| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2021/0110/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/107 |
| Огноо | 2021-11-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Энхбаяр
Шүүгдэгч Ц.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Энхбаярт холбогдох 2132001720138 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1978 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-8, эхнэр 6 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Холбоо-толгойн 59 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Хэнгэрэг чулуу ХХК-д ногоочин ажилтай, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цэндийн Энхбаяр/рд:МИ78091112/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ц.Энхбаяр нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Холбоо-толгойн 1-59 тоотод 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 14 настай өөрийн төрсөн хүү Э.Пүрэвсүрэнгийн эрх, эрх чөлөөнд халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Энхбаяр мэдүүлэхдээ: …Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу учраас надад ярих зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2132001720138 тоот хавтаст хэргээс
Насанд хүрээгүй хохирогч Э.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Миний төрсөн эцэг Ц.Энхбаяр нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны шөнийн 23 цагийн үед байх гаднаас согтуу орж ирсэн. Гэрт орж ирээд агсан согтуу тавиад над руу түлээний мод шидээд байхаар нь би тэрнээс нь бултаад байсан. Тэгсэн араас түлээний мод/жижиглэж хагалаад бэлдсэн/ гартаа барьж ирээд толгой руу цохиход толгойноос шууд цус гарсан түлээний модоор толгой руу цохичхоод нэмээд толгой нүүр орчим руу гараараа цохиод байсан. ... аав өмнө хамт самарт явсан хүнтэйгээ маргаж муудах гээд байхаар нь аавыгаа болиулсан чинь өөрийг нь өмөөрөхгүй өөр хүн өмөөрлөө гэж над руу уурлаад намайг зодсон. ...аав ер нь согтуу байсан. ...намайг зодох үед хоёр бага дүү маань унтаж байсан охин дүү маань унтаагүй байсан. Аав ганцхан намайг л зодсон дүү нарт гар хүрч зодоогүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 17-18 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч Э.Саруул мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Тийн аав гаднаас согтуу орж ирсэн. Тэгэхэд аавыг согтуу байгааг нь мэдээд ээж зөрөөд гараад явсан байсан. ...аав Ц.Энхбаяр гэрт гал түлэх гэж оруулсан байсан мод гартаа барьж байгаад агаагийн толгой руу модоороо нэг удаа цохисон. Нүүр лүү нь хоёр удаа гараараа цохисон. Би аавыг болиоч та гэж зөндөө хэлсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 20 дугаар хуудас/
Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 8 дугаар хуудас/,
Яаралтай тусламжийн хуудас/Хх-ийн 25 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №219 дугаартай дүгнэлт:
1.Э.Пүрэвсүрэнгийн биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
5.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 23-24 дүгээр хуудас/
Шүүгдэгч Ц.Энхбаяраас Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан “өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 51 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.
Нэг.Шүүгдэгч Ц.Энхбаярыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Ц.Энхбаяр нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны шөнийн 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Холбоо-толгойн 1-59 тоотод өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн хүүхэд болох 14 нас 06 сар 10 хоногтой насанд хүрээгүй Э.Пүрэвсүрэнгийн толгойн тус газар модоор эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...насанд хүрээгүй хохирогч Э.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 14-18 дугаар хуудас/,насанд хүрээгүй гэрч Э.Саруулын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 19 дүгээр хуудас/Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас/Хх-ийн 25 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №219 дугаартай дүгнэлт/Хх-ийн 23-24 дүгээр хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Ц.Энхбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч Ц.Энхбаяр нь насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд буюу толгойн тус газарт модоор цохиж хөнгөн хохирол учруулсныг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нь эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах эмчилгээний зардалд нотлох баримтаар нэхэмжилсэн зүйлгүй болно.
Гурав.Шүүгдэгч Ц.Энхбаярт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Энхбаяр нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ц.Энхбаярт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Энхбаяр нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө орлогын байдлыг харгалзан үзэж торгох ялыг шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Энхбаярт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ц.Энхбаяр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Цэндийн Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Энхбаярыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Энхбаярт оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 10/арав/-н сарын хугацаанд сард 50000/тавь/ төгрөг төлөхөөр хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Энхбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчЦ.Энхбаярт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Ц.Энхбаяр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Энхбаярт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ