Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2019/0039/З |
Дугаар | 164 |
Огноо | 2019-03-12 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 164
2019 оны 03 сарын 12 өдөр Дугаар 128/ШШ2019/0164 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ч.Э
Хариуцагч: Монгол Улсын ТЕГ
Нэхэмжлэлийн шаардлага: Тэтгэмжийг буруу тооцож олгосон ТЕГын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 18 сарын тэтгэмжийн зөрүү болох 19.746.300 төгрөгийг олгохыг ТЕГын даргад даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У, нэхэмжлэгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Ч.Э 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би төрийн байгууллага буюу төрийн тусгай албанд 33 жил ажилласан. Төрийн албаны тухай хууль болон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу 25 жилээс дээш ажилласан бөгөөд 1 удаагийн буцалтгүй тусламж буюу тэтгэмж авах эрхтэй. Би тэтгэвэрт гарч тэтгэмж тогтоолгох үед уг эрх зөрчигдөж байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2015 онд 18 сар хүртэлх сарын амралт авсан бөгөөд болон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу 1 удаагийн тэтгэмж авсан. Уг хуульд заасан 25 жил буюу түүнээс дээш жил ажилласан цэргийн албан хаагчид 18 хүртэлх сарын тэтгэмжийг урьдчилан олгож болно гэж заасан байгаа.
Миний бие тус байгууллагад 10 жилийн боловсролыг эзэмшиж төгссөнөөс эхлэн ажилласан. Энэ хугацаандаа байгууллагаасаа орон байрны болон бусад дэмжлэг, тэтгэмж авч байгаагүй. Би гэр бүлээрээ гэр хороололд амьдарч байсан бөгөөд миний эхнэрт байгууллагаас нь байр бэлгэнд өгсөн бөгөөд тус байрыг авахын тул бидэнд 20 сая төгрөг шаардлагатай болсон тул хуульд "... 25 жил ажилласан хүнд орон байрны дэмжлэг олгох талаар заасан байдаг учраас тухайн үед байгууллагын даргаас дэмжлэг хүсэж 2 удаа өргөдөл гаргасан боловч Дэмжлэг үзүүлэх боломжгүй байна. Гэхдээ та 18 сарын тэтгэмжийг урьдчилан авах боломжтой гэсэн хариу өгсөн. Тухайн үед яаралтай мөнгө шаардлагатай байсан тул 18 сарын тэтгэмж буюу 22 771 500 төгрөгийг урьдчилж авсан. Энэ нь тухайн үед буюу 2010 оноос 2015 оны дундаж цалингийн хэмжээг 36 сард үржүүлэн 18 сарын дундаж тэтгэмж бодогдон олгосон байгаа юм. Үүнээс хойш тасралтгүй ажиллаж байгаад 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах өргөдөл өгч үлдэх хэсэг болох 42 сая төгрөгийн тэтгэмжийг надад олгосон.
Миний тооцоолсноор 42 сая төгрөг бус 60 гаруй сая төгрөгийн тэтгэмж авах ёстой гэж үзэж байгаа. Учир нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д тэтгэмжийг олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсийн нийлбэрийг 60-д хувааж гарсан дундаж цалин хөлсийг 36 сарын тэтгэмжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг олгож тооцно гэж заасан байгаа. Би тэтгэвэрт гарах үедээ 36 сарын тэтгэмжийг авах эрхтэй бөгөөд тэтгэвэрт гарахаас өмнө ажиллаж байсан сүүлийн 5 жилийн цалин хөлсийн дунджаар тооцуулан тэтгэмж авна гэж үзэж байна. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т ... Урьдчилан 18 сар хүртэлх тэтгэмжийг авсан иргэн цэргийн тэтгэвэр тогтоолгосны дараа үлдэх хэсгийг авах эрхтэй гэсэн байгаа. Тэгэхээр өмнөх 18 сарын тэтгэмжийг олгохдоо тухайн үед цалингийн хэмжээг тогтоосон заалтын дагуу олгоно гэж ойлгож байгаа.
1992 онд Монгол Улсын Үндсэн хууль батлагдаж, уг хуулиар иргэн, төр ижил тэгш эрхтэй байх, эрх зүйт төр, нийгэмд амьдарч байгаа тул хүний эрхийг дордуулсан заалтыг хэрэглэхээс татгалздаг тул миний тэтгэвэр, тэтгэмжийг зөв тогтоолгох боломжтой гэж ойлгож байна. Тэгэхээр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмж олгох 38 дугаар тогтоол, түүний хавсралтын 3-т Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан тэтгэмжийг олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хелсийн нийлбэрийг 60-д хувааж гарсан дундаж цалин хөлсийн 36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгоно гэсэн байгаа. 36 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг 1 удаа олгодог. Энэ 1 удаагийн олгохдоо тэтгэвэр тогтоолгох үед авч байсан цалингаар буюу сүүлийн 5 жил ажиллаж байсан цалингийн дунджаар тооцож олгохоор зохицуулсан. Мөн дээд тал нь буюу 18 хүртэлх сард ногдох хэсгийг олгож, үлдэх хэсгийг авах эрхтэй гэж заасан. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т 18 сар хүртэлх тэтгэмжийг авсан хүн тэтгэвэр тогтоолгосны дараа үлдэх хэсгийг авах эрхтэй гэж заасан байгаа. 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Засгийн газрын 38 дугаар тогтоол, түүний хавсралтын 3 болон 9 дэх заалтад зааж өгсөн байгаа гэв.
Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийн 18 сар хүртэлх хугацаанд ногдох хэсгийг цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэнээс хойш үргэлжлүүлэн алба хааж байгаа офицер, ахлагчид өөрийн нь хүссэнээр цэргийн албанаас чөлөөлөгдөхөөс өмнө урьдчилан олгож болно гэж хуульчилсан. Тэгэхээр Ч.Эын 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Тагнуулын еренхий газрын даргад ...1 удаагийн тэтгэмжийг 18 сар хүртэлх хугацаанд ногдох хэсгийг хэсэгчлэн авах зайлшгүй шаардлага гарсан тухай өргөдөл гаргасан. Улмаар 1 удаагийн тэтгэмж олгох тухай ТЕГын даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/655 дугаар тушаалаар "... ТЕГын ажилтан Ч.Эын хувийн амьдралд санхүүгийн дэмжлэг үзүүлж цэргийн алба хаасны тэтгэвэрт гарах үед олгох тэтгэмжээс 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмжийг урьдчилан олгосугай. гэсэн байгаа. олгосон. Засгийн газрын 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмын 9-д Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан тэтгэмжийг авсан иргэн цэргийн тэтгэвэр тогтоолгосны дараа үлдэх хэсгийг авах эрхтэй. Ийнхүү олгосон тохиолдолд нийт тэтгэмжийн хэмжээг 36 сараас хэтрүүлэхгүй байна гэж заасан байгаа.
Нэхэмжлэгч Ч.Эад Цэргийн албан хаагчийн 1 удаагийн тэтгэмжийн 18 сар хүртэлх хэсгийг ТЕГын даргын тушаалаар урьдчилан олгосон нь захиргааны санаачилгаар бус өөрийнх нь хүсэлтийг үндэслэж тухайн үед мөрдөгдөж байсан албан тушаалын цалин хөлсийн дунджаар олгосон. Цалин хөлс нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор уг тэтгэмжийн зөрүүг олгохтой холбоотой холбогдох хууль, журам байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Тэтгэмжийг буруу тооцож олгосон ТЕГын даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 18 сарын тэтгэмжийн зөрүү болох 19 746 300 төгрөгийг олгохыг ТЕГын даргад даалгуулах гэж тодруулжээ.
Нэхэмжлэгч тал Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Цэргийн алба хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам-ын 9 дүгээр зүйлийн 9-д Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан тэтгэмжийг авсан иргэн цэргийн тэтгэвэр тогтоолгосны дараа үлдэх хэсгийг авах эрхтэй болно. Ийнхүү олгосон тохиолдолд нийт тэтгэмжийн хэмжээ 36 сараас хэтрэхгүй байна гэж зааснаар 36 сарын тэтгэмжийн үлдэх хэсэг буюу 18 сарын тэтгэмжийг тооцохдоо үргэлжлүүлэн ажилласан хугацаанд хамаарах нийт цалингаас тооцож олгох ёстой байсан гэж хариуцагч тал Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмын 9 дүгээр зүйлийн 9-д Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3-т заасан тэтгэмжийг авсан иргэн цэргийн тэтгэвэр тогтоолгосны дараа үлдэх хэсгийг авах эрхтэй. Ийнхүү олгосон тохиолдолд нийт тэтгэмжийн хэмжээ 36 сараас хэтрэхгүй байна, 12-т Цэргийн албанд ажилласан хугацааг тооцох үндсэн бичиг баримт нь офицер, ахлагчийн хувийн хэрэг, архивын лавлагаа, сүүлийн 5 жилийн цалингийн тодорхойлолт байна..., 14-т Цэргийн албан хаагчийн ажиллаж байсан анги, байгууллагын захирагч /дарга/, санхүүгийн хариуцсан ажилтнууд энэ журмын дагуу тухайн цэргийн албан хаагчийн цалин хөлсийг үнэн зөв тодорхойлох үүрэг хүлээнэ, 15-д Сарын дундаж цалин хөлсийг буруу тодорхойлох, хуурамч бичиг баримт бүрдүүлэх зэргээр нэг удаагийн тэтгэмжийг буруу тогтоож олгосон албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус заасны дагуу Ч.Эад цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийн 18 сард ногдох хэсгийг ТЕГын даргын тушаалаар урьдчилан олгосон нь захиргааны санаачилгаар бус өөрийнх нь хүсэлтийг үндэслэн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан албан тушаалын сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож олгосон гэж маргаж байгаа болно
Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэлээ.
Нэхэмжлэгч Ч.Э ТЕГын Нийслэл дэх газрын ахлах ажилтнаар ажиллаж байгаад 2014 онд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Цэргийн албан хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, 1 дэх хэсгийн 1-д 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй гэсэн болзлыг хангаж, тэтгэвэр тогтоолгох эрх нээгджээ.
Нэхэмжлэгч 2014 онд амьдралын хэрэгцээ, шаардлагаар орон сууцны зориулалтаар мөнгөн тэтгэмж авах тухай хүсэлтийг гаргасан боловч байгууллагаас боломжгүй тухай хариу өгсөн тул дахин Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасны дагуу нэг удаагийн тэтгэмжийн 18 сарын хугацаанд ногдох хэсгийг урьдчилан олгож өгнө үү гэжээ. Дээрх хүсэлтийг үндэслэн хариуцагчийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/655 дугаар тушаалаар Ч.Эад 18 сарын цалин хэлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж урьдчилан олгож, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/639 дүгээр тушаалаар Ч.Эыг үүрэгт ажлаас чөлөөлж, цэргийн алба хаасны тэтгэвэрт гаргаж, 36 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохоос 2014 онд 18 сарын тэтгэмжийг урьдчилан олгосон тул үлдэгдэл 18 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгож шийдвэрлэсэн байна.
Энэ нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй... жил алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно, 19.3-д Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийн 18 сар хүртэлх хугацаанд ногдох хэсгийг ...тэтгэвэр авах эрх үүссэнээс хойш үргэлжлүүлэн алба хааж байгаа офицер, ахлагчид өөрийн хүссэнээр...урьдчилан олгож болно гэж заасныг зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл тэтгэвэр авах эрх үүссэнээс хойш өөрийн хүсэлтээр 18 сар хүртэлх хугацаанд ногдох хэсгийг 2014 онд авч байсан цалингийн дунджаар бодож авсан тул 2018 онд 36 сарын цалин хөлсөөр бодож олгох боломжгүй юм.
Учир нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Цэргийн албан хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно, энэ зүйлийн 3 дахь хэсэгт Цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмжийн 18 сар хүртэлх хугацаанд ногдох хэсгийг цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэнээс хойш үргэлжлүүлэн алба хааж байгаа офицер, ахлагчид өөрийн нь хүссэнээр цэргийн албанаас чөлөөлөгдөхөөс өмнө урьдчилан олгож болно, Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам-ын 9-д Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан тэтгэмжийг авсан иргэн цэргийн тэтгэвэр тогтоолгосны дараа үлдэх хэсгийг авах эрхтэй болно. Ийнхүү олгосон тохиолдолд нийт тэтгэмжийн хэмжээ 36 сараас хэтрэхгүй байна гэж тус тус зааснаар тайлбарлагдаж байна.
Нэхэмжлэгч Ч.Эад 2014 онд 25 жил цэргийн албанд ажилласан байх хуулийн заалтын дагуу тэтгэвэрт гарах эрх үүссэнээр 18 сарын тэтгэмжийг өөрийнх нь хүсэлтээр урьдчилан олгож, 2018 он хүртэл үргэлжлүүлэн ажилласан үеийн цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр үлдэх 18 сарын тэтгэмжийг тооцож олгосон хариуцагчийн шийдвэр хууль зөрчөөгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ТЕГын даргын Нэг удаагийн тэтгэмж үзүүлэх тухай Б/655 дугаар тушаалаар 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь 2018 онд үлдсэн 18 сараар тооцож тэтгэмж бодох үндэслэл болсон бөгөөд тэтгэмж олгох шийдвэр гарч байгаа тухайн үеийн цалингийн дунджаар тооцож байгаа мөнгөн дүн нь нэхэмжлэгчийн тэтгэмж авах эрхийг зөрчөөгүй.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам-ын холбогдох зохицуулалтаар тэтгэвэр тогтоолгож ажлаас чөлөөлөгдсөн цэргийн албан хаагчид олгох тэтгэмжийг сараар тодорхойлж тухайн үеийн цалингийн дундаж мөнгөн дүнг илэрхийлж олгоно, харин Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 18 хүртэлх сарын тэтгэмжийг урьдчилж аваад, төрийн албанд үргэлжлүүлэн ажиллаж тэтгэврээ тогтоолгосон албан хаагчид урьдчилан авсан тэтгэмжийг үргэлжлүүлэн ажилласан хугацааны цалингийн зөрүүгээр нөхөн олгох хуулийн зохицуулалт байхгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тагнуулын байгууллагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн Ч.Эын нэхэмжлэлээр ТЕГын даргад холбогдуулан гаргаснаар Тэтгэмжийг буруу тооцож олгосон ТЕГын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 18 сарын тэтгэмжийн зөрүү болох 19.746.300 төгрөгийг олгохыг ТЕГын даргад даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ