Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 201

 

Ө.Иөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эсэн,

шүүгдэгч Ө.И, түүний өмгөөлөгч Ц.М,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Иийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1810007400741 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн Ө.И, 1997 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Аварга” Дээд сургуулийн биеийн тамирын багшийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 2, эхийн хамт .................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............................/,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 468 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг, Нийслэлийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 398 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсгийг тус тус журамлан, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 140 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж дууссан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялаас 160 цагийг эдэлж, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэлтэй гэх;

Ө.И нь 2018 оны 3 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын автобусны буудал дээр Н.Гг зодож, түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газар: Ө.Иийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ө.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Иийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Иөд оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1277 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, Ө.Иийн биечлэн эдлэх ялыг нийт 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөр Ө.Иөөс 258.000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Гд олгох, энэ хэрэгт Ө.И нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Н.Г нь цаашид гарах эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой зардалд хамаарах нотлох баримтаа тухай бүрд нь бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ө.И давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 192 цагийн ажил хийж, 208 цагийн үлдэгдэлтэй байсан. Гэтэл шүүх миний ажилласан цагийг хасалгүйгээр буруу тооцоо хийж, 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсанд гомдолтой байна.

Өмгөөлөгч С нь Дээд шүүх дээр хуралтай байна гэж шүүгчийн туслахтай ярьсан боловч туслах нь өмгөөлөгчгүй ор гэж загнасан тул арга буюу хүсэлтээ бичиж өгсөн. Иймд миний өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрх зөрчигдсөн.

Надад оногдуулсан ял хүндэдсэн гэж үзэж байгаа тул ял хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна.

Би 21 настай, өөрийн гэм бурууг гүнээ ойлгон гэмшиж байгааг минь анхаарч үзнэ үү. Шинжилгээний төлбөрийн байдал эргэлзээтэй байгааг мөн хянаж өгнө үү.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Ө.Иийн өмгөөлөгч Ц.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хавтас хэрэгтэй танилцахад 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гаргах үед 160 орчим цагийн албадан ажил хийх ял биелэгдээгүй байсан байдаг. Ө.И нь энэ тухай сургуулийн тодорхойлолт авч ирж өгсөн. Анхан шатны шүүх шийдвэр гарахдаа 540 цаг ажил хийлгэхээр тогтоосон. Өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоо оногдуулсан ялыг нэмж нэгтгэхээр 940 цагийн нийтэд тустай ажил хийхээр болж байгаа. Гэтэл албадан ажил хийлгэх ялыг 720 цагаас хэтрүүлж болохгүй гэж заасан байдаг байхад Ө.И нь 940 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн байна.

Ө.И нь өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд орсноос болж эрх нь зөрчигдсөн гэж үзэж байна.  Учир нь өмнөх өмгөөлөгч нь маш хариуцлагагүй хандаж шүүх хуралдаан болох үед Улсын Дээд шүүх дээр хуралтай гээд алга болчихсон байдаг. Энэ алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй. Иймд хэргийг буцааж өгнө үү ...” гэв.

Прокурор Г.Эсэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гарсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.И өмгөөлөгчгүй оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргаж, шүүхээр хянан хэлэлцэж шүүгчээс эрх, үүргийг нь тайлбарлаж өгсөн.

Ял шийтгэлийн хувьд 3 удаагийн ял шийтгүүлсэн. Гэхдээ 720 цагаас хэтэрсэн зүйл байхгүй. Энэ хэрэгт улсын яллагчийн хувьд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан. Мөн биелэгдээгүй үлдсэн 240 цагийг нэмж нэгтгэн нийт 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн. Мөн хохирол нь 258.000 төгрөгийг мөрдөн байцаалтын болон анхнаасаа шүүгдэгчээс нэхэмжилж байсан. Шүүх хохирлыг яг энэ байдлаар нь гаргаж шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ө.Иөд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчил тогтоогдсонгүй.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Ө.И нь 2018 оны 3 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын автобусны буудал дээр Н.Гг нүүр лүү цохиж, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Ө.И нь хохирогч Н.Гд санаатай гэмтэл учруулсан болохоо хүлээн мэдүүлдэг /хх-60-61/ бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Н.Г /хх-18-22/, гэрч М.Г /хх-29-30/, Б.П /хх-31-32/, С.А /хх-41-42/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3987 дугаартай “... Н.Гг биед 2 нүдний зовхинд цус хуралт, хамарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-46/, “Натур” эмнэлгийн компьютер томографийн оношлогооны дүгнэлт /хх-51/, “Дамно” ХХК-ийн хийсэн савхин хүрэмний үнэлгээ /хх-53-54/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн Ө.Иийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн Ө.Иийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1277 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 240 цагийн ажлыг нэмж нэгтгэн, Ө.Иийн биечлэн эдлэх ялыг нийт 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цагаар тогтооно.” гэж заасны дагуу Ө.Иөд өмнөх шийтгэх тогтоолоор 400 цаг, энэ шийтгэх тогтоолоор 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь нийлбэрээрээ 700 цаг болж байх тул хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээнээс хэтрээгүй байна.

Түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3/492 тоот албан бичгээр “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1277 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 160 цагийг эдэлж, 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар 240 цагийн үлдэгдэлтэй байна” гэснийг үндэслэн шүүх Ө.Иийн эдлээгүй үлдсэн ялыг тооцсон нь буруу биш байна.

Харин үүнээс хойшхи ял эдэлсэн хугацааг хэрхэн тооцох асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэрлэн, ялын тооцоог гаргах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж болно” гэж заасан.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ө.И нь анхан шатны шүүх хуралдаан болохын өмнө “... би өөрийн хийсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Үүнийгээ хүлээн мэдүүлсэн нь хавтаст хэрэгт тодорхой байгаа тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно ...” гэж /хх-112/ бичгээр хүсэлт гаргасан байх тул түүний өмгөөлүүлэх эрхийг хангаагүй зөрчилд хамаарахгүй.

Иймд шүүгдэгч Ө.Иийн “... 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 192 цагийн ажил хийж, 208 цагийн үлдэгдэлтэй байсан. Гэтэл шүүх миний ажилласан цагийг хасалгүйгээр буруу тооцоо хийж, 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсанд гомдолтой байна. Мөн миний өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Иийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.ПҮРЭВСҮРЭН  

ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН