Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2018/ШЦТ/01

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0380/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,

Улсын яллагч Н.Идэр,

Хохирогч Б.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-ын Э-д холбогдох эрүүгийн 1718004140195 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт Т-н Э /регистрийн дугаар ............/, .......оны ...... дүгээр сарын .......-ний өдөр Дархан хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, цахилгаанчин гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 1, ....... аймаг, ...... сум, .......дугаар баг, ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Т.Э нь ...... оны ...... дүгээр сарын ......-ны өдөр Дархан-Уул аймгийн ...... сумын ..... дугаар баг ...... ...... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.М-н эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Э нь ...... оны ...... дүгээр сарын ......-ны өдөр ...... аймгийн ...... сумын ...... дугаар баг ....... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.М-г зодож биед нь тархи доргилт, доод эрүүний цус хуралт, зүүн тохойд зулгаралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Т.Э-ны өгсөн: Тухайн өдөр Б.М миний толгойн хэсгийн баруун чамархайны харалдаа шанааны хэсэг рүү алгадаад авахаар нь биеэ хамгаалахын тулд Б.М-г түлхсэн. Миний толгой аймар их өвдсөн. Тэгээд орой нь тайвшраад Б.М-д дусал тариаг нь авч өгсөн. Би эхнэр хүүхдийнхээ төлөө зүтгэж байгаад осолд орж хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан. Өр зээлээ дарахын тулд зүтгэж байгаад ийм байдалд орсноо Б.М-д хэлэхэд миний урдаас хохь чинь гэж хэлсэн. Б.М-н нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулна гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.М-н өгсөн: Т.Э бид хоёр гэр бүл болоод нийт 15 жил болж байна. Осолд орохоосоо өмнө надад гар хүрдэг байсан. Т.Э-д зодуулснаас болж миний хамар мурийж, эрүүний доор гүн том сорвитой болсон. Маргаан юунаас болсон юм бэ? гэхээр би хүүхэддээ зурдаг ном авч өгсөн. Тэгээд хүүхэд маань зурдаг номон дээрээ зурчихаад ааваа би зурчихлаа гээд Т.Э-д харуулахад новш чинь ингэж зурдаг юм уу? олигтойхон зураач гэж хэлээд алгадаад авсан. Миний өвчтэй хүүхэд газар унаад уйлахаар нь миний уур хүрээд хүүхдээ өмөөрсөн чинь намайг алгадаж унагаагаад миний хөл, гар луу өшиглөж зодсон. Би аргагүй эрхэнд тэр шөнө дусал хийлгэсэн. Тэгээд цаашдаа энэ хүнтэй амьдрах эсэхээ шийдсэн. Өмнө ч гэсэн хүмүүс надад хэдий болтол энэ хүний гарын шүүс болох гэсийн салаач гэж хэлж байсан учраас гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан. Мөн тухайн өдөр Т.Э гал тогтооны өрөөнөөс хутга аваад над руу далайсан. Би энэ хүний гарт ингээд үхдэг юм байж гэж бодсон. Гомдолтой байна. Т.Э-ны буруутай үйлдлээс болж би эмнэлгээр явсан. Эмнэлгээр явсан зардал болох 35,000 төгрөгийг гаргуулмаар байна. Мөн би байнга сэтгэл санааны дарамттай байдаг. Тухайн үед зодуулснаас болж миний толгой байнга өвддөг болсон. Иймд маш их гомдолтой байна гэх мэдүүлэг

 

Мөрдөн байцаалтад:

Гэрч Б.Э-н өгсөн: Тухайн үед М гэдэг эмэгтэй нөхөртөө зодуулчихлаа, ер нь байнга зодож дарамталдаг. Үр хүүхдээ байнга түгшүүртэй байдалд байлгадаг юм. Би өнөөдөр ажилдаа явлаа гэж гараад шууд цагдаа дээр хүрээд ирлээ гэж хэлэхээр нь би мэдүүлэг авахад надад би одоо цагдаад мэдүүлэг өгсөн гэж мэдэгдвэл асуудал үүсч намайг болон үр хүүхдүүдийг минь дарамтална. Тийм учраас би Дархан дээд сургуулийн хажуу талын аавынхаа гэрт очиж амьдармаар байна, та нар надтай хамт гэрт очоод манай 2 хүүхэд болон хувцас аваад өгөөч гэсэн. Би шинжээч Д.М, жолооч Э нарын хамтаар гэрт нь очиход хүүхэд нь байхгүй байсан. М шуудайнд хувцас, эд зүйлээ хийгээд авч явсан. Тэгээд нөхөр эмнэлэг дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ үзүүлээд байж байна гэхээр нь очиж аваад цагдаа дээр авч ирж мэдүүлэг авсан гэх мэдүүлэг /хх-ийн 70/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ..... оны ..... дүгээр сарын .....-ны өдрийн ..... дугаартай “Б.М-ын биед тархи доргилт, доод эрүүний цус хуралт, зүүн тохойд зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 16/,

 

Хүчирхийлэлд өртсөн хүний аюулын зэргийн үнэлгээний маягт, тэмдэглэл /хх-ийн 41-43/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 70/17 дугаартай Т.Э нь хэрэг хариуцах чадвартай болно гэх магадлагаа /хх-ийн 20/, өвчний түүх /хх-ийн 21-29/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Э, Б.М нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь Б овогт Т-ын Э, Б овогт Б-н М нар нь ..... оны ..... дугар сарын .....-нд гэр бүл болсон тухай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-49/, тэдний гэрлэлтийг цуцалсан тухай ....... аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ..... оны ..... дугаар сарын .....-ны өдрийн ..... дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 50-53/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Т.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Э-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.М биед хөнгөн хохирол учирсан ба хохирогч ..... уламжлал бариа заслын эмнэлэгт бариа хийлгэсний төлбөр 10000 төгрөг, ...... эмнэлэгт толгойн рентген зураг авахуулсны төлбөр 25000 төгрөг, нийт 35000 төгрөг нэхэмжилж холбогдох баримтуудыг /хх-14-15/ гаргаж өгсөн байна. Иймд шүүгдэгчээс эмчилгээний зардал 35000 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч хохиролд 35000 төгрөг нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдвал зохино.

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон шүүх сэтгэц, эмгэг судлалын эмнэлгийн 70/17 дугаартай магадлагаа /хх-ийн 20/-аар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Э-ны ажил байдал, цалин хөлс, орлого олох боломж зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.М-н эрх, эрх чөлөөг хамгаалах, шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Т.Э-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хохирогч Б.М-тай харилцахыг хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Т-н Э-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар Т.Э-д шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хохирогч Б.М-тай харилцахыг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийг 505.1-д зааснаар шүүгдэгч Т.Э-аас 35,000 төгрөг гаргуулж хохирогч ...... аймаг, ..... сум, ..... дүгээр баг, ..... дүгээр хороолол, ..... тоотод оршин суух, Б овогт Б-н М /регистрийн дугаар ....../-д олгосугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР