Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 460

 

2019 он 07 сарын 30 өдөр Дугаар 128/ШШ2019/0460 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: А ХХК

Хариуцагч: ХХААХҮЯ.

Нэхэмжлэлийн шаардлага: 2017 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Т буюу улсад тушаасан 612 тн хүнсний улаан буудайнд урамшуулал олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, буудайнд урамшуулал олгосон захиргааны акт гаргахыг ХХААХҮЯад даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ш.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ХХААХҮЯ нь тариалангийн тухай хуулийн 19 зүйлийн 19.1-д Тариалангийн үйлдвэрлэлд төрөөс мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг үзүүлж болно, "ХХААХҮЯ Сангийн сайдын хамтарсан 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 24/34 дугаар тушаалаар батлагдсан Хүнсний буудайнд мөнгөн урамшуулал олгоход баримтлах журмын 1.2-т буудай үйлдвэрлэгч Иргэн аж ахуй нэгж байгууллагууд, дотоодын гурилын үйлдвэрүүд, Т болон улсын нөөцийн газарт нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний буудайнд тонн тутамд Засгийн газраас жил бүр тусгайлан тогтоосон хэмжээгээр урамшуулал олгоно, 1.4-т Тариалан эрхлэгч иргэн аж ахуй нэгжээс энэ журамд заасны дагуу ирүүлсэн хүсэлтийг үндэслэн ХХААХҮЯ урамшуулал олгох эсэхийг шийдвэрлэнэ, 3.16-д Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь урамшуулалд хамрагдах Аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд мөнгөн урамшуулал олгох асуудлыг ХХААХҮЯын тушаалаар шийдвэрлүүлнэ. гэж заасны дагуу зохих шаардлага хангасан хүнсний буүдайнд урамшуулал олгох үүрэгтэй. А ХХК нь 2017 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тд хураан авсан хүнсний улаан буудай цэвэр жингээр 612 тонн (2 дугаар ангиллын 116.3 тонн, 3 дугаар ангиллын 434.6 тонн, 4 дүгээр ангиллын 60.9 тонн) тушаасан гэвч одоог хүртэл урамшуулалд хамруулаагүй байна.

Иймд 2017 онд хураан авч Тд нийлүүлсэн 612 тонн хүнсний улаан буудайнд урамшуулал олгохгүй байгаа эс үйлдэхүйд нь хууль бус болохыг тогтоож буудайнд урамшуулал ологосон захиргааны акт гаргахыг ХХААХҮЯад даалгаж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Учир нь тус компанийн зүгээс ХХААХҮЯ Ч.У, Тгийн захирал В.Ү нарт 612 тонн улаан буудайн урамшуулалд хамрагдах хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж өгөхгүй өнөөг хүрч байна.

Тус компани нь Ттай 2008 оноос эхлэн хамтарч ажиллаж байгаа бөгөөд дээрх тушаасан 612 тонн улаан буудайн урамшуулалаа авах талаар сангийн удирдлагуудад удаа дараа хандаж байсан. Хариуг амаар өгөхдөө нэгэнт улсад тушаасан тул санаа зоволтгүй 2018 оны урамшуулалд хамруулна гэдэг байсан тул 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 0138 тоот албан бичгээр 612 тонн улаан буудайн урамшуулал хүсэх тухай бичгийг Тд гаргасан. Хариуг өгөхдөө танай материалыг 2018 оны урамшуулалын материалын нэгтгэлд оруулсан гэсэн. Гэвч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас 2017 оны 612 тонн улаан буудайнд урамшуулал олгох боломжгүй гэж үзэн урамшууллаас хассан.

Тус компани ХХААХҮЯад 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 07 тоот албан бичгээр Буудайн урамшуулал хүсэх тухай хүсэлт гаргасан боловч 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01/899 тоот албан бичгээр татгалзсан хариу өгсөн гэв.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тухайн жилийн урамшуулалыг олгохдоо ХХААХҮЯ, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 24/34 тоот тушаалаар батлагдсан Хүнсний буудайнд урамшуулал олгох журам-аар олгодог. Уг журамаар тухайн жилдээ урамшуулалд хамрагдаагүй иргэн, аж ахуйн нэгжид урамшууллыг нөхөн олгох эрх зүйн үндэслэл заагдаагүй байна. А ХХК нь 2017 онд Хүнсний буудайн урамшуулал авахаар материалаа бүрдүүлж өгөхдөө Тд нийлүүлсэн 612 тонн улаан буудайн материалыг гаргаж өгөөгүй нь урамшуулалаас хасагдах үндэслэл болсон. Тиймээс тус журмын 1.4, 3.16 дугаар заалт нь зөвхөн тухайн жилд нийлүүлж урмшууллын материалаа хугацаанд нь бүрдүүлж ирүүлсэн иргэн аж ахуй нэгжийн хүнсний буудайнд хамаарах тул А ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй юм. 2017 онд хугацаандаа материалаа бүрдүүлэн ирүүлсэн 597 иргэн хуулийн этгээдийн 128,0 мянган тонн хүсний улаан буудайн урамшуулалд 7,873,213,100,0 төгрөгийг ХХААХҮЯын тушаалаар олгогдсон болно.

А ХХК нь Тд 612 тонн хүнсний улаан буудай тушаасныг хүлээн зөвшөөрч байгаа болно. Хүнсний улаан буудайн урамшуулалд хоёр талын хариуцлагагүй байдлын улмаас хамрагдаж чадаагүй болно. Улаан буудайн урамшуулал олгох 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 24/34 дугаар журамд урамшууллыг нөхөн олгох, нөхөн олгохгүй байх талаар заалт тусгагдаагүй тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2017 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Т буюу улсад тушаасан 612 тн хүнсний улаан буудайнд урамшуулал олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, буудайнд урамшуулал олгосон захиргааны акт гаргахыг ХХААХҮЯад даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд А ХХК нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тд 2017 онд 612 тонн хүнсний улаан буудай нийлүүлсэн боловч улаан будайн урамшуулал авч чадаагүй үйл баримт болжээ.

Нэхэмжлэгчээс ...Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нь Тариалангийн тухай хууль болон бусад холбогдох журмыг зөрчиж манай компаний зохих шаардалага хангасан хүнсний улаан буудайнд урамшуулал олгох үүргээ биелүүлээгүй... гэж хариуцагчаас ... тухайн жилдээ урамшуулалд хамрагдаагүй аж ахуйн нэгжид урамшууллыг нөхөн олгох эрх зүйн үндэслэл байхгүй гэж маргажээ.

Хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хэргийн оролцогчид А ХХК-ийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тд 612 тонн хүнсний улаан буудай нийлүүлсэн үйл баримтад маргаагүй тул шүүхээс энэ талаар дүгнээгүй болно.

Анх Т-ийн гүйцэтгэх захирал В.Ү болон А ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ХБ/2017/31 дугаартай Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.

Улмаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Т болон А ХХК нар нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 10 дугаартай тооцоо нийлсэн акт болон Тгийн С******* аймаг дахь салбарын Нийлүүлсэн буудайн лабораторийн шилжилгээ болон хатаалтын тооцоо баримт, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 19 дугаартай тооцоо нийлсэн акт үйлдэж эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна.

ХХААХҮЯ нь Тариалангийн тухай хуулийн 19 зүйлийн 19.1-д Тариалангийн үйлдвэрлэлд төрөөс мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг үзүүлж болно, ХХААХҮЯ, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 24/34 дүгээр тушаалаар Улаан буудайн урамшуулал олгоход баримтлах журам баталсан бөгөөд уг журмын журмын 1.2-т буудай үйлдвэрлэгч Иргэн аж ахуй нэгж байгууллагууд, дотоодын гурилын үйлдвэрүүд, Т болон улсын нөөцийн газарт нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний буудайнд тонн тутамд Засгийн газраас жил бүр тусгайлан тогтоосон хэмжээгээр урамшуулал олгоно, 1.4-т Тариалан эрхлэгч иргэн аж ахуй нэгжээс энэ журамд заасны дагуу ирүүлсэн хүсэлтийг үндэслэн ХХААХҮЯ урамшуулал олгох эсэхийг шийдвэрлэнэ, 3.16-д Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь урамшуулалд хамрагдах Аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд мөнгөн урамшуулал олгох асуудлыг ХХААХҮЯын тушаалаар шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу зохих шаардлага хангасан хүнсний буудайнд урамшуулал олгохоор байна.

А ХХК нь 2017 онд Тд 612 тонн хүнсний улаан буудай тушаасан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ, тооцоо нийлсэн акт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн ... хүнсний улаан буудай тушаасан талаарх баримтаа өөрсдөө бүрдүүлж өгөөгүйн улмаас урамшуулалд хамрагдаагүй... гэсэн тайлбар нь дээрх бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байх тул нэхэмжлэгчийн буруутай үйлдээс урамшуулал авах эрхээ алдсан гэж үзэх боломжгүй юм.

Учир нь А ХХК-ийн Тд 612 тонн хүнсний улаан буудай тушаасан баримтууд байхад нэхэмжлэгчийг дахин баримт бүрдүүлж өгөх шаардлагатай байсан гэж буруутгах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн тушаасан 612 тонн хүнсний улаан буудайнд урамшуулал олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь түүний хууль ёсны эрх, ашгийг зөрчсөн байх тул хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн тушаасан 612 тонн хүнсний улаан буудайнд урамшуулал олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.3, 19.6-заасныг баримтлан А ХХК-ийн нэхэмжлэлээр ХХААХҮЯад холбогдуулан гаргаснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А ХХК-ийн 2017 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тд тушаасан 612 тонн улаан буудайнд урамшуулал олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн тушаасан 612 тонн хүнсний улаан буудайнд урамшуулал олгохыг ХХААХҮЯад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛГЧ ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ