| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2021/0082/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/81 |
| Огноо | 2021-09-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Д.Соёлзул
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч Т.Өсөхбаяр нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.Өсөхбаярт холбогдох 2132001120090 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Төв аймгийн .................... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Түвшинжаргалын Өсөхбаяр /РД:МР00251310/
Холбогдсон хэргийн талаар:
Т.Өсөхбаяр нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 12-13 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ш.Мэндбаяртай "мал хөөлөө, хашаа барь" гэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Өсөхбаяр мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн миний мэдүүлэг үнэн зөв тул шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй, би өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Эрүүгийн 2132001120090 тоот хавтаст хэргээс:
Хохирогч Ш.Мэндбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Намайг 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ногооны талбайн зүүн талд байрлах уулан дээр ах Батдэлгэрийн хамт байхад бид хоёрын араас Ганбат, Өсөхбаяр нар ирсэн. Тэгээд Ганбат над дээр ирээд "лалраа чи яагаад томроод байгаа юм" гэж хоорондоо маргалдаж байгаад би Ганбаттай зодолдсон. Ганбат бид хоёр зодолдож дуусаад салах үед бид хоёрын бие дээр ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан. Харин цаанаас нь Т.Өсөхбаяр ирээд "ингэж зодолддоггүй юм аа" гэж хэлээд миний хамар, хацар хэсэгт 2-3 удаа цохиж миний хамар хугарч гэмтэл авсан. ...Өсөхбаяр миний хамар болон хацар хэсэгт цохиж гэмтэл учруулсан" гэсэн мэдүүлэг/ХХ-ийн 11-13-р тал/,
Гэрч Б.Ганбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...2021 оны 08 дугаар сарын 01-ний өглөө 06 цагийн үед би найз Т.Өсөхбаярын хамт тарайн талбай дээр очиход адуу мал талбай руу орж ирчихсэн байсан. Тэгэхээр нь бид хоёр орж ирсэн малуудыг холдуулж хөөгөөд байж байхад Ш.Мэндбаяр гэх залуу ирээд "яагаад мал хөөж туугаад байгаа юм бэ?" гэж хэлэхээр нь "манайх ажил явдалтай байгаа тул талбайгаа тойруулж хашаа барьж амжаагүй байгаа" гэж хэлэхэд Ш.Мэндбаяр гэх залуу яваад өгсөн, тэгээд манай найз Т.Өсөхбаяр Бат-Эрдэнэ ах руу залгаад "ахаа Баянхангайн айлууд мал хөөж туугаад байна гээд дургүй байгаа юм байна" гэхэд Бат-Эрдэнэ ах "одоо яваад очъё" гэсэн, "Ш.Мэндбаярыг наанаа байлгаж байгаарай" гэсэн. Тэгэхээр нь би Т.Өсөхбаярын хамт Ш.Мэндбаярын араас очоод "талбайн эзэн нь ирж байгаа юм байна, чи өөрөө ирэхээр нь уулзчих" гэсэн, тэгэхэд Ш.Мэндбаяр "та нар өөрсдөө хашаа бариагүй байж хүний мал яахаараа туудаг юм" гэж хэлж надтай маргалдаад байхаар нь "хоёулаа зодолдчихъё" гэж хэлээд бид 2 хоорондоо зодолдоод байж байхад Ш.Мэндбаярын ах болон манай найз Өсөхөө бид хоёрыг салгасан. Тухайн үед бид хоёрыг зодолдоод салгахад Ш.Мэндбаяр бид хоёрын бие дээр ямар нэг гэмтэл учраагүй байсан. Тэгээд Ш.Мэндбаяр бид хоёр зодолдохоо болиод салаад байж байхад манай найз Өсөхөө "ингэж зодолддоггүй юм аа" гэж хэлээд гараараа Ш.Мэндбаярын хамар болон хацар хэсэгт 2 удаа цохичихсон. Тэгэхэд Ш.Мэндбаярын хамраас бага зэрэг цус гараад доошоо суугаад үлдсэн. “...Үгүй ээ эрүүл байсан. ...Тариан талбай дээрээс адуу үхэр хөөсөн гэж муудалцсан. ...Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй ээ...Миний биед гэмтэл учраагүй тул үзүүлэх шаардлага байхгүй ээ”. ...Би Ш.Мэндбаярын цээж хэсэгт 2-3 удаа цохисон" гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 17-18-р тал/,
Гэрч Б.Батдэлгэр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн үед хогийн жалганы ард хэсэгт байх уулын толгой дээр үхрээ хараад байж байтал хамаатны дүү болох Ш.Мэндбаяр над дээр ирээд "манай адууг харсан уу?" гэсэн. Тэгээд бид хоёр уулын толгой дээр юм яриад байж байхад мотоциклтой Ганбаа, Өсөхөө гэх 2 залуу ирээд манай дүү Ш.Мэндбаяртай муудалцаад байсан. Яг ямар шалтгааны улмаас муудалцсан талаар нь мэдэхгүй байна. Тэгээд Ганбаа нь манай дүү Ш.Мэндбаярын нүүр хэсэгт нь 1 удаа цохиж хоорондоо маргалдаад байхаар нь би очиж салгаад Ганбаа гэх залууг нь холдуулахад Өсөхөө гэх залуу нь ирээд манай дүүгийн нүүр болон цээж хэсэгт нь цохисон. ...Өсөхөө, Ганбаа гэх хоёр залуу гэмтэл учруулсан. ...Бүгд эрүүл байсан" гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19-20-р тал/,
Шүүгдэгч Т.Өсөхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр найз Б.Ганбатын хамт тарианы талбай дээр мал оруулахгүй гэж харж байхад Ш.Мэндбаяр гэх залуу ирээд "манай адууг харсан уу" гэсэн. Тэгэхээр нь бид хоёр "танай адууг доошоо нүхэн гүүрний тэр хавьд туугаад авааччихсан байгаа" гэхэд "танайх наад талбайдаа хашаа хийгээч, айлын мал дураараа хөөгөөд байх юм" гэчхээд яваад өгсөн. Тэгээд удалгүй манай найз Ганбаа руу Бат-Эрдэнэ ах залгаад "Мэндбаяр гэх хүүхдээ байлгаж бай, очоод уулзъя" гэхээр нь бид хоёр Ш.Мэндбаярын араас очоод "Бат-Эрдэнэ ах чамайг хүлээж бай, ирээд уулзъя гэж байна" гэж хэлэхэд Ш.Мэндбаяр "танайх ер нь хашаа тойруулж бариагүй байж айлын мал дураараа хөөж туулаа" гэж Б.Ганбаттай маргалдаж муудалцаж байгаад хоорондоо зодолдсон. Тэгээд Ганбаа Ш.Мэндбаяр хоёр зодолдоод дуусахаар нь би Мэндбаярын хамар хэсэгт 1 удаа гараараа цохисон. ...Ш.Мэндбаяр Ганбаатай зодолдож дуусаад "суманд хоёр давж чадахгүй лалрууд" гэж хэлэхээр нь миний уур хүрээд цохисон. ...Тиймээ би хүлээн зөвшөөрч байна. ...Би Ш.Мэндбаярын биед учирсан хохирлыг бүрэн дүүрэн төлж барагдуулна" гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 45-46-р тал/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Мандал сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 186 дугаартай "1. Ш.Мэндбаярын биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдсон. 2. Дээрх шарх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 5.Урьд гаргасан гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй болно" гэсэн дүгнэлт /ХХ-ийн 30-31-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багийн 1-7 тоотод оршин суудаг тодорхойлолт /ХХ-ийн 58 дугаар хуудас/, Шүүгдэгч Т.Өсөхбаярын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 60 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг.Шүүгдэгч Т.Өсөхбаярыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Т.Өсөхбаяр нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 12-13 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ш.Мэндбаяртай "мал хөөлөө, хашаа барь" гэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан
гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Хохирогч Ш.Мэндбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 11-13 дугаар хуудас/, гэрч Б.Батдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Шинжээчийн №186 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 30-31 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Т.Өсөхбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Өсөхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т.Өсөхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Ш.Мэндбаяр нь шүүгдэгчээс хохирол төлбөр 1910000 төгрөг нэхэмжилж “ЭМЖЖ” ХХК-н хамрын хагалгааны зардлын баримт болон НӨТ-ын баримт зэргийг хэрэгт нотлох баримтаар гарган хавсаргасан /ХХ-н 59-р хуудас/ бөгөөд шүүгдэгч Т.Өсөхбаяр нь хохирогч Ш.Мэндбаяртай хохирол төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон, хохирогч “Миний бие Ш.Мэндбаяр нь Т.Өсөхбаяртай харилцан тохиролцож асуудлаа шийдэж нэхэмжлэл барагдуулсан тул гомдолгүй болно” гэсэн хүсэлт бичгээр гарган /ХХ-н 65-р хуудас/ хавсаргасан байна. Иймд уг хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэлээ. Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
Гурав.Шүүгдэгч Т.Өсөхбаярт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Т.Өсөхбаяр нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 12-13 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ш.Мэндбаяртай "мал хөөлөө, хашаа барь" гэсэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Өсөхбаяр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Т.Өсөхбаярт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 480 нэгж буюу 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Өсөхбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овгийн Түвшинжаргалын Өсөхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Өсөхбаярыг 480 нэгж буюу 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Өсөхбаяр нь торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Т.Өсөхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Өсөхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.