Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
Хэргийн индекс | 146/2022/0043/Э |
Дугаар | 146/ШЦТ/51 |
Огноо | 2022-04-27 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 146/ШЦТ/51
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хонгорзул
Хохирогч Э.Заяат
Шүүгдэгч Д.Батдорж
Нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хоршоо овгийн Дашзэвэгийн Батдоржид холбогдох эрүүгийн 2227000540052 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5 дугаар баг, Онгоцон-Ухаа багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Хоршоо овгийн Дашзэвэгийн Батдорж, /РД:АС79072612/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Батдорж нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг, Мойлтын 7-19 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Заяатыг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч Д.Батдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Э.Заяат шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сундуйжав яриад манайд ирж цай уу гэж хэлсэн. Тэгээд Сундуйжавынд очсон. Гаднаас Батдорж нэг залуутай орж ирээд хүмүүстэй золгож надтай золгоё гэхээр нь би гадуур ханиад ихтэй байгаа золгохгүй гэсэн. Тэгсэн Батдорж цагаан сарын дараа хоёулаа уулзана гэж хэлсэн. Тэгээд Батдорж зүүн талын орон дээр суусан. Сундуйжавын эхнэр, Батдоржид цай аягалж өгсөн. Тэгээд би Батдоржийг хоёулаа гар барьчихъя гэсэн чинь намайг цохисон. Бид хоёрыг Эрка салгаад Батдорж гэрээс гараад явсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн чинь эмнэлэг дээр оч гэж хэлсэн. Эмнэлэг дээр очиж үзүүлэхэд эмч таны энэ хөмсөгт заавал оёдол тавина гээд оёдол тавьсан. Тэгээд цагдаад очиж мэдүүлэг өгсөн...” гэв.
Хохирогч Э.Заяатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай найз болох Сундуй гэх хүн гэрт ирж цай уу гэсэн. 18 цагийн орчимд би найз Сундуйгийн гэрт ганцаараа очсон. Би Сундуй гэх найзындаа байж байхад гаднаас Архангай аймгийн Хашаат сумын иргэн Батдорж гэх хүн нэг танихгүй залуутай хамт гэрт орж ирсэн. Батдоржтой мэндэлсэн чинь Батдорж надад хандаж хоёулаа цагаан сарын дараа надтай уулзана гэж хэлсэн. Батдорж айлын зүүн орон дээр сууж байхад Сундуйгийн эхнэр Батдоржид цай аягалж өгсөн. Батдорж цайгаа амсаад ширээн дээр тавих үедээ миний зүүн хөмсөг рүү гараараа 1 удаа цохисон. Миний хөмсөг хэсгээс цус гарахаар нь Батдоржийг барьж аваад орон дээр дарсан чинь тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаад, удалгүй Батдорж гэрээс гараад явсан. Би сумын эмнэлэг рүү яваад зүүн нүдний дээд хэсэгт /хөмсөг/ 1 оёо тавиулсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан...Би Батдорж гэх хүнийг танина... Бид хоёрын дунд өр, авлагын зүйл байхгүй. Салсан эхнэртэй нь хамтран амьдарч байгаа гээд уурлаад, хардаад намайг цохисон. Би Сундуй найзындаа ороод 100 грамм архи уусан байсан. Харин Батдорж гаднаас орж ирэхдээ их хэмжээний архи уусан гэмээр согтуу орж ирсэн... Би Батдоржийн биед халдаж цохисон зүйл байхгүй, миний биед халдахаар нь орон дээр дарж унагаасан. Тухайн үед гэрийн эзэн Сундуй, түүний эхнэр Эрдэнэчулуун, Цэрэн-Янжин, Батдорж, Батдоржтой хамт ирсэн танихгүй залуу бид хэд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,
Гэрч Д.Сандуйжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Эхнэр Эрдэнэчулуун Заяат, Цэрэн-Янжин нарт цай хийж өгчхөөд байж байсан чинь гаднаас Батдорж үл таних хүнтэй хамт орж ирсэн. Батдорж орж ирчхээд Заяатад хандаж хоёулаа цагаан сарын дараа эр хүн шиг уулзана гээд гар барьчихъя гээд гараа сунгаснаа шууд Заяатын нүүрэн тус газарт нь цохиод авсан. Тэгтэл Заяатын хөмсөгнөөс цус гарч, тэр 2 барилцаад авахад манай эхнэр салгасан юм... Батдорж гаднаас орж ирэхдээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн халамцуу орж ирсэн... 3аяат Батдоржийг зодсон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Гэрч А.Цэрэн-Янжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байхад 17 цагийн орчим найз Сундуй над руу залгаж манай гэрт ирж цай уу гэж дуудсан. Намайг орсноос хойш хэсэг хугацааны дараа гаднаас Батдорж гэгч, нэг залуугийн хамтаар орж ирсэн. Тэгээд бид нар хоорондоо золгочхоод сууцгааж, Эрдэнэчулуун Батдоржид цай хийж өгөхөд цайгаа уулгүй ширээн дээр тавьчхаад шууд босож очоод Заяатын нүүрэн тус газар гараараа цохиод авчихсан...Бид нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Батдорж гаднаас орж ирэхдээ архи уучихсан, нэлээн согтолттой байсан...3аяат Батдоржийг цохисон зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №145 дугаар дүгнэлтэд “...1.Э.Заяатын биед зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Амь насанд аюулгүй гэмтэл байна...” гэжээ /хх-ийн 21-22-р хуудас/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8-р хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-3-р хуудас/,
Шүүгдэгч Д.Батдоржийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 28-37, 42-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-р хуудас/,
Шүүгдэгч Д.Батдорж, түүний өмгөөлөгч, хохирогч Э.Заяат нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт шийдвэрлэсэн шүүгчийн захирамж зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Батдоржид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Батдорж нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг, Мойлтын 7-19 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Заяатыг тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.Заяат /хх-ийн 11-13-р хуу/, гэрч Д.Сандуйжав /хх-ийн 15-р хуу/, гэрч А.Цэрэн-Янжин /хх-ийн 17 хуудас/ шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан 145 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22-р хуу/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-3-р хуудас/, шүүгдэгч Д.Батдоржийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 28-37,42-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-р хуудас/, шүүгдэгч Д.Батдорж, түүний өмгөөлөгч, хохирогч Э.Заяат нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт шийдвэрлэсэн шүүгчийн захирамж зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Д.Батдоржийн үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Батдоржид холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч Д.Батдорж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Батдоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Батдорж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Батдоржид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Батдорж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,
шүүгдэгч Д.Батдорж нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгтэд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Батдоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Батдоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хоршоо овгийн Дашзэвэгийн Батдоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Хоршоо овгийн Дашзэвэгийн Батдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батдорж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч Д.Батдорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Батдоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Батдоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН