Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1616

 

 

 

 

 

 

 

 

 

 “Чингис хаан” банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Чингис хаан” банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Нида” ХХК, Ц.Оюумаа нарт холбогдох

Үндсэн зээлийн үлдэгдэл 775 482 126 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 175 664 647 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 45 564 821 төгрөг, нийт 996 711 594 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бямбадоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Шагдарсүрэн, Ж.Цэцэгсүрэн

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Бямбадорж

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Минжмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сандагдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зээлдэгч “Нида” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 2320/01сс-2014 тоот зээлийн гэрээ байгуулж, жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 250 000 000 төгрөг зээлсэн. Мөн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 2320/02СС-2014 тоот гэрээг 12 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэйгээр, 450 000 000 төгрөг зээлсэн. 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2320/03cc10 тоот зээлийн гэрээг 6 сарын хугацаатай жилийн 24 хувийн хүүтэй барилгын ажил санхүүжүүлэх зорилготой 250 000 000 төгрөг, нийт 950 000 000 төгрөгийг 3 зээлийн гэрээ байгуулж олгосон. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг “Долоон бар” ХХК-ийн хойно байрлалтай 2882 м.кв талбай бүхий 65 хувийн гүйцэтгэлтэй 35 айлын дуусаагүй барилга, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж, 24/3 байрны 3 тоот хаягт байрлах 87,37 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-22206011793 дугаарт бүртгэгдсэн орон сууц, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, /133370/ ХД-75б байрны 9 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-22204041003 дугаарт бүртгэлтэй, 51,4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байр, 294 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-22205018305 дугаарт бүртгэгдсэн 35 м.кв талбай бүхий орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оранж хотхон, 59 дүгээр байр, 27 тоот Ү-22206023051 дугаарт бүртгэгдсэн 137,68 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалан хуульд заасан үндэслэл журмын дагуу Улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн болно. Зээлдэгч нь 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр авсан зээлээсээ үндсэн зээлд 70 517 874.27 төгрөг, хүүнд 96 530 882.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11 259 798.34 төгрөгийг, 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр авсан зээлээсээ үндсэн зээлд 104 000 000 төгрөг, хүүнд 194 699 939.73 нэмэгдүүлсэн хүүнд 11 673 712.34 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр авсан зээлээсээ хүүнд 44 876 712.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4 004 382.56 төгрөгийг тус тус төлсөн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2014 оны 05 дугаар сарын 13-ны зээлийн үлдэгдэл нь 179 482 125.73 төгрөг, хүүгийн үлдэгдэл 43 901 819.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 8 780 363.94 төгрөг, нийт 232 164 309.35 төгрөг болж байна. 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн үлдэгдэл 346 000 000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 56 146 389.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 21 661 169.83 төгрөг, нийт 423 807 588.87 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн үлдэгдэл 250 000 000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 75 616 438.35, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 15 123 287.66 төгрөг, нийт 340 739 726.02 төгрөг, энэ 3 зээлийн нийлбэр үнийн дүн нь 996 711 594 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд “Нида” ХХК болон Ц.Оюумаа нараас нэхэмжлэл гаргах үеийн үндсэн зээлийн үлдэгдэл 775 482 126 төгрөг, хүүд 175 664 647 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 45 564 821 төгрөг, нийт 996 711 594 төгрөг нэхэмжилж байна. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилснийг тодруулахдаа: “... “Чингис хаан” банкнаас “Нида” ХХК болон Ц.Оюумаад холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээ”-ний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт банкны зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 2 дугаар хэсэгт Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгуулахыг хүссэн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлд дурдсанаар “Beiben” маркийн, 67-26 УНУ улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэл нь орхигдсон байх тул энэхүү тээврийн хэрэгслийг албадан дуудлага худалдаанд оруулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах хэсэгт нэмж оруулан шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү...” гэжээ.

 

            Хариуцагч Ц.Оюумаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлд дурдсан 3 зээл нь бодитой бөгөөд хугацаа хэтэрсэн нь үнэн. Орон сууц ашиглалтад орсон цагаас ипотекийн зээл удааширч зогсонги байдалтай байсан нь зээлийн эргэн төлөлт хугацаа хэтэрсэн нэгдүгээрт нөлөөлсөн. Хоёрдугаарт 2015 оны 11 сард компанийг Н.Энхбат нь Л.Амарсайхан, Ц.Оюумаа нарт “Чингис хаан” банктай холбоотой зээлийн баримтуудыг хүлээлгэж өгөөгүй, бас ямар дарааллаар зээл төлөгдөж байсан нь тодорхойгүй байгаа. Миний бодож байснаар шүүхэд нэхэмжилсэн зээлийн 1 дүгээр буюу 250 000 000 төгрөгийн эхний зээл төлөгдөж дууссан байх ёстой. Бид нийт 537 493 300 төгрөг төлсөн боловч ямарч зээл нь хаагдаагүй байгаа зэргийг бодит санхүүгийн тооцоонуудыг шалгаж үзэх шаардлагатай байгаа тул тайлбар өгөх хугацааг сунгаж өгнө үү. 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 250 000 000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 450 000 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 250 000 000 төгрөгийн зээлүүдийг авахад “Нида” ХХК-ийн захирал Н.Энхбат байсан ба 2015 оны 11 дүгээр сард тус компанийг хүлээн авахад бидэнд банкны орлого зарлагын хуулбаруудыг хүлээлгэж өгөөгүй учир бид санхүүгийн баримтуудыг нягтлан шалгах шаардлагатай байна...” гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бямбадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Чингис хаан” банк нь “Нида” ХХК-ийн захирал Н.Энхбаттай 3 удаагийн зээлийн гэрээний үүргийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 2320/01сс-2014 тоот зээлийн гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай 24 хувийн хүүтэй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, 2880 м.кв 35 айлын орон сууц барих хүсэлтээр гэрээ байгуулж мөнгө зээлж авсан. Зээлийг хэрэгжүүлж яваад 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Чингис хаан” банктай “Нида” ХХК-ийн тухайн үеийн захирал Н.Энхбат нь зээлийн гэрээ байгуулан 12 сарын хугацаатай 24 хувийн хүүтэй барилгыг барьж дуусгах нөхцөлтэйгөөр 450 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. 450 000 000 төгрөгийн зээл авч ажиллаад энэ 2 зээлийн 700 000 000 төгрөгөөр барилгын ажил дуусч 2014 оны 12 дугаар сард барилгын ажил зогссон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь тус банкны зээлийн хорооны 232003сс/2015 тоот шийдвэрээр 250 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай жилийн 20 хувийн хүүтэйгээр “Нида” ХХК-д олгоно гэж заасан боловч “Чингис хаан банк” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр СД15009 тоот шийдвэрээр “Чингис хаан” банкин дахь “Нида” ХХК-ийн дансанд зээл олгохгүй банк хоорондын дансанд захирал Н.Энхбатын хувийн дансанд шилжүүлсэн. Барилгын ажил үндсэндээ дууссан байсан. Тухайн үеийн захирал нь барилгын ажилд нэг ч төгрөг зарцуулаагүй. Зарцуулсан гэх баримт байхгүй. Тухайн зээлийн нэмэгдүүлсэн хүү нь нэхэмжлэлийн шаардлагын 340 739 726.02 төгрөгөөр нэмэгдсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Банк болон Иргэний хуулийг “Чингис хаан” банк зөрчин тухайн зээл олгосон компанийн дансанд хийгээгүй, үгсэн хуйвалдаж, тухайн үеийн гүйцэтгэх захирал Н.Энхбатын дансанд шилжүүлсэн. 35 айлын орон сууцанд ямар нэгэн байдлаар зарцуулагдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 2015 оны 02 дугаар сараас эхлэн “Нида” ХХК-ийн данснаас байрны урьдчилгаа төлбөрөөс сүүлд олгосон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хувийн дансанд зээл олгосон мөртлөө тус компанийн өөрийн харилцах данснаас хүүнд 44 876 710 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4 004 383,56 төгрөг, 48 981 098.56 төгрөгийг сүүлд олгосон зээлийн хүү болгон манай харилцахаас авсан. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэнд олгосон зээлээ “Нида” ХХК-ийн харилцах данснаас төлүүлсэн. Бусад арилжааны банк барилгын зээл олгосон барилгын компанийн орлогыг бодолцон, өөрийн санаачилгаар зээл, зээлийн хүүг төлүүлэхийн тулд 8 хувийн зээлийг өөрсдөө олгож зээлээ төлүүлж, дэмжин ажилладаг. “Чингис хаан” банк нь дэмжин ажиллаагүй. Орон нутагт байгаа гэх үндэслэлээр тэгсэн байж болно. Сүүлийн гүйцэтгэх захирлын луйврын ажлаас болж 8 хувиар олгосон зээлүүдийн хүү дансанд ороогүй. Одоо 8 байр зарагдаагүй. Нийт 480 000 000 төгрөгийн байр, гарааш зарагдаагүй, “Чингис хаан” банкны барьцаа хэлбэртэй байна. “Нида” ХХК-ийн нэртэй иргэн Н.Энхбат, Ц.Ариунаа нарт олгосон 340 739 726.02 төгрөгийг эдгээр хүмүүсээс нэхэмжлэх ёстой. Бусад зээлийг “Нида” ХХК-иас нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн. “Нида” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Энхбат, түүний эхнэр Ц.Ариунаа нар нь “Чингис хаан” банк, “Нида” ХХК-ийн захирал Л.Амарсайхан, нэр бүхий иргэдийг хуурч удаа дараа зээл авсан. “Чингис хаан” банктай нийлж 250 000 000 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн оронд “Нида” ХХК-ийг оруулж, өмнөх зээлийн гэрээний үүргийг хангахгүй эрсдэлд оруулсан. “Чингис хаан” банк нь хүүгээ авахын тулд хүү болон нэмэгдүүлсэн хүүд зээл олгосон тул нэхэмжлэлийн дүнг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн үнийн дүнгээс 606 990 769.42 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Эхний 2 зээлийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч байгаа. 340 739 726.02 төгрөгийг төлөхгүй. Зээлийн харилцахаас авсан 48 981 383.56 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр авсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй байна...” гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Нида” ХХК болон Ц.Оюумаа нараас 232 164 309 төгрөгийг, хариуцагч “Нида” ХХК-иас 764 547 285 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Нида” ХХК болон Ц.Оюумаа нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж 54/3 байр, 3 тоот, 87.37 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206031793 дугаартай орон сууц, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, /133370/, ХД-75б байр, 9 тоот, 3 өрөө, 51.4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204041003 дугаартай орон сууц, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 294 тоот, 35 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205018305 дугаартай орон сууц, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оранж хотхон /17041/, Туул гол гудамж, 59 дүгээр байрны 27 тоот, 147.68 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-22060223051 дугаартай орон сууц, Булган аймаг, Булган сум, 6 дугаар баг, “Долоон бар” ХХК-ийн хойд талд байрлалтай Орон сууцны зориулалттай 65 хувийн гүйцэтгэлтэй 35 айлын 2882 м.кв талбайтай, улсын бүртгэлийн V-0405002540 дугаартай орон сууцны барилга зэргийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 141 508 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Оюумаагаас улсын тэмдэгтийн хураамжид 659 385 төгрөгийг, хариуцагч “Нида” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4 482 123 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бямбадорж давж заалдах гомдолдоо: “...“Нида” компани Булган аймгийн, Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 35 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөж “Чингис хаан” банкнаас 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 250 000 000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 450 000 000 төгрөгийг тус тус зээлсэн. Зээлдэгч “Нида” ХХК нь “Чингис хаан” банкнаас 3 удаагийн зээлийн гэрээгээр зээл авч, зээл тус бүрдээ банкны шалгуур үзүүлэлтүүдийг хангасан тул тус тусын барьцаалбартай байхад зээлийн болон барьцааны гэрээ тус бүрийг тус тусад нь, үүргийн гүйцэтгэлийг тус тусад нь дүгнэхгүйгээр үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь дүгнэж барьцаалагчдын эрх ашгийг хохироосон.

Өөрөөр хэлбэл гэрээ тус бүрд барьцаалагчид еөр өөр этгээд байхад аль зээлийн үүргийн гүйцэтгэлийг аль барьцаагаар хэрхэн хангуулах нь тодорхойгүй болсон. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байхад түүнийг тодруулаагүй хэрэг шийдвэрлэгдсэн.

 “Нида” ХХК 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр авсан 250 000 000 төгрөгийг холбогдох хүүгийн хамт бүрэн төлж барагдуулсан. Энэ тухайгаа “Чингис хаан” банкинд хэлж нэгэнт зээлээ төлсөн тул барьцаа хөрөнгүүдийг барьцаанаас суллах хүсэлтийг удаа дараа тавьж байсан болно.

Орон сууцаа ашиглалтанд оруулж худалдан авагч нартай гэрээ байгуулсан боловч орон сууцны үнийн уналт, эдийн засгийн хямрал, иргэдэд олгодог байрны 8 хувийн зээл зогссон зэрэг манай компаниас үл хамаарах шалтгаанаар авсан зээлээ хугацаанд нь өгөлгүй тодорхой хэмжээгээр удаашруулсан зүйл бол байгаа. Бид 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр авсан 450 000 000 төгрөгийн зээлийнхээ талыг нь төлчихөөд байсан.

 “Нида” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Чингис хаан банкинд 250 000 000 төгрөгийн зээл хүсэж албан тоот хүргүүлсэн байдаг. Энэ дагуу “Чингис хаан” банкны зээлийн хорооны хурал 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж “Нида” ХХК-д зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү зээлийн хорооны шийдвэрт “Нида” ХХК тус банк дахь дансаар нь дамжуулан уг зээлийг олгохоор шийдвэрлэсэн байдаг. Энэ дагуу 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2320/03/CC-2015 дугаар зээлийн гэрээг зээлдэгч “Нида” ХХК-тай байгуулсан. Энэхүү зээлийн гэрээний 8 дугаар зүйлд зээлийг зээлдүүлэгч банкин дахь харилцах дансаар заавал дамжуулахаар харилцан тохиролцсон байдаг. Мөн гэрээний 10 дугаар зүйлд “...зээлийг Зээлдэгчийн дансанд шилжүүлэх замаар гүйцэтгэнэ” гэдэг үүргийг зээлдүүлэгч тал хүлээсэн. Гэтэл 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Чинис хаан” банк нь 250 000 000 төгрөгийг зээлдэгч “Нида” ХХК-ийн тус банкин дахь харилцах дансанд бус Энхбат гэгчийн хувийн данс руу уг мөнгийг шилжүүлсэн.

...“Чингис хаан” банкны 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Зээлийн хорооны шийдвэрт заасан “Төлбөр тооцоог тус банкаар дамжуулах” заалтыг ноцтой зөрчсөн. Энэ нь өөрөө мөн Чингис хаан банкны дотоод журамд заасан “Зээлийг зээлдэгчид олгох” заалтыг мөн зөрчсөн үйлдэл болно.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно”, 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж” заасан байгаа.

Гэтэл зээлийн гэрээний дагуу харилцан тохиролцсон зээл 250 000 000 төгрөгийг Зээлдэгч “Нида” ХХК-д Зээлдүүлэгч “Чингис хаан” банк олгоогүй. Энэхүү зээлийн гэрээний нөхцлуүд нь хуулийн дагуу байгуулагдсан атлаа гэрээгээр тохиролцсон зүйлээ гэрээний нөгөө тал хуулийн дагуу нөгөө талдаа өгөөгүйд л оршиж байгаа болно. Нэгэнт гэрээний зүйлээ өгөөгүй байж “Нида” ХХК-иас 250 000 000 төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлүүлэхээр нэхэмжлэх нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болно.

...Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шуүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 дугаар шийдвэрт баримтыг тал бурээс нь бодитойгоор, үнэн зөв, хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс хэргийг үндэслэл бухий шийдвэр гаргах гол нөхцлийг бүрүүлж өгсөнгүй.

Шүүх нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримт, нэхэмжлэгч талын шүүхэд өгсөн мэдүүлэг, хариуцагч талаас гаргасан тайлбар болон нотлох баримтыг харьцуулан үзэх ёстой байсан. Гэтэл энэ ажиллагааг хийгээгүй бөгөөд зөвхөн нэг талын баримтыг үнэлсэн.

Түүнчлэн шүүх хуралдаанд өгсөн нэхэмжлэгчийн иргэн Энхбатын хувийн дансанд мөнгө шилжүүлсэнээ хүлээсэн тайлбарыг үнэлэхгүй орхигдуулсан нь өөрөө хэргийг хууль бус нэг талыг баримтлан щийдвэрлэсэн гэх гомдлыг үүсгэх үндэслэл болоод байгаа болно.

“Чингис хаан” банк нь 250 000 000 төгрөгийг “Нида” ХХК-д шилжүүлээгүй атлаа зээл, зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүү гэж 340 739 726.02 төгрөгийг нэхэмжилж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй болно.

Түүнчлэн “Нида” ХХК 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2320/01/СС-2014 тоот Зээлийн гэрээний дагуу, 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2320/02/CC-2014 тоот Зээлийн гэрээний дагуу “Чингис хаан” банкинд төлсөн төлбөрөөс олгоогүй зээлийнхээ зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүү гэж 48 881 095.89 төгрөгийг “Нида” ХХК-д мэдэгдэлгүй суутган тооцсон нь өөрөө хууль бус.

Энэхүү 48 881 095.89 төгрөг нь “Нида” ХХК-ийн “Чингис хаан” банкинд төлөх ёстой 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2320/01/СС-2014 тоот Зээлийн гэрээ, 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2320/02/CC-2014 тоот Зээлийн гэрээний төлбөрөөс суутгагдан тооцох ёстой байсан.

“Нида” ХХК нь “Чингис хаан” банкинд 2 зээлийн төлбөр гэж төлөх ёстой 655 971 867 төгрөгөөс хууль бусаар суутгал хийж авсан 48 881 095.89 төгрөгийг өгсөн гэж үзээд хасч тооцвол нийт 607 090 771.11 төгрөгийг манай компанийн “Чингис хаан” банкинд төлөх ёстой гэж үзэж байна.

“Чингис хаан” банкны нэхэмжлэлийн шаардлагаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн зээлийн хүү гэх 340 739 726.02 төгрөг, энэхүү хууль бус зээлийн үндсэн зээлэнд гэж өөр зээл төлсөн төлбөрөөс суутган тооцсон 48 881 095.89 төгрөг, нийт 389 620 821.91 төгрөгийг “Нида” ХХК болон барьцаа хөрөнгө тавьсан иргэдүүд өөрсдийн хөрөнгөөр төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хэрэгт “Нида” ХХК-ийн өмнөх захирал хувьцаа эзэмшигч Энхбат, Ариунаа нар нь хамтран хариуцагчаар зайлшгүй татагдаж, шүүх хуралд оролцох ёстой гэж бодож байна.

Хамтран хариуцагчид, гуравдагч этгээдүүд хэрэгт татагдан орсноор энэхүү зээлийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэх болно гэж бодож байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь судлан үзээгүй, үндэслэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг шударгаар тал, бүрээс нь, үндэслэл бүхий шийдвэрлүүлэхээр хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК нь хариуцагч “Нида” ХХК, Ц.Оюумаа нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 775 482 126 төгрөг, хүү 175 664 647 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45 564 821 төгрөг, нийт 996 711 594 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл “Чингис хаан банк” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Нида” ХХК, Ц.Оюумаа нарт 250 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр 2320/01/СС-2014 тоот зээлийн гэрээг,

“Чингис хаан банк” ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Нида” ХХК-д 450 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр 2320/02/СС-2014 тоот зээлийн гэрээг,

“Чингис хаан банк” ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Нида” ХХК-д 250 000 000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр 2320/03/СС-2015 тоот зээлийн гэрээг тус тус байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны болон фидуцийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүх талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн барьцааны болон фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 537 493 3000 төгрөг төлсөн, улмаар Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй тул 2014 оны 2320/01/СС-2014 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 232 164 309 төгрөг, 2320/02/СС-2014 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 423 807 588 төгрөг, 2015 оны 2320/03/СС-2015 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 340 739 726 төгрөгийг хариуцагч нар төлөөгүй гэж үзэн, “Нида” ХХК болон Ц.Оюумаа нараас 232 164 309 төгрөг, “Нида” ХХК-иас 764 547 285 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204041003 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол ХД-75б байрны 9 тоот байршилтай, 51.4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2205018305 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол 29 дүгээр байрны 294 тоот байршилтай, 35 м.кв талбай бүхий орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206023051 дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж хотхон, Тул гол гудамж, 59 дүгээр байрны 27 тоот байршилтай, 147.68 м.кв талбай бүхий орон сууц, Beiben маркийн 67-26 УНУ дугаартай автомашин, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, “Долоон бар” ХХК-ийн хойд талд Орон сууцны зориулалттай 65 хувийн гүйцэтгэлтэй 35 айлын дуусаагүй барилга зэргийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч нар 2320/01/СС-2014, 2320/02/СС-2014 тоот зээлийн гэрээг байгуулагдсан талаар маргаагүй, дээрх гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд 606 990 769 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч, харин 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Чингис хаан банк” ХХК, “Нида” ХХК нарын хооронд байгуулагдсан 2320/02/СС-2014 тоот зээлийн гэрээнд заагдсан 250 000 000 төгрөгийг “Нида” ХХК-ийн хувийн дансанд олгохгүй өөр этгээдийн дансанд шилжүүлсэн, улмаар иргэнд олгосон зээлээ компанийн харилцах данснаас төлүүлсэн гэж маргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй дээрх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар уг татгалзлын үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргах үүргээ хэрэгжүүлээгүй талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Зохигчдын тайлбараар 2015 он хүртэл “Нида” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Энхбат байсан бөгөөд “Чингис хаан банк” ХХК болон “Нида” ХХК нарын хооронд байгуулагдсан 2320/02/СС-2014 тоот зээлийн гэрээнд заагдсан 250 000 000 төгрөгийг компанийг итгэмжлэлгүйгээр шууд төлөөлөх эрхтэй этгээд болох Н.Энхбатын данс руу шилжүүлсэн нь дээрх зээлийн төлбөрийг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

 

Зохигчдын байгуулсан барьцааны болон фидуцийн гэрээний зүйлээр тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анхан шатны шүүх дүгнэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй гэж үзэхгүй юм.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байна. Давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 408 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                           

                        ШҮҮГЧИД                                           Н.БАТЗОРИГ

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН