Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2015/0090

 

Иргэн Д.О-ын  нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Д.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 556 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Д.О-ын  нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Б ийн ашиглах эрхтэй 1.5 га газрыг хамтран ашиглагчаар бүртгэхгүй байгаа Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1/104 дүгээр гэрчилгээнд газар хамтран ашиглагчаар Д.О ыг бүртгэхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1238 дугаар шийдвэрээр Д.О ын Зайсангийн аманд Н.Б ийн ашиглах эрхтэй газар дээр байшин барьж, хамтран ашигласан, уг байшингаа эзэмших эрхтэй болохыг тогтоосон байдаг. Түүнээс газар ашиглах эрхтэй болох-ыг тогтоогоогүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, холбогдох журамд газар ашиглах эрхтэй этгээдийн хүсэл зориггүйгээр газар ашиглах эрхийг бусдад шилжүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй тул Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрх зөрчигдсөн гэх нэхэмжлэгчийн шаардлагыг хангах боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: ...Тухайн үед хамтарч ашиглах гэрээ байгуулсан хамтын үйл ажиллагааны гэрээг нь хууль дүрмийн дагуу болохгүй гэж хэлэлцээд протокол үйлдэж гарын үсэг зураад гэрээ хүчингүй болгосон.

Талууд Эко хотхоныг аялал зуучлалын зориулалтаар 50, 50 хувиар эзэмшиж барилгын ажил гүйцэтгэх гэсэн ч тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшинэ гэсэн ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй. Энэ гэрээний талаар шүүхийн шийдвэрт газрыг ашиглах ямар нэгэн зүйл заалт байхгүй. Зөвхөн тэр хамтран барьсан байшингаа ашиглах эрхтэй гэдэг хууль зүйн үндэслэлийг маш тодорхой гаргаж өгсөн. Тэгэхээр тухайн газар дээр барилга бариад, би энэ газрыг хамтран ашиглах эрхтэй гэх зохицуулалт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Иргэний хуульд байхгүй. Нэхэмжлэгч Д.О-ын  нэхэмжлэлд дурьдсан 2007 оноос хууль зөрчин эхлүүлсэн байшин барих ажил зогссон гэдэг нь өөрөөс нь шалтгаалан харж хамгаалалгүй, хууль хяналтын байгууллагад байнга дуудагдан уг эд зүйлсээ хаяж явснаас байгалийн хүчин зүйл болох бороо, усны улмаас цаашид ашиглах боломжгүй байдалд орсон байдаг. Мөн нэхэмжлэлд хавсаргасан Хамтын үйл ажиллагааны гэрээ цуцлагдсан болон холбогдох хууль, дүрэм, журамд заасны дагуу газар хамтран ашиглагчаар тогтоох хууль эрх зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 556 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Зайсангийн аманд Н.Б ийн ашиглах эрхтэй 1.5 га газрыг хамтран ашиглагчаар бүртгээгүй Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1/104 дугаар бүхий гэрчилгээнд газар хамтран ашиглагчаар Л.О ыг бүртгэхийг даалгуулах тухай Л.О ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н  давж заалдах гомдолдоо: 1. Нэхэмжлэгч Д.О ыг хамтын үйл ажиллагааны оролцогч гэж үзэх үндэслэлтэй хэмээн Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 07-ны 1238 дугаар шийдвэрт дүгнэсэн.

Тэгэхээр Д.О  хамтран ажиллах гэрээний оролцогч тул Н.Б ийн ашиглах эрхтэй газрыг хамтран ашиглах эрхтэй бөгөөд уг гэрээний бусад оролцогч иргэний маргаанд оролцохоос өөрийн хүсэлтээр татгалзсан тул маргаан бүхий уг газрыг хамтран ашиглагчаар тогтоолгох эсхүл 50 хувийг өөрийн нэр дээр шилжүүлж авах хүсэлтээ Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2012 оны 01 дүгээр сарын 10-нд гаргасан. Хүсэлтийг шийдвэрлэхгүй байсан тул шүүхэд хандан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамжийг 2012 оны 07 дугаар сарын 27-нд гаргуулсан ба удаа дараа гомдол гаргасны үр дүнд 2014 оны 04 дүгээр сарын 02-нд байшингаа эзэмших эрхтэй болохыг тогтоосноос бус газар ашиглах эрхтэй болохыг тогтоогоогүй байна гэсэн хариу өгсөн.

Тэгэхээр газар ашиглагчаар тогтоогоогүй нь эс үйлдэхүй хэмээн үзэж, захиргааны акт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Н.Б ийн ашиглах эрхтэй 1.5 га газрыг хамтран ашиглах эрхтэй болохыг тогтоогоогүй Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тул Тусгай хамгаалалттай газар, нутаг дэвсгэрт газар ашиглах 2004 оны 07 дугаар сарын 28-ны 1/104 дүгээр гэрчилгээнд газар хамтран ашиглагчаар түүнийг тогтоолгох замаар эрхийг нь сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаан дээр тодорхойлсон. Гэвч хууль бус эс үйлдэхүй гэдэг нь тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь буруу юм. Учир нь хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа нь эс үйлдэхүй бөгөөд хууль зөрчиж байгаа явдал тул хууль бус эс үйлдэхүй гэсэн нэр томьёо хэрэглэгдэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байна.

 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д төрийн захиргааны төв байгууллага нь тусгай хамгаалалттай газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана, 37 дугаар зүйлийн 37.1-д сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж заасны дагуу Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн даргаас Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан-Уул Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй газарт 1.5 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар 2004 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах 1/104 дүгээр гэрчилгээ олгосон Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа түүнтэй газар ашиглах тухай гурвалсан гэрээг байгуулснаар Н.Б ид газар ашиглах эрх үүсчээ.

 

Улмаар иргэн Н.Б  иргэн Л.О , Г.Д , Х.Б, Ц, Ч.Э нартай хамтран ажиллахаар тохиролцсоноор тухайн газарт Д.О  өөрийн хөрөнгөөр байшин барьсан, тэрхүү байшингаа эзэмших эрхтэй болох нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1238 дугаар шийдвэрээр тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх бусдын ашиглах эрх олгогдсон газар хамтран ажиллах гэрээний дагуу байшин барьсан, уг байшингаа эзэмших эрхтэй нь тухайн газрыг ашиглах эрхийг үүсгэхгүй талаар зөв дүгнэжээ.

 

Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1-д Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно; 1/ ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах-ыг хориглохоор заасныг шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн газрыг хамтран ашиглагчаар бүртгүүлэх тухай хүсэлтэд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаас хуульд заасны дагуу тодорхой хариуг өгсөн байх бөгөөд хууль бус эс үйлдэхүй гаргаагүй байна.

 

Эдгээр байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 556 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР