| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2017/00397/И |
| Дугаар | 103/ШШ2017/00443 |
| Огноо | 2017-11-09 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан /захиргааны албан хаагч/, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2017/00443
2017 11 09 103/ШШ2017/00443
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1983 онд ******* аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* 19 дүгээр гудамжны 54 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр цэцэрлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2.576.560 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цолмон, ******* дүүргийн ******* дүгээр цэцэрлэгчийн эрхлэгч Д., нарийн бичгийн дарга Ц.Баясай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 8 дугаар сараас эхлэн ******* дүүргийн ******* дүгээр цэцэрлэгт туслах багшаар ажиллаж эхэлсэн. Ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, зөрчил дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн. Би өөрийн охин хагалгаанд оруулахаар хот явах шаардлагатай болсон учраас хагалгааны дараа гам барих гэх мэт асуудал гарна гэж бодож эрхлэгчээс 1 сарын чөлөө гуйхад эрхлэгч нь хүсэлтийг хүлээн зөвшөөрч 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1 сарын чөлөөг чөлөөний хуудсаар өгсөн. Охины хагалгаа хойшлогдсон учраас 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр эрхлэгчтэйгээ уулзан ажилдаа орох тухай хэлэхэд зөвшөөрөөгүй. Эрх бүхий хүмүүсээр асуулгахад намайг ажлаас халаагүй гэсэн мөртлөө одоо хүртэл ажиллуулахгүй байгаа тул ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2.576.560 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 2017 оны 3 дугаар сарын 27-нд чөлөө авах гээд эрхлэгчтэйгээ уулзсан, өмнө нь ээж маань эрхлэгчтэй 1 сарын чөлөө авч болох уу гээд уулзсан байсан. Тухайн үед охин маань хоолойны мах авахуулахаар хот явах шаардлагатай болсон тэгээд би эмнэлэг дээр хүүхдээ үзүүлэх дугаар авах гээд дугаарлаад зогсож байхад дарга над руу утсаар ярихаар нь за, би удалгүй яваад очъё гэсэн тэгээд ажил дээрээ ирээд даргатай уулзах гээд ороход ээж даргын өрөөний үүдэнд надтай тааралдаад даргатай чинь уулзлаа, чөлөө өгнө гэж байна гээд зөрөөд гарсан. Би дарга руу ороод хүүхдээ хагалгаанд оруулах гэсэн чинь наана нь шинжилгээ өгөх юм байна, өнөөдрөөс эхлээд 1 сарын чөлөө авч болох уу, сараас өмнө ч ирж магадгүй, хэд хоног хэвтэхийг нь сайн мэдэхгүй байна, ямар ч байсан 1 сарын чөлөө авчихъя, дарга аа гээд учир байдлаа хэлэхэд дарга болно оо, болно гэсэн тэгээд 2017 оны 3 дугаар сарын 27-ноос 4 дүгээр сарын 20 хэднийг хүртэл надад албан бичигтэй, тамгатай хуудас хийж өгөөд энийгээ журналын завсар хийчих, хүүхдээ сайн эдгээгээд ирээрэй гэхээр нь би баярлалаа гэж хэлээд гарсан. Хотод очоод эмч нарын зөвлөлийн хуралдаанаар ортол хүүхдийн маань хагалгаа 5 дугаар сарын эхээр хийгдэхээр болоод хойшлогдсон. Тэгээд 4 дүгээр сарын 09-нд хотоос ирээд дарга руу хүүхдийн маань хагалгаа хойшлогдчихлоо, ажилдаа оръё гээд утсаар ярьсан. Тэгсэн дарга за, маргааш хүрээд ирээрэй гэсэн. Тэгээд маргааш нь буюу 1 дэх өдөр даргатай очиж уулзаад хүүхдийн маань хагалгаа хойшлогдчихлоо, ажилдаа орж болох уу, дарга аа гэсэн чинь чи юу ярьж байгаа юм, чи ажлаа таслаад явсан биз дээ гэсэн, тэгэхээр нь үгүй, дарга аа, юу ярьж байгаа юм, би таниас тамгатай хуудсаа аваад журналын завсар хийгээд явсан шүү дээ гэсэн чинь уурлаад ажилд авахгүй гэсэн хариу өгсөн. Тэгээд даргаас өдөр бүр шахуу очиж дарга аа, би ажилдаа оръё, өр зээлтэй хэцүү байна гэхэд үгүй ээ, чи ажил тасалсан гэсэн хариу өгөөд надтай харьцдаггүй байсан. Тэгээд 2017 оны 4 дүгээр сарын 15-нд бас даргаас ажилдаа оръё гээд уучлал гуйх гээд гэрт нь очиход арга зүйч гэрээс нь гарч ирсэн, тэгээд даргыг байхгүй байна гээд намайг оруулаагүй, тэгэхэд дарга цаана нь өөрөө сууж байсан. 2017 оны 4 дүгээр сарын 20-ны үед би ээждээ ажилд маань ч авдаггүй, хүүхдийн хагалгаа, зээлийн хугацаа ч болох гээд юм юм ойртоод байдаг, яадаг юм билээ гэсэн чинь ээж за, би дээд албан тушаалтнуудаас нь асуугаад үзье гээд иргэдийн хурлын дарга гэдэг хүнтэй намайг уулзуулсан. Тухайн үед дарга ямар ч байсан энэ хоёрыг хооронд нь уулзуулъя гэж ээжид хэлсэн юм билээ. Тэгээд эрхлэгч бид хоёрыг байлцуулж байгаад дарга уулзсан. Тэр үед эрхлэгч, даргын хажууд ямар ч байсан энэ хүнийг ажлаас нь халаагүй, тушаал нь ч гараагүй байгаа гэж хэлсэн тэгэхээр нь намайг ажилд авах л юм байна гэж бодоод гарсан. Тухайн үед гарахынхаа өмнө надад чи ямар ч байсан хуралдаа суугаарай, 41 хүний өмнө уучлал гуйгаарай гэж хэлж байсан, би тэр үед юун уучлал юм бол гэж хойноос нь асуухаар гараад таньдаг хүнтэйгээ тааралдаад эргээд харахын хооронд дарга алга болсон байсан. Дараа нь дарга над руу хуралдаа ирээч гэсэн мессеж бичсэн байсан, тэгэхээр нь 41 хүний өмнө би ямар буруутай гэж уучлал гуйх ёстой юм гэж бодогдоод хуралд очоогүй. 5 дугаар сарын эхээр даргыг ажил руугаа орох гээд явж байхад нь дарга аа, сайн уу гэсэн чинь надад чамтай уулзаад байх шаардлага байхгүй гэсэн тэгээд 2017 оны 5 дугаар сарын 20-оор хүүхдээ хагалгаанд оруулахаар хот яваад, 5 дугаар сарын 24-нд хагалгаанд оруулаад ирсэн. Хагалгаанаас ирэхэд 5 дугаар сарын сүүл болчихсон байсан, би хүүхдээ асрах шаардлагатай байсан учраас даргатай уулзаж чадаагүй, тухайн үед цэцэрлэг ч амарч байсан. Ингээд даргыг намайг ажилдаа ор гэж дуудах байх гэж их харсан, 9 сар хүртэл хүлээсэн, ингээд намайг ажилдаа орооч гээд дуудаагүй болохоор нь шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч ******* дүүргийн ******* дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Туслах багшаар ажиллаж байсан ******* нэхэмжлэлтэй танилцсан, гаргасан нэхэмжлэлийнх нь дагуу шаардлагатай зүйлийг бүрэлдэхүүний өмнө харуулсан. Хуулийн байгууллага шүүхийн өмнө үнэн зөв ярих ёстой гэж бодож байна. Мөнхсаруул надаас чөлөө авъя гэсэн нь үнэн, өргөдлөө бичээд чөлөөгөө аваарай гэж хэлсэн нь үнэн. Бодит байдал дээрээ Мөнхсаруул чөлөөгөө ч аваагүй, өргөдлөө ч надад бичиж өгөөгүй. Манай санхүүгийн баримт дотор 1 сарын чөлөө авч байгаа хүмүүс өргөдлөө бичээд, өргөдөл дээр нь миний гарын үсэг, тамгатай баримт хавсаргагдаж санхүү дээр очиж хүчин төгөлдөр болдог. Тийм баримт бүрдүүлээгүй нь нотлох баримтаас харагдана. Бас хүүхдээ үзүүлж харуулсан баримтаа авчир гэсэн шаардлагыг би тавьсан. Тэгэхэд хүүхдийн маань хагалгаа хойшлогдсон учраас би хөдөө ямаа самнасан гэсэн тайлбарыг хэлсэн. Дүүргийн удирдлагуудтай уулзахдаа өнөөдөр тушаалыг чинь гаргаагүй байгаа, ажилчдаасаа очиж уучлал гуйгаад ажилдаа ор, өнөө орой хуралтай шүү, ирээрэй гэж би хэлсэн, тэгсэн хуралдаа ирээгүй. Тэгээд холбогдох хүмүүсээр дуудуулсан, утсаа авахгүй байна гэсэн, тэгэхээр нь би өөрийнхөө өрөөнөөс залгаад утсаа авахгүй болохоор нь мессеж бичээд орхисон. Тэрнээс хойш Мөнхсаруул над дээр нэг ч удаа ирээгүй, харин ээж нь настай хүн бухимдаад ирээд орилж чарлаад асуудал үүсгэж байсан. Тийм учраас хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмын дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас нь чөлөөлсөн. Манай цэцэрлэг 10 сард ашиглалтад ороход Мөнхсаруул ажилд орж байсан, тухайн үедээ ажил, үүргээ муу гүйцэтгэж байсан гэж би хэлэхгүй, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг сайн гүйцэтгээд явж байсан. Хувь хүний хувьд ууртай, уцаартай доголдолтой авир байдаг. Гэхдээ 2 сард ээжийгээ үзүүлнэ гээд 2 хоног, хүүхдээ үзүүлнэ гээд 5 хоногийн чөлөө авсан баримтууд санхүүгийн баримтанд үдээтэй байгаа. Тэгээд 3 дугаар сарын 27-ноос хойш чөлөө авсан бол би цохолт хийгээд цалин, санхүүгийн баримтанд үдэгдээд явах ёстой. Үнэхээр тийм байсан бол би хэн нэг хүний амьдралаар тоглоод явах шалтгаан байхгүй, чөлөө авсан өргөдөл, чөлөөний хуудас нь байхгүй байсан учраас би хуулийн дагуу арга хэмжээ авсан гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хариуцагчид бичгээр гаргасан хариу тайлбар, хүүхдийн эмчлүүлэгсдийн карт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хариуцагчаас гаргасан тайлбар, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай *******д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаал, цалингийн карт, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тухай нэхэмжлэл, хөдөлмөрийн гэрээ, нотлох баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, байгууллагын дотоод журам, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хариуцагчийн тайлбар, гэрч , нарын мэдүүлэг, хариуцагч талаас нотлох баримт болгож өгсөн 2017 оны цагийн бүртгэлийн 20 дугаар хуудас, санхүүгийн бүртгэлийн 71, 49 дүгээр хуудас, 2017 оны 4 дүгээр сарын цагийн бүртгэл,
Хариуцагчийн хүсэлтээр нийгмийн даалтгалын дэвтрийн хуулбар, сахилгын шийтгэл ногдуулсан тушаал, түр хөдөлмөрийн гэрээ, түр чөлөөний хуудас, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.1.4е заалт, байгууллагын цагийн бүртгэл зэрэг баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* дүүргийн ******* дүгээр цэцэрлэгт холбогдуулан туслах багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 2.576.560 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлын шаардлагыг шүүхэд гаргажээ.
Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Хариуцагч байгууллага нь ******* байгууллагын захиргаанд албан ёсоор өргөдөл гаргаж чөлөө аваагүй ажил тасалсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч ******* нь ******* дүүргийн ******* дүгээр цэцэрлэгийн туслах багшаар 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/09 тоот тушаалаар томилогдон ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын дэвтэрт ажиллаж байсан байдлын талаар хийсэн бичилт болон зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогджээ.
Талууд хөдөлмөрийн гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түр хугацаагаар бичгээр байгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, гэрээнд талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.
Хариуцагч байгууллага нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгч *******ыг хүнтэтгэн үзэх шалтгаангүй 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс ажил тасалсан нь тогтоогдсон үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт зааснаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
Хөдөлмөрийн дотоод журмын 10.3.2-т Ажил олгогч нь ажилтны .., үр хүүхэд нь хүндээр өвчилсөн тохиолдолд өргөдлийг үндэслэн 1 сар хүртэлх хугацаагаар түр чөлөө олгож, ажлын байрыг хадгална, Ажилтанд чөлөөг байгууллагын дарга олгоно. Чөлөөний хуудсыг санхүүгийн баримтад хавсаргана, ажилтан ажил эхлэхээс 1 өдрийн өмнө өөрийн биеэр мэдэгдэнэ, гэж заасан атал нэхэмжлэгч нь байгууллагын дотоод журамд заасны дагуу чөлөө авах тухай өргөдлөө албан ёсоор эрх бүхий албан тушаалтанд гаргаагүй, чөлөөний хуудсаар чөлөө авсан гэж тайлбарлаж байгаа боловч чөлөөний хуудас авсан болох нь нотлогдохгүй, нэхэмжлэгчийн чөлөө авсан гэх тайлбар нь байгууллагын дотоод журамд заасан зохих журмын дагуу явагдаагүй байна. Ажил олгогч нь ажилтанд тодорхой хугацаагаар чөлөө олгохдоо чөлөөний хуудсаар олгодог болох нь нэхэмжлэгч ******* 2017.02.03, 2017.02.20-ны өдрүүдэд авсан чөлөөний хуудсууд болон зохигчдын шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан санхүүгийн баримтад ажилтнуудын чөлөө хүссэн өргөдөл болон чөлөө олгосон чөлөөний хуудсуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан гомдлоо шүүхэд гаргаж эрхээ сэргээлгэх эрхтэй боловч хариуцагчийн гаргасан шийдвэрийг ямар үндэслэл, баримтаар үгүйсгэж байгаа талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тодорхойлсноор хуульд заасан өөрийн эрх үүргээ хэрэгжүүлээгүй мөн ажилтан ******* нь ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг сахин биелүүлэх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох зөрчил гаргасан гэх ажил олгогчийн тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2-т хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох зөрчлүүдийг дурдсан байх ба уг гэрээний 6.2.2-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын хоёроос дээш өдөр ажил тасалсан тохиолдолыг ноцтой зөрчилд тооцохоор заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж хуульчилсан.
Ажил олгогч ******* дүүргийн ******* дүгээр цэцэрлэг нь хөдөлмөрийн гэрээндээ ноцтой зөрчил гэдэгт ямар зөрчлийг хамааруулахыг ажилтантай урьдчилан тохиролцож, гэрээнд нэрлэн заасан байх ба энэ үндэслэлээр туслах багш *******ыг ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.
С.******* ээж нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө Эрхлэгчээс сарын чөлөө авчихлаа гээд нарийн цаасан дээр бичсэн чөлөөний хуудас бариад ирсэн. Дарга чөлөөний хуудсаа цагийн бүртгэл завсар хавчуулаарай гэж хэлсэн гээд ирсэн гэж мэдүүлж байгаа боловч гэрч нь нэхэмжлэгчийн төрсөн эх, ашиг сонирхол нэгтэй, түүний мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт байхгүй байх, тухайн гэрчийн мэдүүлгийг эргэлзээгүй, үнэн зөв, шууд нотлох баримт гэж үзэх боломжгүй болно.
Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтлах ёстой, ажил олгогч холбогдох заалтыг баримтлаагүй хэдий ч тушаалдаа ажлаас чөлөөлөх болсон шалтгаан үндэслэлээ тодорхой заасан, уг үндэслэл нь ажилтны гаргасан сахилгын зөрчил, ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байгаа нь хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана, 43.3 дахь хэсэгт Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр .., ийг халагдсан өдөрт нь хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд ажил олгогч нь ажилтныг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, ажилтан *******тай холбоотой эд хөрөнгийн болон санхүүгийн тооцоог хийн тойрох хуудсаар дуусгахыг холбогдох албан тушаалтанд тушаалаар үүрэг болгосныг ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоосонтой адилтган үзэх боломжтой.
Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрээ хүлээлгэж өгөөгүй үндэслэлээ утсаа авахгүй байсан, өөрөө ирээгүй гэж тайлбарласан түүний тайлбар нь гэрч нарын шүүх хуралдаанд өгсөн Нэмэхжавын 2017 оны 3 дугаар сарын 20 хэдэн байлаа, сайн санахгүй байна. Ажилчдын хурал болох гээд эрхлэгч ******* асуудлыг хэлэлцэнэ, дуудчихаарай гэхээр нь би өрөөндөө ороод ******* утас руу залгахад холбогдох боломжгүй гээд байсан гэсэн мэдүүлэг, гэрч Эрхлэгчийн өгсөн үүргийн дагуу холбогдох гээд утас руу нь залгахад утсаа аваагүй, он сарыг нь сайн санахгүй байна, тухайн үед бас бүх ажилчдын хурал болох байсан, бас тэр өдөр ирээгүй, утас руу нь залгахад утас нь дуудаад байгаа мөртлөө авахгүй байсан гэсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрээ ажилтанд гардуулан өгөөгүй, ажилтан 2017 оны 4 дүгээр сарын 17-ноос шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл ажил үүргээ гүйцэтгээгүй, цалин хөлс олгоогүй, аваагүй байгааг ажлаас халагдсан гэж үзнэ. Ажилтан ******* нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл бүтэн 5 сарын хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй, цалин хөлс аваагүй атлаа шүүхэд болон холбогдох байгууллага албан тушаалтанд хандаж эрхээ хамгаалуулаагүй, сэргээлгээгүй үйлдлийг ажлаас халагдсаныг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх боломжтойг дурдах нь зүйтэй.
Талуудаас гаргаж өгсөн бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах хуулийн шаардлагыг хангасан үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Нэхэмжлэгч талаас Амбулаториор эмчлүүлэгчийн карт 2 ширхэг, хариуцагч талаас 2016-2017 оны санхүүгийн баримт, цагийн бүртгэл 2 хавтас зэрэг баримтуудыг эх хувиар нь хэлэлцүүлсэн бөгөөд тухайн эх баримтуудыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгч, хариуцагч нарт буцаан олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор хугацааны цалин хөлс 2.576.560 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Хариуцагч талаас шүүх хуралдаанд эх хувиар нь хэлэлцүүлсэн 2016-2017 оны санхүүгийн баримт, цагийн бүртгэл 2 хавтас, нэхэмжлэгчид Амбулаториор эмчлүүлэгчийн карт 2 ширхэг зэргийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц буцаан олгохыг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ