Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 783

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

 

нарийн бичгийн дарга Г.Номин,

 

улсын яллагч Э.Оюунтунгалаг,

 

хохирогч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

 

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ц.Энхмандах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Б-т холбогдох эрүүгийн 1706 01069 0078 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа газар шорооны ажил хийдэг, ам бүл 3, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-10 дугаар гудамжны 293 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 90б байрны 00 тоотод орших суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай регистрийн дугаар хх000000, М  овогт Г-ийн Б.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 8 дугаар сарын 9-ний орой Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 90б байрны 88 тоотод орших суух гэртээ эхнэр Д.Д-тэй маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, түүний зүүн сарвааны 4 дүгээр хурууны 2 дугаар шивнүүр ясны зөрөөгүй далд хугарал, тархи доргилт, хамар ясны баруун, зүүн хананы цөмөрсөн далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацар, зүүн бугалга, зүүн сарвууны 4 дүгээр хуруу, зүүн өгзөг, гуянд цус хуралт хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “2017 оны 8 дугаар сарын 8-9-нд шилжих шөнө эхнэр бид хоёр маргалдсан. Тухайн оройн манай эхнэр Д.Д найзтайгаа юм ууж байгаад гэртээ жоохон согтуу ирсэн. Гадаа тосоод ав гэхээр нь би таксинаас тосч авсан. Тэгээд эхнэр орж ирээд жаахан ууртай байсан. Би юм ярихгүй орондоо хэвтэж байсан. Тэгээд дээрээс нүүрэн дээр гишгээд “хуучин эхнэр рүүгээ зайл, надад сэтгэлгүй, энээ тэрээ” гээд хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би чимээгүй байж байтал дээрээс дэвшиж өшиглөсөн. Тэгэхээр нь миний уур босоод алгадаад авсан. Тэгэхэд Д.Д өөдөөс орилоод дайраад бид хоёр хоорондоо цохилцоод энэ модоор намайг түрүүлээд цохихоор нь би булааж аваад эргүүлж цохиход нүүр нь цохигдоод гэмтээсэн. Уг нь санаатай цохиогүй. Гэхдээ надаас болсон. Тэгээд би бөгсөн дундуур нь энэ массаж хийдэг модоор цохисон. Тэгэхэд хүүхэд орилоод уйлаад байсан. Тэгэхээр нь би “хүүхэд уйлаад байна, болъё” гэтэл Д.Д бүүр дайраад байсан.

 

2

 

Тэгэхээр нь би хүүгээ аваад шөнийн 01.30 минут болж байхад ээжийнх рүүгээ явсан. Тийм л юм болсон.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Д мэдүүлэхдээ: “2017 оны 8 дугаар сарын 8-9-нд шилжих шөнийн 24 цаг дөнгөж өнгөрч байсан. Манай найз хэд хоногийн өмнөөс уулзая гэж байгаад амралтын өдрийг нь тааруулж бид хоёр уулзсан. Манай ажил 22 цаг өнгөрөөж тардаг. Тэгээд 24 цаг өнгөрөөгөөд гэртээ харьсан. Манайх нэг өрөө байр тул газраар унтдаг. Тэгээд ороод ор руу орох гэж явж байгаад Г.Б-ын хөл дээр нь гишгэсэн чинь ухасхийж босч ирээд намайг барьж аваад зодсон. Би өмнө нь найзтайгаа уулзаад гарахдаа яриад “намайг тосоод аваарай” гэхэд жаахан дурамжхан байсан. “Шөнө яаж гардаг юм бэ” гэхээр би “харанхуй байна, тосоод аваач” гэж гуйсан. Тэгээд тосч авахуулаад Г.Б түрүүлээд гэртээ орсон. Тэгээд би араас нь ороод нойл ороод ор руугаа орохдоо хөл дээр гишгэхэд Г.Б босч ирээд энэ модоор миний өгзөг рүү аймаар цохисон. Тэгээд би орилж хашхирсан. Тэр хэлсэн нь бол үнэн. Өмнөх эхнэрээ ингэдэг гэж хэлсэн. Надад учирсан гэмтлүүдийг Г.Б бүгдийг учруулсан. Урьд өмнө нь бол зөндөө олон удаа зоддог байсан. Хүүхэд над дээр байгаа. Гомдолтой байгаа. Олон удаагийн үйлдлээр ийм болж байгаа. Солонгос улсаас ирсэнээс хойш 2017 оны 7 сарын 6-нд зодсон. Бас 8 сард нь намайг үхэхээс наагуур зодсон. Би гуйж байж зүгээр болсон. Тухайн үед би ухаан балартаад ухаан алдаж байсан. Одоо толгой, хүзүүндээ эмчилгээ хийлгэж байна. Гомдолтой байна. Эмчилгээний зардалд одоо 2.525.000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Д-гийн өгсөн мэдүүлэг /хх-14-15, 16/, Г.Б-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-18-19/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-23/, шүүгдэгч Г.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-38, 70/, хохирол төлсөн баримт /хх-56/, яллах дүгнэлтийн хавсралт /хх-95/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 10198 дугаартай дүгнэлт /хх-21/, гэрч Б.Ариунтуяагийн мэдүүлэг /хх-35-36/, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирол нэхэмжилсэн баримт /хх-39-55, 80-86/, шинжээч Ц.Бадралыг байцаасан тэмдэглэл /хх-67/, шүүгдэгч Г.Б-ын ял шалгах хуудас /хх-24/, шинээр хохирол 2.525.000 хуудас нэхэмжилсэн 3 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 8 дугаар сарын 9-ний орой Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 90б байрны 88 тоотод орших суух гэртээ эхнэр Д.Д-тэй маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, түүний зүүн сарвааны 4 дүгээр хурууны 2 дугаар шивнүүр ясны зөрөөгүй далд хугарал, тархи доргилт, хамар ясны баруун, зүүн хананы цөмөрсөн далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацар, зүүн бугалга, зүүн сарвууны 4 дүгээр хуруу, зүүн өгзөг, гуянд цус хуралт хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Д-гийн өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 9-ний орой 22 цаг өнгөрч байхад ажлаа тараад өөрийн найз Отгончимэгтэй уулзаад Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байралх нэрийг нь мэдэхгүй пабад орж хүн тус бүр 0.5 грамм 1 шил пиво уусан. Тухайн үед манай нөхөр Г.Б над руу залгаад “хаана байгаа талаар асуухад би Отгончимэгтэй уулзаж байна, удахгүй очлоо” гэж хэлэхэд жоохон дурамжхан байсан. Тэгээд 00 цаг өнгөрч байхад пабаас гараад гэртээ

 

3

 

харисан. Тухайн үед манай нөхөр Г.Б намайг байрны гадаа зам дээрээс тосч авсан. Тухайн үед жоохон ууртай байсан. Харц нь ширүүн байсан. Тэгээд гэртээ ороход манай хүү Б.Атарбаяр унтаж байсан. Манай нөхөр унтах гээд орондоо орсон. Би ариун цэврийн өрөө ороод гарч ирээд гэрлээ унтраах гээд ор руугаа явж байгаад Г.Б-ын хөл дээр санаандгүй гишгэсэн. Гэтэл Г.Б босч ирээд миний толгойн дагз, чамархай хэсэг рүү зөндөө цохисон. Хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй. Тэгээд Г.Б том өрөөний ширээн дээр байсан массаж хийдэг модыг аваад миний бие болон гар руу цохиж гэмтээсэн. Тэгээд намайг зодож байгаад 01 цагийн үед хүүхдээ аваад гараад явсан.”/хх-14-15/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Ариунтуяагийн өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 9-ний өглөө манай охин Д.Д миний гар утас руу залгаад өчигдөр орой гэртээ ирээд Г.Б-ын хөлөн дээр санаандгүй гишгэсэн. Тэгсэн Г.Б “чи миний хөлөөн дээр гишгэдэг хэн юм бэ” гэж хэлээд толгой, бие хэсэг рүү гараараа зодож ширээн дээр байсан массаж хийдэг модоор зодсон гэж хэлсэн. Тэгээд энэ талаар нөхөр Дамдиндоржийн хамтаар Д.Д-гийн гэрт ирсэн. Тухайн үед Д.Д-гийн хамар нь цөмөрсөн, нүүр ам нь бүлцийгээд хавдсан, гуя нь хөхөрч няцарсан байсан. Сүүлд эмнэлэгт үзүүлэхэд хурууны яс нь хугарсан байсан. Тэгээд цагдаад хандсан.” /хх-34-35/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад Г.Б-ын яллагдагчаар өгсөн: “Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон хэргийн талаар үнэн зөв ярьсан байгаа. Өөрийн эхнэр Д.Д-д учирсан эмчилгээний зардлын хохирлыг бүрэн барагдуулна. Надад өөр ямар нэгэн нэмж ярих зүйл байхгүй.” /хх-38/ гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 10198 дугаартай дүгнэлтэд:

 

  1. Д.Д-гийн биед зүүн сарвааны 4 дүгээр хурууны 2 дугаар шивнүүр ясны зөрөөгүй далд хугарал, тархи доргилт, хамар ясны баруун, зүүн хананы цөмөрсөн далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацар, зүүн бугалга, зүүн сарвууны 4 дүгээр хуруу, зүүн өгзөг, гуянд цус хуралт хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий гэмтэл тогтоогдлоо.

 

    1. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

    1. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, хөнгөн зэрэгт хамаарна.

 

  1. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. /хх-21/ гэх

 

дүгнэлт,

 

Шинжээч эмч Ц.Бадралыг байцаасан тэмдэглэл: Д.Д-гийн биед зүүн сарвааны 4 дүгээр хурууны 2 дугаар шивнүүр ясны зөрөөгүй далд хугарал гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Биед нь учирсан бусад гэмтэл нь тус бүр Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарна. 10198 дугаартай шинжээчийн дүгнэлтэд бичвэрийн алдаа гарсан байх бөгөөд Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /хх-67/

 

-Аюулын эрсдэлийн үнэлгээ /хх-8/,

 

-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24/,

 

-Хохирол нэхэмжилсэн баримтууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-39-55, 80-86/, хохирол төлсөн баримт /хх-56/ зэрэг болно.

 

4

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Г.Б-ын үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхмандах нь “...Г.Б-ын хувьд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан 6 сарын хугацаагаар хорихыг тэнсэж өгнө үү” гэж тайлбар гарган мэтгэлцэж байх боловч шүүгдэгч Г.Б-ын нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзээд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Б-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “тохиолдлын шинжтэй

 

нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2 дахь хэсэгт “…учруулсан хохирлыг төлсөн” гэж заасан зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал

 

тогтоогдсонгүй.

 

 

Шүүгдэгч Г.Б нь мөрдөн байцаалтад 2.674.063 төгрөгийг хохирогч Д.Д-д төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч Д.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж эмчилгээний төлбөртэй холбоотой нийт 2.525.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч М овогт Г-ийн Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 

5

 

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Г.Б-т 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

    1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

    1. Хохирогч Д.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

      1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

    1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ                                       Э.ЧИНГИС