Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 78

 

“Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, хариуцагч Э.Цэвээндорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 763 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2016/0778 дугаар магадлалтай, “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Цэвээндорж, Д.Наранчимэг нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 763 дугаар шийдвэрээр: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 16 дугаар зүйлийн 16.2, 17 дугаар зүйлийн 17.1, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2.1, 27 дугаар зүйлийн 27.6, 27.7.1, 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Цэвээндорж, Д.Наранчимэг нарын 2500011466 тоот актын Тогтоох хэсгийн Нэгийн а заалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2016/0778 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 763 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Цэвээндорж, Д.Наранчимэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс өөрийн хөрөнгө оруулагчдын оруулсан тусгайлсан хөрөнгө болох мөнгөн хөрөнгийг компаний үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдуулан, зээлийн багц бүрдүүлэх зорилгоор арилжааны банкуудад байршуулсанаас дансны үлдэгдэлд хүү бодогдсон гэж үзэж байгаа нь учир дутагдалтай буюу хууль буруу хэрэглэж магадлал гаргасанд дараах гомдлыг гаргаж байна.

Тухайн компани орон сууцны зээлийн багц буюу барьцааны эрх, зээлийн шаардах эрхийг худалдан авах санхүүгийн эх үүсвэрийг тухайн үед засгийн газраас шийдвэрлэсэн. Хөрөнгө оруулагчдаас анх оруулсан хөрөнгийг арилжааны банкуудад багц бүрдүүлэх бус хүүгийн орлого олох зорилгоор тусгайлан тодорхой хэмжээний хувиар хүү тооцох гэрээ байгуулж дансанд байршуулснаар хүүгийн орлого олсон байна. Иймд 2013 онд олсон дээрх хүүгийн орлогыг өөрийн компанийн аж ахуйн үндсэн үйл ажиллагааны орлого гэж үзэж аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдох орлогод хамааруулан тайлагнасан байна. Тус компанийн банкинд хадгалуулсан мөнгөн хөрөнгө нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ", 25 дугаар зүйлийн 25.5-д “Хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компанийн хэлбэрээр байгуулна", 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ”, Компаний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг комнани гэнэ” гэсэн заалтанд тусгагдсан хөрөнгөд хамаарах үндэслэлтэй байна.

Нэгэнт компани, өөрийн тусгайлсан хөрөнгө болох мөнгөн хөрөнгийг орлого олгох зорилгоор арилжааны банкуудтай гэрээ байгуулж хүүгийн орлого хүлээж авсан нь тогтоогдож байгаа тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.-д “Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно”, 7.3.2-д “...хөрөнгийн орлого; ...”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Албан татвар төлөгчийн хөрөнгийн дараах орлогод албан татвар ногдоно”,  9.1.4-д “хүүгийн орлого”, 16 дугаар зүйлийн 16.3-д “Дараах орлогод албан татвар ногдуулах тухайн орлого тус бүрийн нийт дүнгээр тооцно”; ...16.3.4-д “хүүгийн орлого; ...” 17 дугаар зүйлийн 17.2-д “Албан татвар төлөгч дараах орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна”, 17.2.6-д “хүүгийн орлогод 10 хувиар; ...” 21 дүгээр зүйлийн 21.1-д “Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө” гэж зааснаар 857,721,717.20 төгрөгийн хүүгийн орлогод тусгай хувь хэмжээгээр татвар ногдуулан төсөвт төлөөгүй зөрчилд 85,772,171.72 төгрөгийн нөхөн татвар, 25,731,651.52 төгрөгийн торгууль ногдуулсан нь хуульд нийцэж байна гэж үзэж байна.

Тус ХХК-ийн 2013 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 1,053,032,371.00 төгрөгийн алдагдалыг 1,910,754,088.20 төгрөг болгон баталгаажуулсан. Алдагдлын ихэнх хувийг Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно;, 12.1.34-д “тусгай зориулалтын компани болон орон сууцны санхүүжилтийн компаниас хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас эзэмшигчид шилжүүлсэн үнэт цаасны төлбөр болон хүүгийн төлбөр” гэсэн зардал эзэлж байгаа болно. Орлогын хувьд тусгай зориулалтын компани болон орон сууцны санхүүжилтийн компанитай холбоотой тусгайлсан заалт Татварын ерөнхий хуульд байхгүй болно. Хүүгийн орлоготой холбоотой ямар нэгэн зардал гараагүй гэж үзэж байна.

Хүүгийн орлого гэдэгт Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн, мөнгөн хөрөнгөө өөрийн хүсэлтийн дагуу гэрээний үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зээлдүүлж авсан хүү, банк, хадгаламж зээлийн хоршоодоос олгож байгаа хадгаламжийн зээлийн хүү, харилцах дансны үлдэгдэл, батлан даалт гаргасны төлбөр, өрийн бичиг /бонд/-ын хүү, хууль болон гэрээний дагуу авч байгаа хүү, нөхөн төлбөрийн орлого, вексельд заасан төлбөрийн сарын эсхүл жилийн хүү багтдаг тул татварын улсын байцаагчийн "Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-нд 111.503.823.2 төгрөгийн төлбөр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй юм гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийгээгүй, маргаанд хамаарал бүхий хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр, магадлал хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Хяналтын шатны шүүх доорх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Наранчимэг, Э.Цэвээндорж нар “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ээс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдол, төлөлтийн байдалд шалгалт хийж, “...харилцах дансны үлдэгдэлд олгосон хүүгийн орлогыг буруу тайлагнасан, ...татвар суутган авч төсөвт төлөөгүй...” гэх 2 зөрчилд  98,440,959.90 төгрөгийн нөхөн татвар, 29,532,288.00 төгрөгийн торгууль, нийт 127,973,247.90 төгрөгийн төлбөр төлүүлэхээр 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 250011466 дугаар акт үйлджээ.

Нэхэмжлэгч нь уг актын “тогтоох” хэсгийн “Нэг”-ийн “а” дахь заалт буюу тус компани 2013 онд банкин дахь харилцах дансны үлдэгдэлд олгосон хүүгийн 857,721,717.20 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгахдаа тусгай хувь хэмжээгээр татвар ногдуулалгүй нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдох орлогод оруулан тайлагнасан зөрчилд 85,772,171.72 төгрөгийн нөхөн татвар, 25,731,651.52 төгрөгийн торгууль ногдуулсаныг эс зөвшөөрч, “...хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа олсон энэ орлого нь үндсэн үйл ажиллагааны орлогод хамаарна..., ” хэмээн  тайлбарласан байна.

Тодруулбал, нэхэмжлэгч харилцах дансны хүүгийн орлого гэдгийг хүлээн зөвшөөрсөн, “орлого“ гэдэгт маргаагүй, зөвхөн уг орлогыг үндсэн үйл ажиллагааны орлогод бүртгэн тайланд тусгасан нь зөв гэж, харин хариуцагч тухайн орлого нь “...хөрөнгийн буюу хүүгийн орлого...” гэж  үзсэн, өөрөөр хэлбэл маргааны гол нь орлого олсныг буруу, зөв гэж биш, харин орлогыг /татварын төрлийг/ хэрхэн тодорхойлж, тайлагнах асуудлаар хэргийн оролцогчид маргажээ. 

Татварын улсын байцаагчид дээрх орлогыг хөрөнгийн буюу хүүгийн орлого хэмээн тодорхойлж, “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК нь банкуудад данс үүсгэж, олсон уг орлогоо нийтлэг хувь хэмжээнээс тусад нь тусгай хувь хэмжээгээр тайлагнах ёстой гэж үзсэн нь зөв байна.    

 Учир нь, Аж ахуйн нэгжийн албан татвар ногдох орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд “үйл ажиллагааны орлого”/7.3.1/; “хөрөнгийн орлого” /7.3.2/ ; “хөрөнгө борлуулсны орлого” /7.3.3/ гэж тус тус ангилжээ.

 Аж ахуйн нэгжийн “үйл ажиллагааны орлого” нь “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ын хүрээнд Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэмд заасан үйл ажиллагааны зорилго, чиглэлийн дагуу явуулж байгаа үйлдвэрлэл, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээтэй хамааралтай, дээрх хуулийн 8 дугаар зүйлд заагдсан орлогууд байна.

Харин “хүүгийн орлого” нь хөрөнгийн орлогод багтахыг 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх  хэсэгт “хүүгийн орлого”-д зээлийн хүү, харилцах дансны үлдэгдлийн хүү, мөнгөн хадгаламжийн хүү, … зэрэг мөнгө ашиглуулсан болон ашиглуулах зориулалтаар хийгдсэн гүйлгээний үр дүнд албан татвар төлөгчид төлсөн төлбөр, ...”  хамаарахыг 9 дүгээр зүйлийн 9.4-д тус тус  тусгажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, хөрөнгийн орлого болох хүүгийн орлого нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэлтэй хамааралгүй, Иргэний хуулийн 25 дугаар зүйлээр тодорхойлогдсон хуулийн этгээдийн өөрийнх нь өмчлөх, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд хамааралтай тусгайлсан хөрөнгө болох мөнгөн хөрөнгөөс олсон орлого байна.    

“Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК нь 2006 онд 12 гишүүнтэй /төрийн болон арилжааны банк/, 16,798,856.0 төгрөгийн дүрмийн сантай, хөрөнгийн баталгаажсан үнэт цаас гаргах, орон сууцны салбарт бизнесийн зөвлөлгөө өгөх, хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдаж, Санхүүгийн зохицуулах хорооноос 2012 онд “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах”, 2013 онд “Хөрөнгө итгэмжлэн удирдах” үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авчээ.

Мөн Орон сууцны санхүүжилтийн компанийн үйл ажиллагааны чиглэлийг Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 27 дугаар зүйлд “хувь нийлүүлэгч банк болон бусад санхүүгийн байгууллагаас хөрөнгө шилжүүлэн авах, хуримтлуулах; хөрөнгийн багц бүрдүүлэх; барьцаат үнэт цаас гаргах; эргэн төлөлтийг сайжруулах арга хэмжээг авах; худалдан авах хөрөнгөд тавих шаардлагыг тогтоох; энэ хуульд заасны дагуу үүсмэл гэрээ ашиглах; хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахтай холбоотой бусад үйл ажиллагаа явуулах” хэмээн тодорхойлжээ. 

Тухайн компанийн орон сууцны зээлийн багц буюу барьцааны эрх, шаардах эрхийг худалдан авах санхүүгийн эх үүсвэр нь тухайн үед Засгийн газраас шийдвэрлэгдсэн байна.

 “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК нь үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх явцдаа Улаанбаатар хотын банкинд 101118802000001 дугаартай хадгаламжийн данс нээлгэж, өөрийн дүрмийн сангаас байршуулсны хүүгийн орлого 647,477,914.80 төгрөг, Хас, ХХБ, Капитрон, Төрийн болон Улаанбаатар хотын банкуудаас харилцах дансны үлдэгдэлд олгогдсон хүүгийн орлого 210,243,802.40 төгрөг  хүлээн авсан болох нь хяналт шалгалтын явцад банкны дансны хуулга, нягтлан бодох бүртгэлийн журнал, бусад анхан шатны баримтаар нотлогджээ.

Компани өөрийн тусгайлсан хөрөнгө болох хөрөнгө оруулагчдаас анх оруулсан мөнгөн хөрөнгийг орлого олох зорилгоор банкинд байршуулан хадгалуулсан, үүний төлөө банкнаас хүүгийн орлого хүлээн авсан нь нэгэнт тогтоогдсон, хүүгийн орлого олохтой холбоотойгоор нэхэмжлэгчээс ямар нэг зардал гаргаагүй байхад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Энэ хуулийн 8.1.1, 8.1.6-8.1.11, 9.1.1 ... заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан зардлыг ... хасч албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно” гэсний дагуу татвар ногдох орлогоо тодорхойлох боломжгүй байна.

Иймээс нэхэмжлэгч нь  “... компанийн нэмэлт хөрөнгө болох бэлэн мөнгө нь үндсэн үйл ажиллагаа болох үнэт цаас гаргах ажиллагааны барьцаат баталгаа болдог тул энэ мөнгийг байршуулснаас олж буй хүүгийн орлого нь үндсэн үйл ажиллагаанд зарцуулагддаг, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхтэй холбогдсон орлого...” гэж Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 27, 30 дугаар зүйлд заасныг үндэслэн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.  

Аж ахуйн нэгжийн орлогод албан татвар ногдуулахтай холбоотой харилцаа нь зөвхөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар зохицуулагдах юм. 

Нэхэмжлэгчээс тайлбарын үндэслэлээ болгож байгаа Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх “Хөрөнгө итгэмжлэн удирдагч нь тусгай зориулалтын компанитай гэрээ байгуулсан, хөрөнгө оруулагчид барьцаалуулсан хөрөнгийг түүний эрх ашигт нийцүүлэн эзэмшиж, удирдах үүрэг бүхий этгээд байна” гэх хөрөнгө итгэмжлэн удирдагчийн эрх, үүргийн талаарх зохицуулалт нь татвар ногдох орлогыг тодорхойлох энэ маргаанд хамааралгүй.

Өөрөөр хэлбэл, маргаан нь хөрөнгө итгэмжлэн удирдагчийн эрх хэмжээний  тухайд биш, зөвхөн тухайн хөрөнгийг банкинд байршуулснаас олсон хүүгийн орлогод ногдох татварыг тодорхойлохтой холбоотой.

Дээр дурдсанчлан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар аж ахуйн нэгжийн хөрөнгийн орлогод хүүгийн орлого багтахыг болон харилцах дансны үлдэгдлийн хүү, мөнгөн хадгаламжийн хүү нь хүүгийн орлого болохыг тусгайлан, тодорхой зохицуулсан байна.

Аж ахуйн нэгжийн ямар орлогод албан татвар ногдох, түүний хувь хэмжээг хэрхэн тодорхойлохыг дээрх байдлаар хуульд  шууд, тодорхой, ойлгомжтойгоор нэрлэн заасан байхад нэхэмжлэгчийн үндсэн үйл ажиллагаатай нь огт хамааралгүй орлогыг “үйл ажиллагаанд нь зориулагдаж  байгаа...” гэх үндэслэлээр “үйл ажиллагааны орлого” гэж тодорхойлох нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн агуулга, зорилгод нийцэхгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч компанийн банкинд байршуулсан мөнгөнд бодогдсон “хүүгийн орлого”-ыг “... нэмэлт хөрөнгийн багц бүрдүүлэхтэй холбоотой ... өөрийн үндсэн багцыг бүрдүүлэх зорилготой..., ... үндсэн үйл ажиллагаа...”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11, 16 дугаар зүйлийн 16.2, 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангасан нь буруу болжээ. 

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 250011466 дугаар актын холбогдох заалт нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно”, 7.2.3-д “...хөрөнгийн орлого...”, 9 дүгээр зүйлийн 9.1.4-д “хүүгийн орлого”, 16 дугаар зүйлийн 16.3-д “Дараах орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо албан татвар ногдуулах тухайн орлого тус бүрийн нийт дүнгээр тооцно”, 16.3.4-д “хүүгийн орлого”, 17 дугаар зүйлийн 17.2-д “Албан татвар төлөгчийн дараахь орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна”, 17.2.6-д “хүүгийн орлогод 10 хувиар”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө” гэсэн заалтуудад нийцсэн, хууль ёсны байна.

Иймд “...хууль буруу хэрэглэсэн гэх...” хариуцагч татварын улсын байцаагч Д.Наранчимэг, Э.Цэвээндорж нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай“ хууль батлагдсанаар татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй зарчмыг баримтлан маргаан бүхий актын “Нэг”-ийн “а” дахь заалтаар ногдуулсан 25,731,651.52 төгрөгийн торгуулийг өршөөн хэлтрүүлж, уг актын зөвхөн 85,772,171.72 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр тогтоосон хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 763 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2016/0778 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.4, 17 дугаар зүйлийн 17.2.6, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай“ хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 11 дүгээр  сарын 24-ний өдрийн  250011466 дугаар  актын “тогтоох” хэсгийн “Нэг”-ийн “а” дахь заалтаар ногдуулсан 25,731,651.52 төгрөгийн торгуулийг өршөөн хэлтрүүлж, үлдэх 85,772,171.72 төгрөгийн нөхөн татвар ногдуулсаныг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Л.АТАРЦЭЦЭГ