Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсумын Идэр |
Хэргийн индекс | 166/2020/0226/Э |
Дугаар | 2020/ШЦТ/251 |
Огноо | 2020-06-30 |
Зүйл хэсэг | 11.1.1, |
Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0226/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт С-.ын Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2018001080221 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т овогт С-.ын .Д /регистрийн дугаар: ............./, .......... оны ........... дугаар сарын ..............-ны өдөр ........... аймгийн ..........суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., хүүхдийн хамт .......... аймгийн ........ сумын ............. дугаар баг ............... дугаар байр ........... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч С.Д нь согтуурсан үедээ 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 22 цагийн үед ........... аймгийн ............сумын ............ дугаар баг...........дугаар байрны .......... тоот гэртээ хувийн маргааны улмаас иргэн Х.А-ын толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, тархины хүнд зэргийн няцрал, тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорх тархмал цусан хураа, баруун духны ясны хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д мэдүүлэхдээ: “...А манай гэрт байсан аарц, мах аваад явсан байсан. Манайд орж ирээд би Атай маргалдаж түүний зүүн шанаа руу нь баруун гараараа цохисон. Намайг цохиход А номын тавиур мөргөөд унасан. Би тухайн үед ухаан алдсаныг нь мэдэхгүй хэсэг хугацааны дараа түргэн тусламж дуудсан. Миний буруу. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Эрүүгийн 2018001080221 дугаартай эрүүгийн хэргээс:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд [2],
Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол[3],
Хохирогч Х.Аын мөрдөн байцаалтад 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн мэдүүлсэн: “...Би 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ хувцсаа угааж индүүдчихээд 16-17 цагийн үед шинэ хорооллын 18 дугаар байрны хүнсний дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн архи авч 9 дүгээр сургуулийн талбай дээр ганцаараа уучхаад Дийн гэрт орсон. Дийн байрны гадаа 2 хүнтэй таарч юм ярьсан. Тухайн үед намайг ахындаа орж амар амар гэж хэлсэн. Би тэр хоёр хүний нэрийг мэддэг байсан. Одоо нэрийг нь санахгүй байна. Д ахын гэрт 18-19 цагийн үед орсон. Цагийг нь тодорхой санахгүй байна. Миний биед Д ах гэмтэл учруулсан. Одоо миний биеийн баруун тал мэдээгүй, баруун түнх мултарсан. Би тархины хагалгаанд орсон. Өмнөх зүйлээ сайн санахгүй, бараг мэдэхгүй байна. Толгой маш их өвддөг, ярихад хэцүү, удаан ярьж чадахгүй байна. Надад ямар нэгэн санал, гомдол байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй.” гэх мэдүүлэг[4],
Гэрч Д.Э-ын мөрдөн байцаалтад 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр ...........-ийн ..........ийн .....-ийн жижүүр .....-ээр 24 цагаар гарч ажиллаж байх үед 103-н хүлээн авах тасагт ухаангүй байдалтай эрэгтэй хүн ..... сумын .. дугаар баг .. дугаар байрны .... тоотоос хүргэгдэн ирээд сэхээний тасагт хэвтүүлсэн байсныг үзээд тархины томографын зураг авч харахад тархинд нь гэмтлийн гаралтай цус хуралт үүссэн байхыг хараад очсон. Тухайн хүнийг үзэхэд 50 орчим насны эрэгтэй хүн ухамсарт ухаангүй, хурхирсан байдалтай, биеийн байдал маш хүнд, орчиндоо харьцаагүй, хүүхэн хараа баруун талдаа өргөссөн, гар, хөлдөө саа үүссэн, дагзны булчингийн хөшилт илэрсэн байсан. Тархины компьютер томографт баруун духны урдаас дагзны товгор ба суурь хэсгээс орой хүрсэн 2,5 см зузаантай хатуу хальсны доор цус хуралттай, баруун дух яс ташуу шугамаар цууралттай байсан бөгөөд эмч нарын хамтарсан үзлэг хийхэд яаралтай журмаар гавал ясанд цооллого хийж, хатуу хальсан доорх цус хуралтыг авахаар шийдэж тухайн өдрийн орой тархины хагалгаа хийсэн. Хагалгааны дараа Х.А ухаан орохгүй З хоносон учир давтан компьютер хийхэд дух тархины баруун хана дагасан цус хуралттай учир 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр давтан хагалгаа хийж цус хуралтыг авсан. Бага хэмжээний судас гэмтсэн үед цонх үе илэрч явагддаг. Харин том хэмжээний судас гэмтсэн үед цус хуралт их хэмжээгээр үүсэж гэмтэл авсан даруй ухаан алддаг. Х.А-ын хувьд компьютер томографт баруун дух ясандаа цууралттай, баруун талд хатуу ясны доор их хэмжээний цус хуралттай байсан нь том судас гэмтэж тэр даруй ухаан алдсан байх магадлалтай. Духны ясны цууралт нь шинээр үүссэн цууралт байсан.” гэх мэдүүлэг[5],
Шинжээч эмч Д.Туяагийн мөрдөн байцаалтад 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...Х.А-ын биед үзлэг хийж дүгнэлт гаргахад тархины хүнд зэргийн няцрал, тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорх тархмал цусан хураа, баруун духны ясны хугарал тогтоогдсон тул тархины том судас гэмтэж шууд ухаангүй болсон байх боломжтой. Хүний тархи нь цусан хангамж сайтай янз бүрийн калибрын хэмжээтэй судасжилт ихтэй байдаг. Хэрвээ том судас гэмтэж тархинд цус харвалт үүсвэл ямар нэгэн хөдөлгөөн хийх чадваргүй ухаангүй болдог. Харин жижиг судас гэмтсэн тохиолдолд цусан хурааны хэмжээ нэмэгдэх хугацаанд хүнтэй ярих харьцах, явах зэрэг үйл хөдөлгөөн хийж болдог.” гэх мэдүүлэг[6],
Гэрч Б.Б-Э-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр мэдүүлсэн: “........-ийн тасагт 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 08 цагаас 1 дүгээр сарын 25-ны өдрийн 08 цагийн хооронд их ........ээр гарч ажилласан. Энэ хугацаанд 1 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цагийн орчимд 103 дугаараас .... сумын .. дугаар баг .. дугаар байрны .. тоотод ухаангүй хүн байна гэж дуудлага ирсний дагуу очиход 40-45 орчим настай, туранхай эрэгтэй хүн номын тавиур бололтой модон тавиурын урд газраар зассан гудсан дээр хөнжил нөмөрсөн, өмдөндөө шээсэн, амнаас нь цагаан хөөс гарсан ухаангүй, биед харагдах ил шарх сорвигүй байсан. Уг хүнд магнизм тариа хийгээд түргэн тусламжийн жолоочоор дамнуурга дээр тавиад хүлээн авах тасагт хүргэж ирсэн. Уг хүний хажууд буурал үстэй шар царайтай эрэгтэй хүн байсан ба тэр хүн хэлэхдээ Х.А өчигдөр орой буюу 2020 оны 1 дүгээр сарын 23-ны орой манай гэрт ирж хоносон. Тэгээд би өглөө ажилдаа гарч явчхаад ирсэн чинь сэрэхгүй байхаар нь эмнэлэг дуудсан. Энэ ухаангүй байгаа хүнийг Х.А гэдэг. Манай найз гэж яриад уг манай жолоочтой өргөж машинд оруулчхаад өөрөө үлдэх гээд байхаар нь би та хамт яваарай гээд суулгаад эмнэлэг дээр авчирсан.” гэх мэдүүлэг[7],
Насанд хүрээгүй гэрч Э.Б-ны мөрдөн байцаалтад 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...Х.А ах манай гэрт 2020 оны 1 дүгээр сарын 23-ны орой 21-22 цагийн орчимд согтуу ирсэн. Тэгээд би маргааш өглөө нь сэрэхэд аав хоол хийж байсан. А ах том өрөөний зурагтын хажууд байдаг номын модон тавиур луу толгойгоо харуулаад хувцастайгаа хөнжил нөмрөөд унтаж байсан. Тэгээд би босоод нүүр гараа угаагаад хоолоо идээд байж байгаад хичээлийн цаг болохоор нь гэрээсээ 12 цаг өнгөрөөгөөд гараад явсан. Намайг явахад А ах унтсан хэвээрээ сэрэхгүй унтаад үлдсэн. Аав А ахыг сэрээх гээд сэрээрэй гээд дуудахад сэрэхгүй байхаар нь аав очоод цамцнаас нь дээш өргөөд татахад сэрэхгүй, ямар нэгэн үйлдэл гаргахгүй унтаад байсан. Тэгэхээр нь аав орхичихсон.” гэх мэдүүлэг[8],
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 118 дугаартай “...Х.А-ын биед гавал тархины битүү гэмтэл, тархины хүнд зэргийн няцрал, тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорх тархмал цусан хураа, баруун духны ясны хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын З.1.2, З.1.З-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Х.А-ын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй.” гэх шинжээчийн дүгнэлт[9],
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 317 дугаартай: “...Х.А-ын биед гавал тархины битүү гэмтэл, тархины хүнд зэргийн няцрал, тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорх тархмал цусан хураа, баруун духны ясны хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь баруун талаараа эсвэл дагзны хэсэгт нэг удаагийн хүчин үйлчилсний улмаас 2020 оны 01 дүгээр сарын 23-24-ны өдрүүдэд үүсэх боломжтой байна. Х.А-ын биед учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын З.1.2, З.1.З-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Х.А-ын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй...” гэх нэмэлт дүгнэлт гэх дүгнэлт[10],
С.Д-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн: “...Х.А 2020 оны 1 дүгээр сарын 23-ны орой 22 цагийн орчимд манай гэрт халамцуу байдалтай орж ирэхээр нь би Х.Аас хаанаас ирж байгаа юм гэж асуухад “Хээтэйгээс ирлээ.” гэж хэлсэн. Тэгээд хэсэг сууж байгаад би Х.Ад “Чи яагаад тагтан дээр байсан хонины мах, аарц зэргийг аваад явчихсан юм бэ?” гэж асуухад “тиймээ тийм би авч яваад аавын гэрт хүргээд тавьчихсан.” гэж хэлчхээд зурагтын өмнө байсан хивсэн дээр над руу эргэж хараад суухаар нь би Х.А-ны зүүн шанаа руу нь нэг удаа гараараа нэлээн хүчтэй цохиход Х.А толгойнхоо баруун тал хэсгээрээ номын тавиур мөргөөд толгойгоороо шалан дээр түг хийж уначхаад хэвтээд байхаар нь би энгэрээс татаад босгоод ирэхэд нүд нь аниатай байхаар нь суулгах гэхэд буцаад хойшоо толгойгоороо шалан дээр саваад уначихсан. Тэгээд ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийхгүй хэвтээд байхаар нь хэсэг харж сууж байгаад дээрээс нь хөнжил хаячхаад унтсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өглөө босоод харахад Х.А унтаж байх шиг болохоор нь гэрээсээ гараад 16 давхрын уруд талд Ч, Б хоёртой тааралдаад нэг шил архи хувааж уучхаад буцаад гэртээ орж ирээд Х.А-ыг сэрээх гэхэд сэрэхгүй байхаар нь орхичхоод Б-той хамт хоол хийж идээд Б хичээлдээ явсан. Тэгээд хэсэг байж байгаад Х.А-ыг харахад нэг л эвгүй харагдаад байхаар нь би гэрээсээ гараад хажуугийн байранд байдаг эмийн сангийн утсаар эмнэлэг рүү дуудлага өгсөн. Х.А манайд ирэхдээ биедээ ямар нэгэн ил харагдах шарх сорви гэмтэлгүй байсан. Х.А-ны биед учирсан гэмтлийг би учруулсан. Намайг А-ны зүүн шанаа руу цохиход толгойнхоо баруун хэсгээрээ мөлхөө модон номын тавиурыг мөргөөд шалан дээр толгойгоороо унахдаа авсан гэмтлүүд байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг[11],
Шүүгдэгч С.Д-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд[12],
Хохирогч Х.А-ын эмчилгээний зардалтай холбогдох баримтууд[13] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шинжээч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч С.Д-ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Д нь согтуурсан үедээ 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 22 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 17 дугаар байрны 19 тоот гэртээ хувийн маргааны улмаас иргэн Х.А-ын толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, тархины хүнд зэргийн няцрал, тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорх тархмал цусан хураа, баруун духны ясны хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан санаатай учруулсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагчаас шүүгдэгч С.Д-ийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.
Шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба хохирогч Х.А-ын эрүүл мэндэд учирсан гавал тархины битүү гэмтэл, тархины хүнд зэргийн няцрал, тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорх тархмал цусан хураа, баруун духны ясны хугарал бүхий хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 дүгээр зүйлийн 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт заасан хүнд гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Д-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч С.Д-ийг хүний эрүүл мэнд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан.
Шүүгдэгч С.Д нь хохирогчийн эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн 1,248,210 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-д 2 жил 1 сарын хорих оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагаас шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.
Шүүгдэгч С.Дийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч С.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон хууль ёсны, шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад элдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг бичлэгтэй CD-г хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт С.-ын Д-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-д тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг бичлэгтэй сидиг хохирогч Х.Ад буцаан олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 5-8 тал
[2] Хавтаст хэргийн 9-11 тал
[3] Хавтаст хэргийн 16-17, 18 тал
[4] Хавтаст хэргийн 24-26, 27 тал
[5] Хавтаст хэргийн 45-46 тал
[6] Хавтаст хэргийн 47 тал
[7] Хавтаст хэргийн 48-49 тал
[8] Хавтаст хэргийн 53 тал
[9] Хавтаст хэргийн 55-56 тал
[10] Хавтаст хэргийн 60-61 тал
[11] Хавтаст хэргийн 78-79 тал
[12] Хавтаст хэргийн 80, 86-97 тал
[13] Хавтаст хэргийн 100-103 тал