд би ажлаа хийж хаалгыг нь 20 орчим минутанд нээж янзалж дууссан бөгөөд энэ үед цаг хэд болж байсныг би анзаараагүй. Хаалгыг нээсний дараа цагдаа нэг залуугийн хамтаар эхэлж орсон ба өөр хүн ороогүй. Би тэр айлд ороогүй ажлаа дуусгаад төлбөрөө аваад явсан гэжээ. /2 дугаар хавтас 27 /
Гэрч Г.Туяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Миний мэдэхээр талийгаач гадар тал нь төмөр никлэн, товчлууртай нокиа маркийн гар утас барьдаг байсан гэжээ. / 3 дугаар хавтас 129/
Гэрч Б.Болормаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Тамир, Цэдэндамбаа, Дэлгэрмөрөн, бид нар Гачууртад манайд байж байгаад орой 22 цагийн үед Улаанбаатар хотод орж ирсэн. Бид нар миний төрсөн өдөр гээд 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрийн 21 цаг хүртэл Гачууртад манай зуслан дээр байсан гэжээ. /3 дугаар хавтас 132/
Гэрч О.Төмөрхуяг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Цогцос нь хөлөө ванны дээд талд өсгийгөөрөө тохсон байдалтай, хөл нь мөрний хэмжээтэй алцаасан байсан бөгөөд дээшээ харсан байсан. Цогцосыг зөөвөрлөсөн гэх зүйл ажиглагдаагүй гэжээ. /2 дугаар хавтас 78/
Гэрч Г.Баянбаатар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Би Анар гэх залуутай хамт ороод Төмөрхуягийг бусад хүмүүстэй хамт гадаа үлдээсэн. Тэгээд ороход гэрэлгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан ба би Анар гэх залууг өрөөнүүдээр үзээдэх гээд өрөөнүүд рүү оруулж үзээд унтлагын өрөөнд орж үзээд байхгүй байна гэж хэлсэн. 00-ийн өрөөнд ороод үзтэл нилээн настайвтар жижгэвтэр биетэй эмэгтэй хүний хоёр хөл нь усанд ордог ванны ирмэг дээр харин цээжин бие нь плитан шалан дээр хэвтсэн,аман дээр нь жижиг гар нүүрний алчуур тавьсан, хоолой урд хэсгээрээ зүсэгдсэн байдалтай байсан. Тэгээд би Анар гэх залууг дуудаж харуулсан ба тэгтэл Төмөрхуяг гаднаас орж ирж харчихаад бид гурав хамт гадагшаа гарсан гэжээ. / 2 дугаар хавтас 81/
Гэрч С.Болор мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Би яг нэрээр нь бол танихгүй. Харин сая таны үзүүлсэн зургийг хараад танилаа. Энэ залуу бол 2013 онд билүү 2014 онд манайд ажилд орох гэж ирсэн. Тэгэхдээ өөрийгөө Батка гэж танилцуулж байсан. Би энэ залуутай нэг л удаа уулзаж байсан. Тэгээд манайд ажилд ороогүй. Миний санаж байгаагаар ажилд орно гэж ирээд ажил байдалтай танилцчихаад явсан юм. Тэгээд дахин холбогдоогүй. Анх ирэхдээ миний таньдаг хүн гадаад хэл сайтай оюутан байгаа юм гэж хэлэхээр нь би тэгвэл би ажилд авъя гэж байсан юм. Өөрөөр бол би танихгүй. Манайд ажиллаж байгаагүй. Надтай Монгол хэлээр зүгээр яриад ойлголцож байсан гэжээ. / 4 дүгээр хавтас 187/
Гэрч М.Доржханд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Урт цагаанд байх найз Оюунцэцэгээс бриллиантан шигтгээтэй бөгж 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд нилээн сүүлд Уртцагаан дээр очиж Оюунцэцэгтэй уулзахад нөгөө бөгж чинь байгаа юу гэхээр нь байгаа гэтэл наад бөгжөө буцааж өг хүн амины хэрэгтэй холбоотой бөгж байна гэхээр нь би бөгжийг нь гэрээсээ авчирч буцааж өгч өөрийн 500.000 төгрөгийг буцааж авсан гэжээ. /4 дүгээр хавтас 188/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 173 тоот дүгнэлтэнд:
1. Заяагийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүн дэх цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой, 2 талын тараагуур судас, хүзүүний жолоо булчинг гэмтээсэн шарх, хүзүүний өнгөц зүсэгдсэн шарх, цээжний цус хуралт, зүүн 1,2, баруун 1-5 дугаар хавирганы шууд бус хугарал, эрүү, хүзүүн дэх зулгаралт, цус хуралт, хүзүүний булчин дахь цус хуралт, 2 нүдний зовхи, зовхины дотор салст, алимны салст, дээд, доод уруулын дотор салст дахь тархмал цус харвалт бүхий гэмтлүүд тогтоогдсон.
2. Дээрхи хүзүүний шарх гэмтэл нь ир бүхий зүйлийн үйлчлэлээр,бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Заяагийн биед учирсан гэмтлийг талийгаач өөрийн биедээ учруулах боломжгүй. Заяагийн үтрээ, шулуун гэдэснээс эр бэлгийн эс илрээгүй. Заяагийн цус, ходоодны агууламжаас согтууруулах ундааны зүйл илрээгүй.
4. Заяа нь В3 бүлгийн цустай байна.Талийгаачийн хоолойд үүссэн шарх гэмтэл нь хутга, заазуур гэх мэт ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүссэн ба ямар багаж зэвсгээр үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна.
5. Талийгаачийн хүзүүнд учирсан шарх гэмтэл нь зүрх судасны үйл ажиллагаа зогссон байх үед үүссэн байна.
6. Талийгаач нь багалзуурдалтын улмаас амьсгал бүтэлтэнд орж нас барсан баржээ. Талийгаачийн хүзүүнд үүссэн шархны улмаас цус их хэмжээгээр гадагшилсан байх тул нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна гэжээ. /2 дугаар хавтас 100-103/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3906 тоот дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд тэнцэх гарын мөрийг гарын хээний нэгдсэн санд 2015-4078-СБД гэсэн бүртгэлийн дугаараар кодлон оруулж нэгдсэн санд бүртгэлтэй байгаа гарын хээний дардсууд болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хэргийн газруудаас бэхжүүлж авсан гарын мөрүүдтэй автомат харьцуулалт хийлгэж үзэхэд 9 гэж дугаарласан гарын мөр, гарын хээний нэгдсэн санд MN000710014728 гэсэн бүртгэлийн дугаараар орсон Ганбат овогтой Бгийн баруун гарын алганы хээтэй тохирч байна гэжээ. / 2 дугаар хавтас 124/
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 785 тоот дүгнэлтэнд:
Г.Б нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдах чадвартай байсан байна. Г.Б нь мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.Б нь сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг гэх баримт үгүй байна. Г.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Г.Б нь хэрэг хариуцах чадвартай байна. Г.Б нь мэдүүлэг өгөх чадвартай байна гэжээ. /2 дугаар хавтас 149/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7469 тоот дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн алчуур, хутганы ажлын хэсэг зэргээс цусны ул мөр илэрсэн.
2. Шар өнгийн алчуур, хутганы ажлын хэсэг зэргээс илэрсэн цус нь шинжилгээнд тэнцэхгүй гэжээ. / 2 дугаар хавтас 173/
Шинжээчийг байцаасан тэмдэглэл “Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл юм. Эдгээр гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл юм. Хавирганы хугарлууд нь талийгаачийн амьд байх үед үүссэн дарагдах, шахагдах үйлчлэлээр үүссэн учир шууд бус хугарал юм гэжээ. / 2 дугаар хавтас 184-185/
Шинжээч Ш.Пүрэвдулам мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсэг нь хар өнгийн нунтагаар бохирлогдсон, шар өнгийн алчуур нь чийгтэй байсан. Эдгээрт цус байгаа эсэхийг шинжлэхэд цусны урвал сул явагдсан бөгөөд цус ул мөр төдий илэрсэн. Алчуураас хэсэгчлэн, хутганаас арчидасаар дээж авч ДНХ-ийн шинжилгээ хийхэд үр дүн гараагүй. Дээж бага байсан учраас хүний болон амьтны цус аль нь болохыг тогтоох боломжгүй гэжээ. / 3 дугаар хавтас 114/
Шинжээч Б.Баянжаргал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Би 9 дугаартай гарын мөрийг тусад нь ялгаж бичсэн юм. Тэнцсэн гарын мөрүүд нь папилон санд байгаа гарын мөрүүдтэй тохирохгүй байсан тул нийтэд нь бичсэн. 9 дугаартай гарын алганы мөр сангаас шүүж үзэхэд ганцаараа Г.Бгийн гарын алганы мөртэй тохирч байсан тул тусад нь бичсэн гэжээ. / 3 дугаар хавтас 128/
Гэрч Т.Тамир мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хавтас 6/
Гэрч Д.Анар мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хавтас 13-16-рт/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас 13-39/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас40-43/
Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас 111-116/
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1 дүгээр хавтас 117, 119/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас 121-124 /
Зураг таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл /1 дүгээр хавтас 125-127, 3 дугар хавтас 212/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 134-135/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас 138, 3 дугаар хавтас 209/
Эд мөрийн баримт буюу камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас 143-144/
Сиди бичлэгт үзлэг дахин хийсэн тэмдэглэл / 4 дүгээр хавтас 123/
Эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас217-218/
Г.Бгийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 106-109/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7427 тоот дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн “шургуулганы доод талын тавиур дээр байсан модон хайрцагнаас хураан авсан үнс, номын шкафан дээр байсан тортог болсон мөнгөлөг цааснаас авсан дээж, номын шкапан дээр байсан картон цаасан дээрээс авсан үртэс, ширээний 3 дахь шургуулганаас хураан авсан ногоон өнгийн нунтаг, номын шкафан дээр байсан цагаан өнгийн металл дээр байсан үртэс, шатаагүй үлдсэн ургамалын бүхэллэг хэсгүүд гэсэн дээж тус бүрийн найрлаганд дельта-9 тетрагидроканнабинол / delta-9 tetrahydrocannabinol /-ийн агуулга илэрч байна.
2. Уг бодис нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно гэжээ. /2 дугаар хавтас 154-155/
Шүүгдэгч Г.Бг 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / 2 дугаар хавтас 286-289 / 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 2 дугаар хавтас 190-194, 3 дугаар хавтас 127, 245-247 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 2 дугаар хавтас 232 / зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр найз охинтойгоо Улаанбаатар их дэлгүүрийн орчим уулзахаар явсан. Надад цаг байсан учир Өүлэнгийн эмээтэй тааралдсан. Эмээ надыг цайнд урьсан. Эмээ надад амьдарлаа яриад надад нэг бөгж үзүүлээд авах хүн байна уу гэхээр нь би туслая гэсэн. Тэгээд бөгж өгсөн. Ус алдсан гээд картон хайрцаг буулгуулсан. Тэгээд хоолонд урьсан. Утас сажигнаад байна гэхээр нь би засуулж өгөхөөр болсон. Миний утас дугараад бид хоёр гэрээс хамт гараад эмээ тэндээ нэг эмээтэй таараад юм яриад үлдсэн. Би буцаж яваад Улаанбаатар их дэлгүүрийн урдаас тамхи аваад Алтай центр орсон.
Миний цамц шатсан байсан учир би цамцаа хог түүдэг хүнд өгсөн. Би Б.Цэдэндамбыг удаан танихгүй. Түүнтэй тааралдахдаа би эрүүл байсан. Б.Цэдэндамба надад санхүү ч олж өгөөч гэхээр нь би татгалзсан. Манай гэрт бичлэг үзсэн. Би Б.Цэдэндамбад хутга, бөгж үзүүлээгүй. Өглөө гараад Гандангаар яваагүй. Таксигаар шууд Урт цагаан орсон. Би жаахан халамцуу байсан учир утас хэрэгтэй байна гэхээр нь Өүлэнгийн эмээгийн утсыг өгсөн. 13 дугаар хороолол яваагүй. Мөнгөний хэрэг байсан учир бөгжийг зарсан. Хэд хоногоос надад мөнгө орж ирэх байсан. Мөнгийг нь өгөх гэж байтал энэ хэрэгт холбогдсон.
Би Болорыг Германд байхаас мэднэ. Бараг 15 жил танил байсан. Дансаар Болорын дансанд гүйлгээ хийсэн нь байгаа.
Монголд хар тамхи хууль бус гэдгийг би мэднэ. Гэртээ хар тамхи хадгалаагүй. Зүйл ангиудыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Од мэдүүлэхдээ: Би Германд амьдардаг ч гэсэн ээжтэйгээ өдөр бүр холбоо барьж, хаа явсан, юу идсэнг мэддэг байсан. Гэтэл холбоо барьж болохгүй болохоор нь ах руугаа утсаар яриад очиж үзэхийг хэлсэн. Тэгээд манай ээж нэг жижигхэн нохойтой учир нохой байна гэхээр нь ээж холдох ёсгүй учир хаалгыг нь онгойлгуулж ортол ээж маань алагдсан байсан.
Би Г.Бгийн ярьж байгааг үнэмшихгүй байна. Прокурорын яллах дүгнэлт ойлгомжтой байна. Ийм асуудал болсныг би одоо болтол хүүхэддээ хэлээгүй байгаа. Манай ээж 400.000 төгрөгний тэтгэвэр авдаг. Бид тусладаг учир бөгжөө зарах ямарч шаардлага байхгүй. Утсыг би монголд ирэхээрээ барьдаг байсан. Ямар нэг эвдрэл байхгүй. Байшингаа бариад дууссан байсан.
Хэрэг гарснаас хойш би маш их олон удаа хүүхдээ айлд орхиод ажлаасаа чөлөө авч ирж байгаа. Германаас ирж очиход 2.400.000 төгрөг болдог. Байнга ирж буцаж маш их хохирсон. Оршуулгын зардал болон ажил явдалд ирж очсон хүмүүсийн зардал зэрэгт 28.378.611 төгрөгийг нэхэмжилнэ. Эдгээрээс гадна сүүлд ирж очсон зардал болон цалингаа баримтаа бүрдүүлж, жич нэхэмжилнэ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан дараах бичгийн баримтуудаар шүүгдэгч Г.Б нь шунахайн зорилгоор 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 77 дугаар байрны 08 тоотод оршин суух хохирогч Г.Заяагийн бриллиантан шигтгээтэй бөгж, бөгж, таблет, нокиа маркийн гар утас зэрэг нийт 2.750.200 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийг авах зорилгоор 70 настай эмэгтэй Г.Заяаг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж түүний биед цээжний цус хуралт, зүүн 1,2, баруун 1-5 дугаар хавирганы шууд бус хугарал, эрүү, хүзүүн дэх зулгаралт цус хуралт, хүзүүний булчин дахь цус хуралт, 2 нүдний зовхи, зовхины дотор салст, алимны салст, дээд, доод уруулын дотор салст дахь тархмал цус харвалт зэрэг олон тооны гэмтэл учруулан хоолойг боож, өөрийн үйлдсэн хэргээ нуун далдлах хялбарчлах зорилгоор хоолойг нь зүсэж буюу онц харгис хэрцгий аргаар санаатай алсан,
-2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Г.Бгийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 77-1 дугаар байрны 74 тоотод оршин суух гэрт үзлэг хийх үед "делта-9 тетрагидроканнабинол" гэсэн сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь баримтуудаар нотлогдсон тогтоогдож байна. Үүнд:
...Хаалганы цоож эвдүүлж, янзлуулах эмэгтэй хүний дуудлагын дагуу 23 цаг 40 минутын үед очоод 20-иод минутанд нээж янзлаад цагдаа нэг залуугийн хамт орсон гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч П.Энхбаярын мэдүүлэг / 2 дугаар хавтас 27 /, ...Анар гэх залуугийн хамт дотогш ортол 00-ын өрөөнд хөл нь дээшээ банны ирмэг дээр тавигдсан, аман дээр жижиг нүүр гарын алчуур тавьсан, хоолойн урд хэсгээрээ зүсэгдсэн настай эмэгтэй байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн цагдаа буюу гэрч Г.Баянбаатарын мэдүүлэг / 2 дугаар хавтас 81 /, ... Цогцсыг зөөвөрлөсөн гэх зүйл ажиглагдаагүй гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн цагдаа буюу гэрч О.Төмөрхуягийн мэдүүлэг / 2 дугар хавтас 78 /, ...Дуудлагаар онгойлгосон гэх баруун талын өргөтгөлийн хаалгаар орж, 00-ын өрөөнд ороход хоёр хөлийг нь банны ирмэг түшүүлсэн, биеийн цээжин хэсэг нь эгц дээшээ харсан 65-70 орчим насны эмэгтэй хүний цогцос байлаа. Хэргийн газраас нийт 15ш гарын мөр бэхжүүлэн авлаа. Хутганууд болон 00-ын өрөөнд цусан мөр толбо илрээгүй гэсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас 13-39 /, ...Хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөрүүдэд шинжилгээ хийхэд 9 гэж дугаарласан гарын мөр, гарын хээний нэгдсэн санд MN000710014728 гэсэн бүртгэлийн дугаараар орсон Ганбат овогтой Бгийн баруун гарын алганы хээтэй тохирч байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3906 тоот дүгнэлт/ 2 дугаар хавтас 124/, ...Тэнцсэн гарын мөрүүд нь папилон санд байгаа гарын мөрүүдтэй тохирохгүй байсан тул нийтэд нь бичсэн. 9 дугаартай гарын алганы мөр сангаас шүүж үзэхэд ганцаараа Г.Бгийн гарын алганы мөртэй тохирч байсан тул тусад нь бичсэн юм гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн шинжээч Б.Баянжаргалангийн мэдүүлэг / 3 дугаар хавтас 128 /,
...Цогцос хөшсөн, хөшилт доод мөчдөд тод үүссэн, хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр хүрэн улаан өнгөөр бүдэг үүссэн хүзүүний урд доод хэсэгт хөндлөн байрласан 13 см урт цагаан мөгөөрс, улаан хоолой, цагаан хоолой, хоёр талын гүрээний артерыг гэмтээсэн зах ирмэг тэгш зүсэгдсэн шархтай гэсэн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хавтас 40-43 /, …Талийгаач Заяагийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүн дэх цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолой, 2 талын тараагуур судас, хүзүүний жолоо булчинг гэмтээсэн шарх, хүзүүний өнгөц зүсэгдсэн шарх, цээжний цус хуралт, зүүн 1,2, баруун 1-5 дугаар хавирганы шууд бус хугарал, эрүү, хүзүүн дэх зулгаралт, цус хуралт, хүзүүний булчин дахь цус хуралт, 2 нүдний зовхи, зовхины дотор салст, алимны салст, дээд, доод уруулын дотор салст дахь тархмал цус харвалт бүхий гэмтлүүд тогтоогдсон. Талийгаачийн хүзүүнд учирсан шарх гэмтэл нь зүрх судасны үйл ажиллагаа зогссон байх үед үүссэн байна. Талийгаач нь багалзуурдалтын улмаас амьсгал бүтэлтэнд орж нас барсан баржээ гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 173 тоот дүгнэлт/ 2 дугаар хавтас 100-103/, ... “Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь бүгд шинэ, нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл юм. Хавирганы хугарлууд нь талийгаачийн амьд байх үед үүссэн дарагдах, шахагдах үйлчлэлээр үүссэн учир шууд бус хугарал юм гэж мэдүүлсэн шинжээч Д.Мөнхбатыг байцаасан тэмдэглэл/ 2 дугаар хавтас 184-185/,
...Талийгаачид миний өгсөн шар өнгийн монетан бриллиантан шигтгээтэй, шигтгээ нь 0.5 кратын шигтгээтэй бөгж, нөгөөдөх нь 0.15 кратын брилантан шигтгээтэй монетон бөгж, алга хар өнгийн арьсан гэртээ E-dos гэсэн Герман брэндийн 2014 онд 120 еврогоор авч байсан таблет, гал тогооны хоол хийдэг уртавтар хутга 1 ширхэг, ванны өрөөнд жорлонгийн урд шалан дээр тавьдаг дэвсгэр, хойд тал нь никль төмрөн саарал өнгийн, нүүр хэсэг нь хар өнгийн товчтой Нокиа маркийн гар утас зэрэг алга болсон байна гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Х.Одын мэдүүлэг/ 1 дүгээр хавтас 223, 3 дугаар хавтас 219 /, …2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр буюу бүтэн сайн өдөр надруу 23 цаг өнгөрч байхад 8809-тэй дугаараас залгаад би найз охинтойгоо хамт байна. Чи хүрээд ир гэхээр нь би очсон. Жаагий “ Чиний уран бүтээлийг дэмжиж чамайг ивээн тэтгэе. Өнөөдөр манай гэрт очиж хоноё “ гээд их дэлгүүрийн баруун хойд талын буланд хамт явсан эмэгтэйг нь буулгаад Жаагийгийн Гандангийн дэнжид байрлах 9 давхар байр руу очиж гэрт нь орсон. Намайг өрөөндөө оруулаад бичлэгүүдээ үзүүлж байснаа гэнэт “ Чи хүнд битгий хэлээрэй. Би хүн алчихсан “ гэж хэлэхээр нь би “ Чи битгий худлаа яриад бай “ гэж хэлсэн чинь “ Нээрээ чи итгэхгүй байвал үүнийг хар “ гэж хэлээд өөрийнхөө өрөөний ширээний шургуулганаас 25-30 орчим см урттай хар өнгийн бариултай хутга болон цус болчихсон алчуур гаргаж ирээд надад үзүүлсэн юм. Тэгснээ “ Энэ хутгыг хугалчихъя “ гэж хэлээд гэрийнхээ шалан дээр хутганы үзүүрээр дарж байгаад хутгыг хугалсан. Үүний дараа бриллиантан шигтгээтэй алтан шар өнгөтэй эмэгтэй бөгж, бас нэг таблет надад үзүүлэхээр нь би “ Хэнийх юм бэ “гэж асуусан чинь минийх гэж хэлсэн.Тэгснээ “ Хоёулаа бөгж, таблет хоёрыг маргааш зараад архи ууя. Чамд гар утас хэрэгтэй юу “ гэж хэлээд “ Нокиа “ 6300 маркийн саарал өнгийн корпустай хуучин гар утас гаргаж ирээд надад өгөхөөр нь би авъя гэсэн. Маргааш нь Жаагийгийн гэрт нь очоод 12 цаг өнгөрч байхад гараад Гандангийн зүүн талын хаалгаар дотогш орж жорлон руу чиглэж явж байснаа замд таарсан траншейны нүхний завсараар нэг юм хаясан. Уг хашаанаас ертөнцийн зүгээр урд талын хаалгаар гарч урагшаа явж байгаад нэг гудамж руу ороод явж байгаад нэг хашааны завсараар юм хаяад байх шиг байсан. Яг юу хаясанг нь мэдэхгүй байна. Тэгээд Урт цагаан дээр ирээд алт, үнэт эдлэл авдаг дэлгүүр рүү бөгжөө үзүүлээд 900 евро орчим болох ёстой гэж хэлээд 400.000 төгрөгөөр зарсан. Маргааш орой 22 цаг болж байхад Тамираатай хамт хүүхдийн 100-д байдаг NB JAZZ пабад суугаад пиво ууж байтал Жаагий гаднаас ирээд бид гурав юм ярьж сууж байхад Жаагий нөгөө таблетийг 13 дугаар хороололд өдөр би машинаас буухдаа хогийн саванд хаячихсан гэж хэлж байсан. Бг Жаагий гэж дууддаг юм. 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өглөө Жаагийнгийн гэрт дахин очиход надад Нокиа6300 маркийн гар утсыг өгсөн.Жаагий гар утасны цэнэглэгч Ж.Төгс-Эрдэнээс асууж байсан. Тэгээд тэднийд үлдээснийг Ж.Төгс-Эрдэнэ ах өнөөдөр цагдаад авчирч өгсөн байх гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Цэдэндамбаагийн мэдүүлэг /2 дугаар хавтас 1-5 /, ...Жаагий, Реклам болон өөр нэг харааны нүдний шилтэй залуу гурав согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй манайд орж ирсэн. Гэтэл Жаагий төмөр никл нүүртэй товчлууртай Нокиа маркийн гар утас гаргаж ирээд “ Цэнэглэгч байна уу. Энэ утсыг цэнэглэж хүний дугаар харах гэсэн юм “ гэхээр нь би байхгүй гэж хэлсэн. Тэд явахдаа манайд орхисон байсныг Реклам залгаад Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр аваад ир гэж хэлсэн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Ж.Төгс-Эрдэнийн мэдүүлэг /1 дүгээр хавтас 246 /, ... Цагаан өнгийн никл гадаргуутай, дэлгэц нь хар хүрээтэй Нокиа маркийн гар утсыг Ж.Төгс-Эрдэнээс хураан авсан тухай тэмдэглэл, гэрэд зургийн үзүүлэлт / 1 дүгээр хавтас 134-135 /, ... 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг өнгөрч байхад Урт цагаан дээр байх манай лангуун дээр өндөр нь 20 орчим насны 175-180 см орчим өндөр нуруутай, шаравтар царайтай, монхордуу, намхан нь саравчтай малгайтай 160-165 см орчим өндөр нуруутай, барзгар царайтай махлагдуу 2 залуу ирээд өндөр нь 14 кратын монетон, бриллантан шигтгээтэй, уг шигтгээг цагаан алтан шүдээр тогтоосон бөгж гаргаж ирээд авах уу гэхээр нь би уг бөгжийг үзэхэд 4.7 грамм болж байсан.Өндөр залуу нь 500.000 төгрөгөөр болох уу гэхээр нь би 400.000 төгрөг гэхэд жижиг нь өг өг гэхэд өндөр нь надад 400.000 төгрөгөөр зарсан.Би “ Эмэгтэй хүний бөгж байна. Хулгай зэлгийний бөгж биш биз “ гэхэд би найз охиндоо авсан байж байгаад мөнгөний хэрэг гараад зарж байна гэж өндөр нь хэлсэн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Оюунцэцэгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас 249/, …Урт цагаанд ажилладаг найз Б.Оюунцэцэгээс бриллиантан шигтгээтэй бөгж 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд хүн амины хэрэгтэй холбоотой бөгж байна гэхээр нь би бөгжийг нь буцаан өгч 500.000 төгрөгөө авсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч М.Доржхандын мэдүүлэг /4 дүгээр хавтас 188/, ...Б.Оюунцэцэгээс дээрх “ Шар өнгийн металлан, цагаан өнгийн шигтгээтэй “ бөгжийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 3 дугаар хавтас 209-210 /, ... Гэрч Б.Оюунцэцэг нь Г.Б, Б.Цэдэндамбаа нарыг бөгж зарсан хүн болохыг таньсан таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл / 1 дүгээр хавтас 125-127 /, ...Гэрч Б.Цэдэндамбаагийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад түүний заасан газраас дундуураа мурийж хугарсан 18 см урттай хутганы ажлын хэсэг, шаргал өнгийн дөрвөлжин хээтэй 50х35 см хэмжээтэй цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хатсан толботой алчуур байсныг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл / 1 дүгээр хавтас 111-113 /, ...Мэдүүлгийг шалгах ажиллагааны явцад авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас 114-116 /, ...Дээрх хураан авсан алчуур болон хутгыг хохирогч Х.Од германаас ээждээ өгч явуулсан алчуур мөн мах хэрчдэг хутга мөн гэсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас 117-120 /,
...Гэмт хэрэг гарсан өдөр Г.Б нь талийгаачийн гэрийн ойролцоо 2 удаа ирж, очиж байгаа болохыг тогтоосон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас 143-144, 4 дүгээр хавтас 123 /, ...Ингэж явахдаа гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хувцсаа сольж, өмсөж явсан хар цамцыг бусдад өгсөн болох нь ... Би Улаанбаатар их дэлгүүрийн хажуугийн пункерээс хог түүгээд явж байгаад “ Түшиг “ их дэлгүүрийн арын байрны цагаан пункер ухаж байтал 16 цагийн орчим нэг залуу ирээд цагаан өнгийн цув шиг юманд боосон бололтой хар өнгийн цамц гаргаж ирээд өгсөн. Хар өнгийн углаж өмсдөг, битүү энгэртэй цамц өгсөн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Ю.Гантулгын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 245 /, …2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 19 цагийн үед байх Г.Б намайг уулзъя гараад ир гэхээр нь Алтай центрт очиход Г.Б ирчихсэн гадаа сандал дээр суучихсан хүлээж байсан. Г.Б тэгэхэд бараан өнгийн хос костьюм пиджактай, цэнхэр өнгийн срочкон цамцтай, бараан өнгийн цэнхэр цагаан хөндлөн ташуу зангиатай байсан. Гадуураа хар өнгийн гэртээ таблеттай байсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Даваасүрэнгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас 242/, …2015 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн орчим Улсын их дэлгүүрийн 1 давхарт уулзсан. Уулзахдаа хар бараан өнгийн костюм хослолтой срочкон цамцтай байсан. Би цагаан өнгийн хайрцагтай “ Булгари” ус бэлэглэсэн. 23 цаг өнгөрч бид хоёр салсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч М.Одмаагийн мэдүүлэг /1 дүгээр хавтас/, ...Г.Б нь гэрч М.Одмаатай уулзаж байхдаа гэрч Б.Цэдэндамбааг дуудаж, хамт гэртээ очсон болох нь ... 16-ны орой 23 цагийн үед Г.Б намайг утсаар дуудаад хамт байсан эмэгтэйг нь Их дэлгүүрийн баруун хойд талын буланд буулгасан. Тэгээд гэртээ очоод хүн алснаа хэлсэн. Маргааш нь Тамираатай бид 2 уулзаад хамт явсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б. Цэдэндамбаагийн мэдүүлэг / 2 дугаар хавтас 1-5 /, ... Б.Цэдэндамбаагийн мэдүүлэг үндэстэй болохыг ... Г.Б над руу залгахаар нь аваагүй. Гэтэл Б.Цэдэндамбаа заргаад бид уулзсан. Төгсжаргал ахынд очоод Г.Б яваад Б.Цэдэндамбаа тэднийд 1 цаг орчим унтаад тэндээс гарч UB жааз пабад орж пиво ууж байхад Г.Б ирээд хамт уугаад тэндээсээ гарч 10 дугаар хороололд “ Такур “ гэдэг газар орсон. Тэгээд архи захиалаад ууж байхад Г.Б надад “ Хөгшөөн. Би сэтгэлийн довиуртай байна. Чамайг надтай ярьж намайг тайвшруулах болов уу гэж бодож байсан чинь чи утаснаасаа салахгүй юм байна “ гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ “ Доргио “ бааранд орж бүжиглэж байгаад салцгаасан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн Т.Тамирын мэдүүлэг. / 2 дугаар хавтас 06 /, …Тамир, Цэдэндамбаа, Дэлгэрмөрөн, бид нар Гачууртад манайд байж байгаад орой 22 цагийн үед Улаанбаатар хотод орж ирсэн. Бид нар миний төрсөн өдөр гээд 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрийн 21 цаг хүртэл Гачууртад манай зуслан дээр байсан гэж мөрдөн байцаалтан явцад мэдүүлсэн гэрч Б.Болормаагийн мэдүүлэг. /3 дугаар хавтас 132/ зэргээр,
2. Шүүгдэгч Г.Б нь 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өөрийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 77-1 дугаар байрны 74 тоотод оршин суух гэртээ "делта-9 тетрагидроканнабинол" гэсэн сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:
...Г.Бгийн эцэг Ганбат, эх Наранцэцэг, өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Г.Бгийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 77-1 дугаар байрны 74 тоотод оршин суух гэрт үзлэг хийх үед түүний өрөөнд байх ширээний шургуулганы доод талын тавиур дээр байсан модон хайрцагнаас хураан авсан үнс, номын шкафан дээр байсан тортог болсон мөнгөлөг цааснаас авсан дээж, номын шкапан дээр байсан картон цаасан дээрээс авсан үртэс, ширээний 3 дахь шургуулганаас хураан авсан ногоон өнгийн нунтаг, номын шкафан дээр байсан цагаан өнгийн металл дээр байсан үртэс, шатаагүй үлдсэн ургамалын бүхэллэг хэсгүүд байсныг өмгөөлөгчийн хүсэлтээр эх Наранцэцэгт үзүүлэн хураан авсан тухай үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 106-109/, ... Дээрх хураан авсан зүйлүүд тус бүрийн найрлаганд дельта-9 тетрагидроканнабинол / delta-9 tetrahydrocannabinol /-ийн агуулга илэрсэн. Уг бодис нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7427 тоот дүгнэлт / 2 дугаар хавтас 154-155/ зэргээр шүүгдэгч Г.Бгийн үйлдсэн хэргүүд хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдхүүн дүгнэв.
Прокуророос шүүгдэгч Г.Бг 70 настай эмэгтэй Г.Заяагийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ уг гэмт хэргээ нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор хүнийг санаатай алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй гэж үзлээ. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Б нь хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор түүнийг алсан гэж үзэж, шунахай зорилгоор хүнийг санаатай алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д зааснаар ялласан бөгөөд шүүгдэгч нь хохирогчийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ санаатай алсан болох нь нотлогдоогүй, түүний үйлдлийг 91 дүгээр зүйлийн 91.2.7-д зааснаар давхардуулан зүйлчлэх шаардлагагүй байна.
2. Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Г.Б нь хохирогчийг багалзуурдсаны улмаас амьсгал бүтэлтэнд орж нас барсан. Түүнийг нас барсныг мэдээгүй учир эд зүйлүүдийг нь авсан болохыг мэдээлж болзошгүй, эсхүл гэмт хэрэг үйлдэхэд саадыг арилгах зорилгоор түүний хүзүүг хутгаар хэрчсэнг өөрийн гэмт хэргээ нуун далдлах буюу хялбаршуулах зорилгоор хүнийг санаатай алсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Бд Эрүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, прокуророос дээрмийн гэмт хэргээ нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор бусдыг санаатай алсан гэснийг өөрийн үйлдсэн хэргээ нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор бусдыг санаатай алсан гэж өөрчлөн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Бг шунахайн сэдэлтээр, өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алсан, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хуул бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуулинд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсныг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдав.
Шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийгээгүй, түүний үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл шалтган зэргийг харгалзан түүнд хуулинд заасан хорих ялын дээд хэмжээг оногдуулж, баривчлах ялыг багтаан оногдуулсан ялаас зарим хэсгийг гянданд эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч Х.Од нь оршуулгын зардал болон ажил явдалд ирж очсон хүмүүсийн зардал зэрэгт 28.378.611 төгрөг нэхэмжилсэн / 1 дүгээр хавтас 171-216 / тавлетыг 95.000 төгрөгөөр, савхин гэрийг 65.000 төгрөгөөр тус тус үнэлсэн / 1 дүгээр хавтас 218 / тул нэхэмжлэлээс төгрөгийг хасаж, үлдэх 28.286.381 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, хуралд ирж буцсан зардал болон дээрх хугацааны цалингаа баримтаа бүрдүүлж, жич нэхэмжилэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий сиди 1 ширхэг, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 3937 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хавсралт болох 2 ширхэг сиди, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хавсралт болох 1 ширхэг сидиг тус тус хэрэгт хавсаргаж, цагаан өнгийн шигтгээтэй шар өнгийн металл бүхий бөгж 1 ширхэг, Нокиа 6300 маркийн гар утас 1 ширхэгийг хохирогч Х.Одод олгож, хутга 1 ширхэг, шар цагаан алаг алчуур 1 ширхэг, Коларадо гэсэн бичигтэй хар өнгийн цамц 1 ширхэг, сэтгэцэд нөлөөлөх “делта-9 тетрагидроканнабинол” гэх /6.8 грамм/ бодис зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс / 2 дугаар хавтас 201-202 / 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 658 хоног цагдан хоригдсонг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.
Шүүгдэгч Г.Б нь хүн амины хэрэг үлдээгүй, гэртээ хар тамхи хадгалаагүй гэж мэдүүлснийг дараахь байдлаар үгүйсгэж байна. Үүнд:
1. Хэрэгт авагдсан дээр дурьдсан нотлох баримтуудаар үйлдсэн хэрэг нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон.
2. Хохирогч надад мөнгөний хэрэг болоод байна зараад өг гэж бөгжөө өгсөн, утас сажигнаж дугараад байна гээд засуулахаар утсаа өгсөн. Таблет аваагүй гэх боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Од нь манай ээж 400.000 төгрөгний тэтгэвэр авдаг. Бид байнга тусладаг. Зуслангийн байраа бариад дууссан байсан учир бөгжөө зарах ямарч шаардлага байхгүй гэж мэдүүлсэн. Мөн хохирогчийн утсыг анх мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэрч Ж.Төгс-Эрдэнээс хураан авахад уг утас унтраастай байсан / 1 дүгээр хавтас 134 /, улмаар дээрх утсыг асаан үзлэг хийхэд хэвийн ассан / 1 дүгээр хавтас 136-137 /, шинжээчийн дүгнэлтээр утас нь ямар нэгэн гэмтэлгүй байсан / 4 дүгээр хавтас 191-192 / байсан нь тогтоогдсон. Таблет аваагүй гэх боловч 2015 оны 08 дугаар сарын 16-ны ням гаригийн орой Г.Бтай уулзахад гадуураа хар өнгийн гэртээ таблеттай байсан гэж мөрдөн байцаалтын явцад гэрч Д.Даваасүрэн /1 дүгээр хавтас 242/ мэдүүлсэн байна. Мөн гэрч Б.Цэдэндамбаа таблеттай явсан болохыг мэдүүлсэн. / 3 дугаар хавтас 133 / Гэрч Б.Цэдэндамбаад хууль сануулан байцаалт авсан бөгөөд түүний мэдүүлгүүд хэрэгт авагдсан бусад гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар үнэн зөв, эргэлзээгүй болох нь нотлогдсон болно.
3. Сэтгэцэд нөлөөлөх бодис гэртээ хадгалаагүй гэх боловч түүний эцэг, эхийг оролцуулан өрөөнд нь үзлэг хийхэд ширээний шургуулганы доод талын тавиур дээр байсан модон хайрцагнаас хураан авсан үнс, номын шкафан дээр байсан тортог болсон мөнгөлөг цааснаас авсан дээж, номын шкапан дээр байсан картон цаасан дээрээс авсан үртэс, ширээний 3 дахь шургуулганаас хураан авсан ногоон өнгийн нунтаг, номын шкафан дээр байсан цагаан өнгийн металл дээр байсан үртэс, шатаагүй үлдсэн ургамалын бүхэллэг хэсгүүд тус тус байсныг өмгөөлөгчийн хүсэлтээр хөндлөнгийн гэрч болон түүний эх Наранцэцэгт үзүүлэн хураан авсан / 1 дүгээр хавтас 106-109/, эдгээрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэн / 2 дугаар хавтас 154-155 /, Б.Цэдэндамбаа урьд хар тамхины хэрэгт ял шийтгүүлсэн нь энэ хрэгт хамааралгүй, эдгээр зүйлсийг Д.Цэдэндамбааг тавьсан гэж шүүгдэгчийн өмгөөлөгч хэлсэн нь үндэслэлгүй байна.
4. Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ ... Эмээ надтай хамт гараад орцны өмнө бас нэг хөгшинтэй таараад ганц хоёр үг солиод урагшаа гарчихдаг юм гээд Хүүхдийн 100 руу гарсан. Тэгээд “ Хаан “ банкны шилэн цонхтой манаачийн байрны манаачтай юм яриад үлдсэн / 2 дугаар хавтас 187 / гэж мэдүүлснийг мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр манаачаар ажиллаж байсан Э.Шинэхүү, Д.Отгонбаатар нарыг гэрчээр байцаахад / 3 дугаар хавтас 223-224 / тэдгээр нь хохирогчийг танихгүй бөгөөд тэр өдөр ямар нэг эмэгтэйтэй яриагүй гэж мэдүүлжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Сарантуяагийн Г.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахыг хүссэн хүсэлтийг дараахь баримтуудаар хүлээн авах үндэслэлгүй байна. Үүнд:
1. Шинжилгээнд тэнцэх гарын мөрийг гарын хээний нэгдсэн санд 2015-4078-СБД гэсэн бүртгэлийн дугаараар кодлон оруулж нэгдсэн санд бүртгэлтэй байгаа гарын хээний дардсууд болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хэргийн газруудаас бэхжүүлж авсан гарын мөрүүдтэй автомат харьцуулалт хийлгэж үзэхэд 9 гэж дугаарласан гарын мөр, гарын хээний нэгдсэн санд MN000710014728 гэсэн бүртгэлийн дугаараар орсон Ганбат овогтой Бгийн баруун гарын алганы хээтэй тохирч байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3906 тоот дүгнэлт/ 2 дугаар хавтас 124/, ...Тэнцсэн гарын мөрүүд нь папилон санд байгаа гарын мөрүүдтэй тохирохгүй байсан тул нийтэд нь бичсэн. 9 дугаартай гарын алганы мөр сангаас шүүж үзэхэд ганцаараа Г.Бгийн гарын алганы мөртэй тохирч байсан тул тусад нь бичсэн юм гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн шинжээч Б.Баянжаргалангийн мэдүүлгээр / 3 дугаар хавтас 128 / тогтоогдсон.
2. Гэмт хэрэг гарсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтсийн хяналтын камерын нэгдсэн төвийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг харуулсан камеруудыг шүүж сэжигтэй этгээдийн бичигдсэн 5 камерын бичлэгийг хуулбарлан гаргаж өгснийг илтгэх хуудас болгон бичсэн, дээрх сидинд цагдаагийн дэслэгч И.Мөнхсонор үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 142-144 / байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд цагдаагийн хошууч Г.Ганбаяр нь сидиний бичлэгт дахин үзлэг хийсэн / 4 дүгээр хавтас 123-127 /, шүүх хуралдаанаар дээрх бичлэгүүдтэй сидиг үзсэн болно. Сидиний бичлэг, мөрдөн байцаагчийн тэмдэглэл хоёр ямар зөрүүтэй байгааг шүүхийн хэлэлцүүлэгт хэлээгүй, хүсэлтэндээ дурьдаагүй байна. Мөн илтгэх хуудас нь / 1 дүгээр хавтас 142 / хэрэгт цагдаагийн дэд ахлагч И.Есөнбол гэгчийн гарын үсэгтэй авагдсан. Гарын үсэггүй гэх хуулбар баримт нь хэргийн хавтасны дугаар бичигдээгүй, хэзээ хаанаас ямар байдлаар хуулбарлан авсан нь ойлгомжгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
3. Дээрх ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон Г.Хуланзаяа нь цагдаагийн дэслэгч И.Мөнгөнсонорын гэр бүлийн гишүүн гэдгийг нотлосон баримт байхгүй.
4. Шүүх прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн шүүгдэгч Г.Бгийн үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.7-д заасан хэргийг нотлогдоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5. Гэрч Гантулга нь хог түүж амьдардаг тэнэмэл нэгэн бөгөөд түүний мэдүүлэгт дурьдсан үйл явдал камерын бичлэгээр тогтоогдсон, өдрийг зөрүүтэй мэдүүлсэн нь бичлэгээр нотлогдсон болно.
6. Хавтаст хэрэгт / 1 дүгээр хавтас 106-110 / шүүгдэгч Г.Бгийн оршин суудаг Баянгол дүүргийн 11-р хороо, Өндөр дэнж хотхоны 77-р байрны 74 тоот орон сууцанд үзлэг хийсэн байна. Дээрх үзлэгээр хэрэгт ач холбогдолтой байж болох эд зүйлүүдийг хураан авсан байх боловч пенцепт хураан авсан гэж бичигдээгүй байна.
7. Хэрэгт авагдсан таньж олуулах ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна.
Иймд өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Г.Б нь хэдийгээр германд төрж өссөн, тэнд олон жил амьдарсан боловч 2011 оноос хойш монголд байнга оршин сууж байгаа бөгөөд бусадтай монгол хэлээр ярьж ойлголцож байсан болохыг мөрдөн байцаалтын шатанд авагдсан гэрч нар мэдүүлсэн, түүнийг 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр сэжигтнээр байцаахад монгол хэлээр ярьж ойлголцож чадна гэж / 2 дугаар хавтас 187 / мэдүүлж байсан байна. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаахад монгол хэлээр ойлгож, ярьж чадна. Орчуулагч авахгүй / 2 дугаар хавтас 191 / гэжээ. Мөн түүнчлэн энэ хэрэгт хамааралгүй боловч 2013.06.19-ний өдөр түүнийг эрүүгийн тоот хэрэгт гэрчээр байцаахад монгол хэлээр чөлөөтэй ярьж байсан болохыг гэрч Г.Анар мэдүүлсэн / 5 дугаар хавтас 09 / байна.
Мөн түүнчлэн Г.Б нь орчуулагчтай мэдүүлэг өгөх эрхээсээ татгалзаж, орчуулагчгүй мэдүүлэг өгнө гэж мэдүүлсний дагуу орчуулга хийлгэлгүйгээр шүүх хуралдааныг явуулсан. Дээрх шүүх хуралдаанд болон өмнөх шүүх хуралдаанд монгол хэлээр чөлөөтэй ярьж, мэдүүлж, асуултанд хариулж байсныг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Прокуророос Г.........-Н Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.7-д зааснаар ялллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч .....-н Бг шунахайн сэдэлтээр, өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.6, 91.2.12, 91.2.15-д зааснаар 25 жилийн хугацаагаар хорих, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Г.Бд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд багтааж биечлэн эдлэх ялыг 25 жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.11-д зааснаар Г.Бд оногдуулсан 25 жилийн хугацаагаар хорих ялын эхний 2 жилийн хугацаагаар хорих ялыг гянданд, 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар үлдэх 23 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.4, 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий сиди 1 ширхэг, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 3937 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хавсралт болох 2 ширхэг сиди, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хавсралт болох 1 ширхэг сидиг тус тус хэрэгт хавсаргаж, цагаан өнгийн шигтгээтэй шар өнгийн металл бүхий бөгж 1 ширхэг, Нокиа 6300 маркийн гар утас 1 ширхэгийг тус тус хохирогч Х.Одод олгож, хутга 1 ширхэг, шар цагаан алаг алчуур 1 ширхэг, Коларадо гэсэн бичигтэй хар өнгийн цамц 1 ширхэг, сэтгэцэд нөлөөлөх “делта-9 тетрагидроканнабинол” гэх /6.8 грамм/ бодисыг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Г.Бгийн цагдан хоригдсон 658 / зургаан зуун тавин найм / хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Г.Бгаас 28.286.381 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Одод олгож, нэхэмжлэлээс 92.230 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бусад хохирлоо баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Г.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ
ШҮҮГЧИД Ү.ТҮМЭНЖАРГАЛ
Б.МӨНХ-ЭРДЭНЭ