Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/358

 

 

 

 

 

 

 

 

   2022         04         04                                    2022/ШЦТ/358

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Номин,

Улсын яллагч: Г.Баярмаа,

Шүүгдэгч: Э /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

           Шүүгдэгч Э нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр .............тоотод гэр бүлийн хамаарал бүхий буюу төрсөн охин С.Бтэйгээ маргалдаж, улмаар түүнийг дэгээ төмрөөр болон эсгий гутлаар цохиж эрүүл мэндэд нь биед зүүн мөр, баруун, зүүн бугалга, зүүн тохой, баруун, зүүн шуу, баруун бугуй, зүүн сүврэгдэс, баруун, зүүн гуя, баруун, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн дугаартай хэргээс:

 

Хохирогч С.Б “....би 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 07 цагийн орчимд ажилдаа яваад өдрийн цайны цаг буюу 12-13 цагийн орчимд ...............тоотод байрлах гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд төрсөн эх Э, түүний нөхөр М, дүү О нар байсан...тэгтэл ээж Э “Нүүрс модны чинь мөнгө дутсан байна, яагаад нүүрс модны мөнгийг дутаасан юм бэ” гэж хэлээд гартаа эрэгтэй хүний эсгий гутал бариад толгой, бие гээд бүх газар руу олон удаа цохисон. Тэгээд дэгээ төмөр бариад миний 2 гар, 2 хөл хэсэг рүү олон удаа цохиж зодсон. Би гэрээс гарч зугтаах гэсэн боловч гэрийн хаалгыг хааж зогсоод дэгээ төмрөөрөө цохиод байсан...тухайн үед миний баруун, зүүн гарын шуу, бугалга хэсэгт хөхөрч хавдсан, 2 хөлний гуяны хажуу талаар том хэмжээтэй хөхөрч няцарсан байсан . ер нь уур хүрсэн үедээ байнга зодож, цохиод байдаг...маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны байранд очиж хэсгийн байцаагч Г-тэй уулзаад “ээж намайг өчигдөр зодсон” гэж хэлэхэд Г байцаагч “энэ асуудал олон удаа болж байна, дараа нь хэн нэгнийгээ алчихвал яана" гээд надад шинжээч томилж өгөх тогтоол үйлдэж өгсөн. Тэр өдрөө шууд шүүх эмнэлэгт очиж үзүүлээд хадам ээжийнхээ гэр рүү очсон. Оройны 22-23 цагийн орчимд хадам ээжийн гэрт ээж Э, төрсөн дүү О 2 орж ирсэн. Ээж Э намайг “гэр лүү явъя гэхээр нь би “явахгүй" гэж хэлсэн чинь намайг цүнхээрээ цохиод гараараа үснээс зулгаагаад зодоод эхэлсэн. Манай хадам ээж Т нь цагдаад дуудлага өгөхөд цагдаа нар ирээд ээж Э, дүү О, нөхөр М бид дөрөвийг аваад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр очиж мэдүүлэг өгсөн. Уг асуудлаас болоод манай ээж Э шүүхээр орж 10 хоногийн баривчлах шийтгэл авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Гэрч С.О-н  “...Э нь миний төрсөн эх байгаа юм, харин Б нь миний төрсөн эгч байгаа юм...Б эгч 2 сая гаран төгрөгийг дутаагаад өрөнд оруулчихсан байсныг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мэдсэн юм шиг байна лээ...би санаа зовоод 19 цагийн орчимд ээжийн гэрт орсон. Тэгтэл ээж Э “чи хэдэн төгрөг авч үрсэн, хүмүүс мөнгөө нэхээд байна” гээд асуухад Б эгч юу ч дуугарахгүй зогсоод байсан. Тэгээд ээж Э  гартаа дэгээ төмөр барьчихсан эгч Бгийн хөл гар руу нь цохиж зодоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Гэрч Б.М-н “...2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр эхнэр Этооцоо бодсон чинь мөнгө дутаад байсан гэж хэлсэн. Тэгээд Э нь охин Б-д “мөнгө дутсан байна, тооцоогоо хийе” гэж хэлэхэд Б ерөөсөө дуугарахгүй зогсоод байсан. Э нь Б-гээс өдөржингөө асуугаад орой болоход Б юм хэлэхгүй байсанд Эрдэнэсүрэнгийн уур нь хүрээд дэгээ төмөр аваад Б-г зодож цохисон.Тухайн үед яг хаана нь хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан том хүргэн Б бид 2 Э-г  болиулсан...Тэгээд маргааш нь Э нь Б-гийн араас хадам ээжийнхэн гэрт очоод дахин зодсон гэсэн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э-гийн яллагдагчаар өгсөн “...Төрсөн охин Б-г зодож цохисондоо маш их харамсаж байна, миний хувьд охиндоо итгээд өөрийнхөө ажлыг хийлгэж байсан чинь намайг өрөнд оруулчихсан байсан учраас гомдоод гарчихсан юмаа. Ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №1782 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. С.Б зүүн мөр, баруун, зүүн бугалга, зүүн тохой, баруун, зүүн шуу, баруун бугуй, зүүн сүврэгдэс, баруун, зүүн гуя, баруун, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Э-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 57 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/, худалдааны төлөөлөгчийн гэрээ /хх-ийн 60-64 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 68, 73 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ......... тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу өөрийн төрсөн охин С.Б-тэй “нүүрс модны мөнгийг дутаасан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг дэгээ төмрөөр болон эсгий гутлаар цохиж эрүүл мэндэд нь биед зүүн мөр, баруун, зүүн бугалга, зүүн тохой, баруун, зүүн шуу, баруун бугуй, зүүн сүврэгдэс, баруун, зүүн гуя, баруун, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн болох нь шүүгдэгч Эгийн мэдүүлэг, хохирогч С.Б мэдүүлэг, гэрч С.О, Б.М нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1782 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Э нь өөрийн төрсөн охин хохирогч С.Б биед хүч хэрэглэсэн байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг тэдгээрээс болон гэрчээс мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тогтоогдсон.

                                

Шүүгдэгч Э, С.Б нар нь гэр бүлийн харилцаатай буюу төрсөн эх, охин хоёр болох нь тэдгээрийн мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Э нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эсрэг илт тэгш бус давуу байдлыг бий болгох зорилгоор түүнд бие махбодь, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Ийнхүү Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогчид хүч хэрэглэж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож түүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч үйлдсэний улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн /эвлэрсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Э-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Хохирол, төлбөрийн талаар:

 

Хохирогч С “..ямар нэгэн санал гомдолгүй...” гэж хүсэлтээ /хх-ийн 68, 73 дугаар хуудас/ илэрхийлэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэхээр байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүх шүүгдэгч Эийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар:

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

     

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Я.Э-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ДУЛАМСҮРЭН