Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 107

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Т.Энхжаргал,

Шүүгдэгч П.Ганбаатар, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /ҮД-0440/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөө овогт Пүрэвийн Ганбаатарт холбогдох эрүүгийн 201624000469 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүн Баян-Улаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Витсамо фүүдс” ХХК-д туслах ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Дунд гол, 28 дугаар байр, 1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЙИ87100313 регистрийн дугаартай, Бөө овогт Пүрэвийн Ганбаатар.

 

Шүүгдэгч П.Ганбаатар нь 2016 оны 5 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 00 цаг 15 минутын үед Баянгол дүүрэг 16 дугаар хороо, Баруун 4 замын гэрлэн дохио бүхий уулзварт Тоёота приус маркийн 48-01 УНУ дугаартай автомашиныг согтуугаар жолоодож явахдаа Б.Анударийн жолоодож явсан Тоёота хайландэр маркийн 10-97 УНЕ улсын дугаартай автомашиныг мөргөж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  П.Ганбаатар мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Энэ осол миний буруугаас болж гарсан. Согтуугаар жолоо барьсан нь миний буруу. Хохиролд нийт 15,000,000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч П.Ганбаатарын өгсөн:

            “... Би 2016 оны 5 дугаар сарын 06-ны орой ажлаа тараад хамт ажилладаг Гантулгын хамт нэг газар нэг шил 0.5 литрийн Соёрхол нэртэй архи уусан. Тэгээд хороолол орох гэж яваад баруун 4-н замын уулзварт ирсэн. Уулзвар дээр ирэх үед шар өнгийн гэрэл ассан ба би амжина гэж бодоод шар өнгийн гэрлээр яваад ортол өмнөөсөө явсан нэг дунд гарын жип машинтай мөргөлдсөн. Тэгээд машинаасаа буугаад эмнэлэг цагдаа дуудаж хэмжилт хийгээд, дараа нь намайг эрүүлжүүлэх байранд саатуулсан. Драйгер үлээлгэж шалгахад 1,17% гарсан. Ухаан санаа бол зүгээр байсан. Би өөрөө өөрийнхөө машиныг жолоодож явсан. Би машины эзэн Анударьтай уулзсан. Одоо нөгөө талд 2.000.000 төгрөг гаргаж өгөөд байгаа. Гэмтсэн гээд байгаа хүмүүстэй уулзах гэхээр даралт ихтэй байгаа чамайг уулзуулах шаардлагагүй гэж байсан. Осол хэрэг гарах үед өөдөөс машин ирж байгааг хараагүй. Осол хэрэг гаргасандаа үнэхээр их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78, 80-81-р хуудас/

 

           Мөрдөн байцаалтад хохирогч Б.Анударийн өгсөн:

           “... 2016 оны 5 дугаар сарын 06-ны орой би өөрийнхөө нэр дээр байдаг тоёота хайландер маркийн 10-97 УНЕ улсын дугаартай авто машинаар Баянбүрдэд байдаг эмээгээ аваад, Баруун 4 замын хажууд байдаг гэр рүүгээ харьж явсан. Энэ үед машинд эмээ, ээж, дүү нар хамт явсан ба эмээ жолоочийн хойд талын баруун хэсэгт, ээж жолоочийн хажуу талд, дүү маань миний ард суугаад явж байсан. Ингээд хойноосоо ургашаа явж байгаад гэрэл дохион дээр зогсоод, зүүн гар тийш эргэх гэрэл дохио хүлээж байгаад, гэрэл асахаар нь уулзвар руу нэвтрээд орох үед урдаасаа хойшоо явж байсан нэг тоёота приус маркийн авто машин машины баруун урд хэсэг рүү мөргөөд, машин шидэгдээд замын голд зогссон. Ослоос болж миний биед гэмтэл учраагүй. Харин эмээ, ээж 2 маань бэртэл аваад эмнэлэгт очсон. Манай ээж хорт хавдарын 4-р үе шатанд орчихсон эмнэлгийн хяналтанд байнга байдаг ба осол гарснаас болж хорт хавдарын тархацад нөлөөлсөн гэж бодож байгаа. Мөн манай эмээ 73 настай осол гарснаас болж хөл нь хөхрөөд, түүниигээ задлуулаад түүнээс болж явж чадахгүй байгаад байгаа. Одоогоор 2 000 000 төгрөг гаргаж өгөөд байгаа. Учирсан хохирлоо гаргуулж авмаар байна”...гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18-р хуудас/

 

           Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Н.Гэниймаагийн өгсөн:

           “... 2016 оны 5 дугаар сарын 06-ны шөнө зусланд гэртээ байж байхад манай хүүхдүүд ирж аваад, зүүн 4 замын уулзвар дээр зогсож байгаад ногоон гэрэл асахаар нь хөдөлтөл өмнөөс явсан нэг жижиг машин ирээд, манай машины баруун гар талаас мөргөсөн. Тэр үед нэг хэсэг ухаан санаа балартаад нэг сэртэл эмнэлэг яв гээд түргэн ирчихсэн байсан. Тэр дороо толгой хавдсан, нүүр хавдаж хөхөрсөн, хөл шилбэ хэсгээрээ урдаа байсан зүйлийг мөргөөд, дараа нь 2 удаа хагалуулж байж арай гайгүй болж байгаа. Манай зээгийн машинд учирсан хохирол болон сэтгэл санааны хохирлоо гаргуулж авмаар байна. Нэг хэсэг сэтгэл санаагаар маш их унаж байсан. Нөгөө жолооч талд гомдож байсан. Нөгөө жолооч тал ямар ч сэтгэлгүй хүн байна лээ”... гэх мэдүүлэг,/хх-ийн 25-26-р хуудас/

 

           Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Ц.Батцэцэгийн өгсөн:

           “... 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр би охиныхоо тоёота хайландер маркийн 10-97 УНЕ улсын дугаартай авто машины жолоочийн хажуу талд суугаад, хойно ээж Н.Гэниймаа, хүү Б.Бат-Эрдэнэ нарын хамт баруун 4-н замын уулзвар дээр хойноосоо зүүн урагшаа эргэх гээд зогсож байгаад, ногоон гэрэл асахаар нь манай охин машинаа хөдөлгөөд, зүүн гар тийш эргэх гэж байхад өмнөөсөө хойшоо явсан цайвар өнгийн машин ирээд, машин баруун гар тал руу маш хүчтэй мөргөсөн. Тэгээд нэг хэсэг шоконд ороод хартал би урд өвдөг хэсгээрээ өмнөө байсан зүйлийг мөргөсөн уу ямар ч байсан өвдөг шалбарчихсан байсан. Манай ээж нүүр, дух, хүзүү, бие нилдээ хавдсан байдалтай байсан. Ер нь хөхний хорт хавдартай байж байгаад одоо бол хавдар 4 дүгээр үе шатандаа орчихсон байсан. Маргааш нь химийн эмчилгээтэй байсан. Хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Өвдөг хавдсан нуруу өвдөөд байсан. Эмчилгээний зардалд гаргасан мөнгөө нарийн тооцож гаргаагүй. Ер нь бол нэлээд мөнгө гаргасан байгаа шүү дээ. Манай ээж бид хоёртой ямар ч байсан нэг ч удаа яриагүй. Хүн гэж тоогоогүй шүү дээ. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Харин миний охинд учирсан хохирлыг хурдан гаргуулж өгмөөр байна. Мөн сэтгэл санааны хохирол зөндөө учирлаа шүү дээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/

 

           Мөрдөн байцаалтад гэрч Г.Гантулгын өгсөн:

 “... 2016 оны 5 дугаар сарын 06-ны орой 19-р хороололд Ганбаатар надтай уулзаад хамт манай гэр рүү явахаар болсон. Тэгээд Мандах-Өргөө гээд байрны гадаа зогсож байгаад нэг шил архи уусан. Тэгээд Ганбаатар “хамт нэг газар руу явъя, хүнээс юм авна” гэхээр нь би хамт явсан. Ингээд Бөмбөгөр орохоор Нарны гүүр даваад Баруун 4-н замын уулзварт ирэх үед уулзварын гэрэл шар өнгөөр ассан ба би Ганбаатарт “шар гэрэл асчихлаа шүү дээ” гээд хэлтэл тэр чигтээ уулзвар луу ороод, хойноосоо зүүн гар тийш эргэж байсан нэг машинтай мөргөлдсөн. Миний гар жаахан өвдөөд байсан. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй гэж бодож байна. Ямар нэг гэмтэл учраагүй. Замын хөдөлгөөн нэг их байгаагүй, замын гэрэлтүүлэг асч байсан. Би нэг их согтуу байгаагүй ...”  гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/

 

              Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 6402 дугаартай:

              1. Н.Гэниймаагийн биед тархи доргилт, духанд шарх, дух, баруун шанаа, хүзүү, эрүү, баруун зүүн дээд, доод зовхи, баруун сарвуу, шуу, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

              2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

              3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

              4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт, /хх-ийн 51-р хуудас/

 

              Техникийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 339 дугаартай:

  1. Т.Приус маркийн 48-01 УНУ дугаартай авто машины жолооч П.Ганбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дахь заалт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн 5.6 дахь заалт “Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна : б/ шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж буйг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

              2. Тоёота хайландер маркийн маркийн 10-97 УНЕ улсын дугаартай Б.Анударь нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчсөн гэх  үндэслэлгүй байна …гэх дүгнэлт, /хх-ийн 66-р хуудас/,

 

           - Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4-8-р хуудас/

- Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 9-р хуудас/

- 10-97 УНЕ улсын дугаартай тоёота хайландер маркийн автомашины тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 22-р хуудас/

- Капитал Эстимэйт ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-н 57-р хуудас/

- Sky auto service-ийн Тоёота хайландер маркийн маркийн 10-97 УНЕ улсын дугаартай автомашинд хийсэн оношлогоо /хх-н 58-р хуудас/

- Таван богд ХХК-ийн үнийн санал /хх-н 59-р хуудас/  

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 87, 93-р хуудас/

- Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 36-37, 82-85, 88-92-р хуудас/

- Жолоочийн лавлагаа, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 23, 86-р хуудас/

- Хохирлын мөнгө өгсөн баримт /хх-н 94-р хуудас/

  - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111-р хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч П.Ганбаатар нь 2016 оны 5 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 00 цаг 15 минутын үед Баянгол дүүрэг 16 дугаар хороо, Баруун 4 замын гэрлэн дохио бүхий уулзварт Тоёота приус маркийн 48-01 УНУ дугаартай автомашиныг согтуугаар жолоодож явахдаа Б.Анударийн жолоодож явсан Тоёота хайландэр маркийн 10-97 УНЕ улсын дугаартай автомашиныг мөргөж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад 14 369 000 /шууд/  төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч П.Ганбаатарын ... Би 2016 оны 5 дугаар сарын 06-ны орой ажлаа тараад хамт ажилладаг Гантулгын хамт нэг газар нэг шил 0.5 литрийн Соёрхол нэртэй архи уусан. Тэгээд хороолол орох гэж яваад баруун 4-н замын уулзварт ирсэн. Уулзвар дээр ирэх үед шар өнгийн гэрэл ассан ба би амжина гэж бодоод шар өнгийн гэрлээр яваад ортол өмнөөсөө явсан нэг дунд гарын жип машинтай мөргөлдсөн. Энэ осол миний буруугаас болж гарсан. Согтуугаар жолоо барьсан нь миний буруу. Хохиролд нийт 15,000,000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,

мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Б.Анударийн ... 2016 оны 5 дугаар сарын 06-ны орой би өөрийнхөө нэр дээр байдаг тоёота хайландер маркийн 10-97 УНЕ улсын дугаартай авто машинаар Баянбүрдэд байдаг эмээгээ аваад, Баруун 4 замын хажууд байдаг гэр рүүгээ харьж явсан. ... Ингээд хойноосоо ургашаа явж байгаад гэрэл дохион дээр зогсоод, зүүн гар тийш эргэх гэрэл дохио хүлээж байгаад, гэрэл асахаар нь уулзвар руу нэвтрээд орох үед урдаасаа хойшоо явж байсан нэг тоёота приус маркийн авто машин машины баруун урд хэсэг рүү мөргөөд, машин шидэгдээд замын голд зогссон. Ослоос болж миний биед гэмтэл учраагүй гэх,

иргэний нэхэмжлэгч Н.Гэниймаагийн ... 2016 оны 5 дугаар сарын 06-ны шөнө зусланд гэртээ байж байхад манай хүүхдүүд ирж аваад, зүүн 4 замын уулзвар дээр зогсож байгаад ногоон гэрэл асахаар нь хөдөлтөл өмнөөс явсан нэг жижиг машин ирээд, манай машины баруун гар талаас мөргөсөн. ... Манай зээгийн машинд учирсан хохирол болон сэтгэл санааны хохирлоо гаргуулж авмаар байна.... гэх,

иргэний нэхэмжлэгч Ц.Батцэцэгийн ... 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр би охиныхоо тоёота хайландер маркийн 10-97 УНЕ улсын дугаартай авто машины жолоочийн хажуу талд суугаад, хойно ээж Н.Гэниймаа, хүү Б.Бат-Эрдэнэ нарын хамт баруун 4-н замын уулзвар дээр хойноосоо зүүн урагшаа эргэх гээд зогсож байгаад, ногоон гэрэл асахаар нь манай охин машинаа хөдөлгөөд, зүүн гар тийш эргэх гэж байхад өмнөөсөө хойшоо явсан цайвар өнгийн машин ирээд, машин баруун гар тал руу маш хүчтэй мөргөсөн. ... Надад нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх,

           гэрч Г.Гантулгын ... 2016 оны 5 дугаар сарын 06-ны орой 19-р хороололд Ганбаатар надтай уулзаад хамт манай гэр рүү явахаар болсон. Тэгээд Мандах-Өргөө гээд байрны гадаа зогсож байгаад нэг шил архи уусан. Тэгээд Ганбаатар “хамт нэг газар руу явъя, хүнээс юм авна” гэхээр нь би хамт явсан. Ингээд Бөмбөгөр орохоор Нарны гүүр даваад Баруун 4-н замын уулзварт ирэх үед уулзварын гэрэл шар өнгөөр ассан ба би Ганбаатарт “шар гэрэл асчихлаа шүү дээ” гээд хэлтэл тэр чигтээ уулзвар луу ороод, хойноосоо зүүн гар тийш эргэж байсан нэг машинтай мөргөлдсөн ... гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 6402 дугаар дүгнэлт, шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 898 дугаар дүгнэлтүүд, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Техникийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 339 дугаар дүгнэлт, Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа, Капитал Эстимэйт ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

 Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч П.Ганбаатарыг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Анударь нь шүүгдэгч П.Ганбаатараас гэм хорын хохиролд 15,000,000 төгрөг авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч П.Ганбаатар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тус тус тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзлээ. 

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ НЬ :

 

1. Шүүгдэгч Бөө овогт Пүрэвийн Ганбаатарыг согтуугааар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ганбаатарыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар П.Ганбаатарт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, П.Ганбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар П.Ганбаатарт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул  дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, П.Ганбаатарын 774191 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Аззаяад даалгасугай.  

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.Ганбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Ганбаатарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ