| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1480/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1550 |
| Огноо | 2018-11-14 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Д.Уянга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1550
2018.11.14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Д.Уянга,
иргэдийн төлөөлөгч С.Мөрөн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, түүний өмгөөлөгч М.Хандсүрэн,
шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар, О.Санчирбал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэрэгт Боржигин овогт Мягмарсүрэнгийн М.Оийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0000 00415 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн Боржигин овогт Мягмарсүрэнгийн М.О, 1991 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны мэргэжилтэй, **************, ***** ажилтай, ам бүл 3, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ************ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ************,
Шүүгдэгч М.О нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхоны 201 тоотод байрлах 2 давхар нийтийн байрны 8 тоотод хамтран амьдрагч Б.Сын цээжин тус газар нь хутгалан, талийгаачийг хүнд зэргийн согтолттой буюу согтуурсан үедээ өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч М.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тухайн үед талийгаач нөхөртэйгээ хамт нийтийн байранд өрөө түрээслэн амьдардаг байсан. Талийгаачийн ийм асуудал болсонд маш их гэмшиж байна. Ар гэрийхэнээс нь уучлалт гуйж байна. Бид 2 хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Тухайн өдөр найзуудтайгаа хамт архи уусан. Гэртээ хариад бид хоёр пиво авч уусан, талийгаач дахиж уух гээд байхаар нь би одоо болно амарсан нь дээр гэж хэлсэн. Талийгаачийг дахин архи уулгахгүй гэсэн үүднээс банкны картаа өгөөгүй юм. Тэр өдөр талийгаач бид 2 энгийн бэлгийн харьцаанд орсон. Дараа нь анус руу чинь хийнэ гэхээр нь би дургүйцсэн. Тэр үед талийгаач миний хоолойн дээр дараад байсан би түлхсэн. Энэ асуудал маш хурдан хугацаанд болсон. Талийгаач надтай маргалдаад гартаа хутга барьчихсан зогсож байсан, би чи намайг хутгалах гэж байгаа юм уу гэж асуусан. Би хутгаа боль гээд хутгыг нь авах гээд ноцолдож байгаад хамт унасан чинь хутга талийгаачийн биед дүрэгдсэн байсан. Тэгээд талийгаач гэнэт чи намайг хутгалчихлаа гэхээр нь би хүн хутгалах хүн биш гэж хэлсэн. Би тэр үед эмнэлэг дуудах гэхэд талийгаач би зүгээрээ гээд утсаар яриулахгүй байсан. Тэгээд талийгаач би зүгээрээ энэ шархийг оёод өг гэсэн. Би шархыг нь оёож өгсөн, тэр үед юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Ингээд бид хоёр хамт байж байхдаа хоёулаа хүүхэдтэй болно гэж ярьж байсан. Талийгаач сонин болоод байсан тэгээд би 103 дуудсан эмч ирээд сэтгэлээ бариараа танай нөхөр өнгөрсөн байна гэсэн. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна, талийгаачийн ар гэрээс уучлалт гуйж байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2017 оны 12 дугаар сарын 16-нд орой 20 цагаас хойш цагдаагаас яриад яаралтай хүрээд ир гэсэн. Тэгээд манай дүүг нас барсан талаар хэлсэн. Манай гэр бүлийнхэн оршуулгын зардлаа банкнаас зээлсэн байсан. Дүүгийн маань ажил явдал дуусаад би М.Оийн ар гэрээс хохирлоо авая гэхэд 6 сая төгрөг өгсөн. Тэгээд манай гэр бүлийнхэн гомдолгүй гэж хэлэх талаар ярилцаж байхад анхан шатны шүүх хурал болсон. Тэр шүүх хуралдаанд М.Оийг талийгаач их дарамталдаг байсан гэхээр нь бид нар гомдолгүй гэж хэлж чадахгүй гээд хашаагаа зараад банкны мөнгөө өгсөн. Манай дүүгийн хувьд манай гэр бүлийн гал голомтоо авч явах ёстой ганцхан хүн маань байсан. Миний хувьд гомдолтой байна. Шүүх хуралдааны өмнө талийгаачийн оршуулгын зардлыг буюу 13,726,700 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэх хүсэлтэй байна” гэв.
Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... тэр хоёр 2017 оны 07 дугаар сарын сүүлээр хамт амьдарна гээд л яваад өгч байсан. Талийгаач дүү маань яг хэзээ гэдгийг мэдэхгүй байна. 2017 оны 11 дүгээр сарын дундуур над руу залгаад эгчээ М.О намайг зодоод дух руу маань аймар болгоод хаячихлаа, та ирээд намайг аваач гэхээр нь би дүүдээ аль маргахыг тэр гэдэг юм гээд аашлаад утасаа тасалсан. Би тэр хоёрыг хоорондоо маргалдаж байхыг хараагүй би тэр талаар мэдэхгүй байна. Ямар ч гэсэн нэг удаа М.О намайг зодоод байна гэж хэлж байсан юм” гэх мэдүүлэг. /1 хавтас, хх-70-71/,
“...2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн үед манай дүү охин болох Жүгдэрнамжил залгаад Б.Сыг ирээгүй байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь гар утас руу залгасан чинь утсаа аваад усанд явж байна, усаа авч байна гэсэн. Ингээд цагийн дараа залгасан чинь утас нь холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн байгаа... Уг хүнтэй үерхэж эхэлснээсээ хойш их л ажилсаг болчихсон байсан. Би М.Оийг жаахан ааштай байрын эмэгтэй байна даа гэж дүгнэж байсан. Гэхдээ нэг их харьцаж байгаагүй” гэх мэдүүлэг. /1 хавтас, хх-84/,
Гэрч О.Болд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүлд-112 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан юм. ...Ойролцоогоор 18:30 минутын орчимд Сүлд-10 аас манай найз залуу гаднаас хутгалуулсан байдалтай орж ирлээ гэсэн дуудлага орж ирсэн... Ингээд цагдаагийн ахлах ахлагч Ганбат бид хоёр шууд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Цэргийн хотхоны 201 тоотод байрлах нийтийн байрны гадаа явж очоод уг дуудлага өгсөн дугаар луу залгахад уг утсыг нэг эмэгтэй авсан ба уг эмэгтэй биднийг уг нийтийн байрны 2 давхар луу дагуулж 8 тоот өрөөнд оруулсан. Уг өрөөнд орсон чинь 25-30 настай, эрэгтэй, өрөөний голд зассан гудас дээр дээш харж хэвтсэн байдалтай, толгойгоо баруун тийш хазайлгасан байдалтай, дээрээ хөнжил тавьсан хэвтэж байсан. Ингээд би залуугийн хөнжлийг сөхөөд харсан чинь уг залуу зүүн талын суганы доор нь хатгагдсан том шарх үүссэн байхаар нь уг залууг амьсгалж байгаа эсэхийг мэдэхээр түүний хэвлийг нь хараад, гүрээний судсан дээр дараад, хамар доор нь гараа тавьж /зэхэд уг залуу амьсгалахгүй бие нь хөрсөн байсан. Тухайн үед газар хэвтэж байсан залуугийн найз бүсгүй гэх эмэгтэй манай найз залуу гаднаас хутгалуулж орж ирчихээд миний шархыг оёчих гээд байхаар нь би утас зүү авч байгаад тухайн хутгалуулсан шархыг нь оёж өгсөн гэж хэлж байсан. Би тэгэхээр нь нөгөө эмэгтэйд 103 дуудсан уу? Яаралтай 103 дууд гэсэн. Би тэр эмэгтэйг саатуулаад Сүлд-10 луу залгаж жижүүрийн бүрэлдэхүүн дуудаж, хэргийн газрыг хамгаалалтад авсан. Хэргийн газрыг хамгаалалтад аваад 10-15 минут болж байхад 103-н эмч хүрч ирээд уг залууг нас барсан байна гэж хэлчихээд яваад гөгсөн...нийтийн байр луу ороод талийгаачийн биеийн байдлыг шалгаж байхад уг эмэгтэйг согтуу байгааг анзаарч мэдсэн. М.О нь тухайн үед дунд зэргийн согтолттой байсан. Тухайн хэрэг болсон газар их хэмжээний цус мэт хүрэн зүйлээр бохирлогдсон байсан. Уг эмэгтэйгийн гар нь цус мэт зүйлээр бохирологдсон байсан” гэх мэдүүлэг. /1 хавтас,хх-91-92/,
Хэргийн газрын үзлэгийн: “...орны урд баруун зүгт толгойны хэсэг харсан урагшаа харсан байрлалтай, хөлөө зүүн зүгт жийсэн. Баруун гар урагшаа сунгаж, гарын сарвуугаа хагас атгасан байдалтай зүүн гараа биеийн дагуу доош нь буюу хөлийн дагуу сунгаж унжуулсан, цээжин хэсэгтээ хар өнгийн мөрөндөө цагаан өнгийн цамц өмссөн. Доогуураа хөх өнгийн жинс өмссөн. Урд хэсэг нь цагаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, цогцосны хэвлий хэсэг нь харагдах улаан хүрэн өнгийн зүйлээр арчигдаж хатсан байдалтай, дор улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн гудас, гудасны дор хүрэн цоохор өнгийн цэцгэн хээтэй гудас байв. Цогцосны толгой болон нурууны ард улаан өнгийн куртка байв. Цогцосонд хийх үзлэгийг тусад нь хийхээр тогтов. ... Шинжээч эмч Ц.Ганболдыг байлцуулан үзлэг хийхэд цогцосны зүүн суга дор хутгалагдсан 1 тооны шархтай, ...цогцсыг эргүүлж үзлэг хийхэд ямар нэг нүдэнд ил харагдах шархгүй байлаа. ...цогцсыг өрөөнөөс гаргасны дараа цогцосны эргэн тойронд үзлэг хийхэд цогцосны ар нуруунд байх улаан өнгийн дотортой хар өнгийн юүдэнтэй куртканд үзлэг хийхэд зүүн суганы дор оёдлын уулзвараас 6 см дор зайд 2 см зүсэгдсэн урагдалттай, зүүн суганы дотор талд улаан хүрэн өнгийн шингэн зүйл нэвчсэн байдалтай байв. ...үзлэгийн явцад өрөөний цонхны дор байрлах байшингийн баруун талын хана, хашаа хоёрын голд цасан дотор хутга байсныг гар чийдэнгийн гэрэл тусгаж хар өнгийн иштэй, ажлын хэсэг улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хутгыг ...хураан авлаа” гэх тэмдэглэл / 1 дүгээр хх-ийн 6-7 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэгийн фото зургууд /1 дүгээр хх-ийн 09-11 дүгээр хуудас/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл/1 дүгээр хх-ийн 18 дугаар хуудас/, Талийгаачийн цогцосны гадна үзлэгийн фото зургууд/хх-ийн 12-14 дүгээр хуудас/, Өрөөний цонхоор гадагш шидсэн гэх хутганы байрлал, гадаад төрхийг үзүүлсэн фото зургууд /1 дүгээр хх-ийн 15-16 дугаар хуудас/, М.Оийн "Затзипд Оа1аху-35" гар утасны "мессеж болон орох, гарах ярианы цаг минутанд" үзлэг хийсэн: ...96427242 "Chimgee" луу 18 цаг 25 минутад "sodoo amisgalahgui zurh ni zohiolohgui be ni hiw huiten vhchih shg bolloo" Галарей цэс рүү ороход ...16 цаг 51 минутад 01 минут 20 секунт үргэлжилсэн М.Оийн яриа байх бөгөөд бичлэгийг гүйлгэж үзэхэд "М.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай юм ярьж байв. гэх тэмдэглэл/хх-ийн 25-27 дугаар хуудас/,
Э.М.Оийн "Samsung Galaxy-S5" гар утасны "галларей" цэсэнд дэх бичлэгт үзлэг хийсэн: "...Би өнөөдөр ингээд хайрыгаа цустай нь хутгаад л хайр нь өөрөө үхэх ёстой байсан юм. Хайрд нь харамсаж байгаа нэг юм бол аав, ээж минь яаж байгаа бол гэж бодож байна. ах, эгч маань яаж байгаа бол гэж бодож байна. намайг ингэчихвэл яахав дээ л гэж бодож байна”гэх тэмдэглэл. /1 дүгээр хх-ийн 28 дугаар хуудас/,
Талийгаач Б.Сын өмсөж байсан хувцасны фото зургууд/1 дүгээр хх-ийн 22-24 дүгээр хуудас/, Эд мөрийн баримтаар хураан авсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл/1 дүгээр хх-ийн 25 дугаар хуудас/, Хутганы фото зургууд/1 дүгээр хх-ийн 37 дугаар хуудас/,
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 68 дугаартай дүгнэлт:
1.Талийгаачид цээжний зүүн хөндийг 4-5 дугаар хавирганы завсраар нэвтэрсэн зүүн уушгины хоёр дэлбэнгийн хоорондуур үнхэлцэг, зүрхний зүүн ховдлыг нэвт хатгаж зүссэн шарх, цочмог цус алдалт, цээжний зүүн хөндийн цус хуралт 1200 мл, үнхэлцгийн хөндийн цус хуралт 250 мл, зүүн уушгины авчилт тогтоогдлоо. Энэ шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгах, зүсэх үйлдлээр үүсгэгдэх ба ажлын хэсгийн урт 13 см-ээс багагүй, өргөн нь 2.8 см байж болно.
Задлан шинжилгээ фото зургууд /1 дүгээр хх-ийн 102 дугаар хуудас/,
2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 294 дугаартай шинжээчийн: Шинжилгээнд ирүүлсэн Б.Сын гэх цус нь АВО системээр А/П/ бүлгийн харьяалалтай. гэх дүгнэлт/1 дүгээр хх-ийн 103 дугаар хуудас/, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 293 дугаартай шинжээчийн: Шинжилгээнд ирүүлсэн "Б.С 26 эр" гэж хаягласан цусанд 4,1, ходоодны шингэнд 3,8 промилли спиртийн агууламж илрэв. гэх дүгнэлт/1 дүгээр хх-ийн 104 дүгээр хуудас/,
2017оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 463 дугаартай шинжээчийн: 1 Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хутганд цус илэрч байна. 2. Илэрсэн цус хүний цус мөн байна. Илэрсэн цус бүлгийн харьяалал тогтоох шинжилгээгээр А/П/ бүлгийн харьяалалтай. гэх дүгнэлт/1 дүгээр хх-ийн 110 дугаар хуудас/,
2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн: Үзсэн: 2018 оны 01 сарын 11 өдөр...өөрийн үгээр " ...өдөр бид хоёр /нөхөр/ найз нартайгаа уулзсан, архи дарс жаахан уусан юм. ...тэгээд гэртээ ирсэн , өглөө нь манай хүн дэлгүүр лүү ус, ундаа, пиво авахаар явсан ирэхдээ 2 савтай пива /2.5 л/ авчирсан. Тэгээ уугаад усанд явсан. Ирчхээд картаа өг, эсвэл утсаа өгчих гээд байсан. Би өгөхгүй гэсэн. Тэгсэн нэг мэдсэн хутга бариад, тэгээд би "чи намайг алах гээд байгаа юм уу" гээд л тэгээд л ...хутганаас барьж жаахан ноцолдсон. Нэг мэдсэн чинь ор нил цус болсон байсан, би тэр хооронд жаахан сааталд орсон юм уу, хаашаа юм айсан юм шиг байна лээ. Тэгээд би эмнэлэг, цагдаа дуудсан л даа. Би тэр үед согтуу байгаагүй гэж ярина.
Одоогийн сэтгэцийн байдал: ...Эмчийн асуулт дагуу бага зэрэг сандарсан байдалтай ярина. Их нуршин сул дуугаар ярина.
Сэтгэцийн онош: Эрүүл, Дүгнэлт:
2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 239 дугаартай шинжээчийн: Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч М.Оийн гэх хумснуудад цус болон биологийн ул мөр илрээгүй. гэх дүгнэлт/1 дүгээр хх-ийн 132 дугаар хуудас/, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 239 дугаартай шинжээчийн: Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн цамц, хөх цамц, хөх хүрэмний ар талд зүсэгдэлт шинээр, хөх хүрэмний ур талд ханзралт шинээр гарсан байна. гэх дүгнэлт/1 дүгээр хх-ийн 133 дугаар хуудас/, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 460 дугаартай шинжээчийн:Хэргийн газраас хураан авсан гэх өвлийн куртик, хөнжлийн даавуу, цэнхэр өнгийн подволк, хөх өнгийн дотоож, цэнхэо өнгийн жинсэн саарал өмд дээр цус илэрсэн. Уг цус нь /II/ бүлгийн харьяалалтай байна. гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 136 дугаар хуудас/,
Гэрч Б.Оюунчимэг мөрөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2017. 10. 29-ний өдөр манай урд байдаг нийтийн байр ажиллуулдаг эмэгтэй намайг дуудаад " энэ хоёр хүн өрөө түрээслэнэ гэнэ манайд өрөө байхгүй, танайд сул өрөө байгаа юу" гэсэн ... сул өрөө байсан учир тэр хоёр хүнтэй уулзсан. Нөхөр нь Б.С, эхнэр нь Б.М.О гэж байсан. Тэр хоёр хүн төлбөрөө төлөөд гарын үсэг зурсан. Байранд орсноос хойш 2017 оны 11 сарын дундуур /өдрийг санахгүй байна/ 20:00 цагийн үед 9 тоотод амьдардаг Баянзул гэдэг өндөр настай эмэгтэй утсаар над руу залгаад хажуу 8 тоот айлынхан архи уугаад хоорондоо маргалдаж пижигнэлдээд байна. гэж хэлэхээр нь би ганцаараа 8 тоотод ороход тэр хоёр өөр эрэгтэй, эмэгтэй нарын хамт 4-лээ архи уусан байдалтай байсан. ... Б.С гарч ирээд "уучлаарай эгчээ манай найз цол нэмсэн юм, удахгүй энэ хоёр хүн явна" гэж хэлсэн. ...хоёр хоногийн дараа Б.С, Б.М.О хоёр "эгчээ бид хоёр дахиж чимээ шуугиан гаргахгүй байрандаа байлгаач гэж гуйхаар нь ...байрандаа байлгахыг зөвшөөрсөн. Өнөөдөр буюу 2017.12.16-ны өдөр 13:10 цагийн үед ...М.О явж байхаар нь дуудсан. М.О "би түрээсийн 100.000 төгрөг өгье, үлдсэнийг нь дараа өгье гээд ...мобайл банкаар шилжүүлсэн. Энэ үед Б.С гэрээсээ гарч ирээд "юу болсон бэ" гэж асуухад М.О "түрээсийн тал мөнгөө өгч байна. "гэсэн. Тэгээд тэр хоёр цугтаа хашаанаас гараад явсан. 19:00 цагийн үед хоолоо идэж байхад хаалга тогшоод Болд гэдэг цагдаа "та байрны эзэн үү, хойд талын байраа хэзээ эргэж тойрсон бэ" гэж хэлээд намайг дагуулаад байр луу явсан. 2 давхарт гарснаа Болд цагдаа над руу чимээгүй харж байснаа "эгчээ 8 тоотын эрэгтэй хүн бид нарыг ирэхэд нас барсан байна" гэж хэлэхэд би цочролд орсон. ... Байранд орсноос хойш дээр хэлсэнчлэн анх согтуу маргаан гарахад би цагдаа дуудсан. Нилээн хэд хоногийн дараа би байраа шалгаж явахад 8 тоот өрөөний хаалга онгорхой байсан. Харахад эхнэр М.О нь нэг эмэгтэй хүнтэй хамт цуг том савтай пиво ууж байгаа харагдсан. Би тухайн үед юм хэлээгүй, өөр архи ууж байхыг хараагүй. Өөр хоорондоо маргаж байсан талаар мэдэхгүй. гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 75 дугаар хуудас/,
Шинжээч Б.Энхмандах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Шинжилгээнд М.Оийн цусанд спиртийн агууламж илрээгүй, тухайн холбогдогчийн цусанд архи, согтууруулах ундааны хатуулаг, уусан хэмжээ, архийТ хэрэглэдэг эсэх, зэргээс хамаарч амаар уусан спиртийн зүйл 4-6 цаг тогтвортой буюу хамгийн их хэмжээтэй байж байгаад 12-14 цагийн дараа биеэс бүрэн гадагшлана. Энэ үед бодисын солилцоогоор,амьсгалаар, хөлсөөр, өтгөн шингэнээр байнга гадагшилна. Ийм учраас цусанд байх спирт байх 4-6 цаг өнгөрсний дараа цус шинжилгээнд дээжлэн авсан байх магадлалтай. Ийм учраас хугацаа алдсаны улмаас яллагдагчийн цусанд спиртын агууламж илрээгүй”.
...2017.12.18-ны өдөр шинжээч эмч Ц.Ганболдын илгээх бичигтэй "Б.С 26 настай, эрэгтэй" гэж хаягласан цус, ходоодны шингэн тус бүр 10 мл ирүүлсэнд зааврын дагуу ...шинжилгээг хийхэд цусанд 4,1 промилл, шингэнд 3.8 промилл спиртийн агууламж илэрсэн. Цусанд 4,1 промилл спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэргийн согтуу байсан гэдгийг тогтоож байгаа. ...Дээрх 4,1 промилл спиртийн агууламж илэрсэн хүн өөрийгөө хянах, чадвар, үг яриа, үйл хөдлөл, хөдөлгөөний эвсэл, орчноо мэдрэх чадвар зэргээ их хэмжээгээр алдана. гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 139 дүгээр хуудас/,
Шинжээч Ц.Ганболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хүнд зэргийн согтолт гэдэг нь цусанд нь 4.1 промилл , ходоодны шингэнд 3.8 промилл спирт илэрсэн. Талийгаач дээрх шархыг аваад 2-4 минут орчим амьд явах чадвартай юм. Цаг хугацааны хувьд 2 минутаас 4 минут амьд явна. Сурсан дадсан хөдөлгөөн гэдэг нь хүн өдөр тутамдаа хийж гүйцэтгэдэг хэвшил болсон хөдөлгөөнийг хэлдэг. ТалийТаачид түргэн тусламж үзүүлсэн тохиолдолд амь насыг нь аврагдах боломжгүй юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 142 дугаар хуудас/,
...Талийгаачийн шархыг оёсон утас, зүү нь мэс заслын мөн үү? гэх
мөрдөгчийн асуултад хариулахдаа: ...Би талийгаачийн шархыг оёсон зүүг хараагүй
учраас хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан талийгаачийн шархыг оёдлын торгон
утсаар оёсон байсан. Дээрх оёдлыг талийТаачийг нас барахаас өмнө тавьсан
байна. Талийгаачид дээрх оёдлыг тавьж байхад орилох, тэсэх нь уг хүнээс
хамаарна. Хүнд зэргийн согтолттой байсан учраас өвдөлт бага мэдрэгдэх ёстой
гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 100 дугаар хуудас/,
Гэрч С.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Б.С, М.О хоёртой хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 16-ны 01:00 цагийн үед уулзсан юм. Би тухайн үед найз охин Отгоотой хамт байж ...байхад М.О над руу залгасан тэгэхээр нь би байгаа газраа зааж өгтөл М.О төд удалгүй талийгаач нөхөртэйгээ хүрээд ирсэн. Тэр хоёр ирэхдээ нилээн согтуу ирцгээсэн. ...хоорондоо маргалдаад эхэлсэн ба манай найз М.О явлаа гээд гарсан төд удалгүй буцаж орж ирээд тэр хоёр эвлэрч байсан. Тухайн үед талийгаач нийт 3 шил пиво уусан харин М.О болохоор миний авсан байсан дарсыг хувааж уусан. Ингээд тэр хоёр үүрийн 04 цагийн үед гэртээ харилаа гээд гарахаар нь би тэр хоёрыг гаргаж өгсөн чинь талийгаач надад хандаж "танай найзыг гэртээ харьж байгаад ална даа" гэж хэлсэн. Ингээд тэр хоёр яваад өгсөн би тэр шөнөөс хойш холбогдож дахин чадаагүй. ...Би тэр хоёрыг өмнө нь маргалдаж муудалцаж байсан талаар сонсоогүй” гэх мэдүүлэг./1 дүгээр хх-ийн 95 дугаар хуудас/,
-“...талийгаач надад тухайн үед тэгж хэлсэн нь үнэн. Тэгэхдээ талийгаач тухайн үед аманай найзыг хажуудаа тэвэрчихсэн байж байгаад над руу хандаж "танай найзыг чинь гэртээ харьж байгаад ална даа гэж хэлж байсан. Тэр үед талийгаач ямар байдалтай, сэтгэл санаа нь ямар байж байгаад тэгж хэлснийг сайн мэдэхгүй байна. ... тэр хоёр маргалдахдаа нэг нэгэндээ огт гар хүрч харагдаагүй. Би талийгаачтай хамгийн анх энэ хэрэг гарахаас 2 сар гарангийн өмнө харж танилцаж байсан. ...Тэр хоёр надаас салаад явахдаа нэлээн согтуу байсан манай найз М.О бараг тасарчихсан байсан” гэх мэдүүлэг. /2 дугаар хх-ийн 64 дүгээр хуудас/,
Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрт унтаж байгаад 09:00-10:00 цагийн үед сэрцгээсэн. Тухайн үед манай хамтран амьдрагч Б.С нь ам цангаад байна дэлгүүр орж нэг ундаа, нэг пиво авчихья тэгэх үү гээд гуйгаад байхаар нь би за тэг тэг гээд Хас банкны цалингийн картнаасаа ХААН банкны ...данс руу 20.000 төгрөг шилжүүлээд хамтран амьдрагч Б.Сад өгсөн. Би Б.Сыг гарахад нь чи 5 литрийн цэвэр ус, хүйтэн түмний кола ундаа авчихаарай чи өөртөө нэг пиво аваарай гэж хэлээд гэрээс гаргасан. Тэгтэл төд удалгүй 2.5 литрын хэмжээтэй Нийслэл пиво, нэг том түний кола ундаа авчихсан орж ирэхээр нь би Б.Сад би чамайг ус аваарай гэж хэлсэн биз дээ юун 2 ширхэг пиво авчихсан юм бэ гэсэн чинь би худаг онгойхоор нь ус авчихна гэсэн. ...бид хоёр пиво хувааж уучхаад би Б.Сад миний хайр усандаа явчхаад хүрээд ир 2-лаа хоолоо хийж идье гэсэн чинь Б.С гэрт байсан^усны савнуудаа аваад усанд явсан. Би тэр хооронд түрээсийн эгчид түрээсийн 100.000 төгрөгийг Хас банкны мобайл банкаар шилжүүлчхээд гэртээ орох гээд байж байтал Б.С гаднаас 5 ширхэг ус бариад ороод ирэхээр би өөдөөс нь тосж аваад 2 савтай усыг нь аваад гэртээ орсон. ...бид хоёр гэртээ ороод үлдсэн нэг том пови хувааж ууж дуусчхаад байтал Б.С надаас чи ХААН банкны картаа өгчих гээд гуйгаад байхаар би би картаа өгөлгүй хайраа хоёулаа унтаж амрая, одоо ууж болно гэтэл Б.С чи надад картаа өгчих гээд цонхны доор байдаг хар өнгийн тавиур дээр байдаг ХААН банкны картыг минь авах гээд дайраад байхаар нь би картаа өгөхгүй гээд тавиурын өмнүүр ороод хэвтсэн чинь Б.С миний дээгүүр даваад картыг минь авах гээд байсан. Би картаа өгөхгүй гэсэн чинь Б.С чи тэгвэл гар утсаа өгчих эсвэл миний гар утсыг өгчих гэхээр нь би 2 утсаа өгөөгүй юм. Тэгтэл Б.С чи надад наад утсаа авч өгсөн болохоор надаас харамлаад байна. хүний юм хүнийх л байх юм даа гээд над руу үг хаяад уурлаад байсан. Тэгэхээр би "чи юуг л бодно уу өөрөө мэд" гээд хоорондоо маргалдаад хэрэлдэж байтал Б.С гэнэт гартаа хутга бариад зогсож байсан. Тэгэхээр нь би Б.Сад чи наад хутгаараа яах гэж байгаа юм? Арай намайг алах гэж байгаа юм биш биздээ? Надаа арай ийм зан гаргахгүй байлгүй дээ? Чиний ууж идэх чинь ихдээд байгаа юм биш үү? гээд босч ирээд Б.Содномжамын гарт байсан хутгыг тавиулах гэсэн чинь Б.С гартаа барьсан хутгаа тавихгүй болохоор нь яачиж магадгүй юм байна гэж бодоод хутгыг авах гээд зууралцаж байтал Б.С нь надад хандаж "би чамайг алчхаад өөрийгөө алчхаж чадна шүү" гээд байсан. Тэгж байтал Б.С миний зүүн гарын дунд хурууг зүсчихсэн юм. Тэгэхээр нь миний уур хүрээд Б.Сад "чи миний гарыг зүсээд хаячихлаа шүү дээ" гээд түүний гарт байсан хутгыг нь авах гээд ноцолдож байхад Б.С орноос доошоо шалан дээр унаад тэгтэл Б.С надад хандаж "М.Оээ чи намайг хутгалчихлаа шүү дээ" гэхээр нь чи юу яриад байгаан би хүн хутгалах хүн мөн үү гэсэн чинь Б.С би цус алдаад байна гэхээр нь би Б.Сад "чи өөрөө өөрийгөө аллаа юу чи чинь аминдаа хайртай хүн шүү дээ" гэж хэлчхээд хартал үнэхээр Б.Сын зүүн суган тус газраас нь цус гараад хөнжилд цус болчихсон байсан. Тэгэхээр нь би би Б.Сын өмсөж явсан курткыг нь тайлаад харсан чинь Б.Сын зүүн талын суганых нь ар талаас маш их хэмжээний цус гарч байхаар нь би Б.Сад "түргэн дуудья" гэж хэлэх гэж байгаад "цагдаа дуудья" андуураад хэлчихсэн. Тэгтэл Б.С чи цагдаа дуудаж яах гээд байгаа юм. Гээд байхаар нь хайраа чи маш их хэмжээний цус алдаад байна шүү дээ, чи цус алдаж байгаад үхчихвэл яах юм бэ? Нэг нь шоронд нөгөө нь шороонд орох хэрэг гарах вий дээ? Чи эмнэлэг дуудахгүй бол би өөрийнхөө амийг хороллоо шүү гээд хэлээд Б.Сын тэлээгээр өрөөний паарнаас уяж байгаад цонхны тавцан дээр гараад өөрийнхөө хүзүүг тэлээгээр ороогоод суутал Б.С надад хандаж хайраа чи миний шархыг оёчих гэхээр нь би утас зүү аваад Б.Сын шархыг оёж байсан санагдаж байна. Би сүүлдээ яг ямар үйлдэл хийж байснаа санахгүй байна, би нэг мэдсэн чинь би эгч М.Энхчимэг рүү залгаад "та ирж байна уу" гэсэн чинь чи 103 руу луу залга гээд би 103 руу залгаж түргэн дуудсан. Тухайн үед Б.Сын царай нь маш сонин болчихсон, царай нь цайчихсан байсан. Тэгтэл төд удалгүй цагдаа нар хүрч ирээд болсон явдлыг хараад намайг гэрээс авч гарсан ба надад "танай нөхөр нас барчихсан байна ямар ч байсан түргэн ирэхийг нь хүлээе" гэсэн. Тэгтэл түргэн ирээд манай хамтран амьдрагч Б.Сыг "нас барчихсан байна" гэсэн. ...нийт 2 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй "Нийслэл" пиво уусан. Талийгаач Б.С надаас карт, утас авна гээд нэлээн маргасан юм.Талийгаач бид эхлээд орон дээр унасан ба орон дээр унах үед би түүний доор унасан юм” гэх мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 79 дүгээр хуудас/,
Яллагдагч М.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "хутгыг аваад орон доогуур нуучихаад байтал...” гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх-167/,
“...талийгаачийн гарт байсан хутгыг нь авах гэж ноцолдож байгаад хамт орон дээр унасан ...би уйлсан би тухайн үед ямар байсан талийгаачаас хутгыг нь авах хэрэгтэй гэж бодоод байсан. талийгаач гэнэт орны урд талд газарт уначихсан юм. Тэгэхээр нь би орон дээр хэвтэж байгаад ...чи намайг хутгалчихлаа гэсэн. ...би чамайг хутгалаагүй шүү гэсэн. ...талийгаач "би өөрөө" гээд нэг юм хэлээд байсан. ...би талийгаачид хандаж "чам шиг аминдаа хайртай өөрийгөө хутгаллаа юу" гэж хэлчихээд ...өнгийгөөд харсан чинь ...орны хөнжил цус болчихсон байсан” гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх-169/,
“...би талийгаачийг санаатай алаагүй юм. Тухайн үед хэрүүл маргаанаас болоод ийм асуудал болсон” гэх мэдүүлэг/. /1 дүгээр хх-ийн 173-174 дүгээр хуудас/,
Гэрч Б.Оюундарь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай талийгаач дүү маань тэгж их архи дарс хэрэглээд байдаггүй байсан. Манай дүү тэгж их уурлаад байдаггүй хүн байсан юм. Би дүүгийнхээ уурлаад байхыг нь нээх их харж байгаагүй. Би талийгаачтай хамгийн сүүлд аавынхаа ажил явдлаар тааралдаж уулзсан. Миний харж байгаагаар тэр хоёр их л эвтэй найртай л харагдаж байсан” гэх мэдүүлэг./1 дүгээр хх-ийн 86 дугаар хуудас/,
Гэрч Н.Мөнхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би талийгаач Б.Сын хүргэн ах нь байгаа юм. Би талийгаач дүүтэйгээ хамт амьдарч байсан. М.О гэгчийн талаар тийм ч сайн мэдэхгүй, ямар ч байсан тэр хоёр 2017 оны 06 дугаар сараас хойш хамтран амьдардаг болсон юм. Миний мэдэхийн М.О нь архи уухаараа зан ааш нь их өөрчлөгддөг юм байна лээ. Би яаж мэдэж байна вэ гэхээр 2017 оны 07 сард бид нар Архангай аймагт хүүхдийн үсний найранд оччихоод буцаж явж байхад тэр М.О нь архи уучихаад миний гарнаас хазчихаж байсан юм. Манай талийгаач дүү маань архи дарс бол уугаад байдаг байсан. Тэгэхдээ тэгж байнга уугаад байдаггүй залуу байсан. Манай дүү их ааш нь нээх өөрчлөгдөөд байдаггүй...” гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх-88/,
Гэрч Жүгдэрнамжил мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би талийгаач Б.Сын төрсөн эгч нь байгаа юм. ТалийТаач маань М.О гэгчтэй эмэгтэйтэй 2017 оны 07 сараас эхлэн амьдарч байсан. Би бол М.Оийн талаар сайн мэдэхгүй, зан байдлын хувьд жаахан ааш муутай л эмэгтэй шиг санагдсан. .. Манай дүү бол архи дарс хэрэглээд байдаггүй гэртээ байх хугацаандаа гэрээ цэвэрлээд М.Оийн хувцсыг угаагаад өглөө ажилдаа явахад нь хүргэж өгөөд орой нь тосч аваад байж байдаг залуу байсан...” гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх-91-92/,
Гэрч Т.Дэнсмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний охин Мягмарсүрэнгийн М.О. 2017 оны 06 сард л дагуулж ирсэн. Бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Дуугүй залуу шиг л байсан. М.О Содоогийн талаар нэг их юм ярьж байгаагүй, М.О нэг л удаа "Содоо архи уух дуртай, уусан үедээ жаахан агсам зантай юм, энийг нь яаж засах вэ" гэж асууж байсан. Би тухайн үед "нэгэнт цугтаа амьдрана гэж байгаа бол чи өөрөө хэлж ярьж засах хэрэгтэй" гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх-76/,
Гэрч М.Батзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай дүү М.О 16 цаг өнгөрч байхад утсаар ярьсан. Надтай утсаар ярихдаа "агаа намайг Содоо байна гэж хэлэх шиг болсон. Тухайн энээ гэж асуусан чинь "агаа та хүрээд ирээч" гэж хэлсэн. Би ажилтай байсан учир дүүгийнхээ хэлсний дагуу гэрт нь очиж чадаагүй юм. Би дүү болох М.Энхчимэг рүү залгаад "М.О залгаад уйлаад яриад байна, чи утсаар яриатах гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Энхчимэг эргүүлж залгаад "М.О хүрээд ир гээд уйлаад байна, та очих боломжтой юу гэж асуусан. ...би очих боломжгүй байсан. Тэрнээс хойш 20 цагийн үед М.Энхчимэгтэй холбогдсон чинь "гэрт нь очсон чинь эмнэлэг, цагдаагийхан ирчихсэн байна. би юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх-82/,
Гэрч Дэлгэрмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Талийгаач, М.О хоёр манай гэрт байхдаа бага зэрэг маргалдаад л байсан, талийгаач М.От "чи эгчийнхээ төрсөн өдөрт дагуулж явсангүй" гээд маргаж байсан. Тэр хоёр маргалдахдаа тэгж аймар маргалдаж муудалцаж нэг нэг рүүгээ дайрсан зүйл бол байгаагүй. ТалийТаач манай гэрт байхдаа манай найзыг ямар нэгэн байдлаар "ална" гэж хэлсэн удаа байхгүй.Тэр хоёр манайхаас гараад явахдаа Эрка дээр оччихоод харина гэж байсан” гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх-62/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тус тус шинжлэн судалсан болно.
Прокуророос шүүгдэгч М.Оийг 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхоны 201 тоотод байрлах 2 давхар нийтийн байрны 8 тоотод хамтран амьдрагч Б.Сын цээжин тус газар нь хутгалан, талийгаачийг хүнд зэргийн согтолттой буюу согтуурсан үедээ өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болохыг мэдсээр байж алсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүгдэгчийн үйлдэлд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.О талийгаач Б.С нар нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхоны 201 тоотод байрлах 2 давхар нийтийн байрны 8 тоот гэртээ хоёр шил 2,5 литрийн Нийслэл пиво хамт уусан ба талийгаач Б.С нь шүүгдэгч М.Оийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан болох нь 2017.12.17-ны өдрийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 308 тоот дүгнэлтээр нотлогдсон бөгөөд талийгаач Б.Сондомжамцыг бие хамгаалах чадваргүй байсан гэж үзэх боломжгүй байна.
Иймд шүүгдэгч М.От прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Харин шүүгдэгч М.О нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхоны 201 тоотод байрлах 2 давхар нийтийн байрны 8 тоотод хамтран амьдрагч Б.Сын цээжин тус газар нь хутгалан алсан болох нь
Гэрч О.Болдын: “...Би тухайн өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүлд-112 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан юм. ...Уг өрөөнд орсон чинь 25-30 настай, эрэгтэй, өрөөний голд зассан гудас дээр дээш харж хэвтсэн байдалтай, толгойгоо баруун тийш хазайлгасан байдалтай, дээрээ хөнжил тавьсан хэвтэж байсан. Ингээд би залуугийн хөнжлийг сөхөөд харсан чинь уг залуу зүүн талын суганы доор нь хатгагдсан том шарх үүссэн байхаар нь уг залууг амьсгалж байгаа эсэхийг мэдэхээр түүний хэвлийг нь хараад, гүрээний судсан дээр дараад, хамар доор нь гараа тавьж үзэхэд уг залуу амьсгалахгүй бие нь хөрсөн байсан. Тухайн үед газар хэвтэж байсан залуугийн найз бүсгүй гэх эмэгтэй манай найз залуу гаднаас хутгалуулж орж ирчихээд миний шархыг оёчих гээд байхаар нь би утас зүү авч байгаад тухайн хутгалуулсан шархыг нь оёж өгсөн гэж хэлж байсан. …Би тэр эмэгтэйг саатуулаад Сүлд-10 луу залгаж жижүүрийн бүрэлдэхүүн дуудаж, хэргийн газрыг хамгаалалтад авсан. Хэргийн газрыг хамгаалалтад аваад 10-15 минут болж байхад 103-н эмч хүрч ирээд уг залууг нас барсан байна гэж хэлчихээд яваад өгсөн.” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Оийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч М.От хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөр нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Од шүүгдэгч М.Оээс оршуулгын зардалд 13.726.700 төгрөгийг нөхөн төлсөн ба шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ гэж мэдүүлсэн ба гэм буруутай этгээдээс хэдэн төгрөг нэхэмжлэх талаар тодорхой зүйл мэдүүлээгүй тул шүүх шийдвэрлэх боломжгүйг дурьдав.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч М.От ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, 1 ширхэг “Samsung” маркийн гар утсын хууль ёсны эзэмшигч М.От буцаан олгож, 1 ширхэг хар өнгийн иштэй хутгыг тогтоол хүчин төгөдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад даалгаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Боржигин овогт Мягмарсүрэнгийн М.Оийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.От 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.От оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Оийн урьд цагдан хоригдсон нийт 163 /нэг зуун жаран гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, 1 ширхэг “Samsung” маркийн гар утсын хууль ёсны эзэмшигч М.От буцаан олгож, 1 ширхэг хар өнгийн иштэй хутгыг тогтоол хүчин төгөдөр болмогц устгуулахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгийн хэлтэст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.От цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ
ШҮҮГЧИД С.ПҮРЭВСҮРЭН
Т.ШИНЭБАЯР