Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 128/2011/0079/З

 

 

2015 оны 2 сарын 05 өдөр        Дугаар 221/МА2015/0078

 

 

ХДЭ ТББ болон иргэн Г.Д ,

Д.М , Ж.Б , О.Д нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч ХДЭ ТББ-ын тэргүүн Б.Б , нэхэмжлэгч Г.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ш.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.О нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 568 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч ХДЭ ТББ-ын тэргүүн Б.Б , нэхэмжлэгч Г.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ш.Жн нарын гаргасан давж заалдах гомдлоор, ХДЭ ТББ болон иргэн Г.Д , Д.М , Ж.Б , О.Д нарын нэхэмжлэлтэй АМГКХ-т   холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХДЭ ТББ-ын тэргүүн Б.Б , иргэн Д.М , Ж.Б , О.Д, Т.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Энэ нутагт цаашид фосфоритын хайгуул, ашиглалт явагдах тохиолдолд бүс нутгийн хүрээлэн буй орчин, ялангуяа хүн малын ундны усны цорын ганц эх үүсвэр болсон Дэлгэр мөрөн, Хядгийн гол болон рашаан маань үгүй болох, цаашлаад Байгаль далайд хор уршиг нь хүрч, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, бидний өвөг дээдсийн үеэс уламжлан, төр засгийн түвшинд хамгаалж ирсэн түүх, соёлын дурсгалт зүйлс маань үнэлж баршгүй хохирол учрах аюул тулгараад байна. Бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, зохистой амьжиргаатай байх амьжиргааны арга барилаа чөлөөтэй сонгох, уламжлал соёлоо хадгалан амьдрах эрхийг зөрчсөн шийдвэрийг ГУУ Кадастрын хэлтсээс гаргалаа...

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн нутаг дэвсгэр Бүрэнхааны орчимд ашигт малтмалын дор дурдсан тусгай зөвшөөрлүүдийг олгосон ГУУКХ-ийн шийдвэрүүд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7- д дурдсан илт хууль бус акт тул мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3-ын дагуу илт хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Үүнд: ТМ ХХК-д 2007 оны 08 дугаар сарын 14-ний өдөр олгогдсон 12633Х, 12634Х, 12635Х, 12636Х, 12637Х, 12638Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүд, мөн компанид 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдөр олгогдсон 11428А тоот, 2001 оны 12 дугаар сарын 26-ны өдөр олгогдсон 3999А тоот, С  ХХК-д 2001 оны 12 дугаар сарын 26-ны өдөр олгогдсон 3996А тоот ашиглалтын лицензүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх заалтын дагуу цуцлах арга хэмжээг авахыг АМГ-ын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргад даалгасан шийдвэрийг, ЗХХШТХ-ийн 70 дугаар зүйлийн 70.2.4-д заасны дагуу гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч АМГ-ын ГУУКХ-ийн дарга шүүхэд гаргасан тайлбартаа: ...ТМ ХХК-иас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлүүдийг хүлээн авч, хянан шийдвэрлэж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон үйл ажиллагаа Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан... Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 760 дугаар, 2006 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 155 дугаар, 2007 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1996 дугаартай шийдвэрүүдийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд ТМ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ...Дээрх өргөдлүүдэд тусгагдсан талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй болох нь зураг зүйн шүүлтээр тогтоогдсон... хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгай зөвшөөрлүүдийг авсан... Манай компани жил бүр хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын ажилд зарцуулсан зардлын доод хэмжээ, түүнийг зохих байгууллагаар нь жил бүр баталгаажуулан ажиллаж ирсэн... Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 760, 2006 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 155, 2007 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1996 дугаар шийдвэрүүдийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 568 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7, 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасныг тус тус баримтлан ХДЭ ТББ-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тус ТББ-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М , Ж.Б , О.Д, Т.Д нарын ГУУКХ-ийн даргын ТМ ХХК-д олгосон 12636Х, 12638Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тус нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ашигт малтмалын тухай /1997 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 1, 30 дугаар зүйлийн 1, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай /1998 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох нэхэмжлэгч Д.М , Ж.Б , О.Д , Т.Д нарын АМГ-ын ГУУ кадастрын хэлтсийн даргын 2001 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 760 дугаар шийдвэрийн ТМ ХХК-д 3999 А тоот, 2006 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 155 дугаар шийдвэрийн ТМ ХХК-д 11428А тоот ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүдийг олгосон хэсгийг илт хүчин төгөлдөр бусад тооцуулах, ТМ ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 12633Х, 12634Х, 12635Х, 12637Х тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ХДЭ ТББ-ын тэргүүн Б.Б , иргэн Д.М , Ж.Б , О.Д нарын өмгөөлөгч Ш.Ж, иргэн Т.Д-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нар давж заалдах гомдолдоо: Шүүхээс ХДЭ ТББ-ыг нэхэмжлэх эрхгүй этгээд гэж үндэслэхдээ ЗХХШТХ-ийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ гэжээ.

1. ХДЭ ТББ-ын нэхэмжлэх эрхийн тухайд: Уг байгууллага нь Хөвсгөл далайн экосистемийг хамгаалах, тэнд амьдарч байгаа иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдсэн үйл ажиллагааг явуулахаар сайн дураар эвлэлдэн нэгдэж ХЗДХЯ-наас хууль зүйн дагуу гэрчилгээгээ авсан. Манай байгууллагын дүрмийн 2-р зүйлийн 2.1-д тус байгууллагын зорилго, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлохдоо ХДЭ ТББ нь иргэдийн оролцоотойгоор Хөвсгөл нуурын ай сав газрын унаган төрхийг хэвээр хадгалж, нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалахыг зорьж байна. Маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн байршил нь Хөвсгөл нуурын ай савд хамаарагдах Алаг-Эрдэнэ, Түнэл, Бүрэнтогтох сумдын нутгийг дамнан оршдог, байгууллагын зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хөндөж байгаа тул үүний хүрээнд байгаль орчин болон нутгийн иргэдийн эрхийг хамгаалж нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна. Учир нь, хүний эрхийн онол талаас сонгодог утгаар нь авч үзвэл төр, төрийн байгууллага, албан тушаалтнаас хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүргээ биелүүлж чадахгүй байгаагаас үүдэн гарч буй зөрчлийг хүний эрхийн зөрчил гэж нийтлэг утгаар нь ойлгодог. Түүнчлэн төр хүний эрхийн хамгаалалтыг сулруулах, түүнээс татгалзах нь хүний эрхийн ноцтой зөрчилд тооцогддог. Гэтэл хариуцагч тал болох АМГ нь хууль бусаар олгосон тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах хууль ёсны үүргээ биелүүлэхийг шаардсан шаардлагыг өдийг хүртэл зохих ёсоор биелүүлээгүй, үүргээ биелүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авч, үр дүнд хүрээгүй ирсэн. Энэ бол хүний хамгаалалтыг сулруулсан, түүнээс татгалзсан хамгийн ноцтой, хүний эрхийн зөрчил буюу хууль бусаар тусгай зөвшөөрлүүдийг олон тоогоор, их хэмжээний газарт олгосноор нутгийн иргэд болон байгаль хамгаалах дүрмийн зорилготой ТББ-ын эрхийг зөрчсөн, ашиг сонирхлыг хөндсөн хууль бус үйлдэл гэж үзэж, уг зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасаар ирсэн бөгөөд шатны шатны шүүх, олон удаагийн шүүх хурлууд бидний энэхүү эрхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэж байсныг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх болон байгаль орчинд хортой нөлөөлсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг шаардах, ...шүүхэд нэхэмжлэл гаргах, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, үзлэг хийх илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах..., ЗХХШТХ-ийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д Нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдлийг хэлнэ, 12 дугаар зүйлийн 12.1-д ...захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус заасны дагуу ХДЭ ТББ нэхэмжлэл гаргах эрхтэй хуулийн этгээд юм. Иймд ЗХХШТХ-ийн 34 дүтээр зүйлийн 34.1.5-д заасныг баримтлан бидний нэхэмжлэх эрхийг хязгаарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Энэхүү хэрэг нь анх 2011 оны 02 дугаар сард үүсгэгдэж, 3 шатны шүүхийн шийдвэрээр эцэслэгдсэн байтал хуурамч нотлох баримтад үндэслэгдэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас анхан шатны шүүхэд ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр буцсан. Улсын Дээд шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 117 тоот тогтоолоор хэргийг хянан үзэхдээ хүртэл манай байгууллагын нэхэмжлэх эрхтэй хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн байгааг тогтоож байсан. Захиргааны хэргийн шүүх анх хэргийн нэхэмжлэлийг хүлээн аваад нэхэмжлэх эрхтэй эсэх, захиргааны хэргийг шүүхэд харъяалах маргаан эсэх, хөөн хэлэлцэх хугацаа зэргийг судлан үзэж хэрэг үүсгэх эсэхийг шийддэг. Үүний дагуу судлан үзсэний үндсэн дээр хэрэг үүсгэн 2 жил гаран хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж ойлгогдож байгаа. Тийм биш байсан бол хэрэг үүсэхээс өмнө нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах боломжтой байсан.

2. Иргэдийн нэхэмжлэх эрхийн тухайд: Нэхэмжлэгч иргэд болон Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн иргэд нь МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах үндсэн эрхтэй, 16.1.10-т ...сайн дураараа эвлэлдэн нэгдэх, 16.1.12-т төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх, 17.2-т ...байгаль орчноо хамгаалах нь журамт үүрэг мөн гэснийг дагуу нэхэмжлэх эрхтэй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Бүрэнхааны фосфоритын ордод хайгуул хийх, цаашлаад ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгосон явдал нь нэхэмжлэгч нарын орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах үндсэн эрхийг дараах шалтгаанаар зөрчиж байна. Фосфоритын хайгуул ашиглалтын үйл ажиллагаа нь байгаль орчин болон хүний эрүүл мэндэд маш их хор хөнөөлтэй үйл ажиллагаа юм. Бүрэнтогтох сум 3760 км (376.000 га) нутаг дэвсгэртэйгээс 2870 км нь бэлчээрийн нутаг юм. Бүрэнхааны фосфоритын орд нь Хөвсгөл нуураас 100 гаруй км зай, тус аймгийн Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ, Арбулаг, Түнэл сумын нутгийг хамран оршдог, 192.24 сая тонноор тогтоогдсон байдаг. ТМ ХХК-ийн эзэмшдэг бүх тусгай зөвшөөрлүүд нь Бүрэнхаан нэртэй бөгөөд Бүрэнтогтох сумаас зөвшөөрөл авдаг.

Фосфоритын ордод өрөмдлөг хайгуул хийх, цаашлаад ашиглалт, баяжуулалтын үйл ажиллагаа явуулах нь Дэлгэрмөрөн, Хядгийн рашаан устаж үгүй, Хөвсгөл нуурын ус бохирдох эрсдэлтэй гэдэг нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон байна. Фосфоритын ордыг ашиглахад үүсч болох үр дагаврыг тогтоож, үйлдвэр байгуулж болох эсэхийг шинжлэх ухааны үндэстэй тогтоох зорилгоор 1988-1998 онд шинжлэх ухааны олон байгууллага хамтран судалгаа туршилт хийсэн боловч тус ордыг ашиглах ямар ч үндэсгүй хэмээн дүгнэсэн. Тэдний тооцоогоор Бүрэнхааны ордыг түшиглүүлэн жилд 6 сая тонн хүдэр олборлох ил уурхай байгуулж, ашиглах нөхцөлд жилд 18.4 тонн фосфор, 8.7 сая тонн фтор, бусад хорт элементүүд агаарт цацагдахаар байна. Тэсэлгээнээс үүсэх тоосны 40 орчим хувь нь мөрөн сум, дэлгэр мөрний хөндийд буух бөгөөд түүний хор хөнөөлийг бүрэн арилгаж чадахгүй юм гэжээ. Мөрөн хотоос баруун хойш 22 км-ийн зайд 2-3 м/с салхитай үед 176 к-ний өчүүхэн бага хэмжээтэй туршилтын тэсэлгээ хийхэд гарсан тоос 1 цагийн дараа гэхэд Мөрөн хотод тэмдэглэгдэж байсан. Тэсэлгээний дараахан Бүрэнхааны орд хавьд агаар дахь хүхэрлэг хийх 10 дахин, азотын давхар исэл 6 дахин, 1 цагийн дараа Мөрөн хот дахь агаарын хүхэрлэг хийх 15 дахин, азотын давхар исэл 6 дахин нэмэгдсэн байна. Түүнчлэн нэхэмжлэгч малчин иргэд нь бүгдээрээ тусгай зөвшөөрөл бүхий талбайн орчим өвөлжөө хаваржааны газар эзэмшдэг, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй бөгөөд 20 жилийн хугацаатай газар эзэмших гэрээтэй, түүнийгээ тойрсон бэлчээр нутагтай, одоо мөрдөгдөж байгаа хуулиар бэлчээрийн газар нь нийтийн эзэмшил учраас эзэмшил бэлчээр газраа гэрээ гэрчилгээгээр баталгаажуулж чадаагүй байгаа нь үнэн ч малчдын өвөлжөө хаваржааг бэлчээрээс салгаж авч үзэх ямар ч боломжгүй. Тиймээс эдгээр малчдын газар эзэмших эрх нь зарим тусгай зөвшөөрлийн талбайтай шууд давхцаагүй байсан нь тэдний өвөлжиж, хаварждаг, засдаг, намарждаг, отор нүүдэл хийдэг бэлчээр нутаг нь яахын аргагүй тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа учраас энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа. Бүрэнхаан уулын ам болгонд айлууд байдаг бэлчээрийн гол цөм нутаг юм.

Нэхэмжлэгч О.Д : Хядгийн голын эхээс дээшээ өвөлждөг, газар эзэмших 1996 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 154 тоот гэрээтэй. Хугацаа нь 20 жил буюу 2016 он хүртэл хүчинтэй. 2 газарт газар эзэмшдэг. Өндөр хадны өврийн өвөлжөө нь 60x70=4200 м.кв. Усны ар улаан хонхор гэдэг газар хаваржаатай: 40x60 =2400 м.кв. Нэхэмжлэгч Ж.Б : 80-аад оноос энд нутаглаж байгаа. Хядгийн голоос 5 км орчимд нутаглаж, Хядгийн рашаанаас эх авдаг. Нэхэмжлэгч Д.М ых Хядгийн голын яг эхэнд 2 км зайтай нутагладаг. Фосфоритын хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу явагдах үйл ажиллагааны үр дагавар сөрөг нөлөөллийг зөвхөн тусгай зөвшөөрлийн талбай, малчны өвөлжөө, хаваржааны эргэн тойрноор хязгаарлах боломжгүй бөгөөд тоосжилт, түүнтэй хамт цацагдах химийн бодисуудын нөлөөлөл хэдэн зуун км-ээр тогтохгүй. Иймээс иргэдийг нэхэмжлэх эрхгүй этгээд гэж үзэж байгаа нь буруу юм. Шүүхийн шийдвэрт ТМ ХХК-ийн 12636Х, 12638Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан үндэслэлдээ уг тусгай зөвшөөрлүүдийг Алаг-Эрдэнэ, Түнэл сумынх гэж үзжээ. Гэвч эдгээр тусгай зөвшөөрлүүд Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ, Түнэл сумдыг дамнан оршиж байдаг. Иймээс бидэнд нэхэмжлэх эрх байгаа гэж үзэж байна.

3. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувьд: АМТХ зөрчиж, хууль бусаар олгогдсон. Өөрөөр хэлбэл, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ огт хийгдээгүй. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаас өмнө АМТХ-ийн тийм заалт байгаагүй гэж ярьдаг. Гэтэл 1998 онд батлагдсан БОНБҮТХ-д 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт ороход хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-ийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ нь ашигт малтмал ашиглах, газар эзэмших, ашиглах эрх авах болон тосол хэрэгжүүлж эхлэхийн өмнө хийгдсэн байна гэж өөрчлөн найруулагдсан. Үүнээс харахад АМТЗ олгохын өмнө ерөнхий үнэлгээ хийгдсэн байх хуулийн шаардлага гарсан. Энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргах, ерөнхий үнэлгээг хавсаргах, өргөдлийг шийдвэрлэхэд түүнийг нь харгалзан үздэг байх ёстой. ТМ ХХК тусгай зөвшөөрөл хүссэн 3999А өргөдлийг 2001 оны 11 дүгээр сарын 21-нд гаргасан, тусгай зөвшөөрөл олгох шийдвэр нь 2001 оны 12 дугаар сарын 03-нд гарсан. Өргөдлийг шийдвэрлэх шатанд холбогдох хуульд өөрчлөлт орсон учраас шийдвэр гаргахдаа түүнийг харгалзан үзэх ёстой байсан. 11428А тусгай зөвшөөрөл олгох өргөдлийг 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өргөдөл гаргасан. Тусгай зөвшөөрөл олгох шийдвэр нь 2006 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гарсан. Иймд БОНБҮ-ний тухай хуулийн шаардлагыг хангасан байх ёстой. Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо БОНБҮ-ний тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу БОИБЕҮ хийлгээгүй байхад тусгай зөвшөөрөл олгосон гэдэг нь АМГ-ын тайлбар (30-32х) болон ТЗ-ийн хувийн хэрэг дэх дотоод хяналтын хуудсууд (3999А-94 х, 11428А-109-110 хуудас)-аар нотлогдож байсан. 2006 оны АМТХ-ийн 25.1.7-д тус үнэлгээг хийхийг заасан. Мөн Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгогдсон хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл /лиценз/-ийг шинээр батлагдсан хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэнэ гэсний дагуу дээрх тусгай зөвшөөрлүүд шинэчлэгдэн бүртгэгдсэн байх учиртай.

Гэтэл шинэ хуулиар батлагдсан журам буюу ерөнхий үнэлгээ хийлгэсэн байх шаардлагыг хангаагүй гэдэг нь БОАЖЯ-аас шүүхэд ирүүлсэн тодорхойлолтоор (220х) нотлогдож байсан. Шинэчлэн бүртгүүлэхэд ерөнхий үнэлгээ хийлгэх шаардлагатай байсан гэдгийг ҮХС-ын тушаалаар АМГТХЭГ-ын Кадастрын бүртгэлийн төвийн үйл ажиллагаанд шалгалт хийхээр томилогдсон ажлын хэсгийн 2007 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтээр харагдаж байсан. (143-144х). Өөрөөр хэлбэл, 1997 оны хуулийн олгогдсон АТЗ-үүдийг 2006 оны хуулийн дагуу шинэчлэн бүртгэхэд БОНБЕҮ хийлгэсэн эсэхийг харгалзан үзэх ёстой бөгөөд шинэчлэн бүртгэх бүх үйл ажиллагаанд үүнийг хэрэгжүүлээгүй байна. Үүнийг ажлын хэсэг зөрчил мөн хэмээн дүгнэсэн байсан. Ажлын хэсэг дүгнэлт 1, 2-тоо Кадастрын бүртгэлийн төв АМТХ-ийн холбогдох заалтуудыг байнга зөрчдөг нь хэвийн үзэгдэл болсон гэсэн байна. Улсын Дээд шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 117 тоот тогтоолд уг асуудлыг хянахдаа ...Учир нь, анхан шатны шүүх уг асуудлыг нарийвчлан зохицуулсан хэрэглэвэл зохих Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай /1998 оны/ хуулийг хэрэглээгүйн гадна хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлээгүй. Тухайлбал, ТМ ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос өмнө Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай /1998 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ нь төслийг хэрэгжүүлж эхлэхийн өмнө хийгдсэн байна гэсэн заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь ашигт малтмал ашиглах, газар эзэмших эрх авах болон төсөл хэрэгжүүлж эхлэхийн өмнө хийгдсэн байна гэж өөрчлөн найруулсан байхад шүүх хариуцагчийг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэсэн байсныг анхан шатны шүүх энэ удаад дахин анзаарч хянаж чадсангүй.

4. АМГ-ын хууль бус ажиллагааны тухайд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /20-р хуудсанд/ ГУУ кадастрын хэлтэс нь АМТХ-ийн 60 дугаар зүйлийн 60.4-т заасныг зөрчиж, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг олгосон байна гэсэн хирнээ ямар нэгэн хариуцлага тогтоогоогүй байна. Үүнээс харахад шүүх хууль бус үйлдэл, үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч хууль шүүхийн өмнө ...тэгш эрхтэй байх үндсэн хуулийн заалт хэрэгжихгүй байдалд хүрсэн зүйл болжээ. Хайгуулын тусгай зөвшөөрөл анхнаасаа хууль зөрчин олгогдсон мөн тусгай зөвшөөрөл авснаасаа хойш ч хууль бус үйлдлээ таслан зогсоогоогүй. Тухайлбал, тусгай зөвшөөрөл 2007 оны 08 дугаар сарын 14-ний өдөр олгогдсон. Хайгуулын ажлын зардлын доод хэмжээг тогтоох хугацаа 2008 оноос эхлэн хангагдсан байх ёстой. ТМ ХХК 2008, 2009, 2010 онуудад ХАЗДХ-г хангаагүй буюу тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл 2009 онд бүрдсэн байсан.

- 2007-2009 онд Хайгуулын ажил огт хийж байгаагүй, 2010 онд хайгуулын тайлан ирүүлсэн боловч газар дээрээ хайгуулын ажил хийгээгүй гэдгийг Бүрэнтогтох сумын Засаг даргаас шүүхэд 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн албан бичгээр орон нутаг нотолж байна. Мөн 2007 оны 03 дугаар сарын 02-нд УМХГ-ын дарга Д.Батбаатар, ГУУКХ-ийн дарга Т.Занашир нарт 2001 оноос хойш ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй. АМТХ, ГТХ зөрчиж байгаа тул лицензийг цуцалж өгөхийг хүсч, 1/101, 1/102 тоот албан бичиг явуулсан байдаг.

- Хэргийг урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бидний гаргасан гомдол хариуцагчаас 2010 оны 07 дугаар сарын 15-нд ирүүлсэн хариуд ТМ ХХК 2008-2009 оны хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй гэдэг нь харагдаж байсан.

- Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугаар ХАЗДХ хашаагүй тул цуцлах нөхцөл бүрдсэн тусгай зөвшөөрлүүдийг хэвлэсэн. Үүнд мөн эдгээр 6 тусгай зөвшөөрөл орсон байсан.

- АМГ-аас 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн албан тоотоор шүүхэд ирүүлсэн мэдээлэлд ...тус компани 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр холбогдох материалаа ирүүлснийг ГСХ-ийн мэргэжилтэн Уранцэцэг хянаж үзэж ХАЗ-ыг баталгаажуулсан байна гэжээ. Өөрөөр хэлбэл, хугацаандаа материалаа ирүүлж баталгаажуулалт хийгээгүй байхад АМГ хууль болон журмаа зөрчин нөхөн баталгаажуулснаа өөрсдөө нотолсон байна.

Хариуцагч удаа дараа болон гуравдагч этгээд ХАЗДХ-г хангасан гэж тайлбар, тодорхойлолт өгч байгаа ч үүнийг гэрчлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Бид АМГ нь хууль зөрчин хугацаандаа өгөөгүй тайлан, хугацаандаа хийгдээгүй баталгаажуулалтыг нөхөн хүлээн авдаг, баталгаажуулалт хийсэн талаар маргаж байгаа. Харин эдгээр тодорхойлолтууд нь тайланг хэзээ хүлээлгэн өгч, хэзээ баталгаажуулалт хийснийг нотолж чадахгүй буюу баталгаажуулалтыг нөхөн хийгээгүй гэдгийг нотлохгүй байсаар байхад энэ талаар шүүхийн ямар нэгэн ажиллагаа хийж анхааралдаа аваагүй. Энэ шийдвэрээр хэн ч хууль зөрчиж болно, шүүх үүнийг мэдсэн ч хариуцлага хүлээхгүй гэдгийг тунхаглаж өгсөнд гомдолтой байна. Иймд, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 568 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ХДЭ ТББ, нэхэмжлэгч иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

ХДЭ ТББ-ыг анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн Байгаль орчныг хамгаалахад төрийн бус байгууллага оролцох гэсэн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд төрийн бус байгууллага нь байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу аливаа төрийн бус байгууллага нь өөрийнхөө зорилгыг тодорхойлох эрхтэй. Гэхдээ тухайн байгууллага өөрийнхөө зорилгыг тодорхойлсон байдал нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгохгүй юм.

Учир нь, аливаа хэрэг, эрх зүйн маргааныг шүүх хянан шийдвэрлэх ажиллагаа нь тодорхой процессын хуулийн дагуу явагдах бөгөөд тухайн хуульд заасан шаардлагыг хангасан этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд итгэмжлэл олгогдоогүй нөхцөлд бусдыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй юм.

2. Д.М , Ж.Б , О.Д , Т.Д нарын 4 иргэний тухайд Ашигт малтмалын газраас ТМ ХХК-д олгосон 2007 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ашигт малтмалын хайгуулын 12633Х, 12634Х, 12635Х, 12636Х, 12637Х, 12638Х тусгай зөвшөөрөл болон 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 11428А, 2001 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 3999А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг /нийтдээ хайгуулын 6, ашиглалтын 2/ цуцлахыг хариуцагчид даалгах шаардлага гаргажээ.

А/ ТМ ХХК-д олгогдсон хайгуулын 6 тусгай зөвшөөрлийн 12636Х болон 12638Х тусгай зөвшөөрлүүд нь нэхэмжлэгч иргэдийн оршин сууж буй сумаас өөр сумын нутаг дэвсгэр дээр олгогдсон болох нь тогтоогджээ.

Дээрх байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Захиргааны

хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь заалтыг баримтлан хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Б/ Үлдэж буй хайгуулын 4 /12633Х, 12634Х, 12365Х, 12637Х/ тусгай зөвшөөрөл болон ашиглалтын 2006 оны 11428А, 2001 оны 3999А дугаартай тусгай зөвшөөрлийн тухайд:

Дээрх нэр бүхий иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, зохистой амьжиргаатай байх, амьжиргааны арга барилаа чөлөөтэй сонгох, уламжлал соёлоо хадгалан амьдрах эрхүүд зөрчигдөж болзошгүй гэж үзэж, нэхэмжлэл гаргасан байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нарын дээрх эрхийг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй тухай ямар нэгэн нотлох баримт байхгүй байна.

Ийм нөхцөлд шүүх иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, зохистой амьжиргаатай байх, амьжиргааны арга барилаа чөлөөтэй сонгох, уламжлал соёлоо хадгалан амьдрах эрхүүд зөрчигдөж болзошгүй гэж хийсвэрээр дүгнэх боломжгүй байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай /2012 оны/ хуулийн 7 дугаар зүйлд заасан Нөлөөллийн үнэлгээ /нарийвчилсан/ хийгдээгүй, байгаль орчин болон хүн амд сөрөг нөлөөтэй болохыг нь тогтоосон ямар нэгэн нотлох баримт байхгүй байна.

Нэхэмжлэгч нар нь дээрх ордод БНМАУ болон ЗХУ хамтран ажиллах гэж байгаад хортой болох нь тогтоогдоод больсон гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргаж байх боловч БНМАУ-ын АМНУК ба ЗХУ-ын АМНУК-ын хамтарсан хурлын ПРОТКОЛ /2 дугаар хавтас, 14-23 дугаар хуудас/ гэснийг баримтаас үзэхэд энэ талаар тусгаагүй, харин ...цаашид үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмших асуудлыг шийдвэрлэхэд БНМАУ-ын зохих байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр байгаль орчныг хамгаалах арга хэмжээнүүдийг урьдчилан тооцох, цаашид чандлан мөрдөх шаардлагатай болохыг тэмдэглэж байжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч талаас тоосжилт 1 цагийн дараа Мөрөнд ирсэн гэсэн агуулгатай тайлбарыг гаргах боловч түүнийг нь тогтоосон, шүүхээс нотлох баримтаар үнэлэхүйц ямар нэгэн баримтгүй байна.

3. Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсгийг буруу тайлбарлажээ.

Уг зүйлд буй улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн заалт нь үгийн шууд утгаараа тайлбарлагдах бөгөөд өөр бусад этгээдэд ч хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн агуулгатай болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгаас үзэхэд захиргааны акт нь тухайн иргэн, хуулийн этгээдийн эрхийг зөрчсөн байхыг шаардах бөгөөд ийнхүү зөрчсөн болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх хүчингүй болгож шийдвэрлэдэг.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч 4 иргэний эрхийг зөрчсөн эсхүл зөрчиж болзошгүй гэдэг нь одоогийн байдлаар нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж шүүх үзсэн тул энэ үндэслэлээр хайгуулын 4 тусгай зөвшөөрөлд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

4. Нэхэмжлэгч нар нь ТМ ХХК-ийн хайгуулын ажлын зардал нь хуульд заасан доод хэмжээг хангаагүй, хайгуулын ажил хийгдээгүй гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан хайгуулын ажлын тайлан гэсэн баримтаар Ашигт малтмалын Геологийн судалгааны хэлтэс нь ТМ ХХК-ийн дээрх тусгай зөвшөөрлүүдийн талбайд 2009 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, гарын үсэг зурсан, түүнчлэн уг гүйцэтгэсэн ажлын зардал нь хуулиар тогтоосон хайгуулын ажлын зардлын доод хэмжээнд хүрсэн болохыг баталгаажуулсан байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

5.    Ашиглалтын лицензийн тухайд нэхэмжлэгч талаас Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7 дахь заалтыг тус тус зөрчиж, олгогдсон гэсэн үндэслэлээр маргаж байна.

Маргаан бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгож байх үед 1997 оны Ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд дээрх хуулийн 18 дугаар зүйлд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн этгээд өргөдөлдөө Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг заавал хавсаргах тухай заагаагүй байна.

Иймд ТМ ХХК-ийг 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7 дахь заалтыг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй, харин тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа ТМ ХХК нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн болох нь тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ХДЭ ТББ, нэхэмжлэгч иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.    Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 568 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ХДЭ ТББ, нэхэмжлэгч иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

                                    ШҮҮГЧ                                                           П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР