Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/211

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Д.Отгонбаяр,

Нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,                                              

Улсын яллагч Р.Батнасан,

Шинжээч Б.Ариунзул,

Шүүгдэгч Х.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүрэлбаатарын Бд холбогдох эрүүгийн 201525022682 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ........  Б  нь:

 

- 2015 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байрны гадна П.Батчулууныг тамхины иш өөдөөс шидлээ гэж нүүрэн тус газарт нь гараараа цохиж унагаан бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

...Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байрны ...гадаа зогсож юм ярьж байгаа бололтой тойрч зогсож байснаа 23 цаг 19 минут 50 секундэд саатуулах байрны хаалганы хажууд зогсож байсан залуу татаж байсан тамхиа цагдаагийн албан хаагч руу шидэв. Цагдаагийн албан хаагч баруун гараараа тамхи шидсэн залуугийн нүүрэн тус газар нь цохив. Цохиулсан хүн хана руу толгойгоороо саваад газар унав. Бусад хүмүүс саатуулах байрны хаалгаар дотогш ороод хойноос нь цагдаагийн албан хаагч оров, газар унасан хүн босохгүй хэвтэж байтал цагдаагийн албан хаагч буцаж гарч ирээд толгой хэсэгт гараараа хүрэв. Цагдаагийн албан хаагч Б буцаж саатуулах байр руу оров. Цохиулсан хүн газарт хагас эргэж хэвтэв. 23 цаг 25 минут 30 секундэд цагдаагийн ахлах ахлагч Өнөрнасан хохирогчийн хажууд ирээд зогсож байгаад хохирогчид ямар нэгэн зүйл хэлээд босгож саатуулах байр луу оруулав. Саатуулах байрны коридорт хохирогч дайвж гуйвсан байдалтай орж ирээд төв хаалга гэх камерын бичлэг дээр толгойгоо бариад хана түшээд зогсож байгаад 23 цаг 28 минутанд бичлэгээс гарав. 23 цаг 33 минут 28 секундэд ахлах ахлагч Б хохирогчийг баруун гараараа куртикнээс нь зуурч татаж унагаав. 23 цаг 34 минутанд хохирогч ахлах ахлагч Б руу гарын салаавч гаргав. 23 цаг 35 минутанд ахлах ахлагч Б хохирогчийн зүүн хөл руу өшиглөв. 23 цаг 37 минутанд хохирогчийн зүүн хөлөнд дахин 1 удаа өшиглөв. 23 цаг 39 минутанд ахлах ахлагч Б хохирогчийн зүүн хөлийн гутлыг тайлаад нүүр рүү нь шидэв. 05 цаг 42 минутанд дэд ахлагч Пүрэвбаатар, ахлах ахлагч Шавигцэрэн нар хохирогчийг камераас нь гаргаж коридорт суулгав. 05 цаг 44 минутанд яаралтай түргэн тусламжийн эмэгтэй эмч ирээд хяналтын өрөөнд 05 цаг 47 минутанд орж үзлэг хийлгэв. 05 цаг 58 минутанд хохирогчийг түргэний эмч аваад явав. Хоёр цагдаа хохирогчийг суганаас нь өргөж камерын бичлэгээс гарав гэжээ. / 1 дүгээр хавтас 27-28 /

 

Гэрч Т.Нарандэлгэрийн мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг: ...2015 оны 12 дугаар сарын 22-ны орой 23 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс саатуулахаар ахлах ахлагч Б 4 хүнтэй гаднаас саатуулах байранд орж ирсэн. Тэгээд саатуулах байрны коридорт тэр 4 хүний биед үзлэг хийгээд байж байтал гаднаас ахлах ахлагч Б.Өнөрнасан Батчулуун гэх 1 хүн дагуулж орж ирсэн. Тэгээд тэр хүнд үзлэг хийх гээд “ За хувцсаа тайлаад биеэ үзүүлчих “ гэсэн чинь тэр хүн үзүүлэхгүй “ Чи юугаа үздэг юм бэ. Чи юугаа мэддэг юм “ гэх зэргээр хэлж яриад үзүүлэхгүй эсэргүүцээд байсан бөгөөд тэр хүн дравер ч үлээхгүй нилээн их согтолттой байсан. Тэр шөнө Батчулуунд байнга хяналт тавьж, камерын цагдаа Пүрэвбаатарт хяналт тавьж  байгаарай гэж хэлсэн.

Тэгээд шөнө 05 цагийн орчим камерын гаднаас нэрээр нь дуудахад өндийж харахаар нь биеийн байдлыг нь харахад духны баруун хэсэгт овойж хавдсан байхаар нь ер нь түргэн дуудаж үзүүлье гээд Пүрэвбаатарыг 103 руу залгаж дуудлага өгүүлсэн боловч ирэхгүй болохоор нь би дахиж өөрөө залгаж дуудлагаа шаардсан. Түргэн ирэхгүй болохоор нь би тэр хүнийг ямар ч байсан камераас нь гаргаад ир үзлэг хийе гээд өөрийн чагнуур даралтын аппаратаа аваад очих гэтэл гаднаас түргэний эмч ороод ирсэн гэв. / хх 81-82 /

 

Гэрч Б.Өнөрнасан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Саатуулах байрны гадаа ирээд Х.Б хүмүүсээ машинаас буулгасан. Харин би машинаа гражид тавих гээд гражийн хаалга онгойлгоод гражид машинаа байрлуулаад  хаалгаа цоожлоод саатуулах байрны үүдэнд ирсэн чинь нэг хүн хэвтэж байсан. ” Энэ хүн яачихав “ гэж Х.Бгаас асуухад “ Өөдөөс тамхины иш шидэхээр нь түлхсэн чинь уначихлаа “ гэж хэлсэн. Би гражийн хажууд байх өөрийн машинаа асааж 2-3 минут машинаа халаачихаад эргээд иртэл  нөгөө газар хэвтэж байсан хүн тэр чигтээ хэвтэж байхаар нь очоод “ Босож чадах уу “ гэхэд “ Зүгээрээ босож чадна “ гээд өөрөө босоод ирэхээр нь би түшээд саатуулах байр руу авч орсон. П.Батчулуун гэх хүн машинд явж байхдаа зодоон цохион хийгээгүй ээ. Харин дуу нь өндөрсөөд хүн болгон руу дайраад агсраад байсан гэжээ. / хх 87-88 /

 

Гэрч Э.Пүрэвбаатар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …  2015 оны 12 дугаар сарын 22-ны 13 цагаас 2015 оны 12 дугаар сарын 23-ны 13 цаг хүртэл Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн саатуупах байрны хяналтын камерын цагдаагийн үүрэг гүйцэтгэсэн. 2015 оны 12 дугаар сарын 22-ны 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс эрүүлжүүлэх 4 хүн байна гэсэн дуудлага ирсний  дагуу жолооч  цагдаа,  ахлах  ахлагч  Б.Өнөрнасан,  ахлах ахлагч [Х.Б нар албаны 30-21 дугаарын Фургон машинтай яваад 23 цаг өнгөрч [байхад эрүүлжүүлэх 5 хүнтэй ирсэн бөгөөд 4 хүнийг нь саатуулах байр руу оруулж |ирсэн. Нэг хүнийг яасан гэж асуухад Б “ Урдаас тамхины иш шидэхээр нь түлхсэн чинь хэвтчихээд босож ирэхгүй байна “ гэсэн. Тэгээд би |драгер аваад орж ирсэн 4 хүнийг үлээлгээд байж байхад гаднаас нэг хүнийг Өнөрнасан дагуулж оруулж ирсэн. ...Саатуулах байранд орж ирсэнээс хойш Батчулууныг хэн нэгэн цохиж зодоогүй.

...Батчуулуун нь нүний нөмөрч байсан одъяалыг авахад нөгөө хүн нь цээжин тус газар нь цохиж байгаа харагдсан. Тэгээд сүүлд камерын бичлэг үзэж байхад Батчулуун нь явж байхдаа нааранд тээглээд камерын төмөр торон хаалга мөргөөд хойшоогоо унасан байсан нь харагдсан  гэжээ. / 1 дүгээр хавтас  91-92, 2 дугаар хавтас 184 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 406 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Батчлууны бие зүүн талд суурь яснаас дээш чамархай зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаа хатуу бүрхүүлийн дээр цус хуралт, зүүн дух, чамархайн тархины эдэд няцрал, зүүн хацар ясны нумын хугарал, дух, хамар яс, зүүн ухархайн дотор ханын хугарал, аалзан бүрхүүлийн цус харвалт, дух, зүүн бугалга, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ.  / 1 дүгээр хавтас 105 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 940 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

1. П.Батчулууний биед зүүн талын суурь яснаас дээш чамархай, зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн хацар ясны нумны хугарал, дух, зүүн бугалга, нуруунд цус хуралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар хүнд зэргийн гэмтэлд хамаарна.

 

5. Урьд гаргасан шүүх эмнэлгийн шинжээч эмч Т.Номинцэцэгийн гаргасан 406 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна гэжээ. / хх 75 /

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: П.Батчулуун наарны цаад талаас 2 дахь хүн хамгийн цаана хэвтэж байгаа хүн 2-ын хооронд хэвтэх гэж байгаа бололтой хөлийнх нь орчим өвдөглөж суухад цаад талаас 2 дахь хүн өндийн сууж П.Батчулууны толгой руу гараараа түлхээд буцаж хэвтэхэд П.Батчулуун хөл орчим хэвтэхэд нөгөө хүн дахин өндийж зүүн гуя орчим нь хөлөөрөө жийж босгов. ...00:50:36 цагт дахин босож нөгөө наарны цаад талд хэвтэж байгаа 2 хүний голоор хэвтэх гэхэд хамгийн цаад талд хэвтэж байгаа хүн П.Батчлууны баруун мөр орчим нь хөлөөрөө жийхэд П.Батчулуун босож тэр хүнийг өшиглөх үйлдэл хийхэд нөгөө хүн өндийж П.Батчулууны баруун хацар орчим гараараа түлхэхэд П.Батчулуун босож нөмөрсөн бүтээлгийг нь 3 удаа татаж хэрүүл маргаан хийж байгаа бололтой зогсож байгаад салаавч гаргаж нааш цааш холхиж байгаад шалан дээр суув. ...02:08:27 цагт цагдаа өрөөний хаалгыг онгойлгож, П.Батчулууныг босгоод цагдаа урд алхаж байхад П.Батчулуун араас нь гарч явж байгаад ногоон өнгийн наарны буланд хөлөөрөө тээглэн газар биеийн баруун хэсгээрээ унаж толгойн ар хэсгээр төмөр сараалжин хаалганы хажуугийн төмрийг мөргөж унаад эргэж босож цааш алхахдаа гуйвж баруун талын ханыг биеэрээ мөргөж гараараа тулж түлхээд  эргэж зүүн тийш болж  нааран дээр 2 гараараа тулж дахин доош тэнцвэр алдаад зүүн гараараа газар тулж дөрвөн хөллөж мөлхөөд өрөөний цаад талын 2 хүний голоор орж хэвтэв гэжээ./  2 дугаар хавтас 181-182 /

 

Шинжээч эмч Б.Ариунзул мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: Бичлэгээс үзэхэд П.Батчулууны унаж буй байдал нь дээрх гэмтлийг үүсгэхээргүй байна гэжээ. / 2 дугаар хавтас 246 /

 

Шинжээч эмч Б.Номинцэцэгийн ...Гавал тархины гэмтлүүд нь арагш унахад үүсэх бүрэн боломжтой байна. / 1 дүгээр хавтас 221 дүгээр 221 / ...зэрэг нотлох баримтуудаар хохирогч П.Батчулууны бие махбодид учирсан хүнд зэргийн гэмтлийг дээрх камерт болсон бусад хүмүүсийн үйлдэл болон нааранд тээглэн унасны улмаас учирсан гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ. /  Хэргийн 1 дүгээр хавтасны 221 дүгээр хуудас /

 

            Шүүгдэгч Х.Бг 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 129-132 /, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 136-141 /,

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 147 / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлсэн учир нэмж ярих зүйл байхгүй. Хохирогч миний нүүр рүү татсан тамхиа шидэхээр нь миний уур хүрээд мөр рүү нь гараараа түлхтэл арагшаа саваад дагзаараа хананы доод талын ирмэг мөргөж унасан. Би нүүрэнд нь цохиогүй. Би мөр рүү нь түлхсэндээ гэмшиж байна.  Миний түлхэлтээс хүнд гэмтэл учраагүй. Өдөр нь хүргэндээ зодуулсныг шалгуулмаар байна. Зүйл ангийг зөвшөөрөхгүй байна. Эмчилгээний зардалд 6 сая шахам төгрөг төлсөн. Би тэгж цөмөртөл цохисон гэж бодохгүй байна гэв.

 

Шинжээч эмч Б.Ариунзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогчийн нүүрний зүүн хэсэгт хүч үйлчилснээс хугарал үүсч хугаралаас дээшээ доошоо цууралт үүссэн байна. Тэгэхээр энэ нь нүүрэнд тодорхой хэмжээний хүч үйлчилснийг харуулж байна. Мөрөнд түлхсэн тохиолдолд ийм хэмжээний хугарал үүсэх боломжгүй. Өөрөөр хэлбэл хугарал байрлаж байгаа газарт цохилтын хүч үйлчилсэн байна. Дээрх гэмтлийг авсан даруйдаа хэсэг зуур ухаан балартах, дотор муухайрах шинж тэмдэг илэрнэ. Тэгээд ухаан сэргэнэ. Үүнээс хойш тархины хугарлаас цус шүүрээд тархиа дарах хүртэл идэвхтэй хөдөлгөөн хийнэ. Тархи дарагдах хугацаа гэмтлээсээ хамаараад харилцан адилгүй байна. Тархины голомт үүсэхэд тархи хавагнана. Тархи доошоо шахагдахад тархины доор байдаг нугас гардаг том нүх рүү шахаж, амьсгал зүрх судасны төв дарагдахад хүнд дотор муухайрах, тэнцвэр алдагдах, ухаан балартах, юм хоёр харагдах зэрэг зовиурууд илэрнэ.

Камерт дээрх гэмтлийг авсан байх боломжгүй. Учир нь тархи дарагдах хүртэл тодорхой хугацаа шаардагдана. Бичлэгт бичигдсэн камерт гуйвж дайвсан байдалтай явж байгаад унахад гавлын яс ингэж хугарахгүй. Толгойгоороо юм мөргөсөн гэх байдал харагдахгүй байна. Гадаа нүүрэн тус газар цохиулснаас хойшоо савж унаж байгаа нь тодорхой хэмжээний хүч үйлчилснийг харуулж байна. Энэ цохилтоос хүнд гэмтэл авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Камерт унахдаа нааранд тээглээд унаж байгаа нь өөрийнхөө энерцээр тэр дороо унаж байгаа байдал харагдаж байна. Миний харснаар төмөр хаалга мөргөж байгаа харагдсангүй.

Тархийг дараад байгаа цусыг соруулж аваад цус тогтоход тархи дарагдалт зогсоно. Тархины эдийн гүнд олон тооны,  духан дээр жижиг няцралт үүссэн байна. Энэ нь жижиг уйланхай юм уу сорвын голомт болж эдгэдэг. Ялангуяа дух чамархайн хэсэгт голомт үүссэн тохиолдолд яваандаа унадаг өвчтэй болно гэв.

 

Шүүгдэгч Х.Б нь 2015 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 23.19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байрны гадна хохирогч П.Батчулууныг “ Тамхины иш өөдөөс шидлээ “ гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь гараараа цохиж унагаан бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:  … Гадаа зогсож байсан залуу татаж байсан тамхиа цагдаагийн албан хаагч руу шидэв. Цагдаагийн албан хаагч баруун гараараа тамхи шидсэн залуугийн нүүрэн тус газар нь цохив. Цохиулсан хүн хана руу толгойгоороо саваад газар унасан болохыг тэмдэглэсэн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 27-28 /,  …Гаднаас ахлах ахлагч Б.Өнөрнасан Батчулуун гэх хүнийг дагуулж орж ирсэн.  Үзлэг хийж, драгер үлээлгэх гэхэд үлээхгүй нилээн их согтолттой байсан. Тэгээд тэр шөнө Батчулуунд байнга хяналт тавьж, камерын гаднаас нэрээр нь дуудахад өндийж байсан. Хяналтын камераар харж байсан камерын цагдаа Пүрэвбаатарт хяналт тавьж байгаарай гэж хэлсэн. 05 цагийн үед духны баруун хэсэгт овоож хавдсан байхаар нь 103 дуудсан. Өнөрнасан шөнө Б тэр хүнийг гадаа түлхсэн чинь эвгүй унасан гэсэн шүү. Сайн анхаараарай гэж хэлсэн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Т.Нарандэлгэрийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 81-82 /,   …Саатуулах байрны үүдэнд нэг хүн хэвтэж байсан. “ Энэ хүн яачихав “ гэж Х.Бгаас асуухад “ Өөдөөс тамхины иш шидэхээр нь түлхсэн чинь уначихлаа “ гэж хэлсэн. Би машинаа халаачихаад эргээд иртэл  нөгөө газар хэвтэж байсан хүн тэр чигтээ хэвтэж байхаар нь очоод “ Босож чадах уу “ гэхэд “ Зүгээрээ босож чадна “ гээд өөрөө босоод ирэхээр нь би түшээд саатуулах байр руу авч орсон гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Өнөрнасангийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 87-88 /, … Тэр хүн камерт байсан хүмүүстэйгээ маргалдаад байснаа 01 цагийн үед хэвтээд өгсөн. 02 цагийн үед сэрээгээд дээгүүрх хувцсаа өмсчих гэхэд өндийж ирээд алхсан. Эргээд хартал буцаад хэвтчихсэн босохгүй гээд байсан. Эмчдээ хэлтэл ойр ойрхон харж байгаарай гэхээр нь биеийн байдлыг ажиж байгаад 05 цагийн үед сэрээж үзтэл тэр хүн баруун талынхаа гарыг дийлэхгүй байгаа юм шиг болохоор нь эмчдээ хэлээд 103 дуудсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Э.Пүрэвбаатарын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 91-92 /,  ...хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон шүүхийн   шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016.01.04-ний өдрийн 406 тоот дүгнэлт / 1 дүгээр хавтас 105 / зэрэг болно.  

 

Шүүхээс шүүгдэгч Х.Бг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х.Бд ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүний ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн жирийн дэглэмд эдлүүлэв.

 

Хохирогч П.Батчулуун нь эмчилгээний зардал 5.600.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, охин Б.Уянга ажлаасаа чөлөө авч, аавыгаа 2 сар асарсан хугацааны цалин 1.000.000 төгрөг нийт 8.100.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт авагдсан хохирогчийн эмчилгээний зардлуудаас / давхардсан баримтуудыг хасч / баримтаар нотлогдсон 4.665.580 төгрөгний хохирлыг шүүгдэгч Х.Б бүрэн нөхөн төлсөн, хохирогч П.Батчулуун нь / 2 дугаар хавтас 156-157 / хохиролгүй болгосон тул цаашид гомдол саналгүй болохоо бичгээр шүүхэд өгсөн байна.

Гэтэл хавтаст хэрэгтэй танилцахдаа / 3 дугаар хавтас 96 /  Х.Бгаас 5.859.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч үүнээс хойш ямар нэг баримт шүүхэд ирүүлээгүй тул хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэж, 5.859.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Батчулуун нь цаашдын эмчилгээний зардлаа  баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх нь эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэгт хийсэн  тэмдэглэлд ...02:08:27 цагт цагдаа өрөөний хаалгыг онгойлгож, П.Батчулууныг босгоод цагдаа урд алхаж байхад П.Батчулуун араас нь гарч явж байгаад ногоон өнгийн наарны буланд хөлөөрөө тээглэн газар биеийн баруун хэсгээрээ унаж толгойн ар хэсгээр төмөр сараалжин хаалганы хажуугийн төмрийг мөргөж унаад эргэж босож цааш алхахдаа гуйвж баруун талын ханыг биеэрээ мөргөж гараараа тулж түлхээд  эргэж зүүн тийш болж  нааран дээр 2 гараараа тулж дахин доош тэнцвэр алдаад зүүн гараараа газар тулж дөрвөн хөллөж мөлхөөд өрөөний цаад талын 2 хүний голоор орж хэвтэв гэжээ./  2 дугаар хавтас 181-182 /

Гэтэл шүүх хуралдаанаар дээрх бичлэгийг үзэхэд П.Батчулуун нь наарны буланд тээглээд дороо унах ба толгойгоороо сараалжин төмөр мөргөж байгаа байдал бичигдээгүй, төмөр сараалжнаас зайтай унаж байгаа нь бичигдсэн, шинжээч нарын дүгнэлт үндэслэлтэй байх тул дахин шинжээч томилох шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298, 301 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. ......-н  Бг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д  зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан  52.5-д зааснаар  Х.Бгийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3ш сидиг хэрэгт хавсаргасугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар П.Батчулууны 5.859.000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Х.Б нь төлөх төлбөргүй болохыг дурьдаж, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Х.Бгийн цагдан хоригдсон 65 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Х.Бд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

8.  Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

                                               

                                                                                                                                

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               С.ОЮУНЧИМЭГ

 

                                   ШҮҮГЧИД                                           Ү.ТҮМЭНЖАРГАЛ

 

                                                                                    Б.ДУЛАМСҮРЭН