Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/54

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: П.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Түвшинтөрийн шүүгдэгч Айргийнхан овогт Пүрэвжавын Цолмонд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2227000400075 дугаартай, 146/2022/0052/Э индекстэй хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ********, ам бүл 5, аав, ах, эгчийн хамт, Ховд аймгийн Жаргалант сумын ************* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Айргийнхан овогт Пүрэвжавын Цолмон /РД: *********/

 

                                       Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Цолмон нь Ховд аймгаас Улаанбаатар хот орохоор 92-21 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцож явахдаа хамгаалах бүсээр тоноглосон тээврийн хэрэгсэлд хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэсэн, бүрэн бус тээврийн хэрэгсэл ашигласан, үзэгдэлт хангалтгүй орчинд тээврийн хэрэгслийн хурдаа тааруулж яваагүй зэргээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ын б, 12.2, 12.3, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4-р хавсралтын 3.1, 3.5, 3.6, 3.7-р заалтуудыг зөрчиж 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 4 дүгээр багийн нутаг Бумбатын даваа орчимд зам тээврийн осол гаргаж зорчиж явсан 14 настай П.Отгонбаярын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Цолмон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Би гэм буруутай. Маш их харамсаж байна гэв.

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Пүрэвжавын мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/, гэрч Ш.Одбуянгийн мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/, гэрч Н.Лхагвабаярын мэдүүлэг /хх-ийн 41-43 дугаар хуудас/, гэрч П.Жаргалын мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны Хар хорин сум дахь хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Л.Амгалангийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-56 дугаар хуудас/, П.Отгонбаяр нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /хх-ийн 164 дүгээр хуудас/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн ахлах шинжээч цагдаагийн хошууч Б.Энхмандахын 1097 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 102-103 дугаар хуудас/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн авто техникийн шинжилгээний лабораторийн шинжээч цагдаагийн ахлах дэслэгч С.Дарханбаатарын 1263 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 134-137 дугаар хуудас/, Боловсрол, Шинжпэх ухааны яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн Авто механикийн багш мэргэшсэн инженер Ц.Болдбаатарын 09 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 151-152 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 174-177 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-20 дугаар хуудас/, талийгаач П.Отгонбаярын хэрэг учрал болох цаг хугацаанд өмсөж байсан хувцаст үзлэг хийсэн тэмдэг /хх-ийн 21 дүгээрр хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-26 дугаар хуудас/ зэрэг болно.

 

                                           Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

Шүүгдэгч П.Цолмон нь Ховд аймгаас Улаанбаатар хот руу 92-21 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцож явахдаа хамгаалах бүсээр тоноглосон тээврийн хэрэгсэлд хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэсэн, бүрэн бус тээврийн хэрэгсэл ашигласан, үзэгдэлт хангалтгүй орчинд тээврийн хэрэгслийн хурдаа тааруулж яваагүй зэргээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ын б, 12.2, 12.3, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4-р хавсралтын 3.1, 3.5, 3.6, 3.7-р заалтуудыг зөрчиж 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 4 дүгээр багийн нутаг ******* орчимд зам тээврийн осол гаргаж зорчиж явсан 14 настай П.Отгонбаярын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Пүрэвжавын ...Уг ослын талаар утсаар сонсож мэдсэн. Эхнэр бид хоёр 92-21 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг охин П.Цолмонд авч өгч байсан. Гэхдээ банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан авсан тул нэр дээр нь байдаггүй боловч эзэмшил нь манай охины машин байгаа юм. Машин анх авах үед дагалдаж ирсэн 4 ширхэг зуны дугуйны хоёрыг нь манай охин нөөц дугуй болгож ашиглаж байсан юм. Өнөөдөр осол болох үед жолоочийн урд талд зуны жижиг хэмжээтэй дугуй хийсэн байсан гэж надад хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

гэрч Ш.Одбуянгийн ...Ховд аймгаас Улаанбаатар хотод очиж хүү П.Жаргалын гэрт цагаан cap хийхээр охин П.Цолмон хүү П.Отгонбаяр болон ажлын газрын бүжигчин Н.Лхагвабаяр нарын хамт 16 цагийн орчим охин П.Цолмонгийн 92-21 УБЧ улсын дугаартай суудлын автомашинаар хөдөлсөн юм. Говь-Алтай хүртлэх 500 км замыг Н.Лхагвабаяр, П.Цолмон хоёр ээлжилж жолоо барьж явсан. Баянхонгор аймгаас Өвөрхангай аймаг хүртэл Н.Лхагвабаяр машин барьж явсан. Өглөө 7 цагийн орчим Арвайхээр сумын төвд хоол идэх гэж нэг нэрийг нь мэдэхгүй цайны газар ороод юм идэх гэсэн чинь өглөөгүүр хоол идэж чадахгүй юм шиг байхаар нь түр сууж байгаад П.Цолмон жолоо бариад цааш явсан. Замд явж байгаад нэг даваа өгсөөд уруудахдаа жаахан эрчтэй уруудах шиг болсон хянах самбарыг нь хараагүй болохоор би хэдэн км цагийн хурдтай явж байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Уруудаад явж байсан чинь машины хойд бөгс хэсэг савлах шиг болоод хажуу талын төмөр хаалт мөргөөд цаашаа замын урд хэсэгрүү унаад машины 4 дугуй дээшээ харчихсан. Би аль талын гэдгийг нь мэдэхгүй нэг хагархай цонхоор гараад харсан чинь миний бага хүү толгой болон өвдөг хэсгээрээ дарагдаад их цус гарч байсан хүмүүс ирж машиныг түлхээд дороос нь талийгаач хүүг минь гаргаж ирсэн. Тухайн машинд би, талийгаач хүү П.Отгонбаяр, Н.Лхагвабаяр нар хамгаалах бүсгүй, охин П.Цолмон хамгаалах бүс бүслээд явж байсан. 80-90 км цагийн хооронд л хурдтай явж байсан. Даваа уруудаад осол болохын өмнө 60-70 км цагийн хурдтай явж байсан гэж бодож байна би хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Арвайхээр сум өнгөрөөд дугуй хагарсан учир ардаа авч явж байсан жижиг дугуй сольж хийгээд Урьхан хүртэл гайгүй орчих байх гээд цааш явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/,

гэрч Н.Лхагвабаярын ...Улаанбаатар хот руу 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 16 цагийн орчим ажлын газрын эгч, түүний охин П.Цолмон болон түүний хүү 7-8 дугаар ангийн нэг эрэгтэй хүүхдийн хамт гарсан. Би замдаа П.Цолмонтой ээлжлэн жолоо барьж байхад нөгөө нь хажуу талын суудал дээр амраад явж байсан. Арвайхээр сумаас П.Цолмон эгч машин барьж явсан унтаж байгаад нэг сэрсэн чинь жолооч талын урд дугуй хагарсан байсан тэгэхээр нь хойд талаас запас гэх дугуйг нь аваад сольж өгсөн тэр дугуй нь нөгөө дугуйнуудаасаа жижиг хэмжээтэй зуны хээ муутай дугуй байсан. Буцаж машинд суугаад явж байгаад нэг сэрсэн чинь л осол болчихсон байсан ухаан ороод гадагш гарах гээд салхины шил өшиглөөд болохгүй болохоор нь жолооч талын хаалгыг нээгээд гадагш гарсан яг гарах үед машины нэг тал нь бага зэрэг газраас хөндий байж байгаад газарт бүр унасан ойролцоогоор газраас 05-10 см зайтай байж байгаад л газарт хүрсэн гэж бодож байна. Би гараад зам руу гүйгээд нэг том машинтай ахыг зогсоогоод тэр хүмүүсээс тусламж хүссэн чинь 3 хүн бууж ирсэн тэр ах бас дахиад нэг машин зогсоогоод хүмүүс нийлээд осолдсон машин доороос цуг зорчиж байсан хүүг гаргаж ирсэн. Би яг биеийн аль хэсгээрээ яаж дарагдсан гэдгийг нь мэдэхгүй байна. ...Миний баруун гарын бугуй хэсэгт жижиг шалбархай үүссэн өөр ямар нэгэн гэмтэл шарх байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 дугаар хуудас/,

гэрч П.Жаргалын ...92-21 УБЧ улсын дугаартай Nissan advan маркийн машин минийх биш харин миний дүү П.Цолмонгийн эзэмшлийн машин байгаа юм. Сая осолд орсон машиныг 2020 оны 10 сард гэрээ байгуулж авч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны Хар хорин сум дахь хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Л.Амгалангийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “...1. Талийгаач П.Отгонбаярын биед хуйхны шарх гавал ясны бүтцийн алдагдал, гавал ясны цөмөрсөн хугарал ясны болон эдийн дутагдал, суурь ясны бяцарсан хугаралууд, тархины эдийн бүтцийн алдагдал. /хэргийн газар тархи цацагдсан байв/ Нүүрэнд шарх, цээж, хэвлий, баруун гарт цус хуралт, зулгаралт. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо, хатуу ирмэгтэй зүйлийн хүчний үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой. Жишээлбэл: авто ослын үед толгойн хэсэгт хавчигдах няхагдах үед үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь шууд үхэлд хүргэнэ. 4. Талийгаач нь нас бараад 5-аас дээш цаг болсон байна. 5. Дээрх гэмтлүүд нь эмчилгээ хийх боломжгүй шууд үхэлд хүргэх гэмтлүүд байна. 6. Талийгаач нь авто ослын улмаас гавал тархины ил хүнд гэмтлийн улмаас нас барсан байна... гэх 23 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-56 дугаар хуудас/,

П.Отгонбаяр нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /хх-ийн 164 дүгээр хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн ахлах шинжээч цагдаагийн хошууч Б.Энхмандахын “...1. Шинжилгээнд ирүүлсэн “**** Цолмон 23 н/эм” гэж хаягласан цусанд спиртын зүйл илрээгүй...” гэх 1097 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 102-103 дугаар хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн авто техникийн шинжилгээний лабораторийн шинжээч цагдаагийн ахлах дэслэгч С.Дарханбаатарын “...1.Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг дугуй нь бүгд өөр хэмжээтэй, өөр загварын, өөр ашиглах зориулалттай дугуйнууд байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн зүүн урд болон хойд дугуйнууд нь 4 улиралд ашиглах зориулалттай, баруун урд болон хойд дугуйнууд нь зуны улиралд зориулагдсан дугуйнууд байна. 3. Баруун урд гэж хаягласан дугуй нь хээний гүний хувьд стандарт шаардлага хангаж байна. Зүүн дугуйнаас хэмжээ жижиг байгаа нь осол гарахад нөлөөлөх үндэслэлтэй. 4. Шинжилгээнд ирүүлсэн 4 дугуй нь Nissan advan маркийн автомашинд тавих зориулалтын дугуй эсэхийг тогтоохгүй. 5. Шинжилгээнд ирүүлсэн баруун талын хойд, урд дугуйнууд нь зуны улиралд ашиглаж болох дугуйнууд тул өвлийн улиралд /Хатуу хучилттай зам цастай байсан гэх/ тохирохгүй учир осол гарахад нөлөөлж болно...” гэх 1263 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 134-137 дугаар хуудас/,

Боловсрол, Шинжпэх ухааны яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн Авто механикийн багш мэргэшсэн инженер Ц.Болдбаатарын “...1. Уг хэрэг зам тээврийн осол мөн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хуульд: 3.1.6 “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж, эдвэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ.   

2. 92-21 УБЧ улсын дугаартай “Ниссан эдвэн” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Пүрэвжавын Цолмон /РД:********/ нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Үүнд:

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ын б-д жолоочид дараах зүйлийг хориглоно. Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх,

12.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна,

12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна,

4-р хавсралт: 3.1-д Дугуйн хээний гүн нь Суудлын автомашин 1,6 мм-ээс бага болсон 3.5-д Дугуйн хэмжээ, даац нь тээврийн хэрэгслийн тухайн төрөлд тохироогүй. 3.6-д нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин дугуй тавьсан. 3.7-д Улирал цаг агаарын тухайн нөхцөлд тохироогүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

            3. П.Цолмон нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ын б, 12.2, 12.3, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4-р хавсралтын 3.1, 3.5, 3.6, 3.7-р заалтуудыг зөрсөн нь уг осол гарахад нөлөөлсөн байна.

            4. 92-21 УБЧ улсын дугаартай Ниссан эдвэн маркийн тээврийн хэрэгслийн 4 дугуй өөр хэмжээтэй өөр загварын дугуйнууд байгаа нь осол болоход шууд нөлөөлсөн байна. б.Тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоог хангалтгүй хийж, дугуйн хувьд бүрэн биш тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож, хэт ядарсан үедээ жолоо барьж явсан нь энэ зам тээврийн осол гарахад нөлөөлсөн...” гэх 09 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 151-152 дугаар хуудас/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 174-177 дугаар хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-20 дугаар хуудас/,

талийгаач П.Отгонбаярын хэрэг учрал болох цаг хугацаанд өмсөж байсан хувцаст үзлэг хийсэн тэмдэг /хх-ийн 21 дүгээрр хуудас/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ГЦолмон нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 4 дүгээр багийн нутаг *********** орчимд 92-21 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ын б, 12.2, 12.3, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4-р хавсралтын 3.1, 3.5, 3.6, 3.7-р заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж зам тээврийн осол гаргаж зорчиж явсан 14 настай П.Отгонбаярын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчийн шүүгдэгч П.Цолмонг тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцож явахдаа хамгаалах бүсээр тоноглосон тээврийн хэрэгсэлд хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэсэн, бүрэн бус тээврийн хэрэгсэл ашигласан, үзэгдэлт хангалтгүй орчинд тээврийн хэрэгслийн хурдаа тааруулж яваагүй зэргээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ын б, 12.2, 12.3, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4-р хавсралтын 3.1, 3.5, 3.6, 3.7-р заалтуудыг зөрчиж 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 4 дүгээр багийн нутаг Бумбатын даваа орчимд зам тээврийн осол гаргаж зорчиж явсан 14 настай П.Отгонбаярын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн хувьд маргахгүй гэв.

Шүүгдэгч П.Цолмон шүүх хуралдаанд би гэм буруутай гэв.

Шүүгдэгч П.Цолмон нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсний улмаас хор уршиг учирч болохыг мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүйгээр хохирол, хор уршиг учруулсан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүхээс шүүгдэгч П.Цолмонг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Пүрэвжавд шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэхэд шүүх хуралдаанд суухгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

                                     Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, 03 жил 01 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын санал дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна гэв.

Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар зэргийг харгалзаж прокурорын ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Пүрэвжавын Цолмонд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Айргийнхан овогт Пүрэвжавын Цолмонг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхийн байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж  шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурван/ жилийн хугацаагаар хассан эрх хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт хавсаргаж ирүүлсэн ******* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгч П.Цолмонгийн ******** дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Ховд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэхийг дурдав.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч Айргийнхан овогт Пүрэвжавын Цолмонг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Айргийнхан овогт Пүрэвжавын Цолмонг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхийн байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурван/ жилийн хугацаагаар хассан эрх хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт хавсаргаж ирүүлсэн *********** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгч П.Цолмонгийн ****** дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Ховд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсүгэй.

7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ДУЛМАА