Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 101

 

 

 

 

 

 

 

                                                    

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баттөмөр,

Улсын яллагч Н.Анхбаяр,

Шүүгдэгч Г.Тэлмэн, түүний өмгөөлөгч Б.Өлзийбаяр /ҮД-1165/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж нар овогт Гэрэлмаагийн Тэлмэнд холбогдох 201624000552 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар Эрдэм Их сургуулийн 3 дугаар курсын           оюутан, ам бүл 6, өвөө, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 64-11 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УХ97052110 регистрийн дугаартай, Тайж нар овогт Гэрэлмаагийн Тэлмэн.

 

Шүүгдэгч Г.Тэлмэн нь 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Түмэн Плаза” их дэлгүүрийн өмнө замын зорчих хэсэгт, 19-99 УНЗ улсын дугаартай Toyota mark-II маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, ... “тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Батжаргалыг мөргөж, бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Г.Тэлмэн мэдүүлэхдээ:

Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогчид 3.664.800 төгрөг төлсөн. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Тэлмэнгийн өгсөн:

            “... 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 19 цаг өнгөрч байхад би найз Алтаншагай, Энхбүрэн нарын хамтаар хороолол орж хүнтэй уулзах гээд 19-99 УНЗ улсын дугаартай тоёота марк-2 маркийн автомашиныг жолоодож явсан. Ингээд Түмэн плаза Их дэлгүүрийн урд замаар явж байтал гэнэт эмэгтэй хүн хойноос урагшаа чиглэлд гараад ирсэн. Би харангуутаа тормоз гишгэсэн боловч мөргөчихсөн. Тэнд явган хүний зам байдаг гэдгийг анзаараагүй. Би 30-40 км цагийн хурдтай явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92-р хуудас/

 

           Мөрдөн байцаалтад хохирогч Д.Батжаргалын өгсөн:

           “... 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 19 цаг 40 минутын үед би өөрийн ажил болох Түмэн Плаза төвөөс гараад, гэрлүүгээ харих гээд замын хойноос урагшаа чиглэлд явган хүний гарцаар алхаж явсан. Намайг гарцаар гарч байхад 1, 2 дугаар эгнээнд машинууд зогсоод, явган зорчигч нарыг гаргаж байсан. Тэгээд 3 дугаар эгнээ рүү ортол нэг машин орж ирээд мөргөсөн. Мөргөлтийн улмаас би хэсэг шоконд ороод сэргэсэн чинь биеийн баруун хэсгээр газарт хэвтэж байсан. Хажуунаас миний хувцаснаас хөөе хөөе тэнэг юм уу гээд татаад байсан. Бас нэг хүн чи өөрөө ямар хурдтай явдаг юм, өөрөө тэнэг юм уу гэж ярилцаж байсан. Миний ойлгосноор намайг тэнэг юмуу гээд байсан хүн нь мөргөсөн машины жолооч юм шиг байна лээ”...гэх мэдүүлэг, /хх-ийн 15-17-р хуудас/

 

           Мөрдөн байцаалтад гэрч Г.Алтаншагайгийн  өгсөн:

           “... 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн үед ... Тэлмэн хороолол орж хүнтэй уулзаад ирье гэсэн. Тэгээд бид гурав хамтдаа Тэлмэнгийн машинтай хороолол руу явсан. Тэлмэн машинаа жолоодоод хажууд нь би, арын суудал дээр Энхбүрэн сууж явсан. Ингээд Түмэн плаза төвийн урдуур 3 дугаар эгнээгээр явж байхад 2 дугаар эгнээний машинууд зогссон. Тэгтэл гэнэт урдуур нэг эмэгтэй хүн ороод ирсэн. Тэлмэн тормос гишгэсэн боловч гулгаж явсаар байгаад мөргөчихсөн. Мөргөлт болсны дараа бид гурав машинаас буугаад харахад мөргүүлсэн эмэгтэй зам дээр хэвтэж байсан. Очоод хартал ухаантай байсан ба уйлаад байсан. Осол болсон газар явган хүнийг гарц байсныг би харсан”... гэх мэдүүлэг,/хх-ийн 45-46-р хуудас/

 

           Мөрдөн байцаалтад гэрч Э.Энхбүрэнгийн  өгсөн:

 “... 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 18 цаг болж байхад Тэлмэн, Алтаншагай бид гурав уулзсан. Бид гурав уулзаад юм яриад сууж байхад Тэлмэн хорооллын “Алтан төгрөг” төв орж хүнтэй уулзах гэсэн юм, хамт яваад ирье гэсэн. Тэгээд Тэлмэн 19-99 УНЗ улсын дугаартай тоёота марк-2 маркийн автомашинаа жолоодоод, хажуу талд нь Алтаншагай, би арын суудал дээр сууж явсан. Ингээд хорооллын “Түмэн плаза” төвийн урд талын замаар хоёрдугаар эгнээгээр явж байхад урд талд Т.Приус маркийн автомашин түгжрэлд ороод зогсчихоор нь Тэлмэн 3 дугаар эгнээ рүү шилжиж орсон. 3 дугаар эгнээ ямар ч машингүй сул байсан болохоор Тэлмэн хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явж байсан чинь хойноосоо урагшаа чиглэлд нэг эмэгтэй гүйж гарч ирээд мөргүүлсэн. Тэлмэн тэр эмэгтэйг харангуутаа тормоз гишгэсэн боловч гулгаж явсаар байгаад очоод мөргөчихсөн. Мөргөлт болсны дараа бид гурав машинаас буугаад харсан чинь мөргүүлсэн эмэгтэй газар хэвтчихсэн ухаантай байсан” ...  гэх мэдүүлэг, /хх-ийн 48-49-р хуудас/

 

              Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 7938 дугаартай:

              1. Батжаргалын биед хүзүүний 2 дугаар нугалмын их биеийн хугарал, тархи
доргилт, баруун чамархай, дагзны хуйхны шарх, баруун гарын 2-5 дугаар хурууны
зулгаралт, зүүн гуя, шилбэний цус хуралт, зүүн хөлийн 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

              2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

              3. Дээрх хүзүүний 2 дугаар нугамлын их биеийн хугарал гэмтэл нь
шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар учрах үедээ амь
насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

              4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт, /хх-ийн 60-р хуудас/

 

              Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 898 дугаартай:

              1. ШШҮХ-ийн ШЭШХ-н №7938 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй
байна.

              2. Батжаргал тухайн хэргийн хугацаанд 6-н долоо хоногтой жирэмсэн
байсан ба 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр НӨАГ-д үр хөндөлт хийгдсэн байна.

              3.4.5. Батжаргалын ураг үр хөндөлт хийлгэсэн нь тухайн хэргийн зам тээврийн осолтой хамааралгүй байна.

              6. Батжаргалын биед хүзүүний 2 дугаар нугалмын их биеийн хугарал тархи доргилт, баруун чамархай, дагзны хуйхны шарх, баруун гарын 2-5 дугаар хурууны зулгаралт, зүүн гуя, шилбэний цус хуралт, зүүн хөлийн 1 дүгээр хурууны
зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл топгоогдлоо.

              7. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

              8. Дээрх хүзүүний 2 дугаар нугалмын их биеийн хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

              9. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт, /хх-ийн 67-р хуудас/

 

              Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн:

            1. Уг автомашиныг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж үзэхэд тухайн автомашины урд хоёр дугуйн ажлын тоормосны хүчний хэмжээ, баруун ба зүүн гар талын хол болон ойрын гэрлийн тусгалын чадлын хэмжээ, урд хоёр дугуйн хээний гүн, урд ба хойд дугуйнууд хийн даралтын хэмжээ хэвийн байна.

              Харин урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ өөрчлөлттэй, хойд тэнхлэгний хоёр дугуйн ажлын болон зогсоолын тоормос зогсохгүй ба хээний гүн стандартын шаардлага хангахгүй байна. Автомашины ерөнхий байдал иж бүрдлийн хувьд эвдрэл гэмтэлтэй байв.

              2. Уг автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ өөрчлөлттэй, хойд тэнхлэгний хоёр дугуйн ажлын болон зогсоолын тоормос зогсохгүй ба хээний гүн элэгдсэн, урд болон хойд тэнхлэгнүүдийн дугуйнууд ижил бус хэмжээстэй, зүүн гар талын шарнер хөдөлгөөн орсон, хойд  редуктороор тос хөлөрч гоожсон зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна. Автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд урд буфер баруун болон зүүн гар талдаа будаг халцарч замаска ховхорсон, баруун гар талын урд болон хойд крылоны  замаска хагарч будаг халцарсан, хойд буферны доод хөмсөг болон зүүн гар талын булан хэсгээрээ будаг халцарсан зэрэг хуучин сэвтэй, баруун гар талын урд дохионы гэрлийн шил хагарсан, зүүн хойд дохионы гэрлийн шил цуурсан, дугаарын гэрлийн хоёр чийдэн асахгүй, дуут дохио ажиллахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байв.

              3. Тухайн автомашины  урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ өөрчлөлттэй, хойд тэнхлэгний хоёр дугуйн ажлын болон зогсоолын тоормос зогсохгүй ба хээ гүн элэгдсэн, урд болон хойд тэнхлэгнүүдийн дугуйнууд ижил бус хэмжээстэй, зүүн гар талын шарнер хөдөлгөөн орсон, хойд  редуктороор тос хөлөрч гоожсон зэрэг эвдрэл, гэмтэлүүд нь тухайн зам тээврийн осол хэрэг гарахаас өмнө үүссэн байх боломжтой. Харин автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд урд буфер баруун болон зүүн гар талдаа будаг халцарч замаска ховхорсон, баруун гар талын урд болон хойд крылоны  замаска хагарч будаг халцарсан, хойд буферны доод хөмсөг болон зүүн гар талын булан хэсгээрээ будаг халцарсан зэрэг хуучин сэвтэй, баруун гар талын урд дохионы гэрлийн шил хагарсан, зүүн хойд дохионы гэрлийн шил цуурсан, дугаарын гэрлийн хоёр чийдэн асахгүй, дуут дохио ажиллахгүй зэрэг эвдрэл гэмтэл нь хэдийд хэрхэн үүссэнийг тодорхойлох боломжгүй.

              4. Шинжилгээ хийлгэх тогтоолын 4 ба 5 дугаар асуултанд нэгтгэж хариулахад:  Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ өөрчлөлттэй болсон мөн зүүн гар талын шарнер хөдөлгөөн орсон үед автомашиныг жолоодоход хүндрэл учруулдаг, хойд тэнхлэгийн хоёр дугуйн ажлын болон зогсоолын тоормос зогсохгүй байгаа, хээний гүн элэгдсэн нь автомашины бүрэн зогсолтын уртасгадаг. Дээрх эвдрэл гэмтлүүд нь тухайн зам тээврийн осол хэрэг гарахад хэрхэн яаж нөлөөлснийг тодорхойлох боломжгүй.

              5. Уг автомашины тоормосны систем нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны систем юм. Урд тэнхлэгний тоормосны систем ажиллаж байсан. Харин хойд тэнхлэгний ажлын болон зогсоолын тоормос зогсохгүй байсан. Шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны систем  нь шарвалтын эсрэг ажилладаг тоормос гишгэсэн үед автомашиныг жолоодож залах боломж олгодгоороо давуу талтай систем юм. Уг систем нь ажиллаагүй эсвэл гэмтэлтэй тохиолдолд  тоормос энгийн тоормосны системээр ажилладаг учир тоормосны мөр зам дээр үүснэ. Уг систем нь ажиллаагүй нөхцөлд энгийн тоормосны системээр ажилладаг тул тухайн осолд нөлөөлөх боломжгүй ...” гэх дүгнэлт, /хх-ийн 74-75-р хуудас/

 

              Техникийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 362 дугаартай:

              1. “... 19-99 УНЗ улсын дугаартай тоёота марк 2 маркийн тээврийн
хэрэгслийн жолооч Г.Тэлмэн нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3.
Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд
явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн
хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын
тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос
эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар
талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын
шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, Хөдөлгөөнд
оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн
2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол
аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт
очно, мөн дүрмийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн
жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө
гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

              2. Явган зорчигч Д.Батжаргал нь Монгол Улсын замын хөдөлгөөний ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

              3. 19-99 УНЗ улсын дугаартай тоёота марк-II маркийн тээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ өөрчлөлтэй, хойд тэнхлэгийн хойд дугуйн ажлын болон зогсоолын тормос зогсохгүй ба хээний гүн элэгдсэн, урд
болон хойд тэнхлэгүүдийн дугуйнууд ижил бус хэмжээтэй, зүүн гар талын шарнер
хөдөлгөөн орсон зэрэг эвдрэл гэмтлүүд нь тухайн зам тээврийн осол үйлдэгдэхэд
нөлөөлнө.

              Харин тухайн тээврийн хэрэгслийн хойд редукторээс тос хөлөрч гоожсон байдал нь зам тээврийн осол үйлдэгдэхэд нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна …гэх дүгнэлт, /хх-ийн 82-р хуудас/,

 

             - Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4-8-р хуудас/

- Явган зорчигчийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 9-р хуудас/

- Амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх-н 21-27-р хуудас/

- Хохирогч Д.Батжаргалын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 29-34/

- Нийслэлийн Өргөө Амаржих газраас хуулбарлан ирүүлсэн хохирогч Д.Батжаргалын Үр хөндөлтийн түүх /хх-ийн 39-40-р хуудас/

- Хохирогчийн хохирлын баримтууд /хх-ийн 41-43-р хуудас/

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 53-55-р хуудас/

- Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 88-р хуудас/

- Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 87, 103-106, 111-114-р хуудас/

- Жолоочийн лавлагаа, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 107-р хуудас/

  - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115-р хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Г.Тэлмэн нь 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Түмэн Плаза” их дэлгүүрийн өмнө замын зорчих хэсэгт 19-99 УНЗ улсын дугаартай Toyota mark-II маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа, Монгол УлсынЗамын хөдөлгөөний дүрмийн 2.3 “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, ... “тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”, гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Батжаргалыг мөргөж бие махбодид нь хүзүүний 2 дугаар нугалмын их биеийн хугарал, тархи доргилт, баруун чамархай, дагзны хуйхны шарх, баруун гарын 2-5 дугаар хурууны зулгаралт, зүүн гуя, шилбэний цус хуралт, зүүн хөлийн 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Г.Тэлмэнгийн ... Хохирогчид учирсан гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хйисэн үйлдэлдээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч Г.Тэлмэнгийн ... 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 19 цаг өнгөрч байхад би найз Алтаншагай, Энхбүрэн нарын хамтаар хороолол орж хүнтэй уулзах гээд 19-99 УНЗ улсын дугаартай тоёота марк-2 маркийн автомашиныг жолоодож явсан. Ингээд Түмэн плаза Их дэлгүүрийн урд замаар явж байтал гэнэт эмэгтэй хүн хойноос урагшаа чиглэлд гараад ирсэн. Би харангуйтаа тормоз гишгэсэн боловч мөргөчихсөн ... гэх,

хохирогч Д.Батжаргалын ... 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 19 цаг 40 минутын үед би өөрийн ажил болох Түмэн Плаза төвөөс гараад, гэрлүүгээ харих гээд замын хойноос урагшаа чиглэлд явган хүний гарцаар алхаж явсан. Намайг гарцаар гарч байхад 1, 2 дугаар эгнээнд машинууд зогсоод, явган зорчигч нарыг гаргаж байсан. Тэгээд 3 дугаар эгнээ рүү ортол нэг машин орж ирээд мөргөсөн. Мөргөлтийн улмаас би хэсэг шоконд ороод сэргэсэн чинь биеийн баруун хэсгээр газарт хэвтэж байсан ... гэх,

           гэрч Г.Алтаншагайгийн ... 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн үед ... Тэлмэн машинаа жолоодоод хажууд нь би, арын суудал дээр Энхбүрэн сууж явсан. Ингээд Түмэн плаза төвийн урдуур 3 дугаар эгнээгээр явж байхад 2 дугаар эгнээний машинууд зогссон. Тэгтэл гэнэт урдуур нэг эмэгтэй хүн ороод ирсэн. Тэлмэн тормос гишгэсэн боловч гулгаж явсаар байгаад мөргөчихсөн ... гэх,

            гэрч Э.Энхбүрэнгийн ... 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ... Тэлмэн 19-99 УНЗ улсын дугаартай тоёота марк-2 маркийн автомашинаа жолоодоод ... “Түмэн плаза” төвийн урд талын замаар хоёрдугаар эгнээгээр явж байхад урд талд Т.Приус маркийн автомашин түгжрэлд ороод зогсчихоор нь Тэлмэн 3 дугаар эгнээ рүү шилжиж орсон. 3 дугаар эгнээ ямар ч машингүй сул байсан болохоор Тэлмэн хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явж байсан чинь хойноосоо урагшаа чиглэлд нэг эмэгтэй гүйж гарч ирээд мөргүүлсэн ... гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 7938 дугаар, шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 898 дугаар дүгнэлтүүд, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Техникийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 362 дугаар дүгнэлт, Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар, хохирогч Д.Батжаргалын өвчний түүхийн хуулбар, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

 Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч Г.Тэлмэнг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Д.Батжаргал хохиролд 3.664.800 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Тэлмэн нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ :

 

1. Шүүгдэгч Тайж нар овгийн Гэрэлмаагийн Тэлмэнг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тэлмэнг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Тэлмэнд оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Г.Тэлмэн нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Г.Тэлмэнд оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй  дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

            7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Г.Тэлмэнгийн 1038991 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Аззаяад даалгасугай.  

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Тэлмэнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Тэлмэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ